1950-иад оны дунд үеэр дэлгэцнээ гарч, олныг шуугиулсан бүтээл бол “Оч” буюу “Сэрэлт” кино байлаа. “Сэрэлт” кино анх дэлгэцэнд гарахдаа “Оч” нэртэй байсан юм. Сүүлд нэрийг нь өөрчлөн “Сэрэлт” хэмээн нэрлэсэн. Энэ нь Монголын дэлгэцийн урлагт үнэхээр оч болон гялалзаж, араасаа олон сайхан бүтээл дагуулсан билээ.
Энэ өнцгөөс нь харах юм бол манай театрын нэрт найруулагч Ламзавын Ванган (Монгол Улсын төрийн шагналт 1959 он, урлагийн гавьяат зүтгэлгэн 1961 он), зохиолч, яруу найрагч Чойжилын Чимэд (Монгол Улсын төрийн шагналт 1962 он) нар уг киноны зохиолыг бичиж, Монголын кино урлагийн ертөнцөд орж ирсэн нь үнэхээр олзуурхууштай хэрэг байлаа.
Ер нь сайн кино бүтээхэд сайн найруулагчийн зэрэгцээ мэргэжлийн төвшинд бичигдсэн сайн зохиол байх ёстой гэдэг зарчмыг “Сэрэлт”-ийн үеэс эхлэн манай уран бүтээлчид баримтлан ажиллаж ирсэн нь киноны ур чадварын чансаа дээшлэхэд чухал түлхэц болсон байна. Иймээс “Сэрэлт” кино Монголын дэлгэцийн урлагийг сэрээж, хөдөлгөөнд оруулсан гэж үзэж болох юм.
Уг киноны үйл явдлыг гаднаас нь өнгөц харахад Төмөрийн Нацагдоржийн “Норжмаагийн зам”-ыг зарим талаар санагдуулам аястай боловч зохиолч Л.Ванган Ч.Чимэд нар зохиолынхоо агуулгыг тодруулахад дүрийн онцлог шинжүүд дээр ихэд анхаарч, үйл явдлын өрнөлөө дүрүүдийн сэтгэхүйн шугамтай нягт уялдуулж өгснөөр гол баатруудынх нь зан төрх илэрч гарахад чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг.
Найруулагч Сангижавын Гэндэн (Монгол Улсын ардын жүжигчин 1980 он), зохиолч Л.Ванган, Ч.Чимэд нарын кино зохиолыг хүлээж аваад өөрийнхөөрөө нэг их засаж өөрчлөлгүйгээр зохиогчдын далд санааг өөрийн найруулгын болон жүжигчдийн тоглолтоор тодруулан гаргахад гол анхаарлаа хандуулсан нь тун зөв шийдэл байв.
Ардын хувьсгалын дараах жилүүдэд хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах бодлого нь нам засгаас баримталж явуулсан гол асуудлуудын нэг байсныг манай ахмад үеийнхэн андахгүй. Монголын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх үйлсэд тэр үеийн ЗХУ-аас томилогдон ирж ажиллаж байсан “алтан гартай” олон эмч нарын ач тусыг бид өнөөдөр зүй ёсоор талархан дурсаж явдаг билээ.
“Мэнгэт докторын ачаар л миний хүү амьд үлдсэн юм” хэмээн ээж маань олонтаа ярьдаг байсныг би одоо ч мартдаггүй. 1940-өөд оны эхэн үеийн Улаанбаатар хотын “Захын больниц”-д ажиллаж байсан хүүхдийн эмч маань “Ёстой л нөгөө “Сэрэлт” киноны эмч шиг байж, намайг аймшигт үхлээс аварсан юм байна” гэдгийг би хожим нь ээжийнхээ ярианаас ойлгосон юм.
Над шиг ийм дурсамжийг дотроо хадгалж явдаг хүмүүс Монголд олон бий. “Сэрэлт” киноны гол баатар хөдөө нутагт ажиллахаар ирж буй орос эмэгтэй ч гэсэн кинондоо “Орос эмч” гэж нэрлэгдэж гардаг нь тэр үеийн сайн санаат олон орос эмчийн төлөөлөл болсон дүр байснаас үүдэлтэй биз ээ. Орос эмчийн дүрийг Монголын ардчиллын алтан хараацай Санжаасүрэнгийн Зориг агсны ээж, амьдрал дээрээ их эмчийн мэргэжилтэй Гимлайн Доржпалам тун үнэмшилтэй бүтээж чадсан юм.
Найруулагч С.Гэндэнгийн олж илрүүлсэн нэгэн том нээлт бол Түдэвийн Цэвээнжав (Монгол Улсын гавьяат жүжигчин 1956)-ын бүтээсэн сумын эмнэлгийн сувилагч
Бумаагийн дүр байв. Бумаа шиг ийм дүр монгол кинонд цөөхөн дөө. Т.Цэвээнжав гуайн урлан бүтээж амьдруулсан Бумаагийн дүрийг харах болгондоо би “Италийн үндэсний бахархал” хэмээн хүндлэгддэг байсан дэлхийн киноны супер од Анна Маньянитай өөрийн эрхгүй адилтган санадаг. Манай Цэвээнжав гуай Маньянигаас давна уу гэхээс огтхон дутахааргүй авьяас билэгт, ясны монгол төрхтэй жүжигчин байсан юм.
Үнэхээр ардын дундаас төрсөн авьяастан гэвэл Цэвээнжав гуай мөнөөсөө мөн. Надад одоо хүртэл бодогддог нэг харамсалтай юм гэвэл бид нар Цэвээнжав гуайдаа амьд сэрүүн явахад нь “Ардын” гэдэг алдрыг өгөлгүй харамласаар бурхны оронд үдсэн.
“Ардын” цолонд тодорхойлогдоход Цэвэнжав гуайн намын болон театрын социалист хөдөлмөрийн бригадын гишүүн биш байсан нь тээр болсон гэж би сонссон. Арай ч үгүй байлгүй дээ. Гэхдээ тухайн цаг үед яггүй атаархагчид хүрэлцээтэй байсан юм чинь үнэн ч юм бил үү, хэн мэдлээ...
Киноны өгүүлэмж хөдөө орон нутагт ирсэн орос эмч эмэгтэй, нутгийн нэр хүндтэй маарамба нарын өрсөлдөөнөөр хуучны дадал заншил, үзэл бодол, шашны мухар сүсгийн нөлөөг даван туулж, хүмүүсийн сэттэл санаанд эргэлт гарч, сэтгэхүйд нь шинэ ёс суртахуун хэрхэн төлөвшиж буйг үзүүлэхийг зорьжээ. Хэдийгээр өгүүлэмж нь энгийн мэт боловч зохиолч Л.Ванган, Ч.Чимэд нар кино зохиолынхоо зохиомжийг нэлээд сонин хэлбэрээр илэрхийлсэн нь хоёр нийгмийн ялгаа, цаг үеийн өнгө төрхийг тодорхойлох гэж оролдсонд оршино.
Иймэрхүү зохиомж кино зохиолуудад нэлээд түгсэн, хэвшмэл маягийн хэллэг боловч найруулагч С.Гэндэн үйл явдлын авцалдаа, өрнөлийн шугамыг тун зөв тодорхойлж чадсанаас сонирхол татахуйц бүтээл болсон юм.
Энд Монгол Улсын ардын жүжигчин Цагааны Цэгмидийн бүтээсэн Даш, ардын жүжигчин Зундуйн Цэндээхүүгийн амилуулсан “ах” ламын дүрүүд онц сонирхолтой болсон нь дээрх хоёр жүжигчнээс аль алинаас нь амьдралын ээдрээнд орооцолдсон хүмүүсийн сэтгэлийн драмыг тодорхой хэмжээнд нэлээд өргөгдсөн орчинд гаргах шаардлага тулгарсантай холбоотой.
Ихэнх зураг нь дотор павильонд авагдсан энэхүү киноны дүрслэлийн шийдэл дээр оператор Дэжидийн Жигжид, зураач Цэрэнжавын Доржпалам (Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн 1964 он) нарын нэгдсэн арга барилыг зөв хослуулан бүтээлчээр хандсан нь жүжигчдийн тоглолтыг барьж тодруулах, кадр доторх хөдөлгөөнийг чөлөөтэй илэрхийлэхэд найруулагчийн санааг бүрэн дүүрэн ойлгох хэмжээнд хүргэж чадсан нь сайшаалтай.
Ялангуяа оператор Д.Жигжидийн хувьд “Сэрэлт” кинонд ажилласан туршлага нь түүнийг мэргэжлээ өөрчлөн, найруулагчийн ажилд шилжихэд нэлээд сургууль болсон гэдгийг тэмдэглэн хэлмээр байна. “Сэрэлт” кино нь түүний оператораар ажилласан сүүлийнх нь бүтээл байсан бөгөөд энэ кинонд жүжигчинтэй ажиллахдаа онцгой анхаарсан нь түүний гэрэл сүүдрийн тохируулгаар жүжигчний тоглолтыг тод томруун тусгах үүднээс , том планы тавилт дээр ихэд нухацтай, зоригтой шийдэл хийсэн хэсгүүд олон байдгийг харж болно.
Тухайлбал, Бумаагийн орос эмчийг гомдоочихоод аргадаж буй, Даш охиноо амьд байгааг мэдээд ах ламынд ирж, хутга барьчихсан байгаа, Ах ламын чарган дээр хүлээтэй байгаа, Бумаагийн хичээл заалгаж байхдаа хажуугийнхаа хүний бичсэнийг хараад өөрийнхөө бичсэнийг балладаг, Пүрэвжавын багшдаа зодуулж уйлдаг зэрэг олон хэсгийг хэлэхэд хангалтгай.
Мөн гол дүрийн жүжигчдийн тоглолтын зэрэгцээ киноны хоёрдугаар планд тавилт, өрөлт, хөдөлгөөний зохицлыг жигд сайн барьж зураг авсан нь, операторын талаас найруулагчийн хэлэх гэсэн санааг тун зөв тодруулж гаргасан нь олон хэсэг дээр харагддаг.
Тухайлбал, Сүрэн, Жамц хоёрын хээр уулздаг, Жамц хайртай хүүхнийхээ амьд байгааг мэдэж амийг нь аврахаар ирж буй, Бумаагийн дэлгүүрт “Би Монгол талаасаа нэгдүгээр хүн”- гэж хүмүүсийг инээлгэдэг зургийг аппаратны чөлөөтэй хөдөлгөөнөөр авсан нь өнөөг хүртэл манай үзэгчдийн сэтгэлд хоногшиж, ярианы хэлэнд үлдэж хоцорсон байдаг.
Сүрэнд тоглосон жүжигчин Тогтохын Янжинжав, Жамцад тоглосон Жамсрангийн Гүр, хуврага Пүрэвжавт тоглосон Лувсанжамцын Банзрагч (Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн 2014 он) нар өөрсдийн дүрийг оновчтой сайн жүжиглэлтээр тодруулан амьдруулсныг дурдвал зохино.
Киноны хөгжмийг бичсэн композитор Самбын Гончигсумлаа (Монгол Улсын төрийн шагналт, ардын жүжигчин) драмыг илэрхийлэх талаас нь нэлээд анхаарч, киноны үйл явдлын өрнөл, гол баатруудынхаа сэтгэлийн хөдлөлийг хөгжмийн хэлээр өргөж гаргасан нь киног үзэгчдэд хүргэхэд их дөхөм болсон.
Ийнхүү “Сэрэлт” кино дэлгэцнээ гарсан нь Монголын кино урлагийн мэргэжлийн төвшинг ахиулсан шилдэг бүтээлийн нэг болж чадсан билээ. Тиймээс ч 2000 онд “Өнөөдөр” сониноос зарлаж, олон нийтийн санал асуулгаар тодруулсан XX зууны Монголын шилдэг 10 киноны нэгээр шалгарсан нь дээрх бүтээлийн чансааг илэрхийлсэн үзэгчдийн үнэлэлт байлаа.
Пүрэвжавт тоглосон Монголын радиогийн ахмад ажилтан, сэтгүүлч Лувсанжамцын Банзрагч ийн дурсаж байна.
Монгол Улсын ардын жүжигчин, кино найруулагч, зохиолч Гомбожавын ЖИГЖИДСҮРЭН
Сэтгэгдэл0
монголыхоо сайн жүжигчнийг итал миталийн жүжигчинтэй харьцуулж тэрнээс давна гэж ярих нь бүдүүлэг ярианы арга шүү.
монголын дээр үеийн кинонууд үзээд уйдахааргүй сайхан кинонууд
НАМБА УАН-№1
Mongold sain jujigchid baisan l bainadaa!
Unexeer saixan kino. Manai ajliin ax ene kinonii xelleguudees bainga xereglej bidniigee ineelgej yavdag um da
Давтагдашгүй бүтээсэн гайхалтай сайн кино шүү
"Ойрдоо айхтар хүйтэрч байнаа... Бумаа би гал алдаад..." Ах Лам
unheer sain uran buteel bolj cadsan shu
Сайхан кино