sonin.mn

Москва хотноо тулаан зохион байгуулахын тулд Филиппиний боксчин Мэнни Пакьяо-той тоглох өрсөлдөгчийг Олон улсын боксын холбоо /IBA/ хайж байна. Энэ тухай тус холбооны ерөнхийлөгч Умар Кремлев мэдэгдлээ. 


Дэлхийн аварга асан Пакьяо ирэх онд Москва хотод тулаан хийхээр төлөвлөж байгаа тухай мэдээлэл өмнө нь цацагдаад байсан юм. Тэрбээр саяхан Дубайд болсон IBA-гийн их хуралд зочноор оролцох үедээ Кремлевтой уулзаж, тоглолтын талаар ярилцжээ. 


“Энэ бол үнэхээр хэрэгжиж болохоор бодитой төсөл. Одоогоор бид тулааны нөхцөл болзлуудыг хэлэлцэж, тохирох өрсөлдөгчийг хайж байгаа бөгөөд зөвхөн тулаан явуулах төдийгүй гайхамшигтай гоё үзүүлбэрийг боксын спортыг хайрладаг бүх хүнд бэлэглэхийг хүсэж байна. Энэ бол орчин үеийн түүхийн нэгэн хэсэг болж чадах түүхэн тулаан болох ёстой. Энэ тулаанаас гадна Филиппин улсад “IBA аваргуудын шөнө” гэх мэт хамтарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулах асуудлыг бид хэлэлцлээ” гэж У.Кремлев ярилаа. Өдгөө 45 настай Пакьяо хамгийн сүүлд 2021 онд албан ёсны тулаан хийсэн юм. Тэрбээр боксчны замналдаа 8 жинд дэлхийн аварга болж байсан бөгөөд 62 удаа ялалт /39 удаа хүнд цохилтоор/ байгуулж, 8 удаа ялагдаж, 2 удаа тэнцэж байжээ.



Б.Адъяахүү