sonin.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан, дулааны хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэх, дулаалгын төсөлд хамтрах, төрийн албан дахь жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.


НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсад 1976 оноос үйл ажиллагаагаа явуулж, тогтвортой хөгжил, ногоон шилжилт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ, иргэдийн амьжиргааг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн туршлагатай. Энэ жил хамтын ажиллагааны 50 жилийн ой тохиож байгаа юм.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хот ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүч, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах төсөл, хөтөлбөрүүдийг эрэмбэлэн ажиллаж байна.


Тухайлбал, нийслэлийн Засаг даргын Тамгын газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Гэр хорооллын сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа.


Ингэснээр гэр хорооллын 800 орчим өрхийг сэргээгдэх эрчим хүчинд холбож, 2.5 МВт хүчин чадалтай нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын систем нэвтрүүлнэ” гэлээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска сэргээгдэх эрчим хүч, ногоон хөгжил, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах төсөл, хөтөлбөрүүдийг өргөжүүлэн хамтран ажиллахдаа таатай байгаагаа илэрхийллээ.