sonin.mn

Надад нэгэн нандин үүргэвч байдаг. Аавын минь эдэлж, хэрэглэж байсан эд. Намайг мэдээ ороход л аав минь манаач байсан, насанд хүрсэн хойно ч манаач л явсан. Манаанд гарахын урд орой нь ээж минь аавын үүргэвчинд давс, цай, боорцог, хоол хүнс хийнэ. Багадаа аавыг манаачаар л төсөөлдөг байж. Хүүхэд нас тэр дундаа аав, ээжтэйгээ хамт байсан он жилүүд хамгийн жаргалтай, хамгийн дурсамжтай, гэгээлэг байдаг.

 

Даанч эргэн бодоход тэр өдрүүд хамгийн богинохон, харвасан чулуу шиг өнгөрчээ. Би аавынхаа 49-ний жил дээр ирсэн болохоор дээр өгүүлснээр байгууллагын төмөр том хаалга, манааны шовгор, винтов буу, сум, хар болсон бор ширээ, бүртгэл хөтөлдөг дэвтэр зэргээр төсөөлдөг байв. Одоо ч дотно санагддаг. Аавтайгаа 11 настайгаас хамт манаанд гардаг болов. Оройд очиж хамт хононо.

 

Бор данханд хар цайгаа чанаад, жижигхэн саванд хоол хийнэ. Ихэнхийг нь би идчихнэ. Одоо бодоход аав их дуугүй, ээж амыг нь бараг татаж, чангааж байж дуугаргадаг байжээ. Манаанд гарсан зарим оройгоо надад бага нас, туулсан амьдралаасаа ярьдаг байсан нь санаанд бүдэг бадаг үлджээ. Аав Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт Хавцгай гэдэг газар 1917 онд малчин ард Түмэнбаярын хоёрдугаар хүү болон мэндэлсэн Жалавжав гэдэг хүн байсан.

 

Бага насандаа аав, ээжийнхээ дэргэд мал маллаж байгаа ойролцоогоор 1936 оны орчим аавтайгаа хамт Улаанбаатар хотод анх удаа ирж ахындаа буусан гэдэг. Тэр үед ах нь машины жолоочыг, өндөр хашаагаар хүрээлсэн байшинд амьдардаг Ламжав гэдэг хүн байсан гэсэн. Улстөрийн хилс хэргээр хэлмэгдсэн тийм нэртэй хүн байдаг, тэр мөн байж мэдэх юм.

 

Аав ахынхаа тухай дахиж яриагүй, би ч бага байж дээ. Ах нь аавыг цэрэгт, жолоочийн курст явуулжээ. Хөдөөнөөс ирсэн болохоор бакал өмсөж чадахгүй, байсхийгээд тайлчихаад цэргийн дарга нартаа загнуулдаг байж. Аавын аав том ахад яагаад ч юм бэ дурамжхан. Бодвол аав шиг дуугай хүн байсан байх. Ах нь орос эхнэртэй байсан бололтой юм билээ.

 

Аавын ярьсныг эргээд бодоход 1930-1940 оны түүхэн үйл явдалд оролцсон байна. Феодалын хөрөнгө хурааж байна гээд баян чинээлэг айлын эд хөрөнгийг “ЗИС-5” машинд ачин том хашаанд буулгадаг. Хиагтаас цэргийн хэрэгсэл болон байлдааны сум урагшаа фронт руу зөөдөг байснаа нэг удаа даргатайгаа шөнө төрөөд гэрэл асаахгүй давхисаар Зөвлөлтийн цэргийн анги таарч дарга нь оросоор бага сага ярьдаг ч нэг хоног саатуулагдаад цааш явсан тухайгаа хүүрнэсэн.

 

1979 оны зун Яармагийн дэнж дээр “Выставка” авто тээврийн үзэсгэлэн гарахад бид хоёр очиж аав “ЗИС-5" машиныг тойрч үзээд гишгүүр дээр нь гарч зогссон. Бодвол их л дотно санагдсан байх даа. Энэ бүхнийг нь Цэргийн архиваас өнөөг хүртэл лавлаж үзээгүй би муу хүү дээ. Нэг сонирхолтой зүйл гэвэл аавд 1945 оны “Бил ялав” тэмдгийн үнэмлэх байдаг мөртлөө “Халх гол-1939” морьтой медаль харагддаггүй юм.

 

Уг нь насыг нь бодохоор хоёр дайнд оролцсон баймаар. Нэг удаа хичээлээсээ иртэл аав нэгэн өвгөнтэй архи ууж сууна. Тэр хоёр цэргийн андууд бололтой. Япон цэргүүдийн хангамж сайн, үүргэвч биш чемодантай тэрэнд нь бүтэн дүнсэн тамхи, оо, саван, сойз, 200 грамм архи байдаг тухай ярианаас нь ойлгосон. 1946 онд аав цэргээс халагдаад нутаг явалгүй Төмрийн заводад ажилчнаар үлдсэн байна.

 

Аав эхээс хоёулаа сүүлд нэг охин дүү өргөж авсан, тэр нь саяхан 2006 онд бурхан болсон. Аав минь насаараа төмрийн заводад ширэмчин хийж байгаад 1972 онд өндөр  насны тэтгэвэрт суусан ч манаач хийдэг байв. Манайх 1948 онд арслантай гүүрийн дэргэд олзны Япончууд барьсан төмрийн заводын ажилчдын нийтийн байранд орсон гэсэн.

 

Багадаа аавын ажил дээр очиход улайссан төмрийг ширмэн саванд хийж хоёр хүн дамнан ширэн хэвэнд цутгадаг байсныг санадаг. Аав хөдөлмөрлөж байхдаа төрөөс чамлахааргүй олон одон медаль авсан. Хөдөлмөрийн баатар цол гараагүй байхад “БНМАУ-ын ударник” 1956 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль зэрэг нь өнөө ч эгч, бид хоёрт хадгалагдаж байдаг.

 

Гэхдээ аавыг одон, медалиудаа зүүсэн байхыг хараагүй. Нэг удаа албан хүчээр зүүлгэсэн. Бага ангид байхад багш ангийнх нь хүүхдүүдийн аав ээжүүдийн хэн нь олон одон, медальтайг шалгаруулахтай холбоотой. Аав маань түрүүлж, багш уулзалт зохион байгуулж, аавыгаа дайнд оролцож байсныг тэндээс л анх сонссон. Бас ааваараа бахархаж, өөрөөсөө учиргүй их ичсэнсэн.

 

Учир нь, би дунд сурлагатай жаал байв. Аав маань одон медалийг голсондоо бус дэндүү даруухан бодь хүн байсан учраас зүүхийг чухалчилдаггүй байсан болов уу. Нэг удаа хичээлээс иртэл гэрийн тавилга хөглөрч, ундуй сундуй болсон байх юм. Гайхаад учрыг нь асуувал, аав намын батлахаа хайгаад олдоггүй гэж тэвдэнгүй өгүүлсэнсэн. Эгч батлахны уутыг нь угаагаад батлахыг дэрний уутанд хийсэн байж билээ.

 

Аавын батлах энгийн биш гоё ууттай. Намынхаа батлахыг цэнхэр торгоор ороон торгон уутандаа хийгээд голцуу цээжиндээ мөрөвчлөн авч явна. Уутыг нь ээж оёж өгсөн байх. Ээж их уран учраас хүмүүс гоёлын дээл урлуулах гэж дугаарладаг байв. Ээж 1976 онд бурхан болоход аав эгч бид гурав ёстой “Үер” киноны Михайл шиг өнчирч хоцорсон. Аав минь дуугай дээрээ бүүр дуугай.

 

Хааяа эгч бид хоёрыг дагуулж манай байрны арын 16 дугаар гуанзанд орж өөрөө хоёр гоожуур пиво, эгч бид хоёрт хүссэн хоолыг авч өгнө. Аав өндөрдүү нуруутай, өтгөн хөмсөгтэй, нуруугаа үүрэн алхах дуртай. Би аавыгаа унага шиг дагаастай. Арслантай гүүрэн дээр удаан зогсоно. Сэлбийн ус рүү ширтэхээр ус урсах биш бидний зогссон гүүр хөвөөд байгаа юм шиг. Загас, жараахай под под хийн үсрээд.

 

Ямар сайхан байсан юм бэ? Одоо бодоход аав намайг зугаалуулж явжээ. Манай байрны, аавтай нас ойролцоо нэгэн өвгөн баяр наадам дөхөхөөр аавын одон медалийг гуйж зүүдэгсэн. Хичээлээсээ тараад ангийнхаа хүүхэдтэй сахилгагүйтээд хотын түргэний баазаар ортол нөгөө өвгөний энгэр дүүрэн одон медальтай зураг хүндэт самбарт нь гарчихсан байв.

Би тэгэхэд хотын төвд ганцхан байдаг дүнзээр галладаг 16 дугаар сургуульд суралцдаг байсан. Гэртээ яаран гүйж ирээд аавдаа нөгөө өвгөний зургийн тухай ховлоход аав муухан мушилзаад манаанд гарах бэлтгэлээ хийж сууж билээ. Миний аав ийм л хөдлөмөрч, даруухан хүн байсан юм.


Улаанбаатар ТҮГ-ын вагон үзэгч Ж.Жаргалсайхан