sonin.mn
“Зууны мэдээ” сонин Dага насны хүүхдээ харангаа хөдөлмөр эрхэлж, орлого олж, нийгэмд чиглэсэн сайн үйлс хийж буй ээжүүдийг алдаршуулах, тэдний дуу хоолойг хүргэх зорилгоор “Ээжүүд зүгээр суудаггүй” буланг эхлүүлсэн билээ. Бид энэ хугацаанд бялуу урладаг ээжээс эхлүүлээд олон ээжтэй уулзаж, тэдний бүтээлүүдийг танилцуулж, ээж байхын утга учир, хүүхдээ харангаа гар урлал хийснээр амьдралд нь ямар өөрчлөлт гарсан тухай сурвалжилсан. Манай сүүлийн дугаарт нэхмэл туулай урлаж, нэрийн бүтээгдэхүүн гаргадаг Ц.Ану оролцсон юм. Тэгвэл энэ удаад бага насны хоёр хүүхдээ харангаа бэлэг дурсгал, тэр дундаа лаа хийдэг ээж Э.Баттуяаг онцолж байна.
 
Ээж болсноор эко бүтээгдэхүүн хэрэглэхийг чухалчилсан
 
Эмэгтэй хүний туулах ёстой амьдрал ээж болсноор л эхэлдэг гэлтэй. Өөрийн биенээс амь ургуулж, энэ орчлонд хүн авчирна гэдэг дээдийн заяа. Тиймээс ч бурхан эмэгтэй хүнийг энгэрээс нь сүү урсдаг, энгүй шидтэй урласан биз ээ. Ээж хүнд шантрах, ядрах эрх байдаггүй гэлтэй.
 
Өглөөнөөс орой хүртэл өөдөсхөн үрээ асарч, ар гэрийн бүхий л ажлыг амжуулдаг мөртлөө хэн нэгэнд ялархаж, хөлс мөнгө нэхдэг бил үү. Ядарсан бие, гунихарсан сэтгэл нь өхөөрдөм үрийнх нь ганцхан инээдэнд л замхаран алга болж, эрч хүчээр сэлбэгддэг гэлтэй. Тиймээс ч эмэгтэй хүн сэтгэлийн асар их хүчтэй байдаг.
 
Манай “Ээжүүд зүгээр суудаггүй” буланд оролцсон ээжүүд ч тэр мянга мянган хүчтэй эмэгтэйчүүдийн төлөөлөл байдаг юм. Энэ удаагийн нийтлэлийн гол дүр Э.Баттуяа ч ялгаагүй тэдгээр ээжийн нэг нь. Бага насны хоёр хүүхдээ харангаа гэрээрээ бэлэг дурсгалын зүйлс, тэр дундаа анхилам үнэртэй лаа урладаг хөдөлмөрч ээж. Түүнтэй уулзахаар гэрт нь очиход цонхны тавцангаас эхлээд гол тогооны тавиур дээр нь хүртэл өнгийн цэцэгс алаглаж харагдсан юм. Гэхдээ энэ бол хөрсөнд ургасан бус лаагаар бүтсэн бүтээл байв. Улаан сарнай, цээнийн цэцгээс эхлээд төрөл бүрийн үзэмжтэй юм. Э.Баттуяагийн хувьд бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн бөгөөд нэгэн компанид ерөнхий менежерээр ажилладаг ажээ.
 
Харин хоёр ойрхон төрж, амралттай байх үедээ өөрийн сонирхлоороо ийнхүү лаа хийж эхэлсэн байна. Энэ тухайгаа “Би яагаад ч юм багаасаа лаанд их дуртай хүүхэд байсан. Дэлгүүр орохоороо л жижигхэн лаа авах жишээтэй. Харин хүүхэдтэй болсноор яавал эрүүл, эко зүйл хэрэглэх вэ гэж их бодож, судлах болсон.
 
Биднийг жаахан байхад хүн өдөрт тал лууван идэхэд л авах ёстой амин дэмээ нөхчихдөг байж. Гэтэл одоо зөвхөн монгол гэлтгүй бүхий л улс оронд хүнсний аюулгүй байдал алдагдаж, гурван лууван идэж байж өнөөх амин дэмээ нөхдөг болсон байх жишээтэй. Энэ мэт их олон зүйл судалж байсны дотор лаа байсан юм. Гэтэл бидний хэрэглэдэг, импортоор орж ирдэг зарим лаанууд газрын тосноос гаргаж авдаг, органик биш байсан. Ийм лааг удаан ашиглавал амьсгалын замын өвчлөлтэй болох эрсдэлтэй. Тиймээс өөрөө эрүүл, эко лаа хийж үзэхээр шийдсэн юм” гэв.      
 
100 гаруй хэвээр лаагаа үйлдвэрлэдэг
 
Э.Баттуяагийн хувьд анх хобби нь энэ хүртэл өргөжиж, байнгын захиалагчидтай болно гэж төсөөлөөгүй гэсэн. Учир нь зөвхөн өөрийн сонирхлоороо, гэр бүлийн хэрэгцээндээ зориулж хийдэг байв. Ингээд зарим үед хайртай дотны хүмүүсийнхээ төрсөн өдөр ч юмуу, баяр ёслолын үеэр бэлэглэдэг болжээ. Тэдгээр хүмүүс цааш нь түгээж, сурталчилсаар бүтээгдэхүүнийг нь сонирхох хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсэн байна. Өдгөө түүний “Craft Corner” пэйж хуудас олон мянган дагагчтай болжээ. Зарим хүн лаа хийхийг амархан гэж боддог ч их нарийн ажиллагаа шаарддаг гэж Э.Баттуяа онцолж байсан юм.
 
Лааны өнгө, үнэрийг бий болгохын тулд тодорхой темпратурт байлгахаас эхлээд  судалгаа шаарддаг ажээ. Энэ хоёр жилийн хугацаанд хийх бүртээ туршлагжсаар өдгөө дахин давтагдашгүй 100 гаруй хэвээр лаагаа үйлдвэрлэдэг болсон байна. Хэвэнд болон шилэнд хийдэг лааны ваксууд нь харилцан адилгүй байдаг ажээ.
 
Э.Баттуяагийн хувьд хэвний лаагаа зөгийн лааваар хийдэг аж. Харин шилний лаагаа шар буурцагны тосоор хийдэг юм байна. Эдгээр нь ямар нэгэн химийн бодис агуулаагүй учир хүний биед гаж, муу нөлөө үзүүлдэггүй гэнэ. Зарим хүн лааг бэлгэдлийг нь бодоод авах нь бий. Энэ тухай Э.Баттуяа “Лаанд олон төрлийн бэлгэдэл байдаг гэж сонссон. Жишээлбэл цагаан өнгө нь хүч чадал, ногоон өнгийн лаа нь ашиг орлогыг дууддаг бол хар лаа нь хэл амнаас сэргийлдэг гэх юм билээ. Гэхдээ үүнд би авах гээхийн ухаанаар л ханддаг. Энэ чинь хувь хүний л шүтлэгийн асуудал шүү дээ” гэсэн юм.  Лаа бүхэн хэмжээнээсээ шалтгаалаад харилцан адилгүй хугацаанд бүтдэг ажээ. Жишээлбэл хэвний лааг зутгасны дараа 3-4 цагийн дараа бүрэн хатдаг гэнэ. Лааг асч, гэрлээ барихад гол нь чухал үүрэгтэй ажээ. Зарим лаанд голыг нь бүдүүн юм уу, нарийн хийчихвэл их амархан асаад унтарчихдаг гэсэн. Харин голных нь хэмжээ яг таарсан лаа гэрлээ удаан хугацаанд барих жишээтэй. Э.Баттуяагийн захиалгын оргил үе нь шинэ жил болон эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын үе байдаг аж. Энэ саруудад хэн нэгэн хайртай дотны эмэгтэйгээ баярлуулах, албан байгууллагууд гарын бэлэг тараахдаа лаа сонгох нь элбэг гэсэн.
 
Анх том хүүтэйгээ туршилт хийж үзсэн
 
Э.Баттуяагийн хувьд лаан урлалаа голлохоос гадна хажуугаар нь давсан цэцэг, ванны давс, саван, бөмбөлөг, цэцэгний сагс хүртэл хийдэг хөдөлмөрч, хичээнгүй ээж юм. Харин одоогоор урлалын цементэд дурлаж, бүтээл хийх болсон тухайгаа хуучилсан юм.
 
Тэрбээр энэ тухайгаа “Би ойрд урлалын цементээр лааны суурь, таваг зэргийг урлахаар хичээж байна. Энэ төрөл ч надад их таалагдаж байгаа. Мөн өөрийнхөө зурах авьяасыг хөгжүүлээд, урласан тавган дээрээ хүссэн зургаа   зурах нь сэтгэлийн таашаал бэлэглэдэг” гэсэн юм.
 
Үнэхээр түүний хийсэн сууриуд яг л үйлдвэрийн юм шиг цэвэрхэн, өнгө үзэмжийн хувьд чамин харагдаж байсан юм. Э.Баттуяатай ярилцаж суухдаа яаж энэ их ажлыг амжуулдаг юм бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байсан юм. Учир нь тэрбээр хоёр болон дөрвөн настай хоёр хүүхдийн ээж. Балчир үрсээ харангаа өөрийнхөө сонирхлыг хөгжүүлж, бүтээл хийнэ гэдэг амаргүй даваа. Гэвч багаасаа л аливаад хичээнгүй, тууштай байж сурсан зан нь түүнийг асуудлыг бэрхшээл гэж боддогүй, эхлүүлсэн зүйлийнхээ ард нь гардаг зөв хүмүүжилд сургасан ажээ. Э.Баттуяа “Миний хувьд ямар бүтээл хийх тухайгаа хүүхдүүдээ унтсан хойно буюу оройн цагаар боддог байлаа. Анх цагаа зөв зохицуулж чаддагүй байсан. Ихэвчлэн шөнө төвлөрч, суусаар ядаргаанд орсон тохиолдол ч бий.
 
Харин одоо ажлынхаа ачааллыг зохицуулж сурсан” гэв. Түүний хувьд анхныхаа бүтээлийг том хүүтэйгээ хамт хийж, туршиж үзжээ. Энэ тухайгаа “Хүүхэд их сониуч шүү дээ. Миний хувьд энэ занг нь дэмжиж, хийж үзэхийг хүсээд байгаа зүйлийг нь хамтарч хийх дуртай.
 
Энэ утгаараа анх том хүүтэйгээ туршилт хийж байлаа. Хүү минь нэг удаа хийгээд үзчихсэн болохоор одоо намайг бүтээлээ хийж байхад саад болдоггүй” гэж байв. Түүнийг бүтээлээ хийхэд хамгийн сайн дэмждэг хүн нь хоёр ээж болон хань нь ажээ. Э.Баттуяаг захиалга ихтэй үед ээж нар нь хүүхдийг нь харж өгдөг гэсэн юм. Түүний хувьд гэртээ байх хугацаандаа гар урлал хийж эхэлснээр хоббигоо хөгжүүлэхээс гадна өөрийн болон хүүхдүүдийнхээ хэрэглээг хангах хэмжээний орлого олдог болсон тухайгаа онцолж байсан юм.
 
 
 
 
 
 
Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин