sonin.mn
АН-ын 4/11 ээлжит мэдээллийн цаг өнөөдөр боллоо. Мэдээллийн цагт АН-ын дэд дарга Ц.Оюундарь, Ч.Отгочулуу, АН-ын ҮБХ-ы гишүүн О.Магнай нар оролцож, АН-ын ҮБХ-ны ээлжит бус хурлаас гарсан дарааx шийдвэрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Тодруулбал тэд
1. Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигчид тавиx, онцлох шалгуур үзүүлэлтүүд;
2. Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн төсөөллийг танилцуулж, хэн дэвшиxээс үл шалтгаалан АН-аас мөрийн xөтөлбөрт оруулаx гол заалтууд;
3. Нэр дэвшигчийг хэдийд бүртгэх, дотоод сонгуулийг хэрxэн зоxион байгуулаx,  нэр дэвшигчийг ёсчлон батламжлаx Иx xурлыг хэрxэн зохион байгуулаx тухай мэдээлэл хийхийн сацуу цаг үеийн бусад асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
 
Энэ үеэр АН-ын ҮБХ-ны гишүүн О.Магнай:
"4.11 гэж хэвлэлийн хурал, 4.11 гэдэг тоо ямар учиртай вэ гэхээр 3 дахь өдөр бүр Засгийн газар хуралддаг. Тэгээд 4 дэхь өдөр сөрөг хүчин байр сууриа илэрхийлдэг байхаар хийдэг хурал байгаа юм. Харамсалтай нь сүүлийн үед Засгийн Газраас бодлогын шийдвэр нэг ч гарсангүй. Энэ бол туйлы харамсалтай. Цаашдаа эрх баригчдад юу гэж хэлмээр байна вэ? гэхээр хийх ажил их байна. Засгийн Газар ажлаа хий. Бодлогын шийдвэрүүд гарга. Нийгэм олон шийдэл хүлээж байна гэдгийг хэлмээр байна. 
Би та бүхэнд юу танилцуулах гэж байна вэ? гэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигчид ямар шаардлага тавих вэ гэдэг шалгуурын эхний төслийг гаргасан байгаа. Урьд өмнө байгаагүй, Монголын улстөрд шинэ соёл гэж хэлж болно. Өмнө нь зөвхөн хуулийн шаардлага хангаж байгаа хүн нэр дэвшдэг байсан бол АН хуулийн шаардлага дотор нь өөрийн намын үзэл санаа, зарчим, үзэл бодлоо илүү нарийн тусгаж, нэр дэвшигчдээ шүүж байна гэсэн үг юм. АН-ын ҮБХорооны гишүүдийн дэмжсэн, нэр дэвшигчид тавих шалгуурыг сонирхуулья. 
 
МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь дараах зарчмыг баримталж ажиллана.
 
1. Хувь хүний эрх, эрх чөлөөний эсрэг ямар нэгэн санал гаргахгүй. Санаачлага гаргахгүй.
2. Хувийн өмчийн эсрэг үг үйлдэл, санаачлага гаргахгүй.
3. 1992 оны Үндсэн хуулийн суурь үзэл санаа болох парламентын засаглалыг тууштай хамгаалагч байна.
4. Хүн төрөлхтний нийтлэг ололт болсон цаазийн ялыг устгасан асуудлыг эргэн сэргээх санал, санаачлага гаргахгүй.
5. Улстөр, эдийн засгийн тусгаар тогтнолын баталгаа болсон гуравдагч хөршийн бодлогыг тууштай баримтлагч байна.
 
Нэр дэвшигчид тавьж байгаа дараагийн шаардлагууд бол:
 
1. Хууль бусаар хөрөнгөжөөгүй. Орлогын аливаа эх үүсвэр нь тодорхой байна.
2. Монголын болон монгол туургатны эв нэгдлийг илэрхийлэгч байх ёстой.
3. Монгол бичгээ эрхэмлэн дээдэлдэг байх.
4. Түүх соёл, уламжлалаа дээдлэн хүндэлдэг байна.
5. Хоёроос доошгүй гадаад хэлний мэдлэгтэй байх ёстой.
 
Мөн АН-аас МУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь дараах үүргийг хүлээнэ.
 
1. Нийгмийн сүлжээнд иргэдээ блоклодоггүй байна.
2. Өдөр тутмын ажил болон гэр бүл нь шилэн байна. Өөрөөр хэлбэл гэр бүлд нь ямар хүмүүс байдаг юм, хэн байдаг юм, ямар бизнес эрхэлдэг юм. Өдөр тутам өглөө хэнтэй уулзсан юм, өдөр хэнтэй уулзсан юм, орой хэнтэй уулзсан юм бэ гэдэг тэр бүхэн нь шилэн байх ёстой. 
3.Хүний эрхийн өндөр мэдрэмжтэй хүн байна. Хүний эрхийн өндөр мэдрэмж гэдгийг юугаар хэмждэг юм бэ гэхээр нийгэмд болж буй хүний эрхтэй холбоотой асуудлаар урьд өмнө нь яаж дуу хоолойгоо хүргэж байсан юм. Ямар байр суурьтай байсан юм гэдэг нь хүний эрхийн мэдрэмжийг тодорхойлно. 
4.Сайн дурын үйл ажиллагааг ямагт дэмжигч байна.
5.Ажлын албандаа хүйсийн тэгш байдлыг хангах зарчмыг хатуу баримтлана. Өөрөөр хэлбэл АН-аас нэр дэвшин, Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд тамгийн газрын ажилчдийн 50% нь эрэгтэй, 50% нь эмэгтэй байна. Хатуу баримтлана гэдэг нь 49%, 51% биш 50:50 байх ёстой гэдэг ийм зарчмыг АН нэр дэвшигчдээ тавина. 
Энэ нь нэгдүгээрт ёсзүйн шалгуур, хоёрдугаарт хувь хүний шалгуур, гуравдугаарт боловсрол мэдлэгтэй холбоотой шалгуур байгаа.
 
Яагаад хоёроос доошгүй гадаад хэлтэй байх гэдэг шалгуур тавьж байгаа вэ гэхээр Монгол бол жижиг улс. Хүн байгаа гадаад хэлнийхээ мэдлэгээр мэдээлэл олж авдаг. Монгол хэл дээр дэлхий дахины мэдээлэл хомс. Ядаж англи, орос хэл дээр харьцуулж үзэж байж өөрийгөө мэдээ мэдээллээр хангаж байж тэр хүнээс гарах шийдвэр, тэр хүнээс гарах үзэл санаа, байр суурь зөв талдаа байна гэж АН үзэж байгаа.
 
Түүнээс бус ганцхан нэг талын мэдээлэл авдаг, зөвхөн Монгол хэл дээр мэдээлэл авдаг хүн төрийн хэмжээний шийдвэр гаргахад 21-р зуунд учир дутагдалтай гэж үзэж байгаа юм." гэв.
 
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг татан буулгах захирамж гаргасантай холбоотой асуудлаар АН-ын дэд дарга Ц.Оюундарь байр сууриа илэрхийлж :  "МАН-ыг татан буулгах асуудал дээр АН үр дагавар талаас нь анхааралтай авч үзэж байгаа. Хууль эрхзүйн талаас нь үзнэ гэдэг нь үүний ард үр дагавар нь юу байх юм бэ гэдэг зүйл бий. Яг АН-ын хувьд МАН-ыг анх 1990 онд татан буулгах ёстой байсан. Тухайн үед татан буулгаагүйгээс болоод МАН зөвхөн аймаг сум, нийслэл дүүргийн салбараас гадна тухайн үеийн МАХН бол байгууллага бүрт үүртэй байсан шүү дээ. Шинэ үеийнхэн бол мэдэхгүй байх. Байгууллага болгон дээр намын үүр байдаг. Намын дарга байдаг. Нэгдэл болгон дээр нэгдлийн даргын дээр намын дарга байдаг. Тэгэхээр энэ төрийн дээр нам байдаг энэ соёл бол МАН-аас үүдэлтэй соёл байхгүй юу. 30 жилийн хугацаанд энэ соёлыг татан буулгаагүй учраас энэ соёл үргэлжилсэн. Энэ том намтай өрсөлдхийн тулд дараа дараа нь байгуулагдсан улстөрийн намууд яг энэ бүтэц, энэ соёлыг дуурайхаас өөр аргагүй болсон. Яагаад гэвэл мажоритари системээр өрсөлддөг учраас тийм хэмжээний бүтцийг хийхгүйгээр, үндэсний хэмжээний сонгуульд ялах боломжгүй болчихсон. За тэгээд төрөөс том ийм нүсэр бүтцийг санхүүжүүлхийн тулд улстөрийн намууд санхүүжилт, мөнгөний байнгын хүндрэлд ордог. Ийм дагаврууд нь 30 жилийн турш улстөрийн намууд болон нийгмийг, дээрээс нь нийгэмд бий болж байгаа соёлыг буруу тийш нь эргүүлж ирсэн. Тийм учраас АН-ын гишүүд, дэмжигчид МАН-ыг татан буулгах ёстой гэдэг ийм байр суурийг 30 жилийн турш илэрхийлсээр ирсэн. Гэхдээ ямар цаг үед, ямар аргаар, яаж хийх вэ гэдэг процедур бол маш өөр асуудал.АН-ын байр суурь бол улстөрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар энэ системийг өөрчлөх ёстой гэдэг байр суурийг 2013 оноос хойш хэлж байгаа. Тухайн үед улстөрийн намын тухай хуулийн төслийг боловсруулсан байсан. Тэгээд энэ концепци бол улстөрийн зөвшилцөлд орохгүйгээсээ болоод хойшлоод байсан. Магадгүй энэ цаг үед улстөрийн намын тухай хуулийг улстөрийн бүх намууд сууж байгаад хэлэлцэх цаг нь болжээ. Үнэхээр нийгэм үүнийг цаашдаа хүлээж авч чадахаа больжээ. Тэсэрч дэлбэрэхэд бэлэн болжээ гэдэг энэ цаг үеийн шаардлага байгаа юм болов уу?гэж үзэж байгаа. Тийм учраас улстөрийн намын тухай шинэ хуулийн төсөл дээр улстөрийн намууд хамтран ажиллах ёстой. Энэ боломжийг ашиглаад хууль эрхзүйн шинэчлэлээ хийж авья гэдэг байр суурьтай байгаа.
 
Түүнээс биш шууд нэг хүн уурлаад ч юм уу, Ерөнхийлөгч уурлаад тараа гэхээр тарчихдаг. Дараа нь юу болох вэ? 
 
Улстөрийн намууд шинээр бий болно. Тэр хооронд хэн төрийг барьж байх ёстой вэ. Маш олон эмзэг асуудлууд бий болно. Яагаад гэвэл ҮАБ-ын үзэл баримтлал дээр парламентын тогтолцоо, парламентын ардчилал бол монгол улсын аюулгүй байдлын баталгаа гэдгийг заагаад өгчихсөн байдаг. Тэгэхээр бид нар парламентийн ардчиллаа хамгаалж авч үлдэхийн төлөө бүх асуудлаа ул суурьтайгаар авч үзэх ёстой гэсэн байр суурьтай байгаа." хэмээн тодотголоо.
 
М.Чойжал