sonin.mn
Барон Унгерны Монгол Улс болон Алс Дорнод дахь улс төрийн үйл ажиллагаанд нийт монголчуудын нэрийн өмнөөс гадаадын бусад улс орнуудтай дипломат харилцаа тогтоох, олон улсын байгууллагад гишүүнээр элсэх Монгол Улсын хүсэлтийг хүлээн зөвшөөрүүлэх талаар явуулж байсан бодлого, үйл ажиллагаа чухал байр суурийг эзэлдэг билээ. Алс Дорнодын улс төрд анх оролцож эхэлснээс хойш Барон Унгерн болон Атаман Семёнов нар нийт монголчуудын төлөөллийг 1918 онд АНУ-ын Филаделфия хотод зохион байгуулагдсан Дарлагдсан үндэстнүүдийн олон улсын хөдөлгөөний анхдугаар чуулган болон 1919-1920 оны Парисын энх тайвны чуулганд оролцуулахыг хичээж байв. Барон Унгерн болон Атаман Семёнов нар Алс Дорнодод улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа гадаадын улс орнуудтай холбоо тогтоох, олон улсын байгууллагуудтай дипломат харилцаа бий болгох өргөн хүрээний гурван удаагийн оролдлого хийсэн болох нь түүхчдийн судлан илрүүлсэн хэд хэдэн архивын баримт материалд дурдагдан үлдсэн байна.
 
Гэсэн ч АНУ, ОХУ, Япон зэрэг бусад улс орнуудын түүхийн архив, ялангуяа “League of Nations"-ийн архивд Барон Унгерн болон Нармай Монгол судлалыг өргөжүүлэх, гадаад бодлогын үйл ажиллагааг нь тодорхойлоход чухал ач холбогдол болохуйц түүхийн бусад материал, баримтууд байгаа хэмээн найдаж байгаа юм. Тиймээс энэ асуудлыг олон нийтэд таниулах, судалгааны шинэ чиглэлийг тодорхойлж, эрдэм шинжилгээний ажлын эргэлтэд оруулах үүднээс энэхүү түүхийн ухааны товч өгүүлэлдээ НҮБ-ын архивд хадгалагдаж буй Барон Унгернтай холбоотой хоёр түүхэн баримт бичгийг дэлгэж байна.
 
Дэлхийн I дайны үед буюу 1917 оны хавар Персийн Үрмиа хотын ойролцоо байрлаж байх үедээ Атаман Семёнов болон Барон Унгерн нар нутгийн иргэдийг сургах, дайнд татан оруулах тухай анхны санаагаа гаргаж байжээ. Нутгийн иргэдийн сайн дурын армийг сургаж, ингэснээр тулалдах хүсэл зориг нь унтарсан Цагаан армийн цэргүүдийг өдөөх зорилготой байсан ч харамсалтай нь энэ санаа нь амжилтад хүрээгүй юм. Гэсэн ч Байгал нуурын уугуул буриадуудыг иргэний дайны жилүүдэд Улаантны армийн эсрэг тулалдуулах санаа нь илүүтэй амжилтыг олсон юм. Семёнов 1917 оны сүүлээр Байгалын районд ирмэгцээ уугуул иргэдийг цэрэгт дайчилж эхэлсэн бөгөөд улмаар 1918 оны намраас эхлэн “Нармай Монгол”-ын хөдөлгөөнийхөө үзэл санааг олон нийтэд таниулах, сурталчлах ажлыг өрнүүлсэн байна. Ингээд “Нармай Монгол’’-ын Засгийн газрын төлөөлөгчид Өргөөд зочилж, Халхын сайд ноёдуудыг шинээр байгуулагдаж буй хөдөлгөөндөө хавсран орохыг ятгаж, хэлцэл хийхээр чармайж байжээ. Эндээс Семёновын зорилго дан ганц коммунистуудын эсрэг тулалдаад зогсохгүй Ар болон Өвөр Монгол, Буриад, Барга, Урианхай зэрэг Монгол ястнууд, мөн түүнчлэн Манж болон Төвдүүдийг нэгггэсэн “Нармай Монгол” улсыг байгуулахыг зорьж байсныг харж болохоор байна.
 
Атаман Семёнов болон Барон Унгерн нарын энэхүү улс төрийн төлөвлөгөөний нэг чухал нүүдэл нь барууны улсуудтай холбоо тогтоох, цаашлаад “League of Nations” (цаашид Лиг гэх)-д Монгол Улсыг гишүүнээр элсүүлж, тусгаар тогтнолыг нь олон улсад хүлээн зөвшөөрүүлэх явдал байсан юм. Тиймээс уг хөдөлгөөний нэг бүрэлдэхүүн гишүүн байсны хувьд Унгерн гадаадын улс төрийн лидерүүд, олон улсын байгууллагууд руу захидал бичиг, телеграф бичих, төлөөлөгчөө явуулах зэргээр гадаад бодлогыг хэрэгжүүлж байжээ. Тухайлбал, Өвөр Байгал, Манжуур болон Ар Монголд байхдаа гэр бүлийнхэндээ, гадаадын албаны хүмүүст, найз нөхөд болон олон улсын байгууллагуудад явуулж байсан захидал бичгүүдийг энд дурдаж болно. Эдгээрийн зарим нь ОХУ-ын үндэсний архивд хадгалагдаж байгаа бөгөөд хэд хэдэн судлаачид энэхүү архивын материалуудыг судалж, олон нийтэд ил болгосныг бид бүхэн сайн мэдэх билээ. Ялангуяа Сергей Кузмин болон Виллиард Сүндерланд нарын бүтээлүүдийг энд дурдах хэрэгтэй.
 
Түүнчлэн АНУ-ын үндэсний архивуудад Барон Унгерн болон Атаман Семёновтой холбоотой архивын материал арвин байна. Уг материалуудыг Жэйми Бишер болон Жэймс Палмер зэрэг Америкийн эрдэмтдийн бүтээлүүдээс үзэж болох юм. Дээр дурдсан материалуудаас гадна өнөө цаг үед хувь хүмүүсийн хадгалж ирсэн цөөн тооны баримт, материалуудыг энд онцлох нь зүйтэй. Үүний нэг жишээ нь, Барон Унгернаас Павел Малиновскийд хүргүүлсэн захидал бичгүүд юм. Уг захидал бичгүүдийн эх хувилбаруудыг профессор Юрген фон Унгерн Штернберг хадгалж үлдсэн бөгөөд тэрээр профессор Сергей Кузминтай хамтран “Барон Роман Унгернаас Павел Малиновскийд хүргүүлсэн захидлууд түүхийн судалгааны эх сурвалж болох нь” гэсэн судалгааны өгүүллийг “Inner Asia” сэтгүүлд хэвлүүлсэн байдаг. Энэхүү захидал бичигт өгүүлснээр 1919 оны 2 дугаар сард зохион байгуулагдсан “Нармай Монгол”-ын хөдөлгөөний анхдугаар хуралдаан болохоос гурван сарын өмнө Барон Унгерн АНУ-д болох Олон улсын хуралд Монголын төлөөлөгчдийг оролцуулах ажлыг зохион байгуулахыг Малиновскийд даалгасан байдаг. Тэрээр “Та Харбин дахь консул Поповтой холбогдож Филадельфийн Бүх үндэстнүүдийн чуулганы хөтөлбөр, оролцох төлөөлөгчдөд тавигдах шалгуур болон хэрхэн оролцох арга замыг тодорхой судалж өгнө үү? Өвөр болон Ар Монгол, Төвд, Буриад, Киргиз болон Манжийн, өөрөөр хэлбэл Азийн төлөөлөгчдийг энэ чуулганд оролцуулах шаардлагатай байна” мөн “Та өөрийн ухаалаг эхнэртээ: "Бүх улсын эмэгтэйчүүд нэгдэцгээе!" гэсэн уриаг санал болго. Тэгээд та эхнэрээрээ тэр тэнэг Панкүрстэд "Барууны эмэгтэйчүүд эрх тэгш байдлыг олж авчээ, одоо Ази тивийн эгч, дүүс нартаа туслах цаг болсон" гэсэн үгтэй захиа бичүүл” гэжээ.
 
Энэхүү захидалд дурдсанаар нэгд, Юрген болон Кузмин нарын тайлбарлаж байгаагаар Филадельфийн Бүх үндэстнүүдийн чуулган гэдэг нь 1918 оны 4 дүгээр сард Ром хотод анх зохион байгуулагдсан Дарлагдсан үндэстнүүдийн олон улсын хөдөлгөөнийг хэлж байгаа ба уг хөдөлгөөний хоёр дахь уулзалт 1918 оны 10 дугаар сард АНУ-ын Филадельфия хотын тусгаар тогтнолын өргөөнд болсон чуулган юм. Хоёрт, Олон улсын эмэгтэйчүүдийн конгресс 1915 оны 4 дүгээр сард Нидерланд улсад болж өнгөрсөн бөгөөд энэхүү уулзалтаар "Энх тайвны төлөөх Олон улсын эмэгтэйчүүдийн хороо"-г байгуулсан аж. Тус хороо нь ялангуяа АНУ-д идэвхтэй ажиллагаа явуулдаг байсан ба дээрх захидалд дурдагдсан Эммилин Панкүрст чухал үүрэг гүйцэтгэж байжээ. Тэрээр АНУ-д 1918 оны үед айлчлал хийж, Орос дахь ардчиллыг бэхжүүлэхэд АНУ-ын Засгийн газрын оролцоог нэмэгдүүлэхийг сурталчилж явсан аж. 1918 оны 12 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд болсон Дарлагдсан үндэстнүүдийн олон улсын хөдөлгөөний уулзалт, хурлуудад "Энх тайвны төлөөх Олон улсын эмэгтэйчүүдийн хороо" чухал байр суурьтай оролцож байсан тухай баримт бидэнд байна. Тодруулбал, Унгерн олон улсын тавцанд энэхүү улс төрийн хоёр шинэ хүчний ач холбогдлыг олж харсан бөгөөд үүнийгээ өөрийн “Нармай Монгол” хөдөлгөөний зорилгодоо ашиглахыг эрмэлзэж байсан нь харагдаж байгаа юм.
 
 
Нармай Монголын Засгийн газрын бүрэн эрхийг хадгалах, олон улсад баталгаажуулах зорилгоор Атаман Семёнов мөн адил дэлхийн бусад улс орнууд болон олон улсын байгууллагатай холбоо тогтоох, дипломат харилцаа тогтоохыг оролдож байсан билээ. Үүний нэг жишээ нь, 1919 оны 2 дугаар сарын Нармай Монголын Засгийн газрын хуралдааны дараа уг хуралд ажиглагчаар оролцсон АНУ-ын армийн дэд хурандаа Дэвид Прескот Барровоор дамжуулан АНУ-ын Ерөнхийлөгч Вүдров Вилсонд Монголын төлөөлөгчдийг Парисын Энх тайвны чуулганд оролцоход дэмжиж өгөхийг хүссэн хүсэлт хүргүүлж байжээ.
 
 
 
Гэсэн ч Парисын Энх тайвны чуулганд оролцох оролдлого бүтэлгүйтсэн бөгөөд Колчакийн Засгийн газар болон Дундад иргэн улсын Засгийн газрын төлөөлөгчдийн хориг арга хэмжээ үүнд хүчтэй нөлөөлсөн байна. Ингээд Япон улсаас төлөөлөгчид виз авч чадалгүй байсаар энэ төлөвлөгөө бүтэлгүйтсэн билээ. Харин Унгерн Өргөөг 1921 оны 2 дугаар сард чөлөөлсний дараа шинээр байгуулагдсан Засгийн газрын бүрэн эрхийг баталгаажуулах зорилгоор дэлхийн бусад улс орнуудад Монгол Улсын тусгаар тогтнолыг дахин тунхаглах, түүнийг хүлээн зөвшөөрүүлэхийг хичээж байв.
 
Үүнийг нотлох түүхийн нэгэн баримт НҮБ-ын Женев хот дахь архивд хадгалагдаж байгаа бөгөөд тодруулан үзвэл, 1921 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Японы Ёкохама дахь Bluff Hotel-д оршин суух “Аруван” гэх нэртэй төлөөлөгчөөс Лигийн Ерөнхий нарийн бичгийн даргад хаягласан Монгол Улсыг гишүүнчлэлээр авах хүсэлт бүхий цахилгаан бичгийг хүргүүлсэн байна. Уг хүсэлтэд дурьдсанаар “Монголын ард түмэн олон жилийн тэртээгээс тусгаар тогтносон байж, өөртөө засах эрхийг эдэлж ирсэн билээ. Нэг засгийн доор, хууль ёст гэрээ хэлцлийн дагуу монгол болон хятад иргэд энх тайван амьдралыг эрхэмлэн 200 гаруй жил оршин тогтнолоо. Харин сүүлийн жилүүдэд Хятад дахь үндэстний үзэлд автсан Бээжингийн Засгийн газар Монгол Улсын автономит эрхийг устгаж, түрэмгий бодлогыг явуулсанд монголчууд үндэсний автономит эрхээ хамгаалан тэмцэхэд хүргэлээ. Иймээс Монгол Улсын Засгийн газар тусгаар тогтнолоо сэргээсэн ба гишүүн улсуудаас Лигийн Тунхаглалын 17 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалж, тус тунхаглалын 1 дүгээр зүйлийг үндэслэн гишүүнээр элсэх хүсэлтийг хүлээн авна уу" гэжээ.
 
Энэхүү цахилгаан бичиг нь Лигийн Улс төр болон Эрх зүйн газруудын хооронд хоёр сарын турш үргэлжилсэн хэлэлцүүлгийг өрнүүлж чадсан бөгөөд энэ талаар мэдээ, баримт материалууд НҮБ-ын архивд хадгалагдан үлджээ. Уг цахилгаан бичгийн гол ач холбогдол нь судлаачдын хувьд Япон дахь Барон Унгерны төлөөлөгч тухайн үеийн Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс дипломат харилцаа тогтоох ажиллагаа явуулж байсныг баталгаажуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, судалгааны шинэ “жим” гаргаж өгч байгаагаараа онцлогтой. Түүнчлэн уг цахилгаан мэдээнд Унгерны нэр дурдагдаагүй байгаа. Учир нь, Малиновскийд хүргүүлсэн захидалдаа “Мэдээж, энэ үйл хэрэгт биднийг гараа дүрсэн гэдгийг хүмүүс мэдэх учиргүй юм шүү!” хэмээн дурдсанаас үзвэл тэрээр гадаад бодлогын үйл хэргийг Монголчуудын нэрийн өмнөөс явуулахыг зорьж байсантай холбож ойлгож болох юм.
 
Үүнээс гадна Барон Унгерн Германд өөрийн төлөөлөгчтэй байсан тухай баримт НҮБ-ын архивд хадгалагдан үлдсэн байна. Монгол Улсаас НҮБ болон бусад олон улсын байгууллагуудад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн сууж буй сайд Л.Пүрэвсүрэнгийн судлан илрүүлсэн нэгэн чухал архивын баримт бол Унгерн 1921 оны 8 дугаар сард Улаантнуудад баригдсаны дараа түүний бие төлөөлөгч хурандаа Е.В.Фрейберг Лигийн Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд төлөөлөгчид хандан Оросын коммунист засагтай хэлэлцээр хийж, Унгерныг түүний төрөлх нутаг болох Эстонид шилжүүлэх тухай хүсэлтийг хүргүүлжээ. Харамсалтай нь, уг хүсэлт Унгерныг цаазаар авахуулахаас сэргийлж чадаагүй юм. Учир нь 1921 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Лигийн Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд төлөөлөгчид танилцуулагдахад Унгерн аль хэдийнээ цаазлуулсан байлаа.
 
 
Гэсэн ч уг архивын баримт бидэнд Барон Унгерн болон Атаман Семёнов нарын “Төлөөлөгчийн газар” үйл ажиллагаагаа Евролд явуулж байсны баталгаа болж байна. Тиймээс Фребергийн улс төрийн үйл ажиллагаа, Унгерн болон Семёнов нарын үйл хэрэгт хэрхэн оролцож байсан талаар цаашид судлах судалгааны өөр нэгэн “жим”-ийг нээж өгч байгаагаараа ач холбогдолтой юм.
 
 
 
Эндээс дүгнэвэл, бидэнд мэдэгдэж буй архивын мэдээ, баримтаас харахад Барон Унгерн болон Атаман Семёнов нар Улаан армитай тулалдаж байх хугацаандаа олон улсын байгууллагууд болон бусад дэлхийн улс орнуудтай, тэр дундаа барууны улсуудтай холбоо тогтоох зорилгоор гурван удаагийн өргөн хүрээний оролдлого хийжээ.
 
Нэгд, 1918 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Малиновскид явуулсан захидлаас үзэхэд Унгерн Өвөр болон Ар Монгол, Төвд, Буриад, Киргиз болон Манжийн төлөөлөгчдийг АНУ-д зохион байгуулагдсан Дарлагдсан үндэстнүүдийн олон улсын хөдөлгөөний хуралд оролцуулах гэсэн эхний оролдлого. Хоёрт, Атаман Семёновын Нармай Монголын Засгийн газрын төлөөлөгчдийг Парисын Энх тайвны хэлэлцээрт оролцуулах гэсэн дараачийн оролдлого. Гуравт, 1921 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгч “Аруван”-гийн Лигийн ерөнхий нарийн бичгийн даргад илгээсэн Монгол Улсын гишүүнчлэлийг хүлээн зөвшөөрөх тухай цахилгаан бичиг зэрэг юм. Дээрх баримтуудаас үзэхэд эдгээр оролдлогууд бүгд бүтэлгүйтсэн хэдий ч Барон Унгерн болон Нармай Монгол судлалд судалгааны шинэ сэдвийг нээж өгч байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Тодруулбал, эдгээр архивын материалуудаас Унгерны “Төлөөлөгчийн газар” Япон болон Германд байсан хэмээн үзэж дэлгэрүүлэн судлах боломжтой.
 
Мөн Барон Унгерн болон Атаман Семёнов нарын гадаад ертөнцтэй холбогдох, бусад улсуудтай дипломат харилцаа тогтоох гэсэн оролдлогуудыг зөвхөн бидэнд мэдэгдэж буй дээрх гурван баримтад хязгаарлан ойлгох нь учир дутагдалтай юм.
 
Жишээ нь, профессор Юрген болон профессор Кузмин нарын шинжлэх ухааны өгүүллэгт дурьдсанаар 1920 оны сүүлээр Семёнов болон Унгерн нар Лиг дахь цөөнхүүдийн асуудлыг өөрсдийн үйл хэрэгт чиглүүлэх, олон улсын анхаарлыг хандуулах арга хэмжээ авч байсан баримт байна. Балтын тэнгис болон Зүүн Европ дахь Германы цөөнхүүдийн асуудал өндөр ач холбогдолтой байсан энэ үед Унгерн өөрийн Герман гарал, угсааг ашиглан Лиг дахь Герман төлөөлөгчидтэй холбоо тогтоохыг эрмэлзэж байсан ч байж болох юм. Энэ талаар НҮБ-ын архивд багагүй судалгааны материал байгаа бөгөөд ялангуяа цөөнхийн асуудал хариуцсан хэсгийн архивын баримт арвин байна. Үүнээс гадна ХБНГУ болон Япон улсын үндэсний архив, АНУ-ын Үндэсний архивууд, АНУ-ын армийн архив, Хүүвер институт, АНУ-ын Конгрессын номын сан гэх мэт архивуудад Барон Унгерн болон Нармай Монгол судлалтай холбоотой томоохон судалгааны бүлэг материал, судалгааны талбар байсаар байна. Тиймээс миний бие орчин үеийн Монголын түүх болон Барон Унгернтай холбоотой судалгааны шинэ баримт, мэдээг нээн гаргах ажил дуусаагүй гэж итгэж байна.
 
 
Судлаач С.Золбоо
Эх сурвалж: "Соёмбо" сонин