sonin.mn
ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон нар даваа гарагт анх удаа утсаар ярих үеэрээ чөлөөт, нээлттэй Энэтхэг- Номхон далайн бүсийг цогцлоохын төлөө хамтран ажиллаж, аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцжээ.
“Хоёр орны удирдагчид ойролцоогоор 40 минут ярилцахдаа энэ оны тавдугаар сард болсон хамтарсан сургуулилалтын үеэр Францын “Жанна д'Арк” хөлөг онгоц Японд ирсэн тэргүүтэй хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд сүүлийн үед өрнөсөн үйл явдлуудыг сайшаалаа” гэж Японы Гадаад хэргийн яам мэдээлэв.
К.Фүмио Францыг Японы “онцгой түнш” хэмээн тодорхойлоод, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь оролцооныхоо талаар стратегийн төлөвлөгөө гаргаж, Европын Холбоондоо манлайлж байгааг нь сайшаажээ.
 
Э.Макроны хувьд К.Фүмиод 10 дугаар сарын 4-ний өдөр тангараг өргөсөнд нь баяр хүргээд, НҮБ-ын уур амьсгалын асуудлаарх бага хурлын үеэр Япон улс дэлхийн хэмжээнд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг тэглэхэд хувь нэмрээ оруулах үүрэг амлалт өгснийг сайшаасан байна.
Мөн талууд “COVID-19” цар тахал, Африк дахь халдварын нөхцөл байдлын талаар хийгээд БНХАУ, БНАСАУ-тай холбоотой бүс нутгийн асуудлуудаар санал бодлоо солилцож, 1970, 1980-аад оны үед БНАСАУ-д хулгайлагдсан Японы иргэдийг эх оронд нь буцаахын төлөө хамтран ажиллахаа нотолжээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг