АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өнгөрсөн сард Төв Азийн зарим улсад зочлон, Ташкентад сэтгүүлчидтэй уулзахдаа “Оросын Украин руу түрэмгийлсэн явдал угаас Москвагаас болгоомжилдог Төв Азийн бүс нутагт гүн айдас төрүүллээ. Украин болон бусад улсад үзүүлж буй АНУ-ын дэмжлэг бусдын золиос болохоос нь урьдчилан сэргийлэхэд тусалж чадна. Тийм ч учраас бид Украин төдийгүй Төв Азийн улс орнууд болон дэлхий дахины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг хамгаалах үйлсдээ тууштай хэвээр байх болно” хэмээн өгүүлсэн. Энэхүү өгүүлэмж нэг талаар бидэнд АНУ-ын өнөөгийн засаг захиргааны хэсэгтээ тодорхойгүй байсан Төв Азийн бүс нутгийн талаар баримталж буй бодлогыг таньж мэдэх боломж олгож байгаа ч бүс нутгийн улсуудтай эдийн засаг, эрчим хүчний харилцаагаа хөгжүүлэхээр зорьж буй Вашингтоны бодлого, Афганистаны талаар баримтлах стратеги зэрэг зарим асуудал тодорхойгүй, эргэлзээтэй хэвээр байна.
Төв Азийн талаарх АНУ-ын уламжлалт “гурван векторт стратеги”
Төв Азийн орнууд хоёр том хөршөөсөө гадна тэднээс дутахгүй хүчирхэг, их гүрэнтэй түншлэхийг чухалчилсаар ирсэн. Орос Украин руу довтолсон нь хөрш зэргэлдээх Төв Азийн орнуудыг Оросоос болгоомжлоход хүргээд буй. Нөгөө талаар Украины дайны үеэр бүс нутаг дахь Москвагийн цэргийн оролцоо эрс буурч, Оросын аюулгүй байдлын баталгаа, тусламжид найддаг “стан”-уудын санааг зовоож эхэлсэн болов уу.
ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлж буй өрнөдийн хориг нь Оросоор дамжин өнгөрөх тээвэр, худалдаандаа онцгой анхаарал хандуулдаг Төв Азийн улсуудын экспорт, Оросоос жил бүр олон тэрбум долларыг эх орондоо илгээдэг Төв Азийн сая сая цагаач ажилчдын амжиргаанд сөргөөг нөлөөлж байна.
Бас нэг ажиглагдаж байгаа сонирхолтой дүр зураг бол их гүрнүүд бусад тэргүүлэх чиглэлд анхаарлаа төвлөрүүлснээр бүс нутгийн дунд гүрнүүд, ялангуяа Турк, Иран, Энэтхэгийн Төв Ази дахь үүрэг, нөлөө нэмэгдэж байна. Турк өөрийн бүс нутгийн “С4+1” Түрэг улсуудын байгууллагыг (Тажикистаныг эс тооцвол) байгуулсан. Турк, Иран хоёулаа байлдааны нисгэгчгүй онгоцыг бүс нутгийн улсуудад нийлүүлэхээ амлаад буй. Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди өнгөрсөн оны сүүлээр мөн виртуал C5+1 уулзалтыг зохион байгуулсан. Ийнхүү тэдний ашиг сонирхол нэмэгдэж байгаа нь Төв Азийн орнуудад гадагш харилцах шинэ хувилбаруудыг санал болгож байна.
Америкийн тухайд сүүлийн хориод жилийн турш бүс нутагт чиглэсэн ашиг сонирхол нь Афганистанд явуулж буй бодлого, үйл ажиллагаанд илүүтэй түшиглэж байв. Афганистанаас цэргээ татсаныхаа дараа, их гүрний өрсөлдөөний эрин үед Төв Азийн улсуудыг өөр хоорондоо болон гадаад ертөнцтэй харилцах харилцаагаа тэнцвэртэй байлгахыг дэмжихэд чиглэсэн илүү даруу бодлого баримтална хэмээн албаныхан болон шинжээчид нь онцолж байсан. Эдгээр улсууд Орос, Хятадтай хөршүүд бөгөөд аль нэг талыг сонгох боломжгүй гэдгийг тэд сайн мэдэж байгаа болохоор тэр юм. ЗХУ задран унасны дараа түүний нөлөөний бүсэд байсан орон зайд ямар стратеги боловсруулж, бүс нутгийн улсуудтай хэрхэн харилцах талаар гадаад бодлогын шинэ чиглэл, векторуудыг АНУ-ын үе үеийн засаг захиргаа боловсруулж, тодотгон шинэчилсээр ирсэн. Эдгээрээс Төв Ази руу чиглэсэн тэдний стратегид геополитик, эдийн засаг болон улс төр-үзэл суртал-хүмүүнлэг гэсэн гурван үндсэн вектор зонхилсоор ирсэн бөгөөд ихэнх тохиолдолд хоорондоо нягт холбоотой байдаг.
Гурван үндсэн векторын тухайд:
-Цэрэг зэвсэг, батлан хамгаалах хамтын ажиллагааны салбарт дипломат үйл ажиллагаа, хүчин чармайлтаар илэрдэг геополитикийн вектор;
-Төв Азийн эрчим хүчний маш чухал нөөцийг, ялангуяа байгалийн хий, газрын тос, ураны ордуудтай Казахстаны нөөцийг дээд зэргээр хянахыг эрмэлздэг төр, бизнесийнхний сонирхлоор илэрдэг эдийн засгийн вектор;
-Нэн тэргүүнд Төв Азийн орнуудыг өрнөдийн загвараар “ардчилалжуулах” АНУ-ын урт хугацааны төлөвлөгөөгөөр илрэх улс төр-үзэл суртал, хүмүүнлэгийн вектор хэмээн тодотгож болно.
Эдгээр вектор нь бүс нутаг дахь Орос, Хятадын нөлөөг эсэргүүцсэн шинжийг агуулсаар ирсэн. Тухайлбал, геополитикийн вектор нь Оросын эсрэг чиглэж байна. Геополитикийн нөлөөний тухайд бүс нутагт Орос давамгайлж байгаа бөгөөд энэ нь улс төр-батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт Төв Азийн улсуудтай хөгжүүлж буй хоёр талын хамтын ажиллагаагаар илэрч байна.
“Стан”-уудтай улс төр-батлан хамгаалах салбарт хамтран ажиллаж, хууль сахиулах байгууллагуудад боловсон хүчин бэлтгэхэд Оросын зүгээс ихээхэн туслалцаа үзүүлсээр байна. Төв Азийн орнуудын нутаг дэвсгэрт (ялангуяа Казахстанд) ОХУ-ын цэргийн чухал байгууламжууд байрласаар буй.
Төв Азийн орнуудтай хоёр талын харилцаанаас гадна Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ-Казахстан, Тажикистан, Кыргызстаны гишүүнчлэлтэй), Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) зэрэг форматын хүрээнд идэвхтэй харилцсаар ирсэн билээ. Эдийн засгийн вектор нь түлхүү Хятадын нөлөөг сөрөх зорилготой нь илэрхий. Төв Ази дахь Хятадын оролцоо төрийн шугамаар болон төрөөс асар их дэмжлэг үзүүлдэг хувийн компаниудаар дамжин улам бүр өсөн нэмэгдэж байгааг Вашингтон зүгээр хараад суугаагүй юм. Гурав дахь вектор Орос, Хятад хоёулангынх нь эсрэг чиглэсэн гэлтэй. Кремль ч АНУ-ын засаг захиргаа, ялангуяа төрийн бус байгууллагуудынх нь өргөн цар хүрээтэй хүчин чармайлтыг үл харгалзан энэ бүс нутагт улс төр, үзэл суртал, хүмүүнлэгийн нөлөөгөө хадгалахыг зорьсоор буй.
С5+1 платформ
С5+1 дипломат платформ нь АНУ-ын засаг захиргаанаас Төв Азийн орнуудын (Казахстан, Кыргызстан, Тажикистан, Туркменистан, Узбекистан) засгийн газруудтай хамтран ажиллах, Төв Азид чиглэсэн цогц арга барил, бодлого хэрэгжих талбар юм. Энэхүү форматын хүрээнд нийтлэг асуудлуудаа хамтран шийддэг, тусгаар тогтносон, цэцэглэн хөгжсөн, аюулгүй Төв Ази гэсэн зорилгод хүрэхийн тулд “стан”-ууд хоорондын болон АНУ, “стан”-ууд хоорондын хамтын ажиллагааг бүхий л чиглэлд өргөжүүлэхээр сүүлийн гурван ерөнхийлөгчийн засаг захиргаа зорьж байгаа юм.
Анх 2015 онд байгуулагдсан цагаасаа хойш С5+1 нь сайд нарын түвшний болон шинжээчдийн уулзалт, сэдэвчилсэн тусгай ажлын хэсгүүдээр дамжуулан талууд хоорондын яриа хэлэлцээг бэхжүүлж, хамтын ажиллагааг өргөтгөсөөр иржээ. Түүнчлэн С5+1 бол С5-ын бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжих АНУ-ын нэг арга хэрэгсэлд тооцогдоно.
Форматын хүрээнд эдийн засаг, эрчим хүч, байгаль орчин болон аюулгүй байдлын асуудлаарх ажлын хэсгүүд байгуулагдсан ба эдгээр нь бүс нутгийн хэмжээнд төрөл бүрийн хөтөлбөр, сургалт, семинар зохион байгуулах замаар нийтлэг зорилгод хүрэхээр тэмүүлж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд буюу 2021 оны 9 дүгээр сараас хойш С5+1 форматын хүрээнд сайд нарын түвшний уулзалтыг таван удаа зохион байгуулсан ба сүүлийнх нь өнгөрсөн 2 дугаар сарын 28-нд Астанад (Казахстан) болсон Гадаад хэргийн сайд нарын уулзалт болно. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр 2021, 2022 оны 9 дүгээр саруудад болсон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенээр ахлуулсан сайд нарын уулзалтын үеэр С5+1 бүлгийн албаны хүмүүс цугларч, бүс нутгийн эдийн засгийн тогтвортой байдал, аюулгүй байдлыг хамтдаа хэрхэн бэхжүүлэх талаар ярилцсан билээ. Мөн 2021 оны 9 дүгээр сард форматын цаг уурын сайд нарын уулзалтыг АНУ-ын Ерөнхийлөгчийн цаг уурын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элч Жон Керри санаачлан хийсэн. Түүнчлэн 2022 онд С5+1 нь хамтын тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох, дэмжих, оролцогч засгийн газрууд хоорондын харилцаа холбоог зохицуулах, өндөр түвшний сайд нарын уулзалт болон бусад арга хэмжээг төлөвлөх үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор Тамгын газрыг байгуулан ажиллуулж эхэлсэн нь бүтцийн институцчилагдах эхлэл болжээ.
Тодруулбал, дэлхийн хэмжээнд тулгамдаж буй асуудлыг бүс нутгийн хүрээнд улсууд хамтран шийдвэрлэх гарцыг хайж, үндэстэн, хүн амаа илүү аюулгүй, чинээлэг болгох хамтын ажиллагааны нэг загвар хэмээн С5+1 форматыг олон улсын шинжээчид дүгнэж байна.
Америкийн тухайд “стан”-уудын тэнцвэртэй гадаад харилцааг дэмжин ажиллахаар зорьж буйг өмнө дурдсан. C5+1-ийн эхний зорилго нь олон улсын хамтын нийгэмлэгтэй илүү тэнцвэртэй харилцах “олон векторт” оролцоогоор дамжуулан Төв Азийг гадаад ертөнцтэй холбоход туслах явдал юм. Мэдээж бүс нутгийн улсуудын Орос, Хятадтай тэнцвэртэй харилцахыг мөн орхигдуулахгүй байхаар зорьж байна.
АНУ-ын бодлого нь:
-Орос дахь хөдөлмөрийн цагаачдын мөнгөн гуйвуулгаас ихээхэн хамааралтай Тажикистан, Кыргызстан улсуудад Япон, Өмнөд Солонгос зэрэг улс руу хөдөлмөрийн цагаачлалын шинэ боломж нээн өгч, дэмжлэг үзүүлэх;
-Ихэвчлэн олон улсын хоригт өртсөн орнуудаар хүрээлэгдсэн бүс нутгийн хувьд Кавказ, Каспийн тэнгис, Туркээр дамжин эдийн засгийн интеграцад нэгдэн, боломжтой бол Төв Азийн орнуудын эсрэг хориг арга хэмжээг хөнгөвчлөх;
-“С5+1” форматад Азербайжан, Турк, Гүржийг хамруулах, ялангуяа Европ руу эрчим хүч экспортлох хувилбар, гарцыг эрэлхийлэх;
-Казахстан, Туркменистаны эдийн засаг нүүрсустөрөгчийн экспортоос ихээхэн хамааралтай тул дунд хугацаанд Төв Азийн эдийн засгийг малмтал түлшний экспортоос холдуулах эрчим хүчний шилжилтэд бэлтгэхэд туслах зэрэгт чиглэж байна.
С5+1-ийн хоёр дахь зорилго нь Төв Азийн улс орнуудыг бүс нутгийн нэгдсэн блок болон хамтран ажиллахад нь туслах ёстой. “Стан”-уудын хоорондын зөрчил нь тэдний чадавхыг сулруулж, үүнийг нь гадны улсууд ашиглах боломжийг бий болгож байна хэмээн Вашингтон үзэж байгаа тул АНУ-ын бодлого:
-Төв Азийн орнуудын баримталж буй олон талт гадаад бодлогыг хүндэтгэх;
-Хоёр талын харилцаа болон С5+1-ийн хүрээнд АНУ-ын дипломат харилцааны давтамж, түвшинг нэмэгдүүлэх.
-Зөөлөн хүчний оролцоо, тэр дундаа илүү олон боловсролын солилцоог идвэхжүүлэх;
-Бүс нутаг, ялангуяа Ферганын хөндийн маргаантай анклавуудын эргэн тойронд хил дамнасан олон нийтийн итгэлцэл, нөөц баялгийг хуваалцахыг дэмжих;
-Бүс нутгийн хэвлэл мэдээллийн санаачилгыг дэмжиж, мэдээллийн хэрэгслийг эерэг өөрчлөлтийг олон нийтийн оролцоог хангах хэрэгсэл болгон ашиглахад тус тус чиглэж байна.
Энтони Блинкений айлчлал
Афганистанаас цэргээ гаргаж, Кабул дахь АНУ-ын дэмжлэгтэй засгийн газар нуран унасны дараа тус бүс нутагт АНУ-ын нэр хүнд, үүрэг, хөшүүрэг, нөлөө багассан. Бүс нутгийн бодлогын сонголтууд хязгаарлагдмал тул АНУ үүсээд буй шинэ геополитикийн нөхцөлд цаашид “стан”-уудын тусгаар тогтнолыг дэмжих чиглэлд түлхүү анхаарлаа хандуулна хэмээн шинжээчид таамаглаж байхтай зэрэгцэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен өнгөрсөн сарын сүүлээр Төв Азид айлчилсан. Тэрээр Казахстаны ерөнхийлөгч К.Токаевтай уулзаж, Гадаад хэргийн сайд М.Тлеубердитэй хэлэлцээ хийсэн билээ.
Хэлэлцээний үндсэн сэдэв нь Америк-Казахстаны хоёр талын хамтын ажиллагаа, түншлэлийг цаашид хөгжүүлэх асуудал байв. АНУ Казахстаны бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг ямагт эрхэмлэх болно гэдгийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга онцолж байсан ба, Орос, Хятадаас зайгаа барихыг Казахстаны эрх баригчдад уриалсан билээ.
Э.Блинкен өмнө дурдсан С5+1 форматын хүрээний Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцсоноос гадна Кыргызстан, Тажикистан, Туркменистаны Гадаад хэргийн сайд нартай тус бүр хоёр талын хэлэлцээ хийсэн.
Айлчлалын зорилго, ач холбогдол, үр дүнгийн тухайд, Украинд явуулж буй Оросын цэргийн ажиллагааны улмаас “стан”-уудыг Оросоос холдуулах, ятгах, өөртөө татах, “Украины хувилбар’-аар болгоомжлуулах, Орост шахалт үзүүлэх явдал болохыг шинжээчид онцолж байв. Ялангуяа Украины асуудлаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн баталсан тогтоолд түдгэлзэх санал өгч байгаа Казахстан, Кыргызстан, Узбекистан, Энэтхэг зэрэг улсуудад улс төрийн шахалт үзүүлэх нь бүс нутагт хийж буй айлчлалынх нь гол зорилго болохыг тодотгож байсан билээ. АНУ-ын хамгийн өндөр хөрөнгө оруулалттай (62 тэрбум ам.доллар), Төв Азийн хамгийн том эдийн засагтай Казахстан, бүс нутгийн хамгийн олон хүн амтай Узбекистан улсуудад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга айлчилсан нь хоёр талын худалдаа эдийн засгийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой нь дамжиггүй.
Украинд түрэмгийлснийх нь төлөө Оросыг улам бүр тусгаарлахын тулд АНУ Төв Азийн орнуудтай харилцаа холбоогоо гүнзгийрүүлж, тэднийг Оросын эсрэг эвсэлд нэгтгэж, Афганистанаас цэргээ гаргаснаас хойш алдсан байр сууриа Төв Азид дахин олж авах бодлого баримталж байна.
Э.Блинкенийг дагалдан явсан Төрийн нарийн бичгийн даргын туслах Доналд Лу “Украинд Орос түрэмгийлсэн нь Төв Азийн орнуудад асар их дарамт учруулж байна. Тухайлбал, хүнс, шатахууны үнэ, ажилгүйдлийн түвшин нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний экспортод нь хүндрэл учирч, Ковид-19-ийн дараах сэргээн босголт удааширч, Оросоос цагаачдын урсгал их байгааг бид харж байна. Тиймээс бид тус бүс нутгийн иргэдийг дэмжихээр ажиллаж байна” хэмээн онцолж байсан.
Төв Азийн орнуудад хүний эрхийг дэмжих, ялангуяа дүрвэгсэд, орогнол хүсэгчид, ижил хүйстнүүдийн эрхийн асуудлуудыг айлчлалаар хэлэлцэж байгаа нь Оросын өнөөгийн дэглэм, үйлдлийн эсрэг чиглэсэн болохыг харуулсан хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений айлчлалыг Оросын тал дүгнэсэн юм.
Ерөнхийдөө дэлхийн геополитикийн архитектурыг өөрчлөх гэсэн их гүрнүүдийн ашиг сонирхол Төв Азийн өргөн уудам нутаг дэвсгэр, байгалийн асар их нөөц бүхий орон зайд огтлолцож, өрсөлдөж байгааг айлчлал харуулсан болов уу. Ялангуяа төмөр замын маршрут, эрчим хүч, усны нөөц, байгалийн хий, газрын тос дамжуулах хоолойн мега төслүүдэд их гүрнүүд ихээхэн ач холбогдол өгч байгаа билээ. Эцэст нь С5+1 форматын хүрээнд болсон АНУ-ын өндөр албан тушаалтны айлчлал Оростой найрсаг харилцаатай Төв Азийн орнуудыг өөртөө татах, Украин шиг нөхцөл үүссэн тохиолдолд тусламж дэмжлэг үзүүлэхээр цэргийн бааз байршуулах зэрэг улс төрийн зорилго агуулж байгаагаас гадна бүс нутагт оруулсан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг хамгаалах зорилгыг давхар агуулсан хэмээн дүгнэж болно.
Дүгнэлт
Афганистанаас цэргээ гаргасны дараа Вашингтонд Төв Азиар дамжин өнгөрөх хангалтын зам хэрэггүй болсны улмаас бүс нутгийг сонирхох сонирхол нь буураад байсан билээ. Гэтэл Цагаан ордны гурван засаг захиргаа дамнан, хадгалагдаж үлдсэн C5+1 форматыг “агуулгын хувьд шинэчилсэн” Э.Блинкений айлчлал АНУ-ын Төв Азитай харилцах харилцаанд чухал ахиц гарсны илрэл болов. Орост тавьсан өрнөдийн хоригт өртсөн орон нутгийн компаниудад АНУ нөхөн төлбөр олгохоор амласан Төрийн нарийн бичгийн даргын амлалтад “стан”-ууд ихэд баяртай байна. Афганистан дахь ажиллагаагаа дэмжих, Төв Азийн иргэдийг ISIS-д элсэхээс сэргийлэх зэрэг нөхцөл байдал, зорилт өөрчлөгдсөн ч их гүрнүүдийн өрсөлдөөний шинэ эрин үед “стан”-ууд руу чиглэсэн АНУ-ын ашиг сонирхол дахин бэхжиж эхэллээ. Ийнхүү ОХУ, Хятад, АНУ- ын удирдагч, өндөр түвшний албан тушаалтан нар дараалан Төв Азид зочилсон ховор мөч тохиолоо.
Аюулгүй байдал, судлалын хүрээлэн бэлтгэв
Сэтгэгдэл(10)
Ардчилалыг хонины арьс нөмөрсөн чонотой адил гэдгийг санаарай хонин сүргүүдээ.
Коммунист Пол ПОт Кхмер өөрийнхөө 4 000 000 камбожийг хүйс тэмтэрсэн. Зөвхөн хүүхдүүд л үлдсэн гэдэг. 6 сая хүн амын 4 сая ыг алсан гэдэг Мао дарга олон өвөр монголчуудыг алсан даа БҮҮ МАРТ МАРТБАЛ СӨНӨНӨ
Товчилж болдоггүй юм уу?
За чонын арьс нөмөрсөн баавгайнаас л дээр
Жижиг улсууд ер нь нэг тийм цөөвөр чоно шиг зантай байдаг .Шинэ босстой болсон биз.
Ха ха.Станууд алсын хараагүй тэнэгүүд гэж бодохгүй байна.Цогт тайж кинон дээр Майдар хутагт Төвдөд очсон Манж Да Чин гүрний амбан сайдад, Гүүш хаан бидэнд тусална гэсэн шүү дээ гэхэд сайд ,Гүүш хаан бол хол байна,Цогт энд байна гэж хариу сануулж байдаг. АНУ н геополитикийн золиос болж хоёрдахь украйн болох хүсэл эдэнд байхгүй. Яаж ч бодсон даян дэлхийг зандалчилж байх санаатай АНУ н садист байр суурийг эд мэддэг байх учиртай.Хэрвээ бүх дэлхий ганцхан АНУ н банк санхүүгийн эзэн жүүдүүдийн захиргаанд тарчлах ёстой юм бол ардчилал,тэгш эрх,хүнлэг энэрэнгүй гэхчлэн хоосон гоё үгнүүдээ авч хаяад дангаар дарангуйлах байр сууриа ил тод тунхаглах ёстой. обама гэдэг нэг хар царайтай юм НҮБ н индэр дээрээс ,Дэлхийг захирах эрхийг бурхан бидэнд олгосон юм гэж ичгүүр сонжуургүй мэдэгдсэн удаа бий шүү. Тэр бурхан нь Будда юм уу,Аллах лав биш. Хэрвээ есүсийгээ хэлж байгаа бол тэр тийм үг огт хэлээгүй. Учир нь Есүс амьд байх үед АНУ гэсэн улс дэлхийд нэр төдий ч байгаагүй.
dvgnelt ni shal hudalaa bna. kazakuud shuud oros manai daisan bish manai hudaldaanii gol tvnsh gej heleed amerikuudiig ybuulsan da. am,erikuud tov azid ner hvndgui l dee. ted nariin ybuulij bui ijil hvisten transjenderuud bodolgiig musilman shashint tov azid ogt hvleen abahgui ch de.. deer amerikuudiin afganstand hiisen bvgdiig tov aziinhan harj bgaa. amerikuud tov azias yu ch abahgui bol hyataduud orosuud ih zvils abch hariltsan hudaldaa hiideg de. hvmvvs ni orosd elegtei b olohoor tend amerikuud amjilt olohgui l dee..
Хахаха, ардчилал ирэхээр яадаг билээ? Украйныг хар. Ирак, Лив, Сир, Афганистан аймаар "ардчиллуулсан". Бид бас ардчилалын алтан хараацай болж нисээд далиа хэмх авахуулж хамаг баялагаа алдсан, дааж давшгүй өртэй, ядуурлын ёроолыг шүүрдэж амьзуусан улс.
Афганистаныг Талибчууд там болгосон байх. Ардчилал Амеикийн буянд 20 жил хүүхэд эмэгтэйчүүд хүссэн сургуульдаа явж гадаад дотоодод сурч ажиллаж байсан. Ардчилал байхгүй болсны гайгаар хүүхэд эмэгтэйчүүд сурах ажиллах эрхгүй болсон. Мэдэхгүй байж олон юм хуцахаа болих хэрэгтэй.
АМЕРИК МӨНГӨ ӨГЧ ардчиллыг экспортолж худалдаг АРДЧИЛЛЫГ ДЭЛХИЙ ДАЯАР ДАЯАРШУУЛАХЫГ ХҮСДЭГ УКРАЙНЫ ЕВРЕЙЧҮҮДИЙГ АШИГЛАН ОРОС ХЭЛ ОРОС ХҮНИЙГ УСТГАХ ГЭЖ САНААРХАЖ БАЙНА ХАР ТАМХИ ГОМОСЕКСИГ АМЕРИК ДАЯАШУУЛАХ САНААТАЙ хүний эрх тэгш эрх шудрага ёс гэж байхгүй зах зээл гэж байхгүй жишээ нь ёвроппийн зах зээлийг эзлэхийн тулд орсын северный нэг мөн хоёр шугам хоолойг устгасан улс бүхэн өөрийн мөнгөөр худалдаа тэгш эрхтэй хийхийг зөвшөөхөагүй орост хориг тавьж орсын ард түмнийг алахыг хүсч байгаа энэ шудрага гэх үү украйны евречүүдийг зэвсэглэж орос хүнийг устгаж байна нэг туйлтай нэг ноён байж дэлхийн улсуудыг цэрэг зэвсгийн хүчээр дуулгавартай болггож боолчлохыг аүсч байна орос иран хятад хойт солонгос болонн бусад улс үүний эсрэг тэмцдэг амщрик ёвропийн имперлизм зөвхөн дэлхийн улсуудыг зэвсгийн хүчээр эзлэж цэрэг эдийн засгаа хөгжүүлж мөлжиж хар тэмхи гомо сексээр устгаж амьдралгүй болггож хаяхыг хүсдэг хамаг хүний муу муухайг нэвьрүлж хэвшүүлж заншуулж ёс суртхуунгүй зүйлээ тулгадаг ДЕМОКРАТ БИШ ДИКТАТУРААР АНАРХИАР УДИРДАЖ ИРАК ЛИВИ АВГАНИСТАН СИРИ УКРАЙН ШИГ БОЛГОХЫГ ХҮСДЭГ