sonin.mn
Хамгийн удаан хугацаанд, хамгийн урт хилээр, хамгийн олон янзаар, хамгийн өргөнөөр харилцан ирсэн улс, үндэстэн бол монголчуудын хувьд хятадууд юм. Наад зах нь 4.000 гаруй жилийн туршид энэ хоёр ард түмэн элдвээр харилцаж (сөргөлдөж, тулалдаж, ялж, ялагдаж, нэг нь нөгөөгөө хойш нь түрж, мөн урагш нь шахаж, олзолж, дээрэмдэж, бууж өгч, буулган авч, алба бариулж, солилцоо, арилжаа хийж, найрамдал-ургийн гэрээ байгуулж, хил хязгаараа тогтоож, мөн энх тайвнаар зэрэгцэн оршиж) байсан түүх бий. Энэ түүх материаллаг биет зүйлсээр ч үлдсэн, мөн биет бус соёлын зүйлсээр ч үлдсэн юм. Газрын хөрсөн доорх эртний эд зүйлсийг археологийн олдворууд гэдэг бол хүмүүсийн оюун санааны ертөнц дэх эртний зүйлсийг ерөнхийд нь домог гэдэг. Олдворууд бол бүтээгдсэн цаг үе, зориулалт, хийсэн эзэн, гарал түүхээ хүүрнэдэг биет зүйлүүд юм. Харин домог түүхэн үйл явдлаас анх сэдэвлэгдсэн болох утгаараа мөн ихийг өгүүлдэг. 
 
Хятадын СЯ (НТӨ XXI-XVI зуун), Шан (НТӨ XVI-XI зуун), Жоу (НТӨ XI-VIII зуун), Гурван улс (НТӨ VIII-III зуун), Цинь (НТӨ 221-206 он), Хан (НТӨ 206-НТ 208 он) улсууд оршин тогтнож байсан 2300 орчим жилийн туршид нутгийн нь хойд талаар нүүдэлчид, тэр дундаас голлож монгол угсааны нүүдэлчид нутагласаар л байжээ. Эрхэлж байсан аж ахуйнхаа улмаас монголчууд мөнхүү 2300 жилийн дотор хаашаа ч нүүн одох аргагүй байв. Монголчуудыг нутгаас нь түрээд зайлуулах хүч ч тэр цагт эргэн тойронд нь байсангүй. 10 орчим мянган жилийн өмнөөс эрхлэх болсон таван хошуу мал нь үндсэндээ л зэрлэг амьтан байх үеийнхээ нутаг, билчээрт гаршиж, гэршээд адуулагдаж байжээ. Аргаль, Янгир, хавтгай, тахь ч зэрлэг байгальдаа, гэрийн тэжээвэр болсон хонь, ямаа, тэмээ, адуу ч мөн л зэрлэг амьтан байх үеийнхээ орчин, нөхцөлд үлджээ. Адуу, тэмээтэй болсноор, мөн анчид байсныхаа ачаар Монголын зэвсэгт эрчүүд нутаг усандаа эзэн нь байж чадах хэмжээний хүчтэй байв. Хүний тоогоор хэдэн арав дахин олон хятадууд гэхэд л Монголын газар нутгийг бүтнээр нь эзлэн авч байсан удаагүй юм. Харин монголчууд Хятадыг хойд, урд хоёуланг нь эзэлж, нэгтгэж өгсөн билээ. Гэхдээ энэ бол XIII зуунд тохиосон үйл явдал болно. Хятадууд НТӨ VIII-НТӨ III зууны үеэс эхлэн нүүдэлчдээс хамгаалж өндөр, зузаан хэрэм (Цагаан хэрэм) барьж эхэлснийг бодоход Хүннү улс том эзэнт гүрэн болж чадаагүй байх үедээ ч гэсэн хүчирхэг цэрэгтэй байсны нотолгоо юм.
 
Хүннүчүүд (монголчууд) газар нутгийг төр улсын үндэс гэж үздэг, уулсаа эцэг, усаа эх хэмээн хүндэлдэг, тахьдаг, эцгийн нь гэрийн буйрууд, хүйг нь дарсан чулуу, унасан газар, угаасан ус гэх санагалзал нь нэн хүчтэй байдаг, ихэд энэрэнгүй, тусархаг, зочломтгой хүмүүс байжээ. Уулсын нь нарлаг бэлүүдээрх ихэнх газар нь хүндэтгэсэн утга бүхий нэрүүдтэй байсны зарим нь бидний үеийг хүртэл хадгалагджээ.
 
Жишээ нь Ховд аймгийн Манхан сумын баруун уулсад тахилт, хөшөөт, хүн чулуут, дөл хад, баатрын шил гэхчилэн газрууд одоо ч тэр нэрээрээ байна. Тахилтаас Хүннүгийн үеийн язгууртны булш, авсыг нь чимэглэсэн, алтаар хийсэн сар, нарны дүрс олдсон юм. Сар, нар, галын дөлний чандманласан дүрс Хүннүгийн төрийн билгэдэл байсан гэдэг билээ. 
Нүүдлийн мал аж ахуй нь өрх гэрийн амьжиргааг л хангаж байснаас биш зарц, боолын хөдөлмөрийг мөлжих хэрэгсэл болж байсангүй. “Хаяа (гэрийн) багтаж байвал буудаг, хошуу (малын) багтаж байвал иддэг (өвсийг)” зарчмаар л олон мянган жил айлсан аж төрцгөөж иржээ.
Уулсынхаа нарлаг бэлүүдийг түшүүлэн эцэг, өвгөдөө оршуулдаг байсан болохоор монгол хүмүүсийн сэтгэлд уулс бүхэн нь дотно, бүгд оноосон нэртэй, ихэнх нь овоотой, сан тавьдаг чулуудтай байсан юм...
 
***
Нэн эртнээс эхлэн Хятад, Монголын харилцаанд зөрчил үүсгэж, гай тарьж, олон иргэдийн амь насыг хөнөөж байсан нэгэн том шалтгаан, тэр тусмаа Хятадын хаадын ашиг, сонирхлоос үүдэлтэй зүйл бол Монголтой хийх худалдааг төр, засгийн монопол болгодог буруу бодлого байв. Монголчуудаас авч болох ангийн үнэтэй үс, арьс, амьтны гаралтай эмийн ховор түүхий эд, ховор нандин ургамал, үндэс, ангийн мах, мөн мал аж ахуйн элдэв бүтээгдэхүүн, агт морьд зэргийг зөвхөн хаад, жанжид, том түшмэдүүд л авахын тулд жилд цөөхөн удаа бараа солилцоо хийх, алба барих нэрийдлээр дээдэс л авч байжээ. Хилээр чөлөөтэй худалдаа хийвэл энэ бүх үнэт зүйл дээдэст олдохгүй, харин алба барих нэрийдлээр хийдэг солилцоогоор доодост юу ч олддоггүй байв. Хилээр ил, далд худалдаа, солилцоо хийсэн иргэдийг ялладаг, бараа материалыг нь хураадаг, бүр дээрэм, тонуулдаа ч хүрдэг байжээ. Хятадын талаас төмөр эдлэл, зэр зэвсэг, гаргах нь хатуу цаазтай байв.
Монголчууд газар тариалан, гар урлалын бүтээгдэхүүн, бүс бараа, архи дарс авахыг сонирхдог, чөлөөтэй худалдаа хийхийг шаарддаг байжээ. НТӨ 90-ээд онд нэгэн удаагийн бараа солилцоогоор Монголын тал 10 дань (1035 литр) архи, 50.000 хуу цагаан будаа, 10.000 боодол торго авсан тэмдэглэл үлджээ.
 
Голчлон Хятадын талын сэдлээр хилийн худалдааг төрийн монопол болгож жирийн иргэдийн ашиг, сонирхлыг элдвээр боогдуулж, яллаж, цаазалж байсан нь эцэсдээ хоёр ард түмний хооронд харилцан үзэн ядах сэтгэлзүй, сонирхсон зүйлсээ зэвсэглэн халдаж булааж авах сэтгэлгээ, зуршлыг буй болгожээ. Ийм байдлаас үүдэлтэйгээр хил орчмын харилцаа, нөхцөл байнгын шахам аюул, түгшүүртэй байх болжээ.
 
Хилийн дагуух худалдаа, солилцоо болон, хоёр ард түмний хоорондох харилцааг тайван аргаар, зөв зохион явуулж зуршсансан бол ийм бурангуй байдал, нөхцөл үүсэхгүй, хоёр ард түмэн харилцан нэгийгээ үзэн ядах, хараах, доромж байдлаар хандахад хүргэхгүй байжээ. Хүннү Хан хоёр ураг-найрамдлын гэрээ байгуулсан үедээ хоёр орны хоорондох томоохон дайн, мөргөлдөөнийг л зайлуулж чадаж байснаас биш хил хавийн самуун, халдлагаас сэргийлж чаддаггүй байв. 
Газар тариалангийн, гар урлалын бүтээгдэхүүн, бүс бараа, төмөр болон шаазан эдлэл, хятад эм тан мэт нь хилийн худалдааны байнгын бараа, материал болсоор ирсний улмаас энэнд дөрөөлсөн эерэг, сөрөг үзэгдлүүд мөн байнга гарсаар, хоёр орны ард түмний хоорондох харилцаанд муу, сайн үр дагаврыг ч үлдээсээр байжээ. Хятад бараа, материал бүр XX зуунд, социалист байгуулалтын гэгдэх үед хүртэл ховор нандинд тооцогдож хаалттай, тусгай дэлгүүрүүдэд борлуулагдаж, том дарга нарын тансаг хэрэглээ болж байв. Хятад торго, хоргой, халуун сав, сумтай үзэг, гангар шаазан, нар хамба, нандин чавга, бурам мэт нь зөвхөн Улаанбаатар хотод, дарга нарын дэлгүүрүүдэд л зарагдаж байлаа. 
 
Өөр өөрсдийн бүтээдэг бараа таваараа харилцан солилцоод, хэн хэндээ тус болсоор, энх тайвнаар зэрэгцэн орших бодит боломжийг үгүйсгэж, хоёр ард түмнийг сөргөлдүүлж, дайтуулж байсны буруутан нь ийнхүү хаад, ноёд, тэдний харалган бодлого байв. Хятад ба Монголын хооронд өнөөдөр тогтоод байгаа найрсаг харилцаа өнгөрсөн 4.000 жилд ч байх, үргэлжлэх боломжтой байжээ.
 
Одоогоос 800.000 жилийн өмнө Монголын өндөрлөгт бичин хүмүүс амьдарч, чулуун зэвсэг бэлтгэж байсан нь нотлогдсон ба 100.000 жилийн өмнө, 50.000 жилийн өмнө оюун ухаант хүн аж төрж байсан нь ч батлагдсан юм. Тэгэхээр монголчуудын өвөг дээдэс одоогоос 5-10 мянган жилийн өмнө ч мөн л эндээ нутаглаж байжээ. Одоогоос 4.000 гаруй жилийн өмнө оршиж байсан Хятадын СЯ (МЭӨ XXI-МЭӨ XVI зуун) улс өвөг монголчуудын хөрш байсан нь ч маргаангүй үнэн юм. 
Модун шаньюйгийн эцэг Түмэн шаньюй (нтө 255-нтө 209 он) хүртлэх 1.000 гаруй жилийн өвөг монголчуудын түүх, Хүннү улсын түүхийг бид судалж бичих ёстой. Тийм түүх байсан болохоор л монгол, хятад хэмээх хоёр угсаатан, хоёр өөр хэл, яриа, хоёр өөр аж ахуй, хоёр өөр соёл, хоёр өөр иргэншил буй болсон ажээ. Ижилсэх аргагүй, огт өөр, хоёр юмс, үзэгдлийг тусад нь, жичид нь судлах, таних нь зүйн дагуух асуудал, зарчим юм. Хятад төвийн үзэл, баримтлалыг хятад судлаачид аль хэдийнээ олчихсон нь дээрх үнэнийг тэд ч таньж, тогтоосны учир болой. 
 
***
Монголчууд мал аж ахуйг нүүдлээр эрхэлж, ан гөрөө хийж, намрын улиралд үр жимс түүж, сульхир мэтийн үр тариа цайруулж, цагаан идээ, махан хүнс хэрэглэн аж төрж, харин хятадууд суурин аж төрж газар тариалан, гар урлал эрхэлж байсан нь тэдний хооронд олон ялгаа гарах, зэрэгцэн айлсан амьдрах, илүүдэл бүтээгдэхүүнээ байнгад солилцох бололцоогүй болгожээ. Ийм бодит байдал нь хоёр ард түмний хооронд олон зөрчлийг үүдэж, үл ойлголцох, нэг нь нөгөөгөө элдвээр хочлох, бүр дайсагнах байдлыг ч байнгад буй болгосоор иржээ.
 
Хятадын хаад энэ байдлыг улам дэврээх чигтэй бодлого баримталж, хоорондох худалдаа, солилцоогоо зөвхөн хааны ордны монопол болгож хувиргажээ. Ийм нөхцөлд нүүдэлчид олон сая хүнтэй Хятадын халдлага, түрэмгийллийн эсрэг нэгдэж тэмцэхийн зайлшгүйтэй эрт тулгарч, нэгдэж, төр улсаа ч эрт байгуулсан нь Хүннү улс байлаа. Одоогоос 3.000 гаруй жилийн өмнө (3.600 орчим жилийн өмнө) буй болсон Хүннү улс 30-50 орчим сая хүнтэй байсан Хятадын улсуудтай зэрэгцэн оршиж, тасралтгүй хүчирхэгжсээр, бүх нүүдэлчдийг өөртөө нэгтгэсээр Хүннүгийн эзэнт гүрэн болж хувирчээ. Хятадын Цин, Хан гүрэн Хүннү гүрнийг хүлээн звшөөрч ижил тэнцүү байр сууринаас харилцаж, хэлэлцээ хийж, гэрээ байгуулж байв. Их Хүннү гүрний морьт цэрэг зэвсэг сайтай, маневарлах чадамж ихтэй, сахилга, дэглэм, тэвчээр, хатуужлаараа Хятадын цэргүүдээс хол давуу байжээ. Төв Азийн нүүдэлчид их эрт төр улстай болсон нь ийнхүү өмнө зүгээс нүүрэлсэн суурин иргэдийн халдлага, түрэмгийлэлтэй юуны өмнө холбоотой юм. 
 
Судлаач, профессор Д.Чулуунжав