sonin.mn

Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн баруун талд бетон зуурмаг шахаж байсан кран гэнэт ойчиж ойролцоох замын гарцаар гарч явсан 12 настай хүүхдийг дарж амь насыг нь хохироосон хэрэгт холбогдуулан 3 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ.


    Ослын талаар "Барилга хоорондын зай бага, стандарт зөрчиж баригдсан талбайд бетон зуурмагч машин хоёр талын тулгуураа гүйцэд тулж чадалгүй шахагч хоолойгоо сунгах үеэр сул шороотой газар цөмөрч автомашин хөмөрсөн" гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан юм.


     Зуурмаг шахагч машины менежер Б.Баттулга, жолооч Г.Гантөмөр, туслах Б.Дашням нарыг хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар сэжигтнээр тооцон шалгаж  байна. Тэднийг буруутгавал “Уул, уурхай, барилга, түүнчлэн тэсэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй үйлдвэр бусад аж ахуйн нэгж, байгууллагад аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих  ял шийтгэнэ” гэсэн  заалтаар шийтгэх ажээ.

 


    Я.Баяраа


Эх сурвалж: "Монцамэ"