sonin.mn

Зэвсэгт хүчний Цацраг, хими, биологиос хамгаалах цэргийг үүсгэн бэхжүүлэх эрхэм үйлсэд эрдэм оюун, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн эрхэм ахмадууд болон тэдний үйл хэргийг нэр төртэй буухиалан үргэлжлүүлж байгаа эрхэм генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид Та бүхэнд Зэвсэгт хүчний Цацраг, хими, биологиос хамгаалахын цэрэг үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.


Өдгөөгөөс 90 жилийн тэртээ Цэргийн явдлын яамны сайд бөгөөд Бүх цэргийн жанжин Г.Дэмидийн тушаалаар Морьт дивизүүдэд химийн салааг анх байгуулж, химийн хамгаалалтын сургалт, хангалтыг эхлүүлсэн нь Монгол Улсын Зэвсэгт хүчинд Цацраг, хими, биологиос хамгаалахын цэрэг үүсэж хөгжих эхлэл болсон түүхтэй.


Түүхийн хугацаанд Цацраг, хими, биологиос хамгаалахын цэрэг бэхжин хөгжиж, орчин үеийн шаардлагад нийцсэн, өндөр мэдлэг, чадвар бүхий мэргэжлийн цэргийн хамт олон болон төлөвшиж, үндсэн үүргээ гүйцэтгэхээс гадна энхийн цагт улс оронд учирч болзошгүй гамшиг, үйлдвэрлэлийн осол, хүн малын халдварт өвчний дэгдэлтийн эхний үед хөнөөлийн голомтод хүрэлцэн очиж, хамгийн хүнд нөхцөлд ажиллан, хор уршгийг арилгах үйлсэд тэргүүн эгнээнд зүтгэсээр ирсэн бахархам үйлстэй. Өнөөдөр Зэвсэгт хүчний Цацраг, хими, биологиос хамгаалах цэрэгт тусгай анги, салбар, сургалт судалгааны байгууллага, лаборатори, хангалт засварын төвүүд үйл ажиллагаа явуулж, материаллаг бааз, техник хэрэгсэл, хүний нөөц, чадавхын хувьд бэхжиж, нэгдсэн бодлогоор удирдагдах тогтолцоо улам боловсронгуй болсоор байна.


Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд өмнөө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхэд манай химичин офицер, ахлагч нар үнэтэй хувь нэмрээ оруулж ирсний зэрэгцээ НҮБ-ын Химийн зэвсэгт хяналт тавих байгууллага “Энх тайвны Нобелийн шагнал” хүртэхэд манай химичин цэргүүдийн хувь нэмрийг онцгойлон тэмдэглэж тэдэнд тусгайлсан сертификат олгож байсан бахархалт түүхтэй.


Та бүхэн маань өнгөрсөн үеийн бахархалт түүхийг үргэлжлүүлж, орчин үеийн сорилт, шинэ аюул заналын эсрэг мэдлэг чадвараа дайчлан, эх орныхоо аюулгүй байдлын төлөө нэр төртэйгөөр хүчин зүтгэж, цаашид өндөр хариуцлага, мэргэжлийн ур чадвараа баяжуулан, улам их амжилт гаргана гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлье.

Та бүхэнд түүхт 90 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, цаашдын ажил албанд нь өндөр их амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе. Та бүхний зүтгэл бол эх орны бат бэх хамгаалалт, ард түмний амар тайвны баталгаа юм. Монгол цэргийн яруу алдар, сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай.



ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА

ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБА

2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр