сонин mn
ЗӨВЛӨЛТИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ АВТОНОМИТ ТУВА
 
Урианхайн хязгаар өөрсдөөс нь үүрд салан одсон үнэнтэй эцэст нь монголчууд эвлэрэхээс өөр аргагүй болж, 1926 онд БНТТАУ–ыг хүлээн зөвшөөрчээ. Удалгүй зөвлөлтүүд Дондог мэтийн “Монголын талынхныг” зайлуулан, залхаан цээрлүүлж Салчиг Тогоо хэмээх өөрийн бэлтгэсэн хүнийг оронд нь тавьсан ба үүнээс хойш Урианхайн хязгаар Монголтой нэгдэх асуудал дахиж гараагүй ба харин ч 1930-аад оны үеэс эхлэн газар нутаг булаацалдсан зарга зальхай босгож ирэх болжээ. 
1926 оноос Бүгд найрамдах Тува ард улс гэж албан ёсоор нэрлэгдэх болсон. Үүнээсээ өмнө 1924 онд Тувагийн тусгаар тогтнолыг СССР хүлээн зөвшөөрчээ. Хоёр жилийн дараа БНМАУ тэднийг хүлээн зөвшөөрсөн ба 1944 онд СССР-ийн бүрэлдэхүүнд орох хүртэл нь дэлхийн ямар ч улс энэ тусгаар улсыг хүлээн зөвшөөрөөгүй юм.
 
Зөвлөлтийн гадаад бодлогыг тодорхойлогч сайд Чичериний дэвшүүлсэн үндсэн зүйлүүд нь:
 
Гадаад Монголын талаар. БНМАУ нь Хятадын суверенитетийн дор автономи байх хэлбэрийг бид тунхаглах боловч хэрэг дээрээ улс төр, эдийн засгийн байгууллын хувьд Монголыг Зөвлөлт маягийн хэлбэрт ойртуулахын тулд бид ажиллана.
 
Өвөр Монголын талаар. Өвөр Монголыг өөртөө нийлүүлэх гэсэн Монголын Засгийн газрын хүслийг бид Хятад дахь манай улс төрийн байдлын улмаас татгалзана…
 
Урианхайн хязгаарын талаар. Урианхайн хязгаарыг бид Хятадын ивээл дор Монголын нэгэн адил автономи байх тусдаа бүгд найрамдах улс гэж үзэх учир түүнийг Монголтой нэгтгэхийг татгалзана
 
[1]. Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөх асуудалд холбогдсон баримт бичиг (“Дорно-Өрнө” сэтгүүл 1992 #2) [Documents and materials related to the conflict surrounding the recognition of Mongolian independence]
 
Каирт 1943 оны арваннэгдүгээр сарын 23-нд АНУ-ын Ерөнхийлөгч Рүзвэльт, зөвлөх Хопкинс нар Чан Кайши, түүний эхнэр Сүн*, Батлан хамгаалах зөвлөлийн дарга Ван Чүнхуй* (Wang Chughui) нартай уулзжээ. Ерөнхийлөгчөөс Тувагийн өнөөгийн статус болон хөршүүдтэйгээ хэрхэн харилцаж буй лавласан байна.
 
Чан Кайши: “Энэ газар нутгийг оросууд өөртөө хүчээр нэгтгэхээс өмнө Хятадын бүрэлдэхүүн болох Гадаад Монголын хэсэг байсан юм. Цаг нь болохоор Тувагийн асуудлыг Гадаад Монголтой хамтаар нь Зөвлөлттэй яриа хэлэлцээний замаар шийдвэрлэнэ” гэлээ. 
 
1921 оноос Танну Тува гэгдэх болсон Гадаад Монголын Урианхайн хязгаар буюу бас нэгэн тоглоомын бүгд найрамдах улс 1944 онд “өөрийн хүсэлтээр” СССР-ийн олон үндэсний “ариун бүлд” нэгдэн оржээ. Тэндэхийн Чойбалсан болсон Салчиг Тогоо гэгч этгээд энэ үйлдлийнхээ шанд Лениний одон 8 удаа хүртсэн нь Зөвлөлтийн түүхэн дэх нэг төрлийн дээд амжилт юм. 1944 оны 8-р сарын 17-нд Тувагийн 7-р бага хуралаас тус улсыг СССР-ийн харъяа болгох хүсэлтийг Зөвлөлтийн Дээд зөвлөлд өргөн барихаар шийдвэрлэв. Дээд зөвлөл уг хүсэлтийг 10-р сарын 11-нд баталгажуулж Тува нь Зөвлөлт Оросын бүрэлдэхүүнд автономит мужийн статустайгаар нэгдэв. Бүх процессийг чандлан нууцлалтайгаар явуулсан. Балтын орнууд, Молдавыг СССР өөртөө нэгтгэснийг 18-19-р зуунд эдгээр нь Орост харъяалагдаж байснаар тайлбарладаг. Баруун Украин, Баруун Беларусийг СССР-т нэгтгэснийг оршин суугчид нь украин, беларусь үндэстэн байсан гэдгээр тайлбарладаг. Гэтэл Урианхайн хязгаар гэж нэрлэгддэг Тува нь Сибирийн өмнөд хэсгээр амьдардаг, түрэг хэлтэй, нүүдэлчин ард түмэн ба аль 11-р зуунаас монгол овогт аймгийн тоонд багтаж, төрх байдал, ахуй соёл, шашин, улс төр, эдийн засгийн хувьд тэдэнтэй бат бэх холбоотой явж байсан. Өөрөөр хэлбэл Тува хэзээ ч Оростойогт хамаагүй түүхтэй. Өөрт нь огт хамаагүй энэ орон, газар нутаг, ард түмнийг анекс хийн булаан авахад ямар ч түүхэн тайлбар үгүй тул ихэд нууцалсан бололтой.
 
[2]Трифонов Евгений Зөвлөлт ба Монгол далд түүх; Тува: Мартагдсан аннекс (Nepko publishing Улаанбаатар 2019) х-294
 
1944 онд ийнхүү Тагна Тува СССР-ийн “ариун гэр бүлд” нэгдлээ. Салчиг Тогоо дахин нэг Лениний одон авч шууд л дэслэгч генерал цолоор шагнуулав. Өрнөдийн зарим судлаачдын шоглож нэрлэснээр Тува нь 1921-1944 онд СССР-ийн Холбооны яамны бизнес л байжээ, Учир нь, энэхүү өчүүхэн хүн амтай улсын Ленинградад хэвлүүлдэг шуудангийн марк нь марк цуглуулагчдын дунд их л эрэлттэй ховор зүйлийн нэг аж. 
 
Тагна Туваг 1944 оны аравдугаар сард СССР-ийн бүрэлдэхүүнд автономи статустайгаар нэгтгэсэн нь их учиртай. Дэлхийн дайн дуусч, удахгүй болох Ялтын гэрээгээр дэлхийг дахин хуваах болно. Энэ хуваалтаас өмнө амжиж өдий болтол тоглоомын улсаар хадгалж байсан Туваг амжиж өөртөө аннекс хийн авлаа. Хорвоо тэр чигээрээ дайны утаанд хахаж цацаж байсан тэр үед энэ зэргийн аннексыг бараг хэн ч анзаарсангүй. Туваг зөвлөлтүүд залгиад удирдагчийг нь шагнахаар Монголын шинэ залуу удирдагч Цэдэнбал магадгүй атаархан барьцаж Гадаад Монголыг тэр чигээр нь Зөвлөлтөд нэгтгэх санал дэвшүүлэв.
 
Энэ саналыг сонссон
 
Сталин: “Монголия не Тыва, это историческая великая страна!”* гэсэн гэдэг.
 
Хэрвээ Гадаад Монгол нь 1696 оноос Манж Чин улсын бүрэлдэхүүнд орсон ба 1912 онд байгуулагдсан Хятадын бүгд найрамдах улс нь Чин династийн шууд өвлөгч мөн гэж хятадууд үздэг юм бол тэднийхээр Тува ч мөн Хятадад харъяалагдах ёстой болж байна. Хятад улс 1945 онд Гадаад Монголыг одоо байгаа хилийн хүрээнд нь тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрсөн. Гэтэл 1914 онд Хаант Орос Урианхайн хязгаарыг хууль бусаар өөрийн протекторат гэж зарласан, 1921 онд хэн ч хүлээн зөвшөөрөөгүй байхад Урианхайн хязгаарыг Гадаад Монголоос салгаж бие даасан тусгаар улс гэж зарласан, 1944 онд СССР-ийн бүрэлдэхүүнд багтах автономт эрхтэй субъект гэж зарласан Тагнын Урианхайн хязгаар нь олон улсын болон улс хоорондын ямар ч гэрээ хэлэлцээрт тусгагдаагүй. Дайны дараах дэлхийн шинэ хуваагдлын Каирын, Тегераны, Ялтын гэрээнд ч Тува тусгагдаагүй. 1945 оны СССР-Хятадын гэрээнд ч энэ талаар яригдаагүй. Хятадын бүгд найрамдах улс 1946 оны 1-р сарын 6-нд БНМАУ-ын тусгаар тогтнол бүрэн эрхт бай;лын албан ёсоор хүлээн зөвшөөрөхдөө үүндээ Зөвлөлтийн бүрэлдэхүүнд нэгдсэн гэгдэх Туваг оруулж тооцоогүй. Ингэхээр Тува нь өнөө болтол хэнд хамаарах нь олон улсын гэрээ хэлэлцээрээр баталгаажаагүй хууль бус субъект болж таарч байна. 
 
МОНГОЛ ТУВАГИЙН ХИЛИЙН МАРГААН
 
Яагаад дөрвөдүүд Хөх нуураас дүрвэн нүүсэн учир шалтгаан нь мэдэгддэггүй, магадгүй байгалийн асар хүнд бэрхшээл, гамшгаас болсон байж болох гэдэг ч, тэгвэл бусад нь яагаад дүрвээгүй юм гэсэн асуулт гарна. Амарсанаа, Чингүнжавын бослогыг дарахаар ирсэн Манжийн найман тугийн цэргийн тавынх нь толгойлогч Хөх нуурын дөрвөд ноёд байсан. Үүний дөнгөж дараа Манжийн хаанаас дөрвөдүүдийн зүтгэлийг үнэлэн 1758 онд өнөөгийн Увс аймгийн баруун талаар газар өгч, тэнд нутагладаг тува нарыг Сияаны нуруу тийш хойш нь шахан хөөжээ. Тувачууд хуучин сууж байсан нутгаа одоо болтол өөрийнх гэж үздэг учир Тува-Монголын хилийн маргаан олон жилийн турш будлиан үүсгэх шалтаг болсоор иржээ. 
 
1932 онд СССР-ын шахалтаар Тува БНМАУ-ын хилийн маргааныг цэгцлэх хэлэлцээ болжээ. Тувагийн шаардлагаар Тагна уулын урдуурах Мөнгөн тайгийн, Өвөрийн, Тэс-Хэмчигийн, Эрзин хошууны нутаг хэлэлцээрт хамрагдах аж. Гэндэнгийн Засгийн газраас Давст уулын асуудлыг тусгайлан салгаж, уулыг Тувад харъяалуулах авч уулын давсыг хамтарч ашиглах тогтоол гаргасан байна. Энэ нь Монголын удирдлагын хүрээнд бөөг хэрүүл болон өргөжиж Улсын бага хурал шийдвэрийг батлахаас татгалзжээ.
 
[3]Лузянин С. Г. Россия - Монголия - Китай в первой половине XX века. Политические взаимоотношения в 1911-1946 гг.. — М.: «ОГНИ», 2003. 320 с.
 
1937 онд Монголын тал 1932 оны хилийн хэлэлцээг “шударга бус” гэж зарлаж, ЗХУ-ын оролцоотойгоор хэлэлцээр шинэчлэх санал тавьсан юм. Тува СССР-ын бүрэлдэхүүнд нэгдсэний дараа ч энэ саналаа олон удаа тавьсан. Гэвч энэ бүх саналыг Зөвлөлтийн тал тухай бүрд нь няцаасан юм.
 
[4]Лузянин С. Г. Россия - Монголия - Китай в первой половине XX века. Политические взаимоотношения в 1911-1946 гг.. — М.: «ОГНИ», 2003. 320 с.
 
МАХН-ын Х хурлыг тохиолдуудан 1940 оны гуравдугаар сарын 28-нд Улаанбаатарт хийсэн хүлээн авалт дээр бөөн будлиан болжээ. Хүлээн авалтад Чойбалсан тэргүүтэй Монголын дээд удирдлага, Тувагийн ахдын хувьсгалт намын Ерөнхий нарийн бичгийн дарга Салчиг Тогоо тэргүүтэй Тувагийн төлөөлөгчид, зөвлөлтийн төлөөлөгч А.И.Иванов (бүрэн эрхт төлөөлөгч), Ю.К.Приходов (засгийн газрын зөвлөх), Г.К.Жуков болон бусад хүмүүс байжээ. Ивановын өдрийн тэмдэглэлээс сийрүүлэн авсан хэсэгт:
 
Тока БНМАУ, БНТАУ-ын хилийн маргааны тухай асуудлыг наргиан болгон хэлжээ. Гэтэл түүнээс болж Чойбалсан Тока хоёр маргалдав. Хундагатай шампан дарс барьсан Чойбалсан “Чи хаашаагаа хутгалдах гэсэн юм, хэнтэй заргалдах гэсэн юм бэ!” гээд Токаг алгадав. Тока над дээр хүрч ирээд, “ямар бүдүүлэг юм бэ, намайг биш, тувагийн ард түмнийг алгадлаа!” гэв. Миний бие Жуковтай хэдэн үг солилцоод энэ утгагүй наргианыг бид дуусгахаар шийдэцгээв. Бид Чойбалсанг хажуу тийш нь дуудаад, энэ үдэшлэгийг тараая гэж ярьж эхлэв. Чойлбалсан согтуу байсан бөгөөд, “Би Ерөнхий сайд, та яагаад надад ширүүн үг хэлэх гээд байгаа юм” гэсэн үг унагав.
 
[5]Лузянин, С. Г. Россия, Монголия, Китай в первой половине XX в. (изд-во Института Дальнего Востока РАН, Москва, 2003) стр-10[Luzyanin, S.G. Russia, Mongolia and China in thefirst half of the 20th century] Сталины Эзэнт гүрэнд монголчуудын нэгэн адил нүүдэлчин хасаг, хиргис, чантуу цаашлаад умард туйлын буга болон нохой хөлөгтнүүд ялсан пролетари орос, украин зэрэг слав үндэстний тусламжаар социализмыг гялалзтал амжилттай байгуулаад байв. Ингэхээр Монгол орон дангаараа социализм байгуулах бололцоогүй учир СССР-т нэгдэхээс өөр аргагүй юм гэсэн оюун дүгнэлтэд Цэдэнбал хүрчээ
 
[6].Гэрэл сүүдэр: Ю.Цэдэнбалын хувийн тэмдэглэлээс (Улаанбаатар 1992) [Light and Shadow: Tsedenbal`s private notes] Монголыг СССР-ийн бүрэлдэхүүнд оруулах санал бүхий захидал бичиг гарсны эхнийхийг нь Тува СССР-ийн бүрэлдэхүүнд багтан орсон тэр үед буюу 1944 оны долдугаар сарын 5-нд прокурор Жамбалдорж МАХНамын ТХ-ны УТТ-нд БНМАУ-ыг СССР-ийн бүрэлдэхүүнд оруулах саналаа албан ёсоор тавьсан байдаг. Чухамдаа Тува “өөрийн хүсэлтээр” СССР-ын бүрэлдэхүүнд сайн дураараа нэгдсэн явдал нь Цэдэнбалын хувьд Монголыг мөн СССР-тэй нэгтгэх санаачлагад хөтөлжээ. Энэхүү саналыг тухайн үед МАХН-ын ТХ-ны УТТ авч хэлэлцээгүй юм. Тувагийн талаар баримталсан Зөвлөлтийн бодлогыг үзэх аваас Монголоос өөрөөс нь ийм санал урган гарахад уг нь дургүйцэх явдал СССР-ийн удирдагчид гаргахгүй байж болох талтай мэт санагдана. Харин Чойбалсанд эл санал үнэхээр таашаагдаагүй бөгөөд үндэсний үзэл нэвт шингэсэн тэрбээр үүнд саад болж чадсан буй за. 
 
Цэдэнбал магадгүй марксизм ойлгодог байсан учраас буруутангуут өөрийнхөө доорх хүнийг санаачилга гаргагч хэмээн гүтгэчиж байгаа байх, харин олон улсын харилцааны нөхцөл байдал, геополитикийн талаар тун ядмаг төсөөлөлтэй нэгэн аж. Каир, Тегеран, Ялта, Подстамын уулзалтуудаар их гүрнүүд дэлхийг шинээр хуваасан. Чухам эдгээр тохиролцооны үндсэн дээр Монгол тусгаарласан бол Төвд тэгэж чадаагүй. Ялтын гэрээний өмнө Сталин амжиж Туваг өөртөө нэгтгэсэн. Дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдөж хөдөлгөөнгүй болсон шинэ хил хязгаарыг зах хязгаарын ядуу буурай орныг төлөөлсөн “ядуу малчны марксист хөвүүн” дураар эвдэх бололцоогүй. Олон улсын цоо шинэ дүрэм журам ноёрхох болсон цоо шинэ дэлхийд СССР хүсээд ч тусгаар тогтнолоо хүлээн зөвшүүрүүлсэн БНМАУ-ыг өөртөө нэгтгэж чадахгүй. Ийм энгийн юмыг ойлгох боловсрол Цэдэнбалд байсангүй.
 
Нэгэнт Тува тусгаарласан болохоор Монгол, Тува хоёрын хооронд хилийн маргаантай асуудал үүсчээ. Үүнийг тэдний зүгээс 1924 онд, дараа нь 1932 онд тавьсан байна. Молотов 1957 оны зургадугаар сард СССР-ээс БНМАУ-д суух элчин сайдаар томилогдон ирүүтээ л энэхүү хилийн асуудлыг сөхөн тавьжээ. Энэ удаа шинэ хэлэлцээрт дуудсан “санаачлага” Тувагийн талаас биш, Кремлиэс. Ингээд мөн оны арваннэгдүгээр сард МАХН-ын УТТ-ноос хилийн шугам тодруулах Засгийн газрын төлөөлөгчдийг батлах тогтоол гаргаж даргаар нь Ерөнхий сайдын орлогч, ГЯЯ-ны сайд С.Аварзэдыг* томилов. Тогтоолд “хилийн шугамыг тодруулах хэлэлцээ явуулахдаа түүхэн материалыг голчлон үндэс болгохоос гадна ард түмний одоогийн амьдралын шаардлагыг харгалзан үзэхийг”
 
[7]МАХН-ын ТХ-ны УТТ-ны 1957 оны 387 дугаар тогтоол МАХН-ын архив [Resolution numder 357 of Poliburo of MPRP, 1957 ] даалгасан байна.  “Одоогийн амьдралын шаардлагыг харгалзан үзэх” асуудал нь Монгол улсын баруун болон баруун хойд хилийн дагуу гүнээрээ 3-30 километр, нийт 300 километр урт зурвас байлаа. “ГЯЯ-ны сайд нарыг олныг үзсэн, чам шиг нь зөндөө байдаг юм” гэж тэрээр Аварзэдыг загнасан боловч үнэндээ ийм гөжүүд сайд бараг үзээгүй байлаа. Молотовын газрын зураг дээр зурж засварласан өөрчлөлтийг сайд хүлээж авах битгий хэл сонсох ч дургүй байв. Гэтэл Молотовт гавьяа хэрэгтэй байлаа. Алсын энэ жижиг Монголоос үүнээс өөр олдчихмоор олигтой “гавьяа” үзээд өгье гэхнээ үгүй. Хилийн шугам тодотгох Зөвлөлтийн Засгийн газрын талын тэргүүн болсон тэрээр Аварзэдыг элдвээр доромжлон сүрдүүлж, айлгах гэж хичээнэ. Молотовын саналаар Тэс, Шишгэд зэрэг гол сав газартайгаа Зөвлөлтийн талд шилжих ёстой аж. Аварзэд түүхэн нөхцөл байдлыг урьдаас нь тулгаад зөрөв. “Түүх мүүх ямар падтай юм! Бид социалист лагерийг тэр чигээр нь хамгаалж байна, танайх үүнд хувь нэмрээ оруулах ёстой, та нар СССР-ийн бүрэлдэхүүнд оръё гэж саяхан болтол өргөдөл барьж гүйчихээд юун хил мил манатай!” гэж аашлав. Хилээ хэвээр нь үлдээгээд баялгийг нь хамтарч ашиглая гэж Аварзэд гуйжээ. “Манайх техник-эдийн засгийн хувьд өндөр хөгжилтэй орон учир энэ газрыг хурдан ашиглаж чадна” гэсэн хариу хэлэх аж. Гээд залуу сайд бууж өгсөнгүй. Харин ч чангарч Молотовтой хэд хэдэн удаа ам мурийжээ. Аварзэд түүнд “энэ бол 39 он биш 57 он шүү!” гэжээ. Бодвол тэрээр Риббентроп-Молотовын нууц хэлэлцээрийг хэлсэн бололтой.
 
Аварзэдын ард намын дарга Дамба байлаа. Тэрээр сайдыг зоригжуулан “өөрийнхөөрөө зүтгэ” гэж өөгшүүлнэ. Тэгэх мөртөө өөрөө эмнэлэгт хэвтээд нуугдчихжээ. Төрийн тэргүүн Ж.Самбууд хандахад “Харин ээ” гэсэн хачин хариулт өгсөн нь энэ үгийн ард асуултын тэмдэг ч тавьж болохгүй, анхаарлын тэмдэг ч тавьж болохгүй “дипломат” хариулт байлаа. Харин Цэдэнбал хэрүүл удсан энэ газрыг өгч салах сонирхолтой байв. “Наадахыг чинь цагтаа Ерөнхий сайд Цэрэндорж өгөхөөр тохирчихсон юм гэнэлээ. Чи зүгээр л гарын үсгээ зураад өгчих” гэж ятгана. Үнэндээ Монгол, Тувагийн хилийн асуудал 1932 онд босч ирж байсан, тэгэхэд Цэрэндорж нас бараад өчнөөн жил болчихсон байсан. Тэгээд ч “өгөхөөр тохирсон” шийдвэр огт байгаагүй. Ямар ч үндэслэлгүйгээр нутгаасаа газар тасдан өгөхийг тэрээр илээр дэмжих буюу шахаж бас чадахгүй байсан бололтой. 
 
Гэтэл асуудал явсаар Хрущёвт хүрчээ. “Хилийн шугам тодотгох хэлэлцээнд Монголын талыг толгойлж байгаа хүний байр суурийг ойлгохгүй байна” гэж Кремлийн эзэн омогдов. Энэ нь асуудлыг нэг тийш шийдэх хялбар зам боллоо. Цэдэнбал Москвагаас ирүүтээ “...хил тодотгох тухай хоёр талын ажиллагаа эхлээд хоёр сар болж байна. Энэ хугацаанд хэлэлцээний байдал удааширч зөрөлдөх байдалд орсон байна. Үүнийг Монгол-Зөвлөлтийн найрамдлын амьсгалаар шийдэх ёстой” [8]Пүрэвдагва Н., Туяа.С Будант жилүүдийн эмгэнэл буюу Лувсанцэрэнгийн Цэнд (Улаанбаатар 1999) х-94 [Purevdagva, N. Tragedy in thedark years: Luvsantserengiin Tsend] гэж зэмлэлээ. Ингээд Аварзэдыг Монголын талын төлөөллийн ахлагчаас хусч орхив. Аварзад өөрийн гөжүүдлээд байгаагаа Цэдэнбалд “Яагаад гэвэл би монгол хүн” гэж товчхон таййлбарлажээ.Түүнийг газар нутгаа харамлалаа гэсэн шалтгаанаар шууд буруутгаж чадалгүй Унгарт Элчин сайдаар явуулжээ. Жилийн дараа дуудаж авчраад хөдөө нэгдлийн дарга болгосон ба улам уруудуулсаар хэдэн жилийн дараа ердийн жолооч болгосон юм. Бусад жолооч нараас ялгаатай нь машинынхаа бүхээгт байнга франц ном уншиж суудаг байжээ. Машиныхаа бүхээгт франц ном уншаад сууж байгаа ердийн жолоочтой таарсан Францын сэтгүүлч монголчуудын боловсролыг шагшин гайхаж энэ талаар өгүүлэл бичсэн нь бий.
 
Энэ үед намын дарга Дамбыг ажлаас нь зайлуулах ажил бэлтгэгдэж байлаа. Хрущёв СССР-т нэгдүгээр хүн болохын хэрээр Ерөнхий сайд биш намын даргын үнэ цэнэ нэмэгдэж байв. Дамба унахаар Ерөнхий сайд, намын дарга гэсэн хоёр том суудлын ядахнаа нэг нь онгойно. Үүнд хамгийн их дуршилтай нь Цэнд байлаа. Чухам энэ шохоорхлоосоо болоод тэрээр Цэдэнбалд тун амархан олзлогдов. Тэрээр Аварзэдын оронд төлөөлөгчдийн тэргүүн болж Цэдэнбалын ятгасан, Молотовын шахсан бүхий л саналыг үг дуугүй хүлээн авч гарын үсгээ мутарлалаа. Энэхүү нэрээ бузарласан “тэнэг” зоригийнхоо шанг хүлээх л түүнд үлдэв бололтой. Монгол улс энэ хэлэлцээрээр хамгийн үзэсгэлэн төгөлдөр олон ам километр газрыг үүрд алдав. Алдагдсан газарт Цэдэнбал, Цэнд нарын өөрсдийнх нь тоонот бас багтжээ. 
 
Цэдэнбал 1916 оны есдүгээр сарын 17-нд Хандгайт гэдэг газар төрсөн гэж анкетаа бөглөдөг. Хандгайт боомт, Тувагийн Хандгайт сомон зэрэг нь хилийн цаана бий. Монголын хилийн боомтыг Боршоо гэнэ. Төрсөн газраа бусдад бэлэглэсэн авч газар тасдан өгөхийг тэрээр илээр дэмжих буюу шахаж бас чадахгүй байсан бололтой. Гэвч энэ талаар хэл ам гарах болсон учир Цэдэнбалын төрсөн бууц “Тун мэндийн өвөлжөө”-г сүүлд шинээр босгосон, жинхэнэ нь цаанаа байгаа гэж учир мэдэх хүн ярих юм билээ. 1981 онд Цэдэнбал Увс аймгийн Давст суманд айлчлахдаа хил гарч жинхэнэ өвөлжөөндөө очиж үзжээ. 
 
Хил тодотгох ажил 1962, 1976 онуудад дахин сэдэрч харилцан комисс гарган 250 гаруй жилийн түүхтэй демaркацийг эргэж хяналаа. Ингээд энэхүү гурван удаагийн тодотголоор Тувад 2 321,7 ам километр, Буриадад 120,7 ам километр, нийт 2 442,4 ам километр нутгийг СССР-т алджээ [9].Давааням, П Сөөм газар ч ард түмнийх (Ил товчоо сонин 1991) [Davaanyam, P. Every inch eath belong to people] Үүний дотор үргэлж Монголын хил дотор бүтэнээрээ багтаж байсан Увс нуурын хойд эрэг Орост харъяалагдах болсноор уул нуур хил дамнасан хоёр улсын дундын эзэмшил болжээ. 1997 онд Монголын парламент Орос, Монгол, Хятад гурван улсын хилийн уулзвар заагийг тогтоосон гурвалсан гэрээг баталлаа. Ийнхүү Монгол улс бүрэн демaркаци хийгдсэн хилтэй боллоо. 
 
АЛБАН БУС ТЫВА
 
1991 онд СССР задарсны дараа Оросын орос биш цөөнх үндэстнүүдийг Бүгд найрамдах улс гэж нэрлэн Үндсэн хуультэй, Ерөнхийлөгчтэй болгосны нэгэнд автономит Тува багтсан. Албан ёсны нэр нь Бүгд найрамдах Тыва улс. Бүгд найрамдах улсын баярыг 8 дугаар сарын 15 буюу 1921 онд тусгаар улс гэж заралсан огноогоор тэмдэглэх болсон. Ерөнхийлөгчийн албан тушаалыг 2002 онд хүчингүй болгожээ.
 
СССР тарсны дараа олон ургалч үзэл зөвшөөрөгдсөний нэг нь Хотут Тыва (Чөлөөт Тува) гэсэн үндсэрхэг байгууллага Тусгаар тогтносон Тува улсыг “зарлаж”, Оросын холбооны улсаас гарч тусгаарлахыг шаардах болжээ. Тэд орос иргэдтэй зөрчилдөн элдвээр шахах, хөөх, айлгах болсон тул зөвхөн 1992-1993 онд 20 мянга гаруй орос оршин суугчид Туваг орхин гарсан байна.
 
[10]Хамраев Виктор."Национализм вполне согласуется с демократией" // Коммерсантъ Власть : журнал. — 2006. — 4 сентября (№ 35). — С. 26. Тува, ирж оршин суух орос үндэстний зөрчил их эртнийх ба анч удамтай тувачууд орос хүмүүсийг алсаас буудан алах явдал элбэг байжээ. Иймээс Тува СССР-ын харъяанд орсны дараа амиа хамгаалах үүднээс тува хүмүүсийг хорооход ял тооцохгүй хуульүйлчилж байсан нь 1956 он хүртэл хүчинтэй байсан гэдэг. 2014 онд Тува Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтсаны 70 жилийн ойг тэмдэглэх ёстой байсан ч “70 жилийн ойг тохиолдуулан 70 оросыг буудан хорооно” гэсэн цуурхал дэгдсэнээс болоод ойг өргөн тэмдэглэж чадаагүй гэж ярилцдаг.
 
Нүүдэлчид тувачууд өдгөө нэг сая орчим толгой хонь ямаа, 180 мянган толгой үхэртэй. [11]Социально-экономическое положение Республики Тыва в 2020 году. Дата обращения: 17 апреля 2021. 2016 онд мах комбинат байгуулагдаж жилд 400 мянга орчим тонн мах бэлтгэдэг нь малын тоо толгой хорогдоход нөлөөлжээ. 
 
Тувагийн хөрсөнд өнгөт метал болон газрын ховор элемэнт, чулуун нүүрс, төмөр, алт ихээр илэрдэг. Улуг-Хемский нүүрсний ордын бассейн нь 14 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэж тогтоогджээ. Гэвч уг орд Сияаны өмнө талд байдаг учир нуруу давж Орос руу гаргах боломжгүй учир урагшаа Монголоор дайруулан Хятадад экспортлох тухай олон жил яригдаж байна. 
 
Тува нь СССР-ийн бүрэлдэхүүн орсноосоо хойш өдий хүртэл Оросын хамгийн ядуу районд тооцогдсоор ирлээ. 2017 оны статистикаар хүн амын 40 гаруй хувь нь ядуурлын доод төвшинд байна. Тус улсад хүүхдийн ядуурал урьд өмнө байгаагүй өндөр түвшинд байна. Хүн амын бүтцэд хүүхдийн тоо 35 орчим хувьтай байгаа бөгөөд ажлын байргүйн улмаас ихэнх гэр бүл тэтгэмж халамжаар амьдардаг. Ажилгүйдэл 20%. Орос улсын эдийн засагт Тувагийн эзлэх хувь: Аж үйлдвэрт-0.0%, Хөдөө аж ахуйд 0.2%, Бараа эргэлтэд 0.1%, Хөрөнгө оруулалтаар 0.0%. Оросын холбоон дотроо хөрөнгө оруулалтын эрсдэлээр 81 дүгээр байр, хөрөнгө оруулалтын чадамжаар 81 дүгээр байр, Тувад орон сууцны барилгажилт бараг явагддаггүй, авилга болон гэмт хэрэгийн үзүүлэлт Оросын холбоондоо хамгийн өндрийн нэг.
 
[12]В 2017 году бедность в Республике Тыва составила 41,5 % — агентство ТАСС. Дата обращения: 22 сентября 2020. Жалгархах, нутаграх хамаатан саднаараа бүлэрхэх хандлага маш өндөр үзүүлэлттэй. 
 
Архидан согтуурах явдал бараг бүх нийтийг хамарсан гэж хэлж болохуйц. Зөвлөлтийн үед малчдын цалинг тавихдаа зэрэгцээд авто мухлаг дагалдан архи зардаг байжээ. Зэргэлдээ монголчууд тува айлын өвөлжөөнөөс олсон лонх цуглуулан хил давуулан авчирч түүгээрээ мотоцикл худалдан авдаг байсан гэдэг. Монгол Тувагийн хил дамнасан харилцан мал хулгайлах явдал элбэг байв. Тувад малын тоо эрс хорогдсон учир өдгөө ийм хулгай зөвхөн нэг талын урсгалтай болжээ. 
 
1956 онд төрсөн, барилгын талбайн зохицуулагч мэргэжилтэй Сергей Шойгу Путины эрин үед улс төрийн гялалзсан амжилт гарган Оросын холбооны улсын Батлан хамгаалахын сайд, армийн генерал болсон нь өнөөгийн тувачуудын бараг цор ганц үндэсний бахархал. Тувачууд түүнийг монгол урианхайн нэрт жанжин Сүвэдэй баатрын удам угсаа гэж итгэдэг (урианхай гэх тэдэнд огт хамаагүй нэршлээс болоод!) Шойгу ч өөрөө үүнд үнэмшдэг байх. Тува нар Сүвээдэйн 27 тонн хөшөөг босгожээ. Тувагийн урчууд зураачид Сүвээдэй, Шойгу нары хосолмол баримал, уран зураг бүтээсээр. Тувад аль олигтой болгоноо генерал Шойгугийн нэрэмжит болгосны дотор гахайн ферм ч бас багтана. Харин украин эхтэй Шойгу ядуу буурай Туваг тоодог юм болов уу? Жил бүр Ерөнхийлөгч Путинийг төрсөн нутагтаа урин авчирч Сияны нуруунд амарч, ан хийдэг. Энэ нь тувачуудын хувьд “явления Христа”?
 
Оросын Украин дахь түрэмгийлэлд хамгийн их хохирогчтойд Киевээс 10 мянган км алс амьдардаг тувачууд ордог. Украинд алагдсан цэрэгийн тоо нь 10 мянган хүн амд нь харьцуулахад тува нар буриадуудын хамтаар тэргүүн эгнээ эзэлж буйг тооцоолжээ. Цэрэгт үрэгдсэн дайчдын ар гэрт нөхөн олговор гэж ганц ганц амьд хонь өгч буй мэдээ фотогийн хамт олон нийтийн сүлжээнд гарсан байсан.
 
2022.11.28
 
Баабар
 
*Сүн Мэйлин (1898-2003) Мадам Чан Кайши ч гэдэг. Сүнь Ятсэний бэргэн, Чан Кайшигийн эхнэр, Хятадын тэргүүн хатагтай, Хятадын амьдралд нэн нөлөөтэй байсан эмэгтэй.
 
*Ван Чүнхуй (1881-1958) Хятадын дипломат, Гадаад яамны сайд (1937-1941)
 
*“Монгол бол Тува биш. Энэ бол түүхэн том гүрэн”. Сталин ингэж хэлсэн гэдгийг 1995 онд академич Б.Ширэндэв зохиогчид ярьсан юм.
 
*Аварзэд, Сономын (1922-1989) Монголын Гадаад яамны сайд (1957-1958)
 
[1] Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөх асуудалд холбогдсон баримт бичиг (“Дорно-Өрнө” сэтгүүл 1992 #2) [Documents and materials related to the conflict surrounding the recognition of Mongolian independence]
 
[2]Трифонов Евгений Зөвлөлт ба Монгол далд түүх; Тува: Мартагдсан аннекс (Nepko publishing Улаанбаатар 2019) х-294
 
[3] Лузянин С. Г. Россия - Монголия - Китай в первой половине XX века. Политические взаимоотношения в 1911-1946 гг.. — М.: «ОГНИ», 2003. 320 с.
 
[4]Лузянин С. Г. Россия - Монголия - Китай в первой половине XX века. Политические взаимоотношения в 1911-1946 гг.. — М.: «ОГНИ», 2003. 320 с.
 
[5] Лузянин, С. Г. Россия, Монголия, Китай в первой половине XX в. (изд-во Института Дальнего Востока РАН, Москва, 2003) стр-10[Luzyanin, S.G. Russia, Mongolia and China in thefirst half of the 20th century]
 
[6] Гэрэл сүүдэр: Ю.Цэдэнбалын хувийн тэмдэглэлээс (Улаанбаатар 1992) [Light and Shadow: Tsedenbal`s private notes]
 
[7] МАХН-ын ТХ-ны УТТ-ны 1957 оны 387 дугаар тогтоол МАХН-ын архив [Resolution numder 357 of Poliburo of MPRP, 1957 ]
 
[8] Пүрэвдагва Н., Туяа.С Будант жилүүдийн эмгэнэл буюу Лувсанцэрэнгийн Цэнд (Улаанбаатар 1999) х-94 [Purevdagva, N. Tragedy in thedark years: Luvsantserengiin Tsend]
 
[9] Давааням, П Сөөм газар ч ард түмнийх (Ил товчоо сонин 1991) [Davaanyam, P. Every inch eath belong to people]
 
[10] Хамраев Виктор."Национализм вполне согласуется с демократией" // Коммерсантъ Власть : журнал. — 2006. — 4 сентября (№ 35). — С. 26.
 
[11]Социально-экономическое положение Республики Тыва в 2020 году. Дата обращения: 17 апреля 2021.
 
[12]В 2017 году бедность в Республике Тыва составила 41,5 % — агентство ТАСС. Дата обращения: 22 сентября 2020.