сонин mn
Баяр наадмын урт амралтын дараахан улс төрийн амьдралд болсон томоохон үйл явдал бол Архангай аймгийн Засаг Даргыг огцруулсан хэрэг байлаа. Тодруулбал Архангай аймгийн ИТХ ээлжит бусаар хуралдаж, аймгийнхаа Засаг дарга Д.Золжаргалыг огцруулахыг дэмжсэн юм. 
Хуралдаанд 21 төлөөлөгч оролцсоноос 18 нь МАН-ын төлөөлөгч бол 3 нь  АН-ынх байжээ. Шийдвэр гарсан шөнө нь АН-ын дарга С.Эрдэнэ өөрийн цахим хуудастаа: ""Архангай аймгийн асуудал үнэхээр улстөрийн үүрэг хариуцлагаа ойлгохгүй эрх мэдэл ашиг хонжоо харсан хүмүүс тэр дотроо Женкогийн бэлдсэн урвагч нар МАНгаруудтай нийлж АН-ыг булшлах гэсэн ЖАН-ын бүлэглэлийн үйл ажиллагаа одоо хүртэл дуусаагүй байгаа нь тодорхой харагдаж байна даа" хэмээн бичсэн юм.
 Энэ бүхний цаана юу болж байна вэ? Яагаад заавал С.Эрдэнэ сандран, түрүүлж дуугарав?
Юуны өмнө аймгийн Засаг Дарга гэж өнөөдрийн Монгол улс төрд ямар үүрэг роль, ач холбогдолтой албан тушаал билээ гэдэгт хариулт эрцгээе.
 
Монголын сонгуульд тухайн нэр дэвшигчийн рейтинг гэхээсээ тухайн тойрогт дахь сүлжээ, бүтэц гэж хүчин зүйл бий. Өөрөөр хэлбэл төсвийн мөнгөнд суурилсан энэхүү сүлжээ гэгч л УИХ-ын сонгуульд хэн ялах вэ? гэдэг үр дүнд маш их хэмжээгээр нөлөөлдөг гэсэн үг.
 
Сүлжээний албан ёсны удирдагч нь аймгийн ба дүүргийн засаг дарга нар.
Архангай аймаг дахь ийм л чухал албан тушаалыг АН-ын хүн орон нутгийн 2020 оны сонгуулийн үр дүнгээр удирдах болсон.
Гэтэл УИХ-д Архангай аймгаас сонгогдсон гишүүд нь гурвуул гурвуулаа МАН-ынх.
Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн гурвын хүсэл нь УИХ-ын 2024 оны сонгуульд ч ялалт байгуулах явдал. Иймээс МАН-ынхны хувьд бол Архангай аймгийн удирдлагууд, ер нь Архангай аймгийн АН-ынхан хөлөө жийлцээсэй, бужигнаасай, нэг нэгнийгээ огцруулж тоглоосой гэж бодож, төлөвлөж, оролцох нь мэдээжийн зүйл.
Харин АН-ын гурван төлөөлөгч яагаад намаасаа урваж, МАН-ынхантай нийлэв ээ?
Их хэмжээний бэлэн мөнгө авсан, эсвэл тодорхой эрх ашиг нөлөөлөв үү? Эх сурвалжуудын өгүүлж буйгаар энэ хоёр хүчин зүйл аль аль нь байх магадлалтай аж.
Өмнө өгүүлсэнчилэн УИХ-ын сонгуулийн үр дүнд сүлжээний удирдлага буюу аймгийн засаг дарга хэн байх нь чухал нөлөөтэй. Гэхдээ МАН-ын рейтинг 2024 онд ч энэ хэвээрээ байх ахул сүлжээний хүчин зүйл ихдээ АН-аас нэр дэвшсэн нэг юм уу? ихдээ хоёр нэр дэвшигчийг л ялалт байгуулахад дэм болно гэсэн үг.
Иймээс өрсөлдөөн АН-ынхны дунд өрнөнө.
 
Энэ тохиолдолд Архангай аймгийн Засаг Дарга АН-ын хүн байхаас илүү АН-ын аль фракцийн хүн байх вэ? гэдэг нь илүү чухал болж таарна.
 
Архангай аймгийн Засаг Дарга асан Д.Золжаргалын хувьд анх Нийгмийн Даатгалын Ерөнхий Газарт байхаас нь л С.Эрдэнийг дагаж, УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга хүртлээ хамтран ажилласан, нэг ёсондоо түүний хамгийн итгэлт хүмүүсийн нэг юм. С.Эрдэнийн хувьд ч УИХ-ын 2024 оны сонгуульд Архангай аймагт нэр дэвшихээр төлөвлөж буй нь нууц биш.
Д.Золжаргал, С.Эрдэнэ нарын энэ л хэлхээ холбоо МАН-ынхан ба АН-ын зарим удирдлага, мөн Архангай аймагт нэр дэвших магадлалтай зарим улс төрчдийг ашиг сонирхлоо нэгтгэн, Архангай аймгийн удирдлагыг солих цахилгаан төлөвлөгөө боловсруулахад хүргэжээ.
Бүр тодруулбал тэд "Д.Золжаргалыг огцруулахгүй бол С.Эрдэнэ 2024 онд Архангайгаас УИХ-д сонгогдоно" гэж айжээ.
МАН-ынхантай нийлсэн АН-ын гурван урвагч ИТХ-ын төлөөлөгч нь Цэнхэр сумаас сонгогдсон Б.Батжаргал, Хангай сумаас сонгогдсон Э.Баттулга, Цахир сумаас сонгогдсон Р.Нямдорж нар юм.
Тэдний ард УИХ-ын гишүүн, сайд асан, АН-ын нэгэн лидер бий агаад түүний төрсөн охин нь Архангай аймагт 2024 онд нэр дэвших сонирхолтой гэнэ.
 
Э.Мягмар