sonin.mn
С.Эрдэнэ даргатай АН-ын "4-11" ээлжит мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн цагт АН-ын ЕНБДарга Ч.Өнөрбаяр, Нийслэлийн АН-ын дэд дарга, НИТХ-ын тэргүүлэгч Д.Энхтуяа нар оролцов. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчдийг томилдог, хариуцлага тооцдог механизмаас татгалзаж байгаатай болон УИХ-ын нөхөн сонгуультай холбоотой цаг үеийн асуудлаар АН-ын байр суурийг илэрхийлсэн юм. 
 
Тодруулбал АН-ын ЕНБДарга Ч.Өнөрбаяр: “Шүүхийн хуультай холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгын Үндсэн Хуулийн Цэцэд гаргасан байсан хүсэлтийг татаж авсан тухай мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотой АН-ын байр суурийг танилцуулж байна. Ер нь бол Монголын улс төр бүх болохгүй бүтэхгүй хогоо чихдэг нэг хогийн савтай болчихлоо. Тэр нь өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс. Тэд нар л “хонгил” бариад л, болохгүй бүтэхгүй бүх юмны эх уурхай болсон юм гэдэг. Би үүн дээр бодитой мэдээлэл өгье. Юм үнэнээрээ байх сайхан.Цахиагийн Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа 2012 онд шүүхийн багц таван хуулийг УИХ-руу оруулж, батлуулж байсан. Тухайн үед МАН УИХ-д суудалтай байсан юм. ЗГХЭГ-ийн дарга Ц.Нямдорж тэр үед Хууль Зүй, Дотоод Хэргийн сайдаар ажиллаж байсан. Тухайн үед УИХ-ын гишүүд алга ташаад л тэр хуулийг баталж байсан шд.
 
 
 
Ямар гайхалтай хууль вэ? Яг л энэ хууль чинь ус, агаар мэт Монголд хэрэгтэй байсан, шударга ёсыг та л тогтоож байна гээд л... УИХ ер нь баталсан хуулийнхаа хариуцлагыг үүрч сур л даа.
 
 
 
Одоо магадгүй энэ шинэ хууль нь хэрэгжиж эхлээд хэдэн жилийн дараа асуудал гарвал У.Хүрэлсүхийн л хийсэн хууль, бидэнд хамаагүй гэх юм байна л даа. УИХ-ын гишүүд одоо ачаа үүрч сур, баталсан хуулийнхаа арыг дааж сур. Мөн Засгийн Газар одоо бойж оо, эрийн цээнд хүр. Засгийн Газар Монгол төрийн ачааг үүрдэг. Ерөнхий Сайд гэдэг бол улс төрийн манлайллыг үзүүлдэг, хамгийн гол албан тушаалтан.
 
 
 
Ерөнхийлөгч бол намаасаа түтгэлзчихсэн, олигтой эрх мэдэл ч байхгүй.Ний нуугүй хэлэхэд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачлан өргөн барьж батлуулж байсан шүүхийн багц хууль гэдэг чинь тийм ч бүтэхгүй хууль бол байгаагүй юм. Үнэхээр Монголд шүүхийн шинэтгэлийг ахиулахад чиглэсэн маш олон ололтууд тэнд байсан.
 
 
Шүүгч нар анх удаа нөлөөллийн мэдүүлэг бичдэг болсон. Шүүхээс өмнөх шатанд иргэд эвлэрүүлэн зуучлалаар асуудлаа шийддэг болсон. Гэвч тухайн үеийн Үндсэн Хуулийн цэц зарим ололттой зүйлийг нь алга болгосон. Хоёрдугаарт, бид сая орон нутаг, дүүргүүдээр явж ажиллаа. Нэг зүйл анхаарал татлаа. Хүнийг алагчилж үздэг явдал арай хэтэрлээ. Мөнгөтэй хүнийг нэг өөрөөр хардаг, мөнгөгүй хүнийг нэг өөрөөр хардаг. АН-ын гишүүдийг нэг өөрөөр хардаг, МАН-ын гишүүдийг нэг өөрөөр хардаг болсон байна” гэв.
 
 
Х.Цэцэнноров