sonin.mn
Засгийн газрын ээлжит хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан “Эрүүл мэндээ хамгаалж Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын мэдээллийг танилцууллаа. 4 сарын 20-ны гүйцэтгэлээр буюу 6 дахь 7 хоногийн байдлаар Эдийн засгаа сэргээх төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд 32,082 ажлын байрыг хадгалаад байна.
 
Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд аж ахуйн нэгж, иргэдэд жилийн 3 хувийн хүүтэй зээлийг банкуудын чөлөөт эх үүсвэрээр олгож байгаа бөгөөд нийт 8,092 зээлдэгчийн 563.5 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй зээл олгогджээ.
 
Тухайлбал, 1228 аж ахуйн нэгжид 310.0 тэрбум төгрөг, 6870 иргэний 253.5 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна. Аж ахуйн нэгжийн зээлийн хувьд Зээлийн батлан даалтын сангаас 4.6 тэрбум төгрөгийн зээлийн батлан даалт хийгджээ. Мөн өдрийн байдлаар нийт 37,430 зээлийн хүсэлт ирсэн байгаагаас 12,625 зээлийн хүсэлт банкуудын судалгааны шатанд байна. Монголбанкны репо санхүүжилт буюу дахин санхүүжилтийн зээлийн тухайд 1,619 зээлдэгчид 260.0 тэрбум төгрөгийн зээл олгосон бол ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийг 3,064 зээлдэгчид 226.8 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.