sonin.mn
Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшорт байгуулсан “Женко Холдинг Пи-Ти-И” компанийн мэдээлэл ил болжээ. Монгол Улсын хуулиар оффшор бүс гэж тодорхойлсон Сингапур улсад бүртгэлтэй тэрхүү “Женко Холдинг Пи-Ти-И” компанийн 50 хувийг Х.Баттулга өөрийн охин Баттулгын Намуун, үлдсэн 50 хувийг Х.Баттулгын оффшор хөрөнгийн манаач Сингапурын хятад Билли Лим өөрийн хүү Деннис Лимээр дамжуулан эзэмшдэг нь баримтаар ил болжээ. Өнөөдрийг хүртэл тус компанийн захирлаар Баттулгын Намуун, Деннис Лим нар ажиллаж байгаа юм байна.
 
 
Монгол Улс 2017 оны дөрөвдүгээр сард Хувийн ашиг сонирхлын тухай хуульд нэмэлт оруулж, төрийн албан тушаалтнууд болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд оффшор бүсэд өмч хөрөнгөтэй байх, компанитай байхыг хатуу хориглосон.
2017 оны арванхоёрдугаар сарын 6-нд Монгол Улсын Засгийн газар Сингапур улсыг оффшор бүс хэмээн албан ёсоор зарласан. Энэ хуулийг мөрдөөгүй төрийн ямар ч албан тушаалтныг эгүүлэн татах буюу огцруулах арга хэмжээ авах ёстой гэж хуульдаа заасан. Энэ хуулийнхаа дагуу оффшор бүсэд хөрөнгөтэй албан тушаалтнуудын хөрөнгийг Монголдоо оруулж ирэх ёстой гэсэн үг.
 
 
Х.Баттулга өөрөө “Женко Холдинг Пи-Ти-И” гэх энэ оффшор бүсэд бүртгэлтэй компанийн гарын үсэг зурдаг захирлаар 2007 оны долдугаар сарын 31-нийг хүртэл ажиллажээ. Тухайн үед энэ хүн аль хэдийнэ УИХ-ын гишүүнээр сонгогдож аж ахуйн ажил хийх ёсгүй, тэр тусмаа бүр гадаадад оффшор бүсэд бүртгүүлсэн компанийн захирал байх ёсгүй болсон байв.
Х.Баттулга өөрөө “Женко Холдинг Пи-Ти-И” компанийн хувьцаа эзэмшигч байж байгаад охиндоо шилжүүлсэн нь бас энэ баримтаар нотлогдож байна. Харин 2017 онд хуульд нэмэлт орж оффшор бүсэд компани, хөрөнгөтэй байхыг хорьсоор байтал Х.Баттулга өөрийн охиноор дамжуулан оффшор компанийн хувьцааг эзэмшсээр байгаа ажээ.
Тодруулбал, Сингапур улсын Санхүү бүртгэл, аж ахуйн нэгжийн газар \Accounting and Corporate Authority of Singapore\-т Х.Баттулгын охиныхоо нэр дээр эзэмшдэг компанийн мэдээлэл олон нийтэд ил байгаа ажээ. Хуулийн байгууллага болон сонирхсон хэн ч өнөөдөр энэ мэдээллийг авах боломжтой.
 
 
Албан ёсны энэхүү мэдээллээр “Женко Холдинг Пи-Ти-И” компанийг нэг сая долларын хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байгуулсан байна. Монголд хүмүүс компани байгуулахдаа 10 мянган төгрөгөөр л байгуулдаг. Гадаадад ч компани байгуулахдаа 100 доллар, ихдээ хоёр, гурван зуун долларын хөрөнгөтэй байгуулдаг.
Харин энэ компанийг нэг сая долларыг буюу бараг 2.5 тэрбум төгрөгийг зүгээр компани байгуулах хөрөнгө гэж түгжсэн нь энэ компани маш том юмны сэжүүрийг агуулж байна уу гэж хардах үндэс болж болох юм.
 
 
 
Ер нь бол Х.Баттулгын 440 сая ам.доллараар төмөр зам барина гэсэн асуудал хуучраагүй байна. Түүнээс нь 55 тэрбум тэрбум төгрөгийг гадагшаа гарсан гэдгийг манай хуулийн байгууллагынхан шалгаж байх үедээ тогтоосон байдаг. Энэ их мөнгө яг ямар нэртэй компаниар, хаашаа гарсан гэдгийг хууль хяналтын байгууллагынхан баримтаар нотолсон байсан нь тухайн үед сошиалаар цацагдаж байв.
 
 
 
Өнөөдөр ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга хийж байгаа А.Гансүхтэй холбоотой гэгддэг “Монгол бетон дэр” ХХК гэдэг ганцхан компаниар л гэхэд тухайн үед 10 сая ам.доллар гадагшаа гарсан байдаг. Гэтэл нэг ч ширхэг бетон дэр нийлүүлээгүй байсныг хуулийн байгууллагууд тухайн үед тогтоосон. Мөн “Нутгийн Буян” ХХК гэх компаниас БНСУ-ын банкинд байдаг “Хаан Бууз” гэсэн дансанд “экскаваторын төлбөрт” мөнгө шилжүүлсэн байдаг. Экскаваторыг буузны компани хийдэг болоогүй баймаар...
 
Энэ асуудлаар 2016 онд Х.Баттулга нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Гэвч 2017 оны сонгуулийн дараа замхарч хаагдсан. Олныг гайхшруулсан нэг зүйл нь  энэ хэрэгт гэм буруутай этгээдүүд нь 40 сая төгрөгөөр торгуулиад гадагш алга болцгоосон явдал байлаа. Тэгвэл саяхан УИХ-ын индэр дээрээс Ерөнхийлөгч Х.Баттулга “Хэдэн арав, зуун тэрбумаар улсын мөнгө завшсан нь торгуулсан болоод хэргээс мултарч байхад айлын цонхоор нэвтэрч 50 мянган төгрөг хулгайлсан иргэн ял авч шоронд хоригдсон” гэж харьцуулж хэлж байх юм.
 
 
 
Мөн Төгрөг нуурын ордыг 2010 онд Х.Баттулга 250 сая ам.доллараар оффшор бүсэд бүртгэлтэй хятад эзэнтэй Мин Шин Уотервокс Лимитед Кайманы арлын оффшор бүсэд бүртгэлтэй \Ming Нing Waterworks Limitedincorporated in Cayman islands\ компанид зарсан гэх мэдээ нь одоо ч гэсэн Хонгконгийн хөрөнгийн биржийн веб хуудаст ил байж байна. Х.Баттулга өөрөө “Камекс” ХХК компанийг Монгол Улсад үүсгэн байгуулж, охин компаниуд нь нүүрс, алт, зэсийн 17 лиценз авсан байдаг. Түүний нэг нь стратегийн ордын хоёрдугаар жагсаалтад байгаа Төгрөг нуурын нүүрсний орд юм. Бусад нь Говь Алтай, Завхан, Дундговь аймгийн нутаг дэвсгэрт байдаг алт, зэс, нүүрсний лиценз бөгөөд нийт 75.000 га газар нутгийг хамарсан байна.
 
 
“Камекс” ХХК-ийн 90 хувийг Х.Баттулга өөрөө эзэмшиж, Ядамсүрэнгийн Батсүх буюу “Ард Батсүх” 10 хувийг эзэмшиж байсан. Х.Баттулга өөрийн нэр байсан 90 хувийг 2007 оны гуравдугаар сарын 21-ний өдөр өөрийн охин Б.Намуунд шилжүүлж, тун удалгүй 2007 оны дөрөвдүгээр сарын 4-нд  төрсөн эгч Халтмаагийн Цэндсүрэнд шилжүүлсэн байдаг. Энэ бүх мэдээ Монгол Улсын бүртгэлийн санд байж л байдаг. Бас олон нийтэд хэдийнэ ил болсон мэдээлэл юм.
Харин нэг нууцлаг зүйл гэвэл тун удалгүй “Камекс” ХХК-ийн дээр толгой компани болгож “Камекс Пи-Ти-И” нэртэй Сингапурт бүртгэлтэй оффшор компанийг үүсгэсэн байдаг. Тэрний дээр нь 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Вел Делайт \Well Delight BVI\, бас түүний дээр нь Бэст Стэйт \Best State BVI\, Сино аксес \Sino Access BVI\ гэсэн нэртэй Британийн Виржинийн арлын оффшор бүсэд бүртгүүлсэн гурван ч компани үүсгэсэн байдаг. Таван шат дамжсаны эцэст нь оффшор бүсэд байгаа хоёр толгой компанийн хувьцаа эзмшигч нь Х.Баттулга ерөнхийлөгчтэй Жүдогийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Машбатын Бөхбат, нөгөө л Ядамсүрэнгийн Батсүх, Билли Лим Сим Пау-гийн охинХуй Шим Лим Селестина нар байв. Үүнийг өнөөдөр ч Хонгконгийн хөрөнгийн биржийн баримт бичиг дээрээс олж үзэх боломжтой. Гэхдээ анх компанийг үүсгэн байгуулж 90 хувийг эзэмшиж байсан Х.Баттулгын нэр нь алга болсон байдаг. 90 хувиа Х.Баттулга зүгээр л энэ хүмүүст тараагаад өгөөгүй нь ойлгомжтой.
 
 
Дараа нь Брейв лайон \Brave Lion BVI\ гэсэн нэртэй бас нэг оффшор компанид толгой хоёр оффшор компаниа зарсан байдаг. Ийм олон толгой компанийг оффшор бүсэд үүсгэн байгуулж, таван ч шат дамжин давхар давхар эзэмшүүлэх нь ямар зорилготой байсан бэ.Туршлагаас харахад ийм тохиолдолд зорилго нь нэг л байдаг.
Төгрөг нуурын ордыг таван шат оффшороор дамжин байж, нэрээ нуун байж 250 сая ам. доллараар зарсан ч гэсэн эцсийн эцэст одоо л бүх юм тодорхой болж байна. Хятад эзэнтэй оффшор бүсэд бүртгэлтэй Хонгконгийн хөрөнгийн биржийн Мин Шин компанид зарагдсан оффшор бүсэд бүртгэлтэй “Камекс Пи-Ти-И” компани нь бидний илрүүлсэн “Женко Холдинг Пи-Ти-И” компаниас байр түрээслэж нэг дор үйл ажиллагаагаа явуулж байсан нь хөрөнгийн биржийн материалд ил байна.  Эндээс 250 сая ам.долларын сураг атгагдаж болох л юм.
 
 
Ерөнхийлөгч Х.Баттулга саяхан УИХ-ын чуулган дээр үг хэлэхдээ “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санг үгсэн хуйвалдаж, зохион байгуулалттайгаар тонон дээрэмдсэн, Хөгжлийн банкны хөгжлийн зээлийг хамаарал бүхий аж ахуй нэгжүүдээрээ хуу хамсан, уул уурхай, ашигт малтмалын лицензийг олноор эзэмшигч бүлэглэл, фракц, олон зуун сая долларын оффшор данс эзэмшигчид, татвар төлөгчдийн мөнгийг чадамжгүй болсон банкинд хийж хувьдаа асар их хэмжээний хөрөнгө олж, банкийг дампууруулан, эргээд татвар төлөгчдөөр төлүүлдэг, авлига, хээл хахуулийн мөнгийг газар, барилга, банк бус санхүүгийн байгууллагуудаараа угаадаг, монгол төрийн эрх ашгийг уландаа гишгэн гадны иргэн, аж ахуй нэгжтэй үгсэн хуйвалдаж төрийн эсрэг гэмт хэрэг үйлддэг хэсэг бүлэг этгээдүүд” байдаг талаар учиргүй урт нэг өгүүлбэр хэлэхэд олон нийт сайн ойлгоогүй.  Тэгвэл Х.Баттулга өөрөө Замын тээврийн болон Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд байхдаа Сайшандын аж үйлдвэрийн парк байгуулна, төмөр зам барина гэсэн нь юу болсон бэ. Сайшандад аж үйлдвэрийн парк байтугай ширхэг яндан ч босоогүй. Өнөөдөр “Голомт” банкиар бариулж буй төмөр замын мөнгө хаашаа хэний гараар урсаж байна вэ.
Ерөөс хууль хяналтынхан энэ мэдээнүүдийг “шинэ нүд”-ээр олж унших, хуулийнхан “шинээр ажиллах” цаг нь болжээ. Сингапурын засаг төрийн дээрх мэдээллийг санг ухвал өөр бусад асуудал ч нэлээд гарч ирэх бололтой юм. Үүгээр Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшорын хөрөнгө ил болж байх шиг байна. Гэхдээ энэ мэдээлэл Монголд цоо шинэ юм бас биш. 2017 оны зургадугаар сард одоогийн УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан Х.Баттулгыг оффшор дахь хөрөнгөө оруулж ирэхийг шаардаж, дээр нэр дурдсан зарим компанийг ярьж явсан. Тэгэхээр оффшор дахь хөрөнгүүдээ Монгол руу татах цувааг Ерөнхийлөгч анхлахыг ч үгүйсгэхээргүй болж буй бололтой.
 
 
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин