Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
Улсын Их Хурлын гишүүд Танаа
УИХ-ын АН-ын бүлгийн гишүүдэд
Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвөөр үйлчлүүлэхээр ирэхэд эмнэлэг маань эзэнгүй, гаднаас нь харахад ундуй сундуй байдалтай, хаалгыг нь төмөр гинжээр даруулан цоожилсон байлаа. Энэ яг юу болов оо гээд хүмүүсээс асуутал ажилчид нь халагдсан, эмнэлгийг нь нүүлгэчихсэн, хэвтэн эмчлүүлэгчдийг нь гаргачихсан, энд эмнэлгийн үйл ажиллагаа явагдахгүй гэж байна. Эмнэлгийн маань тоног төхөөрөмжийг бүгдийг аваад ачаад явсан байх юм. Тэр ч бүү хэл, эмч ажилтнууд, зарим өвчтөний ус буцалгагч зэрэг хувийн эд зүйлийг ч ачаад явжээ. Эмнэлэг дээр ирээд бухимдаж байгаа улс олон байна. Эмнэлгээс гадна Зайсан дахь элэгний сувилал руу хотын нэг дарга Амгалан гэдэг залуу яаж муухай эрэлхүү дээрэлхүү орж, эмч сувилагч нарыг загнаж, тэнд байгаа өвчтэй хүмүүстэй ялтан шиг муухай харилцаж байгаа бичлэгийг хараад бид ямар нийгэмд амьдарч байна вэ гэж өөрийн эрхгүй бодогдож, өөр хоорондоо ярилцан үнэн байдлыг төр засагт дуулгах нь зөв гэж үзсэн.
Үнэндээ сувиллыг түйвээчихээд өвчтэй хүн ухаан алдаад унаж байхад бичлэг хийгээд хараад зогсоод байгаа цагдаагийн хувцастай залуучуудыг хараад хэлэх үг олдсонгүй бухимдацгаалаа.
УАУЭСК төв нь анх байгуулагдсан цагаасаа хойш одоог хүртэл 30 гаруй жил эмчилгээ сувилгаа эм үйлдвэрлэх гэсэн үндсэн 3 чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн, хууль бус, зөвшөөрөлгүй ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Жилийн өмнө их засвар хийж, тоног төхөөрөмжөө шинэчилсэн эмнэлгийг дахин засвар хийх шаардлагатай гэсэн шалтгаанаар үйл ажиллагааг нь зогсоож, эд хөрөнгө тоног төхөөрөмжийн гаргаж хаяж байгаа нь харин хотын дарга өөрөө төрийн нэрийг барьж хууль бусаар эзэмшихийг оролдож байгаа үйлдэл гэдгийг эмч, эмнэлгийнхэн хэлээд байхад анхаарч авч үзэхгүй атлаа 35 жил хуульгүй ашигласан ч гэх шиг үлгэр ярих. Өнөөгийн хотын дарга нараас өмнө төртэй, хуультай байгаагүй юм шиг худлаа ярьж болохгүй.
Ардчиллын монгол түмэнд авчирсан юм хүний эрх, эрх чөлөө, бас өмчтэй байх эрх. Гэтэл бодит байдал дээр Улсын дээд шүүхийн шийдвэрийг үл тоодог, үгүйсгэдэг даргын тушаалыг хэрэгжүүлэх гэж яваа энэ цагдаа хуулийнхан эмнэлэгт, эмч нарт, өвчтэй иргэдэд гаргадаг шиг эр бяраа авлигачид луйварчдадаа гаргаж чаддаг билүү. Элэгний эмнэлгийг эмч нараас нь, эмчлүүлэгчдээс нь дээрэмдэж авсан хотын дарга нарын энэ муухай булай үйлдлийг хараад сууж чадахгүй бухимдаж байгаа олон түмнийхээ үгийг бид төлөөлөн Төрийн гурван өндөрлөг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэнд болон гишүүдэд хүргэж байна. Элэгний өвчлөл хамгийн их, элэгний хавдраар дэлхийд тэргүүлээд байгааг эрхэм гишүүд та бүхэн мэдэж байгаа биз дээ. Энэ олон өвчтөн хаана очиж үзүүлж, эмчлүүлэх вэ? Эмчлүүлж, үйлчлүүлж байгаа улсдаа элгэмсэг ханддаг, эмнэлэг шиг эмнэлэг. Энэ эмнэлгээр олон жил үйлчлүүлсэн хүмүүс олон бий. Тэр дундаа ахмадууд олон байгаа тул үүх түүхийг ч багагүй мэдэх улс ч бидэн дунд олон байна. Тиймээс бодитой баримттай л бичье. Асууж сураглаад үзэхээр анх Ардын уламжлалт эмчилгээний кабинетийг 1989 оны 3 дугаар сард МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо, Эрүүл мэндийн сайд, УБ хотын АДХГЗ-ны орлогч дарга нарын хүмүүс үзэж үйл ажиллагаатай нь танилцаж эмчлүүлж буй хүмүүсийн сэтгэгдлийг сонсож цаашид дэмжиж ажиллахыг ЭМЯ, УБ хотын АДХГЗ болон ЭНЭШУНТ-д санал болгосны дагуу 1989 оны 10 сард ЭНЭШУНТ-ийн захирлын тушаалаар Ардын эмчилгээний кабинетыг өргөтгөж “Ардын эмнэлэг нөхөн сэргээх эмчилгээний клиник”-ийг үзлэг, хануур, самнуур, бариа засал, зүү төөнүүр зэрэг эмчилгээтэйгээр байгуулан клиникийн эрхлэгчээр ардын эмчилгээний кабинетийн эмч Ж.Хатанбаатарыг томилж ажиллуулснаар олон арван жил элэгний өвчнөөр зовсон олон түмэнд уламжпалт эмчилгээг орчин үеийн шинжлэх ухааны ололттой хослуулсан хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм байдаг.
Нийслэлийн Засаг даргын дэргэд 30 гаруй жил "Хатанбаатарын эмнэлэг" нэрээр олон түмэнд танигдсан, үйл ажиллагаагаа явуулж байгаа Уламжлалт Анагаах Ухааны Элэг Судлалын Клиник Төв нь улсын хэмжээнд УАУ-ы аргаар иж бүрэн, цогц чанартай эмчилгээ үйлчилгээг, үйл ажиллагаандаа нэвтрүүлж, мэргэшсэн чадварлаг эмч, сувилагч нараар эмчлүүлж, хэдэн зуун мянган өвчтөнүүд болон тэдний гэр бүлийн сэтгэл ханамжинд хүрч үйлчилж байгаа цорын ганц улсын өөрийн гэсэн сувилалтай, эмийн үйлдвэртэй цогц эмнэлгийг устгаж нурааж байгаа нь болох асуудал мөн үү? Хотын дарга байсхийгээд л өөрөө гарч ирээд энэ эмнэлгийг өргөс шиг үзэж, элдэв худал мэдээллийг ярьсаар байгаад эцэст нь энэ эмнэлгийг устгаж байгааг эмнэлгээр үйлчлүүлэгчид бид сонсоод үнэхээр цочирдож, бухимдаж байна !!!. Монголчуудын хамгийн их өвчилж, амь насаа алддаг өвчлөл Элэг! Гэтэл олон хүний итгэж найдаж, амь нас, эрүүл мэндээ даатгадаг элэгний ганц эмнэлгийг маань устгаж үгүй хийж байгаагаараа Х.Нямбаатар ард түмэн бидний эрүүл мэнд, амь насанд заналхийлж байгаагаас ялгаа алга.
Монгол төрийн бодлогоор байгуулагдсан анхны цогц эмчилгээ үйлчилгээ явуулдаг эмнэлэг, сувилал, эмийн үйлдвэрийг устгаж, нурааж, үгүй хийчихээд дахиад энэ хэмжээний эмчилгээ үйлчилгээний туршлага, арга барилтай эмнэлгийг бий болгоход ямар хугацаа хэрэгтэй вэ гэдгийг энэ дарга нар үл тоож байгаа нь харамсалтай.
Гэтэл дэлхий дахинаараа өнөөдөр улс орнуудад уламжлалт эмчилгээ, эмийн бус арга, химийн бус эмчилгээнд ямар их анхаарал тавьж, судалж, хөрөнгө хүч зарцуулж байхад манай улсад 30 жил хөгжөөд бий болгочихсон юмыг устгачихаад ихээхэн гавьяа байгуулсан дүртэй ярьж байгаа хотын дарга нарын үйлдлийг хянадаг шалгадаг газар гэж алга уу. Энэ эмнэлэгт иргэдэд ээлтэй, элдэв төлбөр нэхээд байдаг газар биш. Иргэндээ ээлтэй энэ эмнэлгийнхэн хаанаас ямар ашиг олж завшсан байх уу. Эмнэлгийн талаарх гурван шатны Шүүхийн шийдвэрүүдийн талаар эмнэлгийнхэн төрийн 3 өндөрлөг, Их хурлын гишүүд, Хууль зүйн сайдад удаа дараа байнга л бичсэн нь хэвлэлээр гараад байхад хариу өгч, арга хэмжээ авч анхаарч байгаа дарга нэг ч алга. Тиймээс үйлчлүүлэгчид бид тэсэхгүй та бүхэнд дахин хандаж байна. Ардчилсан Солонгост гэхэд Улсын дээд шүүх нь Ерөнхийлөгчөө огцруулж байхад Монголд хотын дарга нь Улсын дээд шүүхийнхээ шийдвэрийг үгүйсгэсэн шийдвэр гаргачихаад танай байгууллагын бүх зүйл хууль бус, хотын дарга шийдсэн гээд цагдаа дайчлаад эмнэлэг нураагаад байж болох юм уу. Та нар сайтын хэдэн нялх хүүхдүүдийг хойшлуулшгүй ажиллагаа явуулж барьж хорьдог юм байна билээ. Үндсэн хуулиа зөрчиж, Улсын дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй хуулиас давсан эрх мэдлээ ашиглан Улсын дээд шүүхийн шийдвэрийн эсрэг өөрийн хариуцдаг комиссоор тогтоол гаргахаас гадна Хотын иргэдийн хурлынхаа дээр сандайлж, бас Улсын дээд шүүхийн шийдвэрээс давсан тогтоол гаргуулан, иргэдийн эрүүл мэнд амь насны эсрэг зүй бусаар хүчирхийлэл үйлдэж байгаа энэ Х.Нямбаатараа хойшлуулшгүй ажиллагаагаар барьж, энэ үйлдлүүдийг зогсоож таслан сэргийлээч ээ. Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж, эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах арга хэмжээг нэн яаралтай авч өгөхийг Эмчлүүлэгч үйлчлүүлэгч ард иргэд бид ТА БҮХНЭЭС ХҮСЭЖ БАЙНА.
ЭМНЭЛГЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛЛӨӨС
Сэтгэгдэл10
ёюроп орос эмчилгээ хамгийн дээр шүү наад эмлэг чинь хэрэггүй орос очиж меркюлюдес эм авч уугаад нэг жил болсон в рзл болсоон
Монгол хүний бие махбодод зохицсон эмнэлэг үйлчилгээг яагаад зогсоож биднийг хохироож байгаа юм бэ
Дээдсүүдэд ядарсан иргэддээ үйлчилдэг эмнэлэг, сувилалын газар нь хэрэгтэй болж л дээ та нар бүгд огцорвол таарна настан биднийг үх гэж байгаа юмуу. Та нар өвөө эмээ ээж аавгүй юу дэндүү харамсаж байна
Солонгост гэхэд Улсын дээд шүүх нь Ерөнхийлөгчөө огцруулж байхад Монголд хотын дарга нь Улсын дээд шүүхийнхээ шийдвэрийг үгүйсгэсэн шийдвэр гаргачихаад танай байгууллагын бүх зүйл хууль бус, хотын дарга шийдсэн гээд цагдаа дайчлаад эмнэлэг нураагаад байж болох юм уу. нээрээ ёстой үнэн хэлж шүү
Тэнэгтээд байгаарай. Дээд шүүх "Менежментийн гэрээгээ эцэслэ" гэсэн шийдвэр гаргасан болохоос Хатанбаатарт өг гэж шийдвэр гаргааүй юм шүү. Гэрээний үүргээ биелүүлээгүй Хатанбаатартай хот гэрээгээ цуцлах нь зөв шүү дээ
Хатанбаатар хулгайч жирийн иргэдийг турхирахаа боль
LUIWARCHIN HUND L ARDIIN EMCHEE OGCHIJ DEEE,, HATANBAATAR ZALILANBAATAR L BJDEE
Улсын өмчөө буцааж авч байна
10-р хороололд бас нэг том эмнэлэг нь байгаа шд. тэр нь яасын.
Хатанбаатар эмч уламжлалт анагаах ухааныг европ анагаах ухаантай хослуулан хэрэгжүүлж маш олон хүнийг эмчилж сувилсан даа,улсын юм ашиглаад идсэн уусан юм байхгүй даатгалаар 100% л үйлчилдэг эмнэлэг шүү, маш харамсалтай байна ,хүүхдийн эмнэлэг болгоно гээд 4 объектыг нураагаад, зарна гэж байдаг тэнд ажиллаж байсан олон хүнийг ажилгүй болголоо, энэ улсад хууль дүрэм гэж бөйнуу