
Парламент энэ сарын 17-нд Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэн, тогтоолын төслийг баталсан. Гэвч энэхүү шийдвэрийг гаргахдаа Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн гэж Ерөнхий сайдын зүгээс Үндсэн хуулийн цэцэд хандсан билээ. Улмаар Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр болж, тухайн гомдлыг хэлэлцэх гэж байна. Ерөнхий сайдыг огцруулсан тухайн тогтоолын төсөлд Төрийн тэргүүн мөн бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавиад байгаа билээ. “Зууны мэдээ” сонин “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа Ерөнхий сайдыг огцруулсан тогтоолын төсөл Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар 20 экспертийн байр суурийг хүргэж байна.
ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ: Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийг 2019 онд бүхэлд нь өөрчлөн баталсан
-Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн амин сүнсийн нэг нь төрийн гүйцэтгэх дээд эрх мэдэл Засгийн газрыг тогтвортой ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэхэд оршиж байсан. Гэтэл зарим улстөрчдийн дур зорго, албан тушаалын төлөөх тэмцэл Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, зохицуулалтыг зөрчиж, төрийн үйл ажиллагаанд буруу жишиг, зарчим тогтоож байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат нарын Засгийн газрыг огцруулах асуудлыг Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулахаас өмнөх хуулийн зохицуулалтаар шийдвэрлэж байсан. У.Хүрэлсүх Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн.
Гэхдээ УИХ-ын огцруулах тогтоолын үндэслэх хэсэгт Үндсэн хуулийн 43.1 дэх хэсэг бус, харин 25.1.6 дахь заалт буюу УИХ "Ерөнхий сайд, хуульд зааснаар УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах" бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэсэн заалтыг үндэслэж байсан байна. Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийг 2019 онд бүхэлд нь өөрчлөн найруулж баталсан. Ингэхдээ "Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэж заасан. Энэ заалт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Үндсэн хууль амьтай, өөрт нь халдсан хэнбугайг ч шилгээчихдэг
-Б.Чимид багш “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс мөн.” гэж хэлж байсан. Үндсэн хууль эхлэхдээ “Монголын ард түмэн бид…” гэж эхэлдэг. Үндсэн хууль бол Монгол Улс. Үндсэн хууль бол Монголын ард түмэн.
Төрийн тэргүүнээсээ эхлээд Монгол Улсын Их хурал, Засгийн газар, шүүх, бүх иргэн хэнбугай ч халдаж болдоггүй, давж болдоггүй тэр хэрэм цайз. Тийм учраас тусдаа манаачтай. Тэр нь Цэц. Тэр Цэц нь Үндсэн хуульд халдсан хэнийг ч, юуг ч таслан зогсоох, цуцлах бүрэн эрхтэй.
Тусгаар Монголоо мандуулж, ардчиллаа дархалж, парламентат ёсоо хамгаалж, бузарлагдсан оюун санааныхаа эрх чөлөөг олж явах цаг болсон нь нотлогдлоо. Үндсэн хууль амьтай юм. Өөрт нь халдсан хэнбугайг ч шилгээчихдэг юм. Үндсэн хуулиа хамгаалж тэмцэнэ гэдэг бол Монгол Улсаа, ард түмнээ, тусгаар тогтнолоо хамгаалж тэмцэнэ гэсэн үг.
Иргэн Д.Ламжав: Монгол Улсын язгуур эрх ашгийн эсрэг үйл ажиллагаа боллоо
-Байнгын хороон дээр "Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй" гэсэн санал, УИХ дээр "ТББХ-ны энэхүү саналыг дэмжихгүй" гэсэн санал өгсөн гишүүн бүр ёс суртахуунгүй авирлажээ. Иймээс энэ сүүлчийн саналыг дэмжсэн 71 гишүүн ч мөн адил ёс суртахуунгүй авирлажээ. Энэ санал хураалтын дүнг ашиглан гаргасан УИХ тогтоол Үндсэн хуулийн "1.2 Ардчилсан ёс, шударга ёс, ... , хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэсэн заалтыг зөрчсөн байна.
Ерөнхий сайд Г.Занданшатарын хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц их суудлын хуралдаанаараа шийдвэрлэх болжээ. Шийдвэр нь дүгнэлт байх бөгөөд зөрчсөн нь тогтоогдсон бол УИХ Х.Булгантуяаг наандаж дэд даргаас огцруулах, улмаар УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах хүртэл шийтгэх хууль зүйн үндэслэл бүрдэнэ.
Их суудлын хуралдааны шийдвэрийг наандаж хуралдаанд оролцсон Цэцийн гишүүдийн 2/3 дэмжсэн байх хуультай. МАН ганцаар ноёрхол тогтоосон нөхцөл дор Монгол Улс оршин тогтнож байна. УИХ дахь МАН-ын бүлэг хоорондоо дайсагнасан хоёр хэсэгт хуваагджээ. УИХ дахь бусад нам болон түүний гишүүн Үндсэн хуульдаа илүү үнэнч хэсгийг дэмжих нь Монгол Улсын язгуур эрх ашигт нийцэх байлаа. Хэрэв ингэж чадсан бол нэг намын ноёрхлоос ангижрахад чиглэсэн, улмаар сонгогчдоос өөрийн чадавх тохирсон дэмжлэг нэмж хүртэх үйл ажиллагаа болох байлаа. АН-ын даргын мэдэгдлээс ажихад энэ нам дээрх хоёр хэсгийн аль алины нь эсрэг чиглэсэн үйл ажиллагаа явууллаа.
Хууль зүйн шинжлэх ухааны доктор Н.Лүндэндорж: Үндсэн хуулийн дээгүүр алхсан хэн ч улс төрийн хариуцлага хүлээнэ
-Үндсэн хууль бол нэг удаа хэрэглээд хаядаг цаас төдий зүйл биш. Тогтвортой мөрдөгддөг нэхэл хатуутай дээд хууль. Түүнийг саналын олноор эсвэл хүч түрэн зөрчих нь байвч хол явахгүй. Үндсэн хуулийг судалдаг бид чинь ялсан талд нь тал засдаг хүмүүсээс арай өөр итгэл үнэмшилтэй түүнийхээ төлөө хэзээ ч урваж шарвахаас өнгөрсөн хүмүүс. Энэ улс энэ Үндсэн хууль оршсон цагт түүнийг зөрчсөн, дээгүүр нь алхсан үйлдэл бүхэн засагдаж, зөрчсөн этгээд бүр улс төрийн хариуцлага хүлээх ёстой.
Академич С.Нарангэрэл: Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах оролдлого боллоо
-2019 оноос өмнө Засгийн газрыг огцруулах тухай албан ёсны саналыг Улсын Их Хурал хэлэлцэж шийдвэрлэдэг байсан буюу холбогдох байнгын хорооны саналыг үндэслэн санал хурааж болдог байсан. Гэтэл 2019 онд орсон нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын нэгдсэн чуулганаар “Ерөнхий сайдыг огцруулна гэсэн” гишүүдийн саналыг л хэлэлцэн шийдвэрлэж, санал хураах шинэ Үндсэн хуулийн орчин үйлчилж байна. Гэтэл Төрийн байгуулалтын байнгын хорооны томьёоллоор санал хураалт хийлгэж маш ойлгомжгүй, эргэлзээтэй байдал үүсэж байна. Үндсэн хуулийн зөрчилдөөнтэй томьёоллоор санал хураалт явуулсан. Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэж заасан. Төрийн эрх мэдэл бол УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, Улсын дээд шүүх шүү дээ. УИХ Үндсэн хууль зөрчсөн томьёоллоор санал хураалт явуулсны үндсэн дээр Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилоход хүрвэл нэг ёсондоо төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан асуудал болж хувирч байна.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр: Үндсэн хуулиа зөрчсөн үйл ажиллагаа боллоо
-Парламент Үндсэн хууль зөрчсөн алхам хийсэн. Нэг англи үг байдаг даа. “Нарийн ширийн юмнуудыг нь л хар. Наанаа бүгдээрээ зөв ярьж байгаа юм шиг дүр эсгэнэ. Яг үйлдлийнх нь нарийн ширийнийг харахлаар луйвар булхай нь тодорно” гэж байдаг. Үндсэн хуульд Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол л гэж бичсэн байдаг. Гэтэл бүр цагаан дээр хараар бичсэнийг зөрчөөд байнгын хороон дээрээ Засгийн газрыг огцруулах саналыг дэмжээгүйгээр оруулж ирж, дараа нь УИХ-д дэмжээгүй саналыг дэмжээгүй болгож, хуралдаа суухгүй хүмүүсээр далимдуулж Засгийн газрыг унагаах оролдлого хийлээ шүү дээ.
Энэ бол хууль бус үйл ажиллагаа, Үндсэн хуулиа зөрчсөн үйл ажиллагаа боллоо. УИХ-ын гишүүдийн ирц ердийн олонхоор буюу 64 хүнээр бүрдэх ёстой. 64 хүн бүрдээгүй бол тэр чуулганы хуралдаан хүчингүй, хүчингүй учраас хуралдааныг сунгаж болохгүй.
Ямар үед хуралдааныг сунгахыг бас хуульд биччихсэн байгаа. Нийт 64 гишүүн ирцэд бүртгэгдэхэд 64 гишүүний олонхын саналаар чуулганы хуралдааныг сунгаж болно гэсэн байгаа. Тэгэхлээр 64 нь бүрдээгүй юм чинь олонхын санал гэж байхгүй. Хуралдаж чадахгүй боллоо гээд хаах ёстой байтал хүчээр цагийг сунгасан. Санаатайгаар хууль зөрчиж үйл ажиллагаа явуулсан.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Байнгын хороо зөвхөн санал дүгнэлтээ УИХ-ын чуулганд танилцуулна
-Үндсэн хуульд нэг тодорхой заалт байгаа. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ өөрөө шийдвэрлэнэ гэсэн агуулга. Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна л гэж байгаа. Танилцаад ямар шийдвэр гаргах нь УИХ-ын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. УИХ-аар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулахад “Анх оруулж ирсэн саналыг дэмжиж байна уу, дэмжихгүй байна уу” гэж УИХ-аас асууж байсан. Түүнээс Байнгын хорооны санал дүгнэлтийг дэмжиж байна уу, дэмжихүй байна уу гэж биш. Байнгын хороо санал дүгнэлтээ УИХ-ын чуулганд танилцуулна гэсэн заалт бий. Танилцаад ямар шийдвэр гаргах гэдэг нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал.
ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал: Энэ бол улс төрийн биш, Үндсэн хуулийн эрхийн асуудал
-Монгол Улсын Үндсэн хуулийн 33-р зүйлийн 1-д “Монгол Улсын Ерөнхийлөгч хууль болон УИХ-ын шийдвэрт хориг тавих эрхтэй байдаг. Хоригийг хэлэлцэж, хэрхэн шийдэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Энэ бол төрийн байгууллага, институцуудын харилцааны асуудал.
Хориг бол цаашид гарч болзошгүй хор хохирлыг УИХ дахин хэлэлцэж, түүнийгээ шаардлагатай бол залруулах боломж олгодог. УИХ гаргасан шийдвэрээ дахин хянаж үзэж нөхцөл боломж гарч байна гэсэн үг. Хүчин төгөлдөр болж ёсчлогдсон хууль, бусад шийдвэрт хориг тавих эрх зүйн үндэс бүрддэг.
Ерөнхийлөгч ажлын таван өдөрт багтаан хориг тавих эрхтэй бөгөөд ажлын анхны өдөр хориг тавьж байна. Үндсэн хуулийн эрх зүйд ганц л зарчим байдаг. Ирээдүйд үүсэж болох нөхцөлийг таамаглан ярих боломжгүй. Энэ нь улс төрийн биш, Үндсэн хуулийн эрхийн асуудал.
Улсын Ерөнхий прокурорын орлогч асан, хуульч Г.Эрдэнэбат:Энэ завхралыг уг нь зассан шүү
-Үндсэн хуулиа 2019 онд өөрчлөөд, УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуулиа 2024 онд шинэчлэн найруулаад, яг энэ завхралыг зассан шүү дээ. Дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлээ хараасай.
Доктор Л.Мөнх-Эрдэнэ: УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нарын зөв
-УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нарын зөв. Хуулийн тайлбарын зорилго нь хуулийн зорилгыг тогтоох. 43.1-ийн зорилго нь огцруулах, томилоход хугацаа тогтоох, санал гаргах, огцруулах саналын босгыг өндөрсгөх юм. 43.1-д санал хураах процедур, томьёоллыг тогтоох зорилго байхгүй. Гэтэл Академич С.Нарангэрэл нар уг санал гэдгийг уг томьёолол гэж тайлбарлав. Гэвч санал хураах процедур ба томьёоллыг тогтоох зорилго 43.1-д байсан бол ядаж “уг саналын” саналын оронд ”томьёолол” хэрэглэгдсэн байх ёстой. Уг саналыг уг томьёолол гэж тайлбарласнаараа утга оруулж үг үсгийн тайлбараа зөрчив. Зарчим ижил үг ижил утгатай байх. Утга нэмэн үг нэмснээрээ С.Нарангэрэл нар хэрэг дээрээ Үндсэн Хуульд засвар хийж, Үндсэн Хууль тогтоож буй хэрэг.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Цэц хуулиа зөрчиж байгаа нь туйлын харамсалтай байна
-Цэц бол Үндсэн хуулийг сахиж хамгаалах хамгийн том институц бөгөөд хараат бусаар ажиллаж, төвийг сахих ёстой. Гэтэл төвийг сахиж байгаа эсэх нь өнөөдөр маш эргэлзээтэй харагдаж байна. Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг УИХ аравдугаар сарын 17-ны өдөр шийдсэн байхад, 16-ны өдөр маргаан үүсгэсэн. Гараагүй шийдвэр дээр маргаан үүсгэнэ гэдэг яг юу гэсэн үг вэ. Урьдчилаад ямар нэгэн байдлаар нөлөөнд орж, асуудлыг шийдэх бэлтгэл тэнд аль хэдийн хийгдсэн байна. Цэцийн дээр хөх тэнгэр биш, Үндсэн хууль байгаа. Үндсэн хуулийг барьж ажиллах ёстой цэц маань энэ хуулиа зөрчиж байгаа нь туйлын харамсалтай байна.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Дэмжсэн саналаас гадна “дэмжээгүй” гэдэг санал ч гэсэн “санал” шүү дээ
-“УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол” гэж Үндсэн хуульд заасан тул саналын томьёолол заавал “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжих” гэдгээр санал хураах ёстой гэдэг маргаан гарсан.
Үндсэн хуульд 2019 онд орсон уг өөрчлөлтийн талаар албан бус тайлбарын гол амин сүнс нь “Засгийн газар нь УИХ-ын итгэлийг хүлээсэн байх нь төрийн тогтвортой байдлын чухал нөхцөл бөгөөд ирц болон саналын квотыг өсгөсөн” гэжээ.
Түүнээс биш саналын томьёоллын талаар Үндсэн хуульд заагаагүй. Мөн 2021 оны энэхүү өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулсны дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх үед өнөөдрийн маргаан болж буй Байнгын хорооны томьёоллоор санал хураасан. Гэтэл үүнийг Үндсэн хууль зөрсөн гэж тухайн үед хэн ч маргаагүй. Үүнийг өөрөө хүсэлтээ өгсөн гэж тайлбарлах боловч процесс нь яг өнөөдрийн дараалал, зарчмаар явагдсан ба Үндсэн хууль, ердийн хууль ямар нэгэн өөрчлөлтгүй одоо хэрэгжиж байна. Дэмжсэн саналаас гадна “дэмжээгүй” гэдэг санал ч гэсэн “санал” шүү дээ.
Хуульч Л.Нинжбат: “Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжье” гэсэн томьёоллоор санал хураалт явагдах ёстой
-Хуулийг уншихдаа үгийн шууд утга агуулгаар ойлгож тайлбарлана гэсэн зарчим бий. Үндсэн хуулийн дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх заалтын гол түлхүүр үгс нь “Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал...”, “... уг саналыг дэмжсэн бол...” гэсэн холбоосын утга агуулгыг анхаарах ёстой юм.
Үндсэн хуулийн энэ заалтад хоёрдмол утга агуулгагүйгээр “Ерөнхий сайдыг огцруулах санал”-ын тухай маш тодорхой заасан байна. Тийм учраас УИХ-аар Ерөнхий сайдыг огцруулах санал хураалтыг явуулахдаа “Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжье” гэсэн томьёоллоор л санал хураалт явагдах ёстой байна.
Түүнээс биш Төрийн байгуулалтын байнгын хорооны санал хураалтаар шийдэгдсэн “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэснийг дэмжье” гэсэн томьёоллоор санал хураана гэсэн Үндсэн хуулийн зохицуулалт байхгүй. Ерөнхий сайдыг огцруулах асуудалд ТББХ санал, дүгнэлтээ УИХ-ын чуулганд танилцуулсны дараа хуралдаан даргалагч “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжье” гэсэн томьёоллоор л санал хураалтыг явуулах ёстой" гэжээ.
УИХ-ын гишүүн Б.Түвшин: Үндсэн хуульд заагаагүй томьёоллоор санал хураасан
-Ойрын үед өрнөж буй асуудалтай холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлэг шийдвэрээ гаргасан. Манай бүлгийн хувьд Ерөнхий сайд, УИХ-ын даргыг хоёулаа огцрох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ Ерөнхий сайд асан Г.Занданшатарыг огцруулсан нь Үндсэн хуулийг зөрчсөн байж болзошгүй үндэслэл бий. Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулахад Үндсэн хуульд зааснаар олонхын саналаар гэсэн заалт байдаг. Гэтэл ТББХ-ны тодорхойлолтоор буюу огцруулахыг дэмжихгүйг дэмжье гэсэн тодорхойлолтоор санал хураалаа. Энэ бол Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй
Хуульч О.Батхүү: Х.Булгантуяа гишүүн эгүүлэн татагдах нөхцөлд орно
-Намын хямрал төрийн хямрал, Үндсэн хуулийн хямрал болон өргөжив. ҮХЦ-ээс Ерөнхий сайдыг огцруулсан процесс Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл УИХ-аас гарсан шийдвэр хүчингүй болно. Х.Булгантуяа гишүүн эгүүлэн татагдах нөхцөлд орно. Дахин санал хураалт явагдана. Маш төвөгтэй нөхцөл байдал үүснэ гэсэн үг.
УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан: Засгийн газрыг огцруулах асуудал Үндсэн хуулийн зөрчилтэй болсон
-Засгийн газрыг огцруулах асуудал АН-ын бүлгийн шийдвэрээ дагасан. Гэхдээ энэ процесс үндсэндээ Үндсэн хуулийн зөрчил байсныг бүгд мэдэж байсан. Ирц бүрдээгүй байхад бүхэл өдөржин, шөнөжингөө ирцийг бүрдүүлэх гэж зүтгэнэ гэдэг дэгийг маш томоор зөрчиж байгаа асуудал. Зөрчил байгааг харж, хуулиа мөрдөж байгаа хүмүүсийг хэн нэгний нөлөөнд орлоо гэж хэлж болохгүй. Үндсэн хууль зөрчсөн учир Ерөнхийлөгчийн хоригийг хэн ч хүлээж авах үүрэгтэй.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Үндсэн хуулийн цэц хууль зөрчсөн гэж үзвэл тогтоол хүчин төгөлдөр бус болно
-Засгийн газрыг огцруулсан тогтоол Үндсэн хууль зөрчлөө. Яагаад гэвэл хэлсээр байтал Байнгын хорооны саналаар санал хураалт явуулж шийдлээ. Ерөнхий сайд огцорсноор Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорч, институци тэр чигээрээ хөдөлгөөнд ордог. Үүнээс урьдчилан сэргийлж, тогтвортой байлгахын тулд УИХ-ын гишүүдийн дийлэнх олонх буюу 65 гишүүн санал хураалгах ёстой. Байнгын хорооны саналыг сонсоод, УИХ Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайдыг огцруулъя гэж санал хураадаг юм. Үндсэн хуулийн цэцийн дээр тэнгэр л байдаг. Үндсэн хуулийн цэц хууль зөрчсөн гэж үзвэл саяны шийдвэр хүчин төгөлдөр бус болно.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Ардын нам ингэж төрөөр тоглож болохгүй
-Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар санал хураахад “Огцруулахгүй” гээд кноп дарсан. Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах санал гаргасан 54 гишүүнээс 20 орчим нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд байдаг юм билээ. Тэднийг огцруулахгүй гээд кноп дарахад нь эхлээд үнэхээр гайхсан. Башир аргыг нь сүүлд ойлгосон.
Огцруулахгүй гэж санал гаргаж байгаад тэр саналыг нь дэмжихгүй болгож босгох гэж байгаа ч юм уу, мэдэхгүй. Төрөөр ингэж Ардын нам тоглож болохгүй.
Үндсэн хуулийн 43.1-т Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжих эсэх гэж томъёолж оруулж ирнэ. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 101.3-т Ерөнхий сайдыг огцруулахтай холбоотой асуудлыг хэлэлцсэн бол Байнгын хорооны шийдвэрийг танилцуулна. Байнгын хорооны шийдвэр дээр үндэслэж санал хураахгүй. Шийдвэрийг юун дээр үндэслэж гаргах вэ гэвэл УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын гаргасан Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах санал дээр үндэслэнэ. Гэтэл тэр огцруулах гэж байгаа хүмүүс маань Үндсэн хууль зөрчөөд өөрсдийнхөө башир арга хэрэглэж санал хураалгасан тэр томъёолол дээрээ санал хураалгах гээд байгаа нь Үндсэн хууль зөрчиж байгаа юм.
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржийн тайлбар
-Чуулганы нэгдсэн хуралдаанд бэлтгэх ирцийг пүрэв гарагийн 09:00 цагт эхлүүлж, баасан гарагийн 10:13 минутад ирц хүрсэн учраас хуралдааныг эхлүүлж буй нь хуулийн зөрчилгүй. УИХ-ын дэгийн тухай хуулийн 6.2-т зааснаар нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гаригт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана. Гишүүд өглөө 09.00 цагаас эхлэн ирцэд бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл 2025 оны аравдугаар сарын 16-ны өдрийн пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанд бэлтгэх ирц 09:00 эхэлж, хэлэлцэх асуудалдаа бэлтгэсэн. Ийнхүү 2025 оны 10-р сарын 17-ны өдрийн 10:13 цагт ирц бүрдсэн учраас дэг зөрчсөн зүйл байхгүй.
Сэтгүүл зүйн Инноваци, Хөгжлийн Үүр төвийн хөтөлбөрийн менежер Ж.Өнөмөнх: Огцруулахыг дэмжихгүй байх гэдэг нь давхар үгүйсгэл
-Ерөнхий сайдтай холбоотой процесс тэр чигтээ логик зөрчил болоод байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны шийдвэрт үндэслээд "Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй" гэж санал хураах нь өөрөө логик зөрчил. Нэг асуултад хоёр үгүйсгэл оруулсан байна.
Логикт тавтологи гэдэг нь өөрийн тайлбар ба бүтцийн хувьд л үнэн байх хэллэг. "Ерөнхий сайд огцрохгүй бол Ерөнхий сайд хэвээр үлдэнэ". Бүтцийн хувьд зөв бодомж мэт боловч үнэндээ өөрөө өөрийгөө л баталсан тойрог логик юм.
Төрийн байгуулалтын Байнгын хорооны шийдвэрээр санал хураах нь нэгдүгээрт, хариултаа өөртөө багтаасан буюу томьёолол тэнцвэртэй биш. Хоёрдугаарт, энэ нь өөрөө үр дүнд хүрэх урьдач нөхцөлийг үр дүнтэй нь нэг шугамд оруулах зорилгоор дахин тохируулсан байна. Ерөнхий сайд огцрохгүй байх гэдгийг урьдач нөхцөл болгож гажуудуулсан гэсэн үг. Угтаа урьдач нөхцөл нь 32 гишүүн "Огцруулъя" гээд гаргаж байгаа санаачилга баймаар юм. Тэгэхээр асуулт бол "Огцруулах уу" гэж байж л логикт нийцнэ. Урьдач нөхцөл, дүгнэлт хоёр бие биеэ баталгаажуулж байгаа бүтцийг тавтологи гэж үзнэ. Ийм асуултад дэмжиж хариулах нь агуулгын хувьд ч ач холбогдолгүй. Аль хэдийнээ огцруулахгүй гэдэг шийдвэрийг давхар баталсан хэрэг болно. Угаас нэгэнт Ерөнхий сайд байгаа хүнийг дахин баталгаажуулж яг яах билээ. Огцрохгүй байхыг дэмжих үү (Дэмжих, Огцрохгүй байх) Ийм санал хураалт өөрөө логикийн гажуудалтай.
Парламентаас гарж байгаа олонхоороо дэмжсэн шийдвэр үр дүнгийн хувьд өөрчлөлт үзүүлэх ёстой. Гэтэл ийм томьёоллыг батлах нь өөрөө ямар ч өөрчлөлт авчрахгүй буюу хүчин чадалгүй. Тэгэхээр энэ удаагийн "Тийм" гэх кноп гишүүдийн "Дэмжсэн" шийдвэр ямар нэг хүчин чадалтай байхыг булаачхаж байгаа хэрэг.
Үгүй гэж хариулт өгвөл үүсэх үр дүнг хуурмаг үгүйсгэл гэнэ. Үгүй кноп нь "Огцруулахгүйг дэмжихгүй" гэх утга илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл, хүнээс "Гэрлээ унтраахгүй байхыг зөвшөөрч байна уу?" гэж асуугаад "Үгүй" гэж хариулахад нь "Унтраа гэж байгаа юм байна" гэж тайлбарлаж байгаатай өнгө ижил юм.
Огцруулахыг дэмжихгүй байх гэдэг нь давхар үгүйсгэл. Огцрохгүй байхыг дэмжихээр огцрохгүй байх үр дүн үүснэ буюу логик тавтологи. Байхгүй гишүүд "Үгүй" гэж тоологдох нь логик сэдлийг илэрхийлэхгүй хуурмаг үгүйсгэл.
Эрх зүйгээр сурч байгаа оюутан хүртэл логикийн ерөнхий суурь үздэг. Гэтэл ийм зүйл дээр хуульчид нь маргаад суух юм. Хуульдаа нийцдэг юмаа гэхэд логик зарчимд нийцэхгүй л юм болоод байгаа санагдлаа. Үнэхээр хууль зүй түүний цаана байх логикийг хадгалъя гэвэл зүгээр л "Огцруулах уу" гэж санал хураах байсан. Хүний энгийн ухамсрыг хүртэл уландаа гишгэсэн ийм томьёолол байж болохгүй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл9
Ёстой л архичдын маргааш өглөө нь шараа тайлдаг бантантайгаа зууралдацгааж байна даа . Ээ чаваас , толгой хуульчид нь гэнэ - философийн логикийн анхны сэдвүүд " агуулга . Хэлбэр " , " үгүйсгэлийн үгүйсгэлийн хууль " дээрээ сэг дээрх хар шувууд шиг шавааралдан гуугалцгааж байгааг нь харцгааж байна уу - олон түмэн АРД аа ... ??? Цаана аа , Ухаа худаг аа , нүүрсний хулгайгаа , банкны дээрэмээ \ казиноч \ булаазалдаж байгаа царай нь энэ . Хойч үе - залуучууд төр - засгаа цэвэрлээсэй - тэмцлээ бүү зогсоогоосой ...
Баасандорж ер нь ХЫЖАА байх шүү !
"Томъёолол" гэдэг үгээр хэт их тоглож тэрэндээ төөрөлдөж будлиад эцсийн логик нь юу болж хувирсныг ойлгохоо больтлоо маргалдаж байна: эцсийн дүндээ ямар томъёоллоор санал рхураалт явуулсан нь гол биш, эцсийн логик нь "Ерөнхий сайдыг огцруулах" санал олонх болсон л бол гүйцээ шүү дээ!!!
Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчиж байж улс төр гэж байна шүү дэ ! Зөрчихгүй улс төр гэж ямар улс төр бөйдаг юм ! хүүхэд гэнэн тэнэг байх юм ! Хүрэлсүх Зандка хоёрын үёэ өнгөрөөсөн хөгшчүүлийн хүчтэй бүлэглэлийг унагаж л байвал зөрчсөн ч яадаг юм ! Тэр Үндсэн хууль гэдэг чинь ямар Бурханы сургааль уу ! Аллахын хуулийг зөрчихлөлөө гээд балайгууд чинь олуулаа орилолдоод эхэллээ ! яршиг л бөйна !
Yachaaraa ingej undsen chuul zorchdog bna ! , naad chumuustee chuuliin arga chemjee avaachee.
Yachaaraa ingej undsen chuul zorchdog bna ! , naad chumuustee chuuliin arga chemjee avaachee.
Dear All experts; Look at the life of the Mongols.They are living in toxic swamp because of kleptocracy and cronyism period Separation of powers,free media,private sector driven economy,social justice,criminal justice all are nonexistent. The system is broken.Conflict of kleptocrats are going on.Only kleptocrats will argue. The danger of kleptocracy and cronyism is no one is safe and secure. Build democracy and capitalism. None of you have deep jurisprudence but I the one who knows unknown. I have two allies Wisdom and Power.Both my Arms are strong enough. Think and look at yourself and look at swamp where Mongols are living. Sincerely Iron Leader The Great PS very serious individuals are behind this comment watch out.
suuliin zaluugiin ug ih chuhal yum heljee. huuli ch ter engiin huraldaanii sanal asuulga ch ter engiin oilgomjtoi bh yostoi. logik ni zov bh yostoi gesen ug. ternees bish sanaataigaar esreg sanal ogood teriigee dahij uguisgeh zarchmaar sanal huraah ni sanaataigaar hiisen ul buteh uildel gedeg ni todorhoi bgaa yum
Lyndendorj hyn alsan hyn shyy