sonin.mn
БЕРЛИН. /DW/. Герман улс Украины эзлэгдсэн бүс нутгуудад ОХУ-ын явуулсан санал хураалтын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж Германы Канцлер Олаф Шольц Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярих үеэрээ мэдэгдсэнийг “DW” агентлаг уламжилжээ.
 
“Оролцогчдынх нь дийлэнх нь Оростой нэгдэхийн төлөө саналаа өгсөн Донецк, Луганск, Херсон, Запорожьед явуулсан хүчин төгөлдөр бус бүх нийтийн санал хураалтын үр дүнг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэж О.Шольц В.Зеленскийд хэлснийг Канцлерын хэвлэлийн төлөөлөгч Штеффен Хебестрайт мэдээлсэн байна.
 
Мөн Германы Украинд үзүүлэх санхүү, улс төр, хүмүүнлэгийн дэмжлэг ганхахгүй бөгөөд тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах үйлсэд нь зэвсэг нийлүүлэх зэргээр үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ гэдгийг нэмж хэлжээ.
 
Их Британийн Ерөнхий сайд Лиз Трасс мөн В.Зеленскийд Их Британи Украины бүс нутгуудыг өөртөө нэгтгэх Оросын оролдлогыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдсэн байна. “Ерөнхий сайд Их Британи Оросын оролдлогыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг тодорхой илэрхийлээд, Ерөнхийлөгч Путинийг ялагдах хүртэл Украин Их Британийн дэмжлэгт найдаж болно гэдгийг дахин нотолсон” гэж хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.
 
Польшийн Гадаад хэргийн яам мөн бүх нийтийн санал хураалтыг зэмлэн буруушаасан байна. “Бид эдгээр хүчин төгөлдөр бус бүх нийтийн санал асуулга болон түүний “үр дүн”-г хууль ёсны гэж үзэхгүй байхыг олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүдэд уриалж байна. Энэ нь тэдгээр бүс нутгийн ард түмний хүсэл зоригийг ямар ч байдлаар илэрхийлж чадахгүй” гэж тус яамны мэдэгдэлд дурджээ.
 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг