sonin.mn

Нэг. Монголд нам байгуулагдсан нь

Үндэсний эрх чөлөөнийхөө төлөө монголчуудын олон жилийн тэмцэл 1911 онд ялалтанд хүрч, туурга тусгаар Монгол Улсаа байгуулсан боловч, хөрш хоёр их гүрний тохиролцооны тулгалтаар автономит засаглалтай болж, улмаар Сү Шю Жаны толгойлсон Хятадын цэргийн түрэмгийллийн өмнө хүчин мөхөстөж тусгаар тогтнолоо буцаан алдсан билээ.

Чухам ийм нөхцөлд тусгаар тогтнолыг сэргээх чин эрмэлзэл бүхий монголын тухайн үеийн нийгмийн тэргүүний сэхээтнүүд улс төрийн нам байгуулах ач холбогдлыг ухааран ойлгож идэвхийлэн ажилласан гэдэг. Тэдгээр нөхдүүд 1918 оны сүүл 1919 оны эхэн үед нууц бүлгэмүүд байгуулан 1920 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нэгдэж, “Монгол Ардын Нам” (МАН) хэмээх нэгдмэл, улс төрийн байгууллагыг байгуулж, 1921 оны 3 дугаар сарын 1-ээс 3-ны өдрүүдэд анхдугаар хурлаа хийсэн байдаг.

Баримт түшин тэмдэглэхэд 1921 оны 3 дугаар сарын хурлын эхний өдөр нь 17, хоёр дахь өдөр 19, гурав дахь өдөр 26 хүн хуралд оролцож, “одоо цагийн байдал, ардын цэргийн хэргийг захирах газар байгуулах болон намын суртал ухуулгын ажил, эрмэлзэх зүйл, намын төв хороо байгуулах” асуудлуудыг хэлэлцсэн байна. Ийнхүү монгол оронд анхны улс төрийн нам байгуулагджээ.

Хоёр. МАН нэр МАХН болсон нь

Монголд нам байгуулах, хувьсгал өрнүүлэх ажлыг анхнаас нь дэмжиж байсан Оросуудын хувьд Монголд коммунизм байгуулах, монголыг геополитикийн үүднээс бамбай улс болгон хадгалах бодлогыг баримтлаж ирсэн ба нөгөө талаас тусгаар тогтнолоо бүрэн баталгаажуулахад улаан оросын дэмжлэг монголчуудад ихэд хэрэгтэй байлаа.

Тиймээс МАН-д коммунист гэсэн нэрлэл өгөхийг Коминтерн ихэд хичээж, намын удирдлагуудыг тал бүрээр шахаж байсан тухай баримтууд цөөнгүй бий. ХКН-ын адилаар МКН гэж нэрлүүлэх тулгалтын өмнөөс монголчууд коммунист гэх үгийг “хувьсгалт” гэж орчуулан хэрэглэх саналтай байв.

Тухайлбал, МАН-ыг үүсгэн байгуулагчдын нэг Д.Сүхбаатар “Ардын хувьсгалт нам” (1920 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр), “Монгол ардын нам” (1921 оны 2 дугаар сар), “Монгол ардын хувьсгалт нам” (1921 оны 3 дугаар сарын 3-ны өдөр) гэж гурван янзаар хэлж байжээ.

Д.Сүхбаатарын амьд сэрүүн үед “Хувьсгалт” хэмээх нэрийг намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурлын холбогдох тогтоол, баримт бичгүүдэд хэрэглэх эсэх талаар нэлээд маргасан мэдээнүүд байдаг. Баримт түшин дурдвал, 1922 оны 2 дугаар сарын 18, 3 дугаар сарын нэгэн, 3 дугаар сарын 18 болон 1925 оны 3 дугаар сарын 7-ны өдрүүдийн намын Төв хороо, Тэргүүлэгчдийн хурлын тогтоолуудын үг, үсгээс харагддаг.

1925 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн намын Төв Хорооны Бүгд хурлын тогтоолд “…тус хорооны нэр ба тамгын үсэгт хувьсгалт гэсэн үг нэмж үйлдэж хийхээр зарлан дагаж явуулахаар тогтлоо” гэсэн байх бөгөөд мөн оны 9 дүгээр сард хуралдсан намын IV Их хурлаар намын мөрийн хөтөлбөр болон дүрэмд өөрчлөлт оруулж, ийн МАН нэрийг МАХН болгон өөрчилжээ.

Гурав. МАН нэрээ МАХН сэргээсэн нь

Нийгмийн шилжилт явагдаж олон намын тогтолцоо үүсч улс төрийн шинэ орчин бий болсонтой зэрэгцэн МАХН-ын нэрийг солих эсэх асуудал байнга хөндөгдөж байжээ. 1990 оноос хойшхи хэд хэдэн их, бага хурлаараа намын нэрийн асуудлаа хөндөж, зарим үед өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлж, өмнөх нэрээ сэргээх эсвэл өөрөөр нэрлэх нэрийн хувилбар гаргасан баримтууд ч байна.

Тухайлбал, ХХ (1991), ХХI (1992) их хурлуудад “Монгол Ардын Нам гэдэг бол өөр ямар ч улс төрийн хүчин зээлдэн хэрэглэх учиргүй, манай намын уугуул нэр юм. Манай нам Монгол Ардын Нам ч мөн, МАХН ч мөн” гэж, ХХII (1997) их хурлын улс төрийн илтгэлд намын нэрийн талаар бүтэн бүлэг орж, XXIII (2001) их хурлаар дахин хөндөж, XXIV (2005) их хурал уугуул нэрээ сэргээхийг хүчтэй оролдож, XXV (2007) их хуралд нэрийн асуудлыг дахин хөндөж, XXVI (2010) их хуралд нэг мөр шийджээ. Эдгээр их хурлуудын хоорондох Бага хурлуудад намын нэрийн асуудал тогтмол яригдсаар байсан ба хэд хэдэн удаа тухайлсан хэлэлцүүлэг хийсэн байна.

Энд сүүлийн гурван их хурлын илтгэлийг онцлон дурдахад, XXIV Их хуралд намын дарга Н.Энхбаяр “Шинэчлэл, хөгжлийн төлөө намын бодлого зорилт” улс төрийн илтгэлдээ “…Монгол Ардын Нам гэдэг нэрийг сэргээн авснаар бид юуны өмнө үүсгэн байгуулагчдын хүсэл зоригийг гүйцэлдүүлж, ...намынхаа өөрчлөлт шинэчлэлийн үр дүнг бататгаж байгаа хэрэг

…МАН гэдэг нэр нь намаа улам бүр нээлттэй, бүх ард түмний нам болгох гэсэн одоогийн зорилттой нийцэж байгаа юм. Энэ бүхнийг тунгаан бодож намынхаа уугуул нэрийг сэргээцгээе…” гэсэн бол XXV Их хуралд намын дарга М.Энхболд “Ээлжилт нэгэн удаагийн өргөн хэлэлцүүлгийг МАХН-ын нэрийг өөрчлөх, эсэх асуудлаар нийт намын хэмжээнд зохион байгуулахыг МАХН-ын даргын хувьд санал болгож байна.

МАХН бол ахмад, дунд, залуу-гурван үеийнхний төлөөллөөс бүрдсэн улс төрийн хүчин. 18-35 хүртэлх насныхан манай гишүүдийн 37 хувийг, 36-45 насныхан 28.4 хувийг тус тус эзэлж байгаа бөгөөд тэдний олонхи нь ингэж хүсч байгаа юм. Манай намын ахмад гишүүдээс ч цөөнгүй хэсэг нь Монгол Ардын Нам хэмээх уугуул нэрээ эргүүлж авахыг хүсдэг.

Тийм ч энэ асуудлыг намын гишүүд өөрсдөө ярилцан хэлэлцэж, цаашид хэрхэхийг шийдвэрлэвэл зохино” гэж байр сууриа илэрхийлжээ. Харин 2010 оны хуралдсан XXVI Их хуралд намын дарга С.Батболд “Шинэчлэл, манлайлал, хөгжил” улс төрийн илтгэлдээ “

…Түүхэн уламжлал, гишүүд дэмжигчид болон олон нийтийн санал бодол, одоо ба ирээдүй цагийн дотоод, гадаад байдал төлөвийг харгалзаж намынхаа уугуул нэр болох МАН хэмээх нэрийг сэргээх саналыг энэ Их хуралд оруулж байна…” гэж санал оруулсныг их хурлын төлөөлөгчид ёсоор болгож, МАН уугуул нэрээ сэргээжээ.

Дөрөв. Төгсгөлын оронд буюу одоогийн МАХН гээчийн тухайд

Ийнхүү түүхэн ширүүн сорилтын дор хүчээр орж ирсэн “хувьсгалт” хэмээх үгний учиг тайлагдлаа гэтэл үлгэр амар сайхандаа жаргасангүй. Тавхан жилийн өмнө “…уугуул нэрээ сэргээцгээе” гэж улс төрийн илтгэл тавьж байсан намын дарга асны ил, далд удирдлагатай цэргүүд “МАХН-ын түр штаб” гэгчийг байгуулж, улс төрийн өрсөлдөгчдийнхөө дэмжлэгтэйгээр МАХН нэртэй намыг ээлжит сонгуулийн өмнөх жил байгуулав.

Том өрсөлдөгч нь ингэж дотроо хагарч, шинэ хуучнаар талцаж, цаашлаад нэг угшилтай хоёр нам болж хуваагдах нь АН болон бусад улс төрийн өрсөлдөгчдөд мэдээжийн хэрэг таатай сайхан боломж болж таарна. Тиймээс хүссэн нэрийг нь өгч, тоглоомдоо ашиглаж байгаа.

Цаашид ч салан тусгаарлагчдыг ашигласаар л байх болно. МАХН-ын бүрэлдэхүүний хувьд хуучин намдаа дотоод зөрчлөөсөө болж багтаж, таарахаа больсон цөөнхөөс гадна цаад, нарийн учир, учгийг мэдэхгүй дагалдсан дийлэнх байдаг нь ажиглагддаг.

Одоо байгаа МАХН нь өмнөх МАХН эсвэл МАН-ын үргэлжлэл мөн үү?! МАН-аас гараад явчихсан МАХН ба МАН хоёр нэгдэх үү?! гэсэн асуулт аль аль намынх нь жирийн гишүүд, уншигчдын дунд байсаар байгаа.

Энд судлаачийн хувиар хариулая. Нэг, одоо байгаа МАХН бол өмнөх МАХН биш. Харин хуучин МАХН буюу одоогийн МАН-ын гишүүн байсан хүмүүс шинэ нам байгуулсан юм. Үүнийг нь цагаан дээр хараах бичсэн хууль ч баталдаг. Мэдээллээс хол хөндий, 85 жил МАХН нэртэй байхад нь гишүүнээр элссэн, энэ нэрэнд дасчихсан хүмүүсийн толгойг эргүүлж буй л явдал.

Түүнээс дээд шүүхийн бүртгэлд байгаа намуудын 18-т бүртгэлтэй, анх 2011 оны 1 дүгээр сарын 28-нд байгуулагдаж (1920.06.20 эсвэл 1921.03.01-нд биш шүү!) мөн оныхоо 6 дугаар сард бүртгэгдсэн 35000 гишүүнтэй нам.

Өөрөөр хэлбэл МАН (МАХН)-д байсан хүмүүс Ардчилсан нам, Социал демократ нам, Монголын ардчилсан сэргэн мандлын нам, Монголын үндэсний ардчилсан нам, Хамуг монголын хөдөлмөрий нам зэргийг байгуулалцаж, одоо зарим нь удирдалцаж байгаатай огтын ялгаагүй. Асуудал нь МАХН гэх нэр, үнэт зүйлийг авчихсанд л байгаа хэрэг.

Хоёр, Нэг угшилтай хоёр нам нэгдээсэй гэсэн хүсэлт МАН ба МАХН-ын жирийн гишүүдийн дунд байнга яригдсаар байгаа. Энэ бол том хүсэлт. Харамсалтай нь нэгдэнэ гэдэг бараг худлаа. Улс төрийн талаасаа ч хууль зүйн талаасаа ч боломж муутай болсон асуудал. Хэрэв жагсаалтаар УИХ болон ИТХ-д орсон хүмүүс нь амбицаа татаад, удирдлагууд нь ойлголцоод нэгдлээ гэхэд дахиад л цөөнх гарч ирээд МАХН гэдэг нам байгуулчихна.

Ийм фактыг нэгэнт үүсгэчихлээ. Харин Н.Энхбаяр Ерөнхийлөгч, МАН (MAXH) парламентийн олонхи байхдаа улс төрийн намуудын тухай хуульд оруулахыг оролдсон “нэрээ сольсон намын нэрийг 24 жил ашиглахгүй байх” заалтыг хэвээр үлдээсэн бол ийм орон зай гарахгүй байв.

Тиймээс одоогийн МАН ба МАХН-ын удирдлага, гишүүд асуудлаа бүх түвшиндээ ойлголцоод нөхцөл байдлыг зөвөөр үнэлж чадвал хамтын ажиллагаагаа улс төрийн эвслийн хүрээнд хийж ажиллах боломж бий.

Судлаач Н.Батсүмбэрэл