sonin.mn

 

“Energy Mongolia-2013” эрчим хүчний салбарын олон улсын хурал, үзэсгэлэн өчигдөр өндөр­лөлөө. Засгийн газраас тус салбарын хөгжлийн бодлогыг төр, хувийн хэвшлийн байгууллага, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулах, ши­­­­нэ технологийг Монголдоо нэвтрүүлэх, цаашдын хөрөн­гө оруулалт, бүтээн бай­гуулал­тын хамтын ажиллагааг өргөжүү­лэх зорилгоор “Монголын эрчим хүч-2013” олон улсын хурал, үзэсгэлэнг зохион бай­гуулж байгаа аж. Энэ үйл ажиллагаа “Түмэнд түгээх илч” уриатай. 
 
 
Манай улс эрчим хүчний аль ч нөөцөөрөө баялаг орон. Тодруулбал уламжлалт эрчим хүчний эх үүсвэр болох хүрэн нүүрсний нөөцөөрөө дэлхийд дээгүүрт ордог. Мөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр нар, салхи, усны нөөцөө ашиглахад өөрийн хэрэгцээгээ бүрэн хан­­гаад илүү гарна гэдгийг мэ­ргэ­­­жилтнүүд хэлдэг.
 
 
Уг нь байгаа нөөцөө ашиглаж чадвал өөрсдийн хэрэглээнээс хэдэн арав дахин илүү цахилгаан үйлдвэрлэх, экспортлох боломжтой.  Хуралд оролцож буй зочид төлөөлөгчдөөс Монгол Ул­­­­сын эрчим хүчний өнөө­гийн байдал болон атомын цахилгаан станц хэрэгтэй эсэх талаар сэтгэгдлийг сонссон юм.
 
 
Атомын цахилгаан станци зарим нэг хүний мөрөөдөл
 
-Монгол Улс эрчим хүчний хомсдолд орчихлоо гэж зарим хүн ярьдаг. Үүнийг албаныхан үгүйсгэдэг ч байдал хүнд байгаа нь хэний ч нүдэнд ил байна. Тиймээс энэ хүнд байдлыг цэгцлэхийн тулд нэн түрүүнд юу хийх шаардлагатай вэ?
 
-Монгол Улс эрчим хүчний салбартаа байгаль орчин, эрүүл мэнд, үр ашиг талаас нь шинэчлэлт хийх цаг болсон. Манай цахилгаан станцуудын ашигт үйлийн коэффициент 20 гаруйхан хувьтай байгаа. Гэтэл Европын орнуудад 50 хувьд хүрч байна.
 
 
Тэгэхээр технологийн хувьд дэвшил авч ирэх нар, салхины сэргээгдэх эрчим хүчийг ашиглах хэрэгтэй.  Монголчууд ядуурлаас ан­гиж­­­рахгүй байгаагийн нэг шалтгаан нь үрэлгэн байгаатай холбоотой. Эрчим хүчинд зарцуулсан хоёр төгрөгийн нэг нь шууд салхинд хийсч байна.
 
 
Энэхүү зүгээр салхинд хийсч буй илүүдэл зардлаа хүүхдийнхээ сурч боловсрох гэгээрэх үйлсэд зарцуулмаар байна. Айл өрхүүд ч авч буй дулааныхаа 50-60 хувийг цонх, хаалга, шал, таазаараа алдчихдаг. Тиймээс эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээ тал дээр илүү сайн анхаарах хэрэгтэй байна. 
 
 
-Сүүлийн жилүүдэд цө­мийн эр­чим хүч үйлдвэрлэж ашиглах, экспортлох талаар яригдаж байна. Үүнд та ямар бодолтой байна вэ?
 
-Хүн болгонд мөрөөдөл байдагтай адилхан атомын цахилгаан станцтай болох тухай мөрөөдөл яригдаж бай­на. Манайх­ны хэрэглээ бол Япон, Солонгос гэх мэт ул­суудтай харьцуулахад маш бага. Тий­мээс нэг удаа хоол идэхийн тулд гуанз барих хэрэггүй гэж бодож байна.
 
 
Манай улс зөвхөн салхины эрчим хүчийг бүрэн ашиглаж чадвал АНУ, БНХАУ-ын нийт хэрэглээнээс илүү эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гэдэг шүү дээ. Хямд төсвөөр байгальд ээлтэй эрчим хүч бий болгох боломж байсаар байтал чөтгөр гоймонд дурлав гэгчээр атомын цахилгаан станцтай болох тухай яриад урдах ажлаа хийхгүй байж болохгүй.
 
 
Цөмийн эрчим хүч манайд хэрэггүй
 
Р.Бадамдамдин “Мон-Атом” төрийн өмчит компанийн захирал асан 
 
-Манай улс эрчим хүчний нөөцөөр баялаг орон. Чухам аль нөөцөө ашиглавал зүгээр вэ?
 
-Монголд бүх төрлийн эрчим хүчний нөөц байна. Алийг нь ашигласан ч манай хэрэглээнээс давах юм. Тэгэхээр алийг нь түрүүлж ашиглах юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. Миний бодож байгаагаар нар, салхи, ус, газрын гүний элч, био масс гэх мэт байгальд ээлтэй сэргээгдэх эрчим хүч­ийг ашиглах нь зүйтэй.
 
 
Миний дээр дурдсан эрчим хүчний нөөцийн нэгийг нь л ашиглахад манай хэрэглээнээс хэд дахин илүү эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. 
 
 
-Цөмийн эрчим хүчний тал дээр ямар саналтай байна вэ?
 
-Өнөөдрийн байдлаар цө­мийн эрчим хүч манайд хэрэг­гүй. Цаашид энэ талаарх дэлхий нийтийн хандлага, аюул­гүй байдлын технологи нь хэр найдвартай байна вэ гэдгийг судалж үзэх хэрэгтэй. 
 
 
Фүкүшимагийн дэлбэрэл­тийн дараагаас зарим орон цөмийн эрчим хүчнээс татгалзаж бай­на. Зарим нь үргэлжлүү­лэн хэрэг­­­­­­­лэж, аюул­­­­­­гүй байдлаар ашиглах боломжтой гэж үзд­эг. 
 
 
Монгол Улс өнөөдөр ура­ны­хаа нөөцийг ашиглах тал дээр ихээхэн маргаантай бай­гаа. Энэ нь эрчим хүчтэй холбоогүй, цэвэр уул уурхайн асуудал болоод байгаа юм.
 
 
Цөмийн технологи аюулгүй нь батлагдсан цагт үүнд анхаарч ажиллана
 
Д.Доржпүрэв Эрчим хүчний дэд сайд 
 
-Монгол Улсын эрчим хүчний өнөөгийн байдал ямар байна вэ?
 
-2012-2013 оны манай улс нийт эрчим хүчнийхээ тавны нэг орчмыг гадаадаас импортолж авсан. Ирэх жилээс импор­тын хэм­жээг нэ­­мэг­­дүүлэх төлөвлөгөөтэй байна. Бид энэ байд­­лаас түргэн хугацаанд гарахын тулд ДЦС-IV-ийн 100, ДЦС-III-ын 50 МВт-ын өргөтгөл, Амгалан дахь дулааны станцыг ирэх өвлийн хүйтнээс урьтаж ашиг­лалтад оруулахаар ажил­лаж байна. 
 
 
Мөн урт хугацаанд хэрэгжүүлэх томоохон төслүүд хэрэгжиж эхлэхэд бэлэн болоод байна. ДЦС-V, Таван толгойн, Багануурын цахилгаан станц, Сэлэнгийн усан цахилгаан станц зэрэг төслүүдийг эхлүүлэхээр ажиллаж байна.
 
 
-Зарим хүн уран ашиглах, цаашлаад атомын цахилгаан станцтай болох нь ашигтай гэж үздэг. Үүнд салбар яам ямар бодлого баримталж байна вэ? 
-Цөмийн технологи хэзээ аюулгүй гэж батлагдана, тэр цагт энэ талаар анхаарал тавьж ажиллана.
 
 
Д.Баяржаргал
 
Эх сурвалж: