sonin.mn
Украинд цэргийн тусгай ажиллагаа Орос явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс OmTV, Telegram Freeдом сайт, польшийн  судлаач Лукаш Адамски, унгарын судлаач Антон Бендаржевский, украины цэргийн эксперт Владислав Селезнев нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
 
Украины ард түмний эх орноо хамгаалах, тусгаар тогтнолоо хамгаалах тэр их эр зориг юуны өмнө оросуудыг цочирдуулсан, Кремлийг бүр шооконд оруулсан гэдэгтэй маргах хүн байхгүй. Гэтэл бас Өрнөд ертөнцөд эр зоригийн том үлгэр жишээ болж, асар их урам зориг өгчээ. Өрнөдийнхөн түүхэнд байгаагүйгээр эв нэгдэлтэй, атгасан гар шиг болжээ. Энэ нь Украины гавьяа юм. Хүлээн зөвшөөрцгөөж байна.
 
- Бид алджээ. Украинчууд Орост нэгдэхийг хүсэхгүй байна!–оросын 5-р цувааны нэг толгойлогч урвагч O.Царев цэргийн тусгай ажиллагаа нурсныг хүлээн зөвшөөрөв.
 
- Бид Украиныг алдсан, тэнд нэгэнтээ шал өөр ард түмэн байна, энэ бүхнийг бид  бодсонгүй, зорилгоо ч ойлгосонгүй–Кремлийн суртал нэвтрүүлэгч А.Коц хүлээн зөвшөөрөв.
 
- Украинчууд биднийг үзэн ядаж байна, хэн нь ч ОХУ-д байхыг хүсэхгүй байна. Украинчууд Зеленскийг тойрч нягтарлаа, Оросын эсрэг нэгдлээ–Донбассын террорист, оросын тусгай албаны хурандаа Гиркин шударгаар хүлээн зөвшөөрчээ.
 
Украинд шударга дайн явуулаад баахан чөлөөлөлт хийчихнэ гэсэн нь дампуурсныг гуравхан нөхрөөр төлөөлүүлэн хэлүүллээ. Оросууд анхлан дайндаа Оросын төрийн мөнгө төсвийн санхүүд найддаг байсан бол одоо хувийн түрийвч рүүгээ орлоо. Юмны үнэ 30% өслөө, цаашдаа ч өснө. Оросыг буцаж хэвийн болох аргагүйгээр санкцадсан. 2023 оноос бүрэн үйлчилж эхэлнэ. Оросын хувьд  СССР тарж бутарснаас хойш хамгийн хүн он 2023 он байх болно. Оросын жирийн иргэдийн бодит орлого буурна, харин Владимир Путин тэднийг “Бүх зүйл хэвийн, мөнгө байгаа, эхлээд Украины нацизмыг ялаадхая” гэж хуурна. Гэвч оросын соцсет, ТВ-ээр аажим ухуулга явуулна, оросуудад их юм хэрэггүй, оросууд бага юмаар болгоод бүтээд ирсэн, тийм чадвартай, бид ядуурлаа ч оюун санаагаараа ядуурахгүй гэх мэт. Украины эсрэг дайнд явж амь насаа алдах нь диваажингийн жаргалын төрөл олж байгаа нь тэр хэмээн оросын үнэн алдартны шашны нэг хамба хээвнэг ярьж байв. Хичнээн ухууллаа ч амьдрал өөрөө хуультай. Хүнс, алкоголь дутагдаад ховордоод ирмэгц ард түмэн гудамжинд гарчихдаг. Оросын ДНБ 40% унахад хүнсний хомсдол үүснэ. 2023 онд тийм явдал тохионо гэсэн судалгааг оросын эдийн засагчид хийжээ.
 
Путин ба түүний хамсаатнууд гурван сэдвийг улиг болтол давтан ярьдаг болжээ. Нэгдүгээрх нь, Оросоос Баруунтай хийж буй мөргөлдөөн дуусашгүй метафизик шинжтэй. Хоёрдугаарх нь, Орос-Украин хоёрыг Баруун хэрэлдүүлсэн учраас ялыг нь бид үүрч байна. Гуравдугаарх нь, харин Барууныг ямар нэгэн “глобал корпорациас” удирдаад байна. Тийм корпораци нь хөшигний ард байдаг хар хүч, тэр л дайн хүсээд байна–Украинд ялахгүй болмогцоо Кремлийнхний сэтгэхүй, ааш араншин нь нэн тогтворгүй болж байгааг ийнхүү гурван янз тайлбар харуулна.  
 
Энэ гурван янз ч бас биш болж таарна. Учир нь Украинд цэрэглэн орсноосоо хойш дайснаа ба зорилгоо тодорхойлж байгаа нь нэн зөрчилтэй. Донбасст геноцид үйлдсэн гэх зэмлэл сураггүй болсон. Яагаад гэвэл хоёр талаасаа байлдаад алагдсан хохирсноо нийлүүлээд Киев рүү геноцид гэдэг ял тулгасныг өнөөдөр үнэмших хүн байхгүй. Украин даяар нацист, наркоманууд засаглаж байсан гэсэнд оросууд ч итгэхээ больсон. Зөвхөн Донбассыг хамгаалж байлдана гэснээ Украины 4 мужийг ОХУ-ын нутаг дэвсгэрт хүчээр оруулах гээд хөгөө чирсэн. Тэгснээ “НАТО, Баруунтай дайн хийж байна” гэдэг рүүгээ эргэж орлоо. Өмнөхөн нь сатанууд буюу чөтгөр шуламтай дайтаж байна гэж хэдэн сар яриад арга тактикаа өөрчиллөө. 
 
Гадаад хэргийн сайд Сергей Лавров бүр марзан юм ярьжээ. Наполеон бүх Европыг дайчилж Оросын эсрэг байлдсан, Гитлер ч яг тэгсэн, одоо АНУ оройлоод бүх Европыг Оростой байлдуулав. Иймд бид Украинтай биш НАТО-тай байлдаж байна гэжээ. Ийнхүү “коллектив Баруун” буюу “эвлэлдэн нэгдсэн Өрнөд” гэдэг ганц дайсантай болчихоод байна. Украинчуудтай тулгарч байлдаад ялагдчихлаа гэж оросын ард түмний өмнө шившиг болж байснаас НАТО-тай байлдаад тэгчихлээ гэж өөрсдийгөө зөвтгөсөн нь өлзийтэй. Кремльд тэгж л тооцоолж байна. 
 
Оросын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев бараг бүтэн жилийн турш ганц сэдвээр гололлоо:  -Украин гэдэг тусгаар тогтносон улс байхгүй, дэлхийн улс төрийн газрын зурагнаас мөдхөн арчигдана! Ертөнцийн хар хүчний эсрэг Орос энэ дайныг дэгдээсэн, даян дэлхийг, тэр дундаа хөгжингүй орнуудыг далдаас удирддаг тэр хар хүч байна хэмээн Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев үздэг.
 
ОХУ-ын гадаад бодлогыг Патрушев “Аргументы и факты” сонинд ингэж томъёолжээ. Шинэ жилээр Владимир Путины дэвшүүлсэн мэндчилгээг тайлбарласан маягтай хэлэгджээ. Оросын бүрэн эрхт байдал руу тал талаас нь халдан түрэмгийлж байгаа гэсэн тодотголтой. “Украин дахь хэрэг явдал юу харуулав. Энэ бол Москва, Киевийн хоорон дахь мөргөлдөөн биш, энэ бол НАТО, юуны өмнө АНУ, Англиас Оростой хийж буй мөргөлдөөн мөн. Өөрсдөө халз тулахаас эмээгээд нато-гийн зааварлагчид украин хөвгүүдийг үхэл рүү нь найдвартай шахаж хөөж байна” –Патрушев мэдэгджээ.
 
“Эдийн засгийн салбарт манай бүрэн эрхт байдлыг бэхжүүлэх бат бэх найдвартай үндэс суурийг бид хамтдаа тавьж байна. Бидний тэмцэл бол өөрсдийнхөө төлөө, өөрсдийн эрх ашгийн төлөө, өөрсдийн ирээдүйн төлөө байх болно. Шударга, олон туйлт дэлхийн дэг журам тогтоохын төлөө тэмцэж буй бусад улс түмэнд манай тэмцэл зоригжуулагч болно” хэмээн цэргийн формтой иргэдийн өмнө Путин оргилуун дарс задлаад зогсоогоороо үг хэлж байв. Эргэн тойрноосоо, юуны өмнө коллектив Баруунаас улс төр, эдийн засаг, санхүү, хүмүүнлэгийн талаар тусгаар байх эрмэлзэлтэй, тэр нь Оросын гадаад бодлогын номлол гэжээ. 
 
Путин Валдайн клубын хуралд хэлж байсан шиг Баруун л Оросыг улс төрийн газрын зурагнаас арчиж хаяхыг хүсдэг аж. Кремлийнхний хувьд ийм шалтгаар цэрэг армиа дахин нэг удаа идэвхжүүлэхийг Медведев бас уриалан дуудлаа. 2023 онд явуулах дайн байлдааных нь хэрэгцээ шаардлагыг 2 дугаар сарын 1 гэхэд БХЯ нь тооцоолон гаргаж Путиндээ барина. “Баруун ертөнцтэй очиж наалдах хүсэл алга, тэнд бидэнд зай байхгүй, дэлхийг захирахыг хүсэгчдийн үзүүрт Орос орон байхгүй, бид бол баялаг нөөцтэй, аугаа их газар нутагтай, ухаалаг хүрэлцэхүйц хүмүүстэй, тэд нь эх орноо, эх орныхоо уламжлал түүхийг хайрладаг, тийм учраас л Барууныхан манай эх орныг сулруулж, хэсэглэн хувааж, орос хэл, оросын ертөнцийг устгахыг хүсч байгаа” гэсэн суртлыг Кремлиэс байнга хийнэ.
 
Путины ярьдаг ганц сэдэв нь энэ болсон, тэгсэн хэрнээ цаагуураа Баруун руу байнга өнгөлзөнө, харин ч Украин руу Орос халдсанаараа ярьдаг сэдвээ нотолсон, тэр сэдвээ ухуулсаар байгаад дараагийн дайчилгаагаа явуулна. ХХ зууны 20-30-аад оны зөвлөлтийн пропаганда эргэж санагдав, барууны орнууд бүрэн эрхт байдалгүй тэднийг глобал корпорац удирддаг гэдэг нь Лениний империализм бол капитализмын эцсийн дээд шат мөн гэсний XXI зууны хувилбар болох аж.
 
 
Путинд үр дүн–ялалт нэн хэрэгтэй, гэтэл тэр нь алга. Бахмутыг авах гэж өдөр шөнө алгасалгүй 4 сар байлдаад мухардсан. Энэ давшдаг аргаараа явган цэргээр атаклаад байхул 5 дугаар сар гэхэд 200 мянган үхэл хорогдолтой сууж байх нь. Бахмут, Соледарт үхэн хатан үзэлцэн байна. Украин цэргүүдийн эрэлхэг баатарлаг гэхээсээ сурмаг чадмаг овсгоо илт ялгарна. Орос-Украины дайны түүхэнд тэднийг тэмдэглэхээр. Фронтод орос хоногтоо бараг 1000 цэргээ алддаг боллоо. Араас нь ирүүлээд үхүүлээд байх нь.  Бахмут, Соледар нь стратегийн үүднээс ямар ч ач холбогдолгүй газар, тэгэхлээр нь аль нэгд нь оросын далбаа мандаж түүнийгээ Путинд илтгэсэн байх л учиртай, оросын бүх зурагтаар цацна. Гэвч хүлээсээр, хүлээлт дунд орос цэрэг эрсэдсээр. Путины ультиматум ч тоймоо алдсан–Ямар ч үнээр хамаагүй украин ялагдахгүй бол Днепр шиг орон сууцуудыг чинь пуужиндана. Тэгж пуужиндсаар байгаад санаачилга авна гэсэн гэнэн итгэлээ гээхгүй.
 
Орост гурван давуу тал байна. 1. Томын хэмжээ. Хүн амаасаа хичнээн л бол хичнээн цэрэг татаад байж чадна. Байгалийн асар их баялагтай. 2. Хүйтэн дайны үед хуримтлуулсан зөвлөлтийн зэвсгийн нөөц. 3. Командлал нь өршөөлгүй. Хичнээн ч цэргээ алуулсан хотойхгүй.
 
Киевтэй хэлэлцээ хийх гэж хичнээн уриалан дуудаад цаадуул нь таг чиг болсон. Хэлдэг ганц үгтэй: - Манай нутаг дэвсгэрээс гар аа! Дараа нь хэлэлцээгээ хийе! Киевтэй яриад нэмэр алга, иймд цаад Баруунтай нь хэлэлцээ хийе гэсэн яриа хөөрөө Москвад дуулдана. Барууныг энэ дайндаа татан оруулах аян шалтгийг Кремль уйгагүй хайна. Дайчилгаа явуулж цэрэг татаад олноор нь фронт руу илгээж их бууны махан таташ болгох нь Украин ба Баруунтай нэгэн зэрэг тулалдаж байна гэдэг үзэгдэл. Оросын ард түмэнд хэлэх үгтэй болно.
 
Тэгснээ Баруунтай наймаалцах тухай гэнэт санал дэвшүүлэв. Украиныг хоёр хувааж хоёр өөр улс болгоод нэгийг нь Баруунд нь үүрд үлдээгээд, нөгөөг нь урвагч Виктор Медведчукаар толгойлуулан тусад нь өрх тусгаарлах тухай ярьжээ. Энэ бол Украиныг хэзээ ч ялахгүй юм байнаа гэдгийн нэг нотолгоо юм. Нэг юм авч салах эцсийн горьдлого нь.
 
Гэсэн ч 2023 онд дайн Украины ялалтаар дуусна, харин Путинд цөмийн зэвсгийн шантааж л үлдэнэ, дэлхийн хамтын нийгэмлэгт тэрээр бүрэн ганцаардана. Фронт дээр Украины зэвсэгт хүчин урагшлах тусам, хот суурингуудаа чөлөөлөх тусам оросууд зөвхөн удирдагчаа л харна, дүгнэнэ, тэглээ гээд оросуудын сэтгэлд дайны гал дүрэлзэхгүй, тиймээс хоёр дахь дайчилгаа эхнийхээсээ бүр суларна. Орос огтоос ялахгүй байна, ялагдаж байна гэдгийг оросын жирийн иргэдэд мах цусанд нь суутал ойлгуулах гэж харин их цаг хугацаа орно доо.  
 
Пентагоны мэдээ: Израильд нөөцөлдөг зэвсгийн агуулахаасаа 300 мянган сум галт хэрэгсэл Украинд нийлүүлэхээр АНУ, Израиль хоёр хэлэлцэн тохирчээ. Путины найз Нетьянагу Ерөнхий сайд болж, Путин эмчлүүлэхээр Израильд очих тухай яригдаж байдаг, араар нь! Тэгснээ холбоотон Иран, бас Серби нь “Крым, Донбасс бол Украиных” гээд зарлачихав! “Энэ дайнд Путиныг ялуулж болохгүй” хэмээн Сербийн Ерөнхийлөгч хэлчих вүү? Одоо Серби рүү цэргийн тусгай ажиллагаа явуулж таарлаа даа?
 
Орос, англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Д.Номиндарь