Дэлхийн оюутны холбоо болон Дэлхийн спортын холбоо хамтран хоёр жил тутамд зохион байгуулдаг 2026 оны Дэлхийн их сургуулиудын аварга шалгаруулах тэмцээнд Монголын Чирлидингийн оюутны шигшээ багийн тамирчид цацагтай төрөлд тэргүүн байр эзэллээ. “Зууны мэдээ” сонины энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа Монголын оюутны чирлидингийн шигшээ багийн ахлагч Г.Жамъянпүрэвийг онцолж байна.

-Хичээллэж буй спортынхоо онцлог, үнэ цэнийг уншигчдад маань тайлбарлаж өгөөч?
-“Чирлидэнг” гэдэг нь хөл бөмбөг, сагсан бөмбөг зэрэг багийн спортын тэмцээний үед өөрийн баг тамирчдаа дэмжих, сэтгэл санааг нь сэргээх, үзэгчдийг хөгжөөн баясгах, тухайн орчны таагүй уур амьсгалыг зөөлрүүлэх зорилготой бүжиг, акробат, хөнгөн атлетикийн үзүүлбэр бүхий спортын төрөл юм. Энэхүү спорт Монголд хөгжиж эхлээд арав гаруй жил болж байна.
-Монголын хөгжөөн дэмжигчдийн баг анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд аваргын алтан медаль хүртлээ. Өрсөлдөөн хэр ширүүн болов?
-Энэхүү тэмцээн нь Дэлхийн оюутны холбоо болон Дэлхийн спортын холбоо хамтран нийт 13 спортын төрлийн хүрээнд зохион байгуулагддаг. Бид хөгжөөн дэмжигчдийн бүжгийн төрөлд оролцсон. Тэмцээнд 16 улсын 450 гаруй тамирчид хурд хүч, авьяас чадвараа сорилоо. Монгол Улсаас гурван үзүүлбэртэй явсан бөгөөд цацагтай бүжгийн төрлөөр алтан медаль авахаас гадна, бусад төрлөөрөө өмнөх амжилтуудаа ахиулсан амжилттай ирлээ. Хамгийн хүчтэй өрсөлдөгч маань Польш улсын баг байсан.
Польшийн багтай хоёрдугаар шатанд ердөө 0.1 онооны зөрүүтэй өрсөлдөж, эцсийн мөчид бид илүүрхэж түрүүлж чадсан. Гэвч бид тайзан дээр төрийн дууллаа эгшиглүүлж чадаагүй. Оролцсон бүх улс тайзан дээр гарч Дэлхийн оюутны холбооны сүлд дууг дуулдаг журамтай.
Тухайн үед бидний анзаараагүй, бас төсөөлөөгүй зүйл бол Швед улсад ажиллаж, амьдарч байгаа монголчууд маань ирж дэмжсэн. Сүүлийн шатны үзүүлбэрээ үзүүлэхийн өмнө “Гурав, хоёр, нэг, Mongolia” гэж багаараа уриагаа хэлээд тайзан дээр гарахад үзэгчдийн суудлаас “Амжилт, хичээгээрэй” хэмээх танил хоолой сонсогдсон. Монгол Улсынхаа далбааг барьчихсан хүмүүс сууж байхыг хараад үнэхээр их омогшиж, “Энд биднийг дэмжихээр ирсэн хүмүүст бүх чаддаг зүйлээ гаргаж үзүүлнэ” гэсэн итгэл үнэмшилтэйгээр үзүүлбэрээ гүйцэтгэсэн. Тухайн үед биднийг ирж дэмжсэн нутаг нэгтнүүддээ маш их баярлалаа.
Шагналаа аваад гараад ирэхэд тэд маань яваагүй, гадаа машин дотроо хүлээгээд Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлчихсэн зогсож байсан. Тэр үед өөрийн эрхгүй хоолой зангирч, нулимс унагасан даа.
-Тэмцээний өмнөх бэлтгэл сургуулилалтаа хэрхэн хангасан бэ?
-Манай багийг МУИС-ийн Д.Түмэнтөгс багш дасгалжуулсан. Тэрээр Монголд оюутны баг бэлддэг цөөхөн багш нарын нэг бөгөөд олон жил энэ спортын дасгалжуулагчаар ажиллаж байгаа арвин туршлагатай хүн юм.
Багийн бүрэлдэхүүний хувьд Монгол Улсын таван их, дээд сургуулийн оюутнууд нэгтгэсэн. Ингэхдээ Монголын оюутны спортын их наадамд амжилттай оролцсон оюутнуудаас шигшсэн юм.
Эхэндээ нэгнээсээ эмээх, бишүүрхэх байдал ажиглагдаж байсан ч бид Монгол Улсын 3.5 сая хүнийг төлөөлж, дэлхийн шилдэг тамирчидтай өрсөлдөх гэж буй хариуцлагаа ухамсарласан. Мөн цаашид энэ спортоор тууштай хичээллэнэ гэсэн нэгэн зорилгын дор нэгдэж чадсан.
-Багийн үзүүлбэрийн зохиомжийг хэрхэн гаргасан бэ?
-Миний хувьд энэ төрлөөр таваас зургаан жил хичээллэсэн тамирчин. Манай багт бас Монголын хөгжөөн дэмжигчдийн холбооны шүүгчээр ажилладаг өөр нэг тамирчин байсан. Үндсэн зохиомжийг би гаргаад, миний ажиллаж чадахгүй, дутуу байгаа хэсгүүд дээр тэр тамирчин маань ажилласан. Түүнчлэн давхар хяналтаар дахин нэг оюутан ажиллаж, бид гурвын хамтын зүтгэлээр бүжгийн санаа гарч багшдаа үзүүлсэн. Багш маань “Яавал энэ хүүхдүүд тайзан дээр илүү үзэмжтэй, гоё харагдах вэ” гэдэг талаас нь хянаж, зөвлөснөөр манай үзүүлбэр бүрэн бий болсон доо.
-Бэлтгэл сургуулилт хийх болон тэмцээнд оролцоход тулгардаг гол бэрхшээл юу байв?
-Оюутны шигшээ баг гэдэг үүднээс цаг бол зүрх гэдэг том асуудал байдаг. Нэг нэгнийхээ хичээл, ажлыг хүндэтгэж ойлголцох хэрэгтэй болдог юм. Бас бидний барьдаг цацаг маань биднээс түрүүлээд хурдтай хөгжиж байна.
Анх зүүдэг байсан бол одоо гартаа барьдаг болсон. Барьдаг нь сүүлдээ жижигсэж, гарын хөдөлгөөнийг илүү чанга, тод харагдуулдаг болсон гэх мэт. Энэхүү өөрчлөлтийг дагаад цацагтай бэлтгэл хийх тал дээр манайд туршлага бага зэрэг дутсан тал бий. Мөн заал бол хамгийн том асуудал.
Монголд чийрлидингийн зориулалтын шалтай заал байдаг уу гэвэл маш эргэлзээтэй. Гэхдээ манай Хөгжөөн дэмжигчдийн холбоо тухайн шалыг яаж чанартай, мэргэжлийн түвшинд шийдэж, үзүүлбэрээ гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх вэ гэдгийг маш шуурхай шийдэж өгдөг. Үндсэн бэлтгэлийнхээ 50 хувийг холбооныхоо зааланд хийж, техник, үсрэлт, эргэлтээ бэлдсэн. Харин том талбайн бэлтгэлээ МУИС-ийн спорт зааланд оройн 12 цагаас хойш хийдэг байлаа.
-Урлагаар, тэр дундаа бүжгээр хичээллэснээр хүнд ямар давуу тал бий болдог вэ?
-Урлагаар хичээллэсэн хүн хувийн зохион байгуулалт сайтай, тэсвэр тэвчээртэй болохоос гадна өөрийн бие махбодыг сайн мэдэрч сурдаг. Ямар үед ядарч байна, яавал бие маань илүү бүтээмж өндөртэй ажиллах вэ гэдгийг таньж мэдсэнээр буруу зүйлээс хол, эрүүл амьдрах хэв маягт суралцдаг. Бүжгийн заал руу орохдоо амьдрал дээрх бүх асуудлаа гадаа нь орхиж чаддаг. Юу ч бодохгүйгээр хэдэн цагийг ч хамаагүй үнэхээр аз жаргалтай өнгөрүүлдэг юм. Хөлсөө гартал бэлтгэлээ хийчхээд заалнаас гарахад сэтгэл санаа маш өөдрөг, сайхан болсон байдаг. Олон хүний өмнө гарахад “Хүмүүс намайг үзэж байна даа” гэдэг нь нэг талаас гоё мэдрэмж боловч, нөгөө талаас хариуцлага нэмэгдэж, бэлтгэлээ улам сайн хийх шаардлагатай болдог.
-Танай багийг өнөөдрийн амжилтад хүрэхэд тусалж дэмжсэн олон хүн байгаа байх. Тэдгээр хүмүүст хандсан сэтгэлийн үгээр энэхүү ярилцлагаа өндөрлөе.
-Биднийг үргэлж дэмждэг гэр бүл найз нөхөд, сургуулиудын хамт олон болон манай багийг энэхүү тэмцээнд явах бүхий л боломж бололцоогоор хангаж өгсөн холбооныхоо хамт олонд “Баярлалаа” гэж хэлэх нь үнэхээр хангалтгүй санагддаг. Бид бүгдээрээ сэтгэл зүрхнийхээ гүнээс маш их талархаж явдаг. Эдгээр хүмүүсийн чин сэтгэлийн дэмжлэг, туслалцааны хүчээр л бидний энэхүү амжилт бүтсэн гэж боддог доо.
С.БАТТУЛГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Баасан - 06 сарын 26,
2026

Сэтгэгдэл1
Угаас Оюутолгойн гэрээг толгойгоороо хариуцана гэж Элбэгдорж, Баяр, Баярцогт, Да.Ганболд, Сайханбилэг, Сосорбарам, Баабар нар хэлж байсан тул одоо дайны цаг үед тэднийг Украйны талд ажиллаж байгаа Рио Тинтотой хамт булшлахаас өөр Монголын ард түмэн өр зээлнээсээ салахгүй.