sonin.mn

БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлэл хийх үеэрээ БНХАУ-ын дарга Ши Жиньпины ОХУ-ын урилгаар ОХУ-д хийх төрийн айлчлал болон Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцох талаар сэтгүүлчдийн асуултад хариулжээ. 


Тодруулбал тэрээр: " БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д төрийн айлчлал хийх үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай шинэ нөхцөл байдалд Хятад, Оросын харилцааг хөгжүүлэх, олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлаар стратегийн зөвшилцөл хийх юм. 


Энэ онд Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн, Оросын Аугаа их эх орны дайн, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ой тохиож байна. Дэлхийн 2-р дайны үед Ази, Европын хоёр гол тулалдааны талбар байсан Хятад, Орос нь асар их золиос гаргаж, дэлхийн фашизмын эсрэг дайнд ялалт байгуулж, улс үндэстнээ аюул мөхлөөс аварч, хүн төрөлхтний ирээдүй, хувь тавилангийн төлөө чухал түүхэн хувь нэмэр оруулсан билээ.


Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч В.Путин нар, түүхээ дурсаж, амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлж, дэлхийн 2-р дайны тухай зөв үзэл танилыг дэлгэрүүлж , дэлхийн 2-р дайны ялалтын үр дүн, дайны дараах олон улсын дэг журмыг хамгаалж, олон улсын шударга ёсыг хамгаална гэсэн нийтлэг ойлголтод хүрсэн юм.


Энэ онд мөн НҮБ байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байна. Хятад, Орос хоёр бол НҮБ-ыг үүсгэн байгуулагч, Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон юм. Хоёр тал НҮБ, ШХАБ, БРИКС зэрэг олон талт тавцан дахь нягт хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлж, дэлхийн Өмнөдийн орнуудын эв нэгдлийг дэмжиж, дэлхийн засаглалыг зөв чиглэлд удирдан чиглүүлэх болно" гэжээ.




Г.Бямба