sonin.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал MIMC 2026 Олон улсын математикийн олимпиадыг анх удаа эх орондоо зохион байгуулах эрх авч, өндөр амжилт үзүүлсэн багш, сурагчдын төлөөллийг өнөөдөр /2026.07.29/ хүлээн авч уулзаж, баяр хүргэв.


Монгол Улсад 2026 оны долоодугаар сарын 22-27-ний өдрүүдэд болсон тус олимпиадад математикийн боловсрол, амжилтаараа дэлхийд тэргүүлэгч 32 орны 600 гаруй сурагч, зочид зэрэг 1100 гаруй төлөөлөл хүрэлцэн ирсэн юм. Монголын багийн сурагчид хоёр алтан медаль, есөн мөнгөн медаль, 22 хүрэл медаль хүртэж, нийлбэр дүнгээрээ хоёрдугаар байрт шалгарч, түүхэн амжилт үзүүлжээ. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, "Та бүхэн дэлхийд Монгол Улсынхаа нэрийг гаргаж амжилт үзүүлж, эх орноо сурталчлан таниулсан. Б.Идэржавхлан багшийн өөрийн цахим хуудаснаа бичсэн мэдээллийг уншсан. Та зуслангийн байшингаа зарах шаардлагагүй. Засгийн газар боловсролыг онцгойлон дэмжинэ. Олимпиадын хүрээнд гарсан санхүүгийн асуудлыг Ерөнхий сайдын хувьд бүрэн шийдвэрлэж өгнө" гэв. Тус олимпиадад сайн дурын ажилтнаар ажилласан сурагчдыг “COP17” бага хуралд ажиллахыг урилаа.


MIMC 2026 олон улсын олимпиад зохион байгуулах хорооны дарга, багш Б.Идэржавхлан хэлэхдээ, Ерөнхий сайд хүлээн авч уулзаж, асуудлыг шийдвэрлэж өгч буйд баяртай буйгаа илэрхийллээ. Мөн орон нутгийн сурагчид олон улсын олимпиадад оролцох боломж хомс байдаг тул 21 аймгийн сурагчдыг бүрэн хамруулсан. Энэ нь орон нутгийн сурагчдад итгэл, урам зориг өгөх зорилготой байсныг тодотгов. MIMC 2026 Олон улсын математикийн олимпиадын үеэр монгол ахуй соёлоо таниулан сурталчилж, зочдын нислэгээс эхлээд зочлох үйлчилгээ зэрэг зардлын хүрээнд Монгол Улсад ойролцоогоор найман тэрбум төгрөгийн бодит хөрөнгө оруулалт үлдсэн гэлээ.