sonin.mn
Олон түмэндээ хандан миний зүгээс “Оюун-Эрдэнийг хамгаалцгаая!” гэдэг уриаг дэвшүүлж байна. Уг санаа нь Монгол Улсынхаа Засгийн Газрыг хамгаалъя гэсэн үг л дээ. Сүүлийн жилүүдэд “Бямбасүрэнгийн Засгийн газар”, “Энхсайханы Засгийн газар” гэх мэт нэгэн бие хүнд хамаатуулан нэрлэдэг заншил дэлгэрээд байна. Энэ ёсоор одоо хүчин төгөлдөр ажиллаж байгаа Засгийн газар бол “Оюун-Эрдэнийн Засгийн газар” юм.
 
Засгийн Газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ зоримог шийдэмгий ажиллаж байна гэж олон түмэн сайшааж байна. Сайшаах хэдий ч зарим нь эргэлзэж байна. Нүүрс, авилгал, Боловсролын зээлийн сан гэх мэт эмзэг асуудлуудыг сөхөн гаргаж олны анхааралд хүргэж чадлаа. Нүүрсний хулгай байна, Авилгал бодитой оршиж байна гэдэг яриа олон жил, олон засгийн газар дамжуулан ярьж байсан ч ажил хэрэг болгон хутгалдаж орсон нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ боллоо. Ингэж ханцуй шамлан орохынхоо өмнө “Авилгалтай тэмцэнэ гэдэг бол хамтран ажиллагчидтайгаа, найз нөхөдтэйгээ тэмцэнэ гэсэн үг” гэж хэлж байлаа. Би энд үгчлэн бичээгүй, утгачлан авсан болохоор буруу иш татчихаж гэж асуудлыг өөр тийш холбиргох хэрэггүй болно. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хийж эхлээд байгаа ажлыг буруугаар мушгин тайлбарлах нөлөө бүхий улс төрч, нэр нүүр нь тодорхойгүй сэтгэгдэл бичигчид байсаар байгаа билээ. Эдний эхлүүлсэн ажил одоо зогсох аргагүй болсон. Олон нийтийн анхааралд орчихсон, эргэж гарахгүй гэсэн үг. Тийм учраас үр дүн нэхээд байгаа юм. Удаан хугацаанд, тодорхой систем дэс дараалалтайгаар үүссэн идээ буглааг ганц удаагийн мэс заслын хутгаар эдгээж чадахгүй нь мэдээж. Түрүүчээсээ ч харагдаж эхэллээ. Гэтэл зарим хэт эх орончид нүүрсний хэрэг замхарлаа, авилгал гэж ярихаа болилоо гэх мэтээр ярьж бичиж байгаа харагдана. Эдгээр нь огт унтраагүй бөгөөд аажим аажмаар урагшлан явж байгаа гэж санаж байна.
 
Яг ийм нөхцөлд “Оюун-Эрдэнийг хамгаалцгаая”. Түүний эсрэг, түүний тэргүүлсэн Засгийн Газрын эсрэг тодорхой бүлэглэл, хувь хүмүүс янз бүрийн эсэргүүцэл, дарамт шахалт үзүүлж байгаад хориг саад учруулж, буруутныг шалгаж гэсгээн цээрлүүлэхэд олон түмний хараа хяналт нүд цавчилгүй байж, уг ажлыг удирдан чиглүүлж байгаа хүнээ хамгаалах ёстой юм. Засгийн Газрын олонх гишүүд засгийн газрынхаа шийдвэрийг дэмжиж байгаа хэдий ч  бохир үйл ажиллагаанд хутгалдчихсан, тэрхүү намаг шавраасаа гарч чадахгүй болчихсон учраас далдуур сэмхэн шиг Засгийн газрынхаа шийдвэрийн эсрэг ажиллаж байгаа хүн байгаа гэдгийг ч олон түмэн нэрлэж зүслээд хэлцгээж байгаа билээ. 
 
Мөнгөний эх уурхай болсон нүүрс, авилгал, зээлийн санд хуруу гар төдийгүй бие сэтгэлээрээ хутгалдчихсан улс төрчид олон байгаа нь Засгийн газрын шийдвэртэй ажлыг удаашруулах, саармагжуулахад нөлөөлөөд байна. Энэ нь олон түмний хүртэж байх ёстой цалин, тэтгэвэр тэтгэмжийг далдуур шимээд байгаа юм. Боловсролын зээлийн сангийн асуудал хурцдаж ирэхийн түрүүчээр зарим нь төлж барагдуулснаа мундаг шилдгийн жишээ болгон сайрхаж байна. Ийнхүү сайрхагчдын тэргүүн эгнээнд боловсролын асуудал эрхэлсэн сайд Л.Энх-Амгалан байгаа нь юутай сайхан, юутай талархууштай  хэрэг билээ. Эдгээр асуудлыг сөхөн гаргах, явцыг мэдээлэх ажилд Б.Отгон, Заригийн Өнөрцэцэг, Л.Мөнхбаясгалан нарын зэрэг эмэгтэй сэтгүүлчид эр зоригтой ажиллаж байгааг жинхэнээсээ талархан тэмдэглэе. Зээлээ төлчихсөн сайдад талархаж байгаагаас арай өөр чин сэтгэлийн талархал гэдэг нь ойлгогдох байх аа.
 
Манай олон түмэн буруу зүйлд хуйларчихдаг нэгэн гэм бий.
 
Саяхан гэм буруутай нэг нөхрийг гадаадаас баривчлан авчирсан билээ. Авчрахын өмнө түүнийг барьж чадахгүй гээд л мэдэмхийрцгээсэн. Авчирсных нь дараа түүнийг өрөвдөн хамгаалах дүрд олон түмэн маань хувирчихсан.Тэгснээ одоо тэр тэр нарыг барь гэж зааварлах болов. Энэ ажил явж байгаа, нэг амьсгаагаар хийгдэхгүй гэдэг нь тодорхой. Иймэрхүү туйлшрал буюу тогтворгүй үзэл бодол нь “Далан зургаан хулгайчаа дахиад л сонгочихно” гэдэг дадал болсон ойлголттойгоо үлдэхэд нөлөөлөөд байгаа юм. Эл дол болсон асуудалтай ингэж шийдэмгий тэмцсэн Засгийн Газар урьд өмнө гарч байсангүй. Амаараа хэлж байснаас бус ажил хэрэг болгон илчилж тэмцэж байсангүй. Үүнийх нь төлөө Л.Оюун-Эрдэнэ, түүний хамтран зүтгэгчдийг дэмжинэ.
 
Яг ингэж ярихлаар тухайн хүнд холбогдох нэгэн гэм дутагдлыг сөхөж яриад гол тавьж байгаа асуудлыг бүдгэрүүлэх гээд бас нэгэн гэм бий. Боловсролын зээлийн сангийн асуудал яригдахад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нар холбоотой байна гээд л бичиж байна. Энэ мэтээр Л.Оюун-Эрдэнийг ямар нэгэн гэм бурууд холбогдуулах гэсэн оролдлого ч гарна. Түүнийг энэ удаадаа мартаад урагшлан тэмцэхэд нь дэмжлэг хэрэгтэй байгааг олон түмэн минь тунгаан эргэцүүлнэ буй заа. Хол замд гарч байгаа хүн замын чулуу бүхэнд саатан зогсох учиргүй гэдэг дээ. Мөн бас, асуудал гарах бүхэнд “Оюун-Эрдэнэ огцор”, “Засгийн газар кабинетаараа огцор” гэх зэргээр хашгирах нь сонсогдож байдаг. Одоо бол Оюун-Эрдэнийг огцруулах цаг биш. Засгийн газрыг ч огцруулах хэрэггүй. Харин Засгийн газрын бүрэлдэхүүнд зарим нэгэн өөрчлөлт гарч мэдэх л юм. “Оюун-Эрдэнийг хамгаалцгаая” гэсэн үг бол Засгийн газраа дэмжицгээе гэсэн үг юм шүү.
Олон түмэн минь, тэрхүү нүүрс, авилгал, зээлийн сан гэх мэтийн ноцтой асуудлыг амнаас ам дамжуулан үнэн худлаар цуурхаж яриад байгаагаа тэмцэл гэж битгий ойлгоорой. Жинхэнэ тэмцлийг өрнүүлж байгаа Засгийн газраа дэмжээрэй, Оюун-Эрдэнээ хамгаалцгаая гэж хүсч байна.
 
 
 
Я.Баатар