sonin.mn
Ёс зүй хэмээх энэ ойлголт өнөөгийн цаг үед анхаарлын төвд байх ёстой асуудал болж байна. Ялангуяа туурга тусаар улс орны тусгаар тогтнолын баталгаа армийн бие бүрэлдэхүүний ёс зүйн судалгааг өргөжүүлж, сурталчилгааг эрчимжүүлэхийг цаг үе шаардаж байна. Энэ эрхэм үйлсэд манай зохиолчид өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэнд баярлах ёстой. Авьяас биелэгтнүүд Ардын Армийн алдар гавьяаг магтан дуулах гол индэр бол тун удахгүй 33 дахь удаагаа зохион байгуулагдах “Эх орны цэрэг” яруу найргийн наадам билээ.
 
Алтан, Ханын хөндийд Ардын журамт цэрэг анхны түүдгээ асаасан тэр цагаас хойш яруу алдарт 102  жилийг туулсан байна. Дэлтэй бүхэн туриглаж хатиран дээлтэй бүхэн зориглож цуглан дөрвөн зуун морьтон дөрөөн дээрээ босож Шивээ Хиагтын нурман дээр шинэ төрийн галыг асаасан ялалтын өдрөөс хойш 102 жилийн бүтээсэн туульс байна.
 
Ухаант жанжин Сүхбаатар тэргүүлж, ухаа хонгорын дэл дээр дэрвэж хувьсгалын хуй салхи шиг ороход цэлмэг тэнгэрт нь Өндөр гэгээний зохиосон соёмбо үсэгтэй туг намирч, цээж зүрхэнд нь чин зоригт Чингис тэргүүт өвгөдийн омог хийморь бадарч байсан нь гарцаагүй гэвэл эр цэргийн сүр сүлд болсон найраг шүлгийн ундарга мянга мянган жилийн түүхтэйг ойлгож болно. Цэрэг эрсийн цэцэлсэн туульс урт настай, удаан жаргалтай, зузаан судар ёс суртахууны сурах бичиг билээ.
 
Өгүүлэх нь: “...Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ-чино, гэргий Гуа Маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж Батцагаан гэдэг нэгэн хөвгүүнийг төрүүлжээ”.
 
Агуу их туурвил “Монголын нууц товчоо” ингэж эхэлдэг. Жинхэнэ цэрэг эх орон, улс гэрийн тухай гайхамшигтай тууж, ураг гарвал, удам судрын тухай ерөөлт туульс яруу найраг, хүүрнэл зохиолыг гэгээн сайхнаар сүлжиж туурвисан хосгүй уран түүх, утга зохиолын энэхүү дурсгалт бичиг бол цэрэг эх орны сэдэвт бүтээлийн түүчээ билээ. Энэ бол шүлсний шингэнээр унд хийж, шүдний махаар хоол хийж улс гэрийг байгуулж Тэмүжин хүү Чингис хаан болсон, өнчин хөвгүүн суут жанжин болсон цадиг тул өнөөдөр бид Жанжин тугаа залж, сэлмээ агсаж эхэлдэг “ЭХ ОРНЫ ЦЭРЭГ” яруу найргийн наадам бол нууц товчооны шууд үргэлжлэл билээ. Их эзэн богд Чингис хаан өөрөө
 
Алд биен амсу хэмээвээс
Аху төр минь алдруузай
Бүтэн биен амсу хэмээвээс
Бүрэн улс минь сандруузай... гэж айлдсан яруу дуун бидэнд төр ёсны их сургаал болон үлдсэн нь цэрэг эх орны сэдэвт бүтээлийн сүр сүлд хэмээн нэрлэж болох билээ. Мөнхүү залгаад их эзний гутгаар хөвгүүн, их монгол улсын удаах хаан Өгөөдэй сэцэн,
 
Бадрал учралт сайхан тохиол дор
хөх хаднаа авирвай
Байгаа төрх эс эвдрүүзэй
хөлийг хөнгөн хаямуй
Цэцгийн дэлбэ оройн хяраагаар
солонго мэт улайгаад
Суврах утаа, хөхрөх униар лугаа
Биндэрьяан гэрэл цацармуй... хэмээн өдгөөгийн Бээжин хотын Енхэ-юан цэцэрлэгт байх Ван-шен-шан уулнаа зугаацаж явахдаа шүлэглэн айлджээ. Бидний өвөг дээдэс бусдын ярьдгаар зөвхөн булаан эзлэгч, алан хядагч байсангүй бас ч “...Байгаль төрх эвдүүзэй хэмээн хөлийг хөнгөн хаяж явдаг” нинж сэтгэлтэн байжээ гэж үзэлтэй. Мөн цагийн их жанжин Баян /1236-1295/ цэрэг эгэж Мэй-Лин хөтлөөр буцахуйяа шүлэглэн үлдээсэн нь:
 
Унасан хүлгээ эргүүлж Иүй-лин даваагаар буцахуйяа
Улсын цэрэг хүрсэн газар энх түвшин болов.
Жианэн газрын эд таваар ганзаганаа эс харагдан
Зүйтэй сайхан тэргүүлэгч цэцгээс нэгэн хоёрыг л хатгажээ... хэмээсэн нь бий. Энэ бол цэргийн ёс зүйн бишрэлт мэргэн жишээ мөн. Эл яруу эгшиглэнт мөрүүдээс эртний жанжид мэргэдийн илбэн тохинуулсан газрын дүр зураг тодхоноо харагдах агаад найман зууны тэртээ тэд минь “Байгал эвдрүүзэй гэж хөлөө хөнгөн хаяж явдаг”, “Ганзагаа бараа таваараар бус зүйтэй сайхан тэргүүлэгч цэцгээр чимж” буцдаг байсныг мэдэж болно. Бадрангуй түүхийн эзэн Монгол түмэн гаднын орны дээрэнгүйлэл хийгээд дотоодын ноёдын эвдрэл хагарлаас болж нэгэн үе бурангуйн туйлд хүрч миний гэх газар нутаг минь хүний гарт орж хэрчигдэн 4 аймаг 36 хошуу болж бутрахад хүрсэн гунигт түүх бий. Энэ харанхуй засгийн үед гэгээн ухаант өвгөд “Газар бол улсын үндэс” гэх Модун хааны үгийг сахиус мэт өвөртөлж, “Миний газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг!” гэх Галдан бошготын захиасыг сэтгэлийн шүншиг болгон дээдэлж тэмцэн тэмцсээр ирсэн их омог хийморь Ханын хөндийд түүдэг болон асаж, Хиагтын хоймор түймэр болон дүрэлзэж, өвөг дээдсийн яруу дууныг
 
Шивээ Хиагтыг авахад
Шилэн дэнлүү хэрэггүй
Шийдээд ирсэн гаминг
Ширмэн бөмбөгөөр сөнөөв өө... гэсэн цоглог аялгуу түрэн авснаас хойш яруу түүхт 100 жилийг ялалтын маршаар туулж өнөөг хүрсэн байна. Цэрэг эх орны сэдэвт яруу найргийн шинэ түрлэг гэж болох “Шивээ Хиагт” дууг пулемёт сумангийн дарга бөгтөр Дамдинсүрэн нарын нөхөд зохион дуулсан хэмээн үздэг байна. Мөнхүү “Монголын үнэн” сонины анхны дугаарыг Эрхүү хотноо хэвлүүлэн түгээж, басхүү "Түмэнд тунхаглан зарлах бичиг”-ийн эхийг зохиосон гэж үздэг яруу найрагч Сономбалжирын Буяннэмэх нэгэнт ая дан зохирсон дууны шүлэгт зарим нэгэн засвар хийсэн байж магадгүй гэх таамаглал байдаг нь оргүй ч биш байх.
 
Ер удалгүй эл дууг түрж “Улаан туг”, “Магнаг үсэгтэй туг” зэрэг дуу шил шилээ даран төрсөн агаад ялалт ололтдоо зоригжсон ардын журамт цэргийн эл аялгууг Магсархурцын Дугаржав нарын авьяас биелэгтнүүд удирдан чиглүүлж, урам хайрлан дэлгэрүүлсэн гэж үздэг бөлгөө.
 
Эр цэргийн сүр сүлдийг бадраасан эртний сайхан шүлэг найраг хөгжөөж энэ цагийн бидэн “Эх орны цэрэг” яруу найргийн наадам зохиож буй минь ч бахархлын гал дээр тос дусааж, ялалтын түүхнээ мөр бадаг нэмж буй хэрэг яриангүй мөн билээ. 1988 оны “Болор цом” нижгэр болсон агаад энэ цагийн Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Тангадын Галсан дөрвөн мөрт шүлгүүдээ уншиж Тэргүүн байр эзэлсэн нь нэгэн цагт хэлмэгдэж явсныг нь цагаатгасан мэт ерөөлт хэрэг болсон юм. Цом тэвэрсэн түүний араас “Сэлбэ”, “Цагаан зээр” шүлгээ уншсан Цэндийн Чимиддорж, “Босоо бичиг” шүлгээ дуудсан Сэндэнжавын Дулам багш, “Наян тохой Майдар” шүлгээ хэлсэн Довчингийн Отгонсүрэн нарын хамт “Багт наадам” шүлгээ уншсан минь олны талархлыг хүлээсэн төдийгүй ардчиллын салхи сэвэлзэхийн үүдэн сүлд нь тэр жилийн “Болор цом” гэж эдүгээ хэлэлцэх болжээ. Энэ шинэ сонин үзэгдэл тухайн үеийн Батлан Хамгаалах Яамны сайд Шагалын Жадамба, МЗЭ-ийн дарга Дожоогийн Цэдэв нарын зэрэг юм боддог, юм сэддэг тэргүүний сэхээтэн нарын урам зоригийг бадрааж 1989 оны 3 дугаар сарын 16-нд “Эх орны цэрэг” яруу найргийн наадам зохиоход хүрсэн нь мянган жилийн тэртээгээс эхтэй эр цэргийн сүр сүлдийг бадраах дууллыг үргэлжлүүлэх эрхийг найрагч бидэнд олгосон байна. Миний бие битүүдээ шүтэж биширч явдаг цэргийн зүтгэлтний тухай "Жанжин Дэмидийн тарьсан мод” хэмээх шүлгээ уншиж,
 
Тааж болдоггүй тавилан байхад
Таньж бардаггүй хорвоо байхад
Таривч ургадаггүй гай гэж байдаг ч
Тайравч унадаггүй гавьяа гэж байдаг...  гээд хэлээд тавьчихжээ. Ийн цэргийн сайд Шагалын Жадамба генералаас их бууны хонгиогоор урласан цом гардаж, ерөнхий шүүгч академич Хорлоогийн Сампилдэндэвээс гурван зуун төгрөг бүхий дугтуй, хадагтай гардаж авсан нь Ардын Армиас надад өгсөн гэгээн хишиг байлаа. Эх орны сүр сүлд эр цэрэгтээ байдаг гэж бид ярих билээ. Эр цэргийн сүр сүлдийг, яруу найргаар хөгжөөн бадрааж, хөөршөөн дэмжин байх нь найрагч бидний эрх төдийгүй үүрэг болохыг ухаарч “Цэргийн цом” жилээс жилд өргөжин “Эх орны цэрэг” яруу найргийн наадам болж шүлэгчдийн тоо өссөн төдийгүй шүлгийн чанар чансаа эрс сайжирсныг 32 жилийн түүх бэлхнээ харуулна.
 
Сумын заан Мягмарсүрэн минь 1990 онд:
Эр улс бүсээ бүслэх нь зэрэг
Эмээлээ тохож мориндоо мордох нь цэрэг
Өрх айлдаа тасаг цэрэгтэй Монголчууд
Өөдлөхийн заяатай гүрэн улс аа! гэж шүлэглэсэн бол Жамбалын Алтангэрэл маань,  1991 онд
 
Ялалт авчирсан нэг нь
Одонгоо зүүж гоёогүй ч
Ялахын тулд унасных нь
Амийг баринтаглаад үлдсэн
Цэрэг ямбуу цамц аа... хэмээн дуулж, нутгийн найрагч Барнангийн Доржпалам минь, 1992 онд
 
Цөвүүн цагийн зудад
Чөдөртэй морь шиг ноолуулж явсан ч
Цөөхөн Монголын голомт
Цөгцтэй зул шиг жаргаагүй... хэмээн омгорхож Пунцагийн Бадарч багш минь 1993 онд
 
Цэрэггүй улс орон болно гэлцэх юм
Цэцэн ухаан гэхэд би итгэхгүй байна.
Үхэвч эс цайх эцгийн яс
Үгүйрэвч үл дуусах эхийн цус
Эх оронд минь
Эр цэрэг хэрэггүй юм гэж үү?  хэмээн асууж, ухаантай царайлсан тэнэг гишүүдийн амыг хааж, дараа жил нь Дөнгөтийн Цоодол ах минь 1994 онд
 
Хөгшин цэрэг гэдэг үхсэн цэрэг биш
Хөл чинь доголсноос бус сэтгэл чинь доголсон юм биш
Солиход бэлэн амь та нарт хэзээд байсан
Салахад бэлэн эх орон хэзээ ч байгаагүй хэмээн тархидаж, мөн залгаад хурандаа Лувсанбалдангийн Төмөрбат 1995 онд,
Эмээлтэй морьд нь
Уяан дээр эргэцэж
Ээжийн есөн цацал
Цагаан сүүгээр бялхаж
Эх орны минь торгон хил
Эр цэргээ хүлээж байна... хэмээн учирлаж, эл ухааныг буурал Бадарч багштан түрэн дуулж 1996 онд За хүү минь,
 
Өвгөн ах нь бариул болъё
Өөрөө чи минь илд бол
Өстөн хялайвал зүс! зүс!
Өдтэй сум шиг нис! нис! хэмээн зоригжуулж, Дөнгөтийн Цоодол ах мөнхүү Бүрэнгийн уулс Наранбулагаас цэрэгт явсан эрсээ дурсаж 1997 онд,
 
Хошуу нутагтаа алдартай харамч эцэг нь
Хоёр хүүгээ амьтнаас түрүү цэрэгт өгсөн юм.
Цурам хийлгүй хүлээх ээж нь хоёр хүүгээ харамласангүй
Цурхиртал уйлах гэргий нь ханиа харамласангүй
Цуг явна гэж тэвдүүлсэн хүү нь ааваа харамласангүй
Цуутай харамчийнхан юугаа ч харамласангүй.
Унахын учиргүй уул шиг хоёр сайхан хархүү
Ургахын улаан нарнаар хоёулаа унасан гэдэг юм.
Хамгийн хүнд мөчид чинь эх орон танаасаа
Харамчийнхан амиа бас харамласангүй ээ хэмээн бахархаж бичсэн бол, Бавуугийн Лхагвасүрэн ах минь илдийг цагаатгах их ухаан өвөрлөн зодоглож, 1998 онд
 
Хурц хурц гэлээ гэхэд
Хүүхдийн сэвлэгийг хөндөлгүй үлдээсэн
Хувь тавилан ижил хүмүүн заяаны
Хойч ирээдүйг цавчилгүй уучилсан
Миний Монгол гүр илдийг
Мунхаг хүн сүлдэлж яваагүй
Айдсын хялуугүй
Аль ч зуунд буруугүй
Монгол илдийг цагаатгана
Морьтой түүхтэй нь цагаатгана... гэж өвөг дээдсийн өлмийд ерөөл дэвсэж, эр цэргийн сүр сүлдийг эгнэгт бид магтаж дуулсаар ирсэн нь ёс зүйн ер бусын сурах бичиг болсоор ирсэн юм. 1999 онд “Эх орны цэрэг” яруу найргийн наадам тугаа залж, хөшгөө нээсний 10 жилийн ой тохиосон тул миний бие “Цэрэг төрөхийн цадиг” шүлгээ дуудаж,
 
Цэрэг хүн
Цэцэгнээс мэндэлж төрөөгүй
Зэрэгц командтай жагсаал шиг
Зэрэглээн дундаас ирээгүй
Ээж аав хоёр л
Эр цэргийг элбэж зурдаг юм
Сүүдэр, гэрэл хоёр дээр
Сүү, цус хоёроор зурдаг юм... хэмээн уншиж ахуйдаа наадмын нэр алдар, сүр сүлд улам өргөжиж, зорьж ирэх залуу авьяастны цуваа өнөржсөнийг нүдээр харж, чихээр сонсож ихэд баярласныг өгүүлэх юун. Дараа нь “Цогтын цэргүүд” гэдэг дууны сайхан шүлэг бичсэн залуу найрагч Гомбын Пүрэвдорж 2000 онд 
 
Нурамнаас үсэрсэн оч явсан юм сан
Нумнаас тавьсан сум явсан юм сан
Морин дэл дээр дэрвэсэн хиур байсан юм сан
Монгол тэнгэрт дэвсэн бүргэд байсан юм сан  хэмээн Богд Чингис хааны сүүлчийн мөчийг дүрслэн шүлэглэсэн бол нэрт яруу найрагч Тоомойн Очирхүү “Цэрэг хүний нэрийг эх орон дууддаг” шүлгээ хайлж 2001 онд
 
Цээжинд ганц халуун зүрх байдаг шиг
Цэрэг хүнд ганц хатуу үг байдаг
Эхний бөгөөд эцсийн тэр хариу
Энэ үгийг Би гэдэг... хэмээн дуулсан дууны түрлэгийг дараа жил нутгийн анд Цэндийн Чимиддорж минь түрж,
 
Уухайн дуутай хадаж явсан
Улаан тугтай асаж явсан
Мананг цуулан исгэрч явсан
Махир сэлэм хуйндаа байна
Хутга биш ээ, сэлэм
Хуйн дотроо байна... хэмээн шүлэглэн, эр цэргийн сүр сүлд ир ханасан илдний тухайд өгүүлсэн бол удаах жил нь Пунцагийн Бадарч багш минь, 2003 онд
 
Тэр жил дайны жил
Найман настай би
Бичиг үсэг тайлагдаж
Наран Төгрөгийн хонхортоо
Номтой хүн гэгдэв ээ.
Сураг холоос ирсэн
Цэрэг эрсийн захиа дуудаж
Хот айлынхнаа цуглуулж
Хоолойг нь зангируулж явлаа... хэмээн дарь үнэртсэн дайны жилийн далд түгшүүрийг хүүрнэсэн цаг дор шүлэг найргийн залуу үе түрэн орж ирж Ц.Төрмөнх зүрхэнд нуусан эх орноо ил гаргаж 2004 онд 
 
Өнө мөнх уртын дуу шиг
Үлэмж яруу дорнын шүлэг шиг
Өрлөг сайхан эх орноо би
Өр зүрхэндээ нууж явдаг аа... учирлаж хэлсэн үгийг Жамсрангийн Баяржаргал найрагч түрэн авч “Ерөнхий давшилт” хийж 2007 онд
 
Нүд унасан тал
Нүд болж тормолзов
Тормойсон нүд бүхэн
Торолзсон хилэн зангидав.
Сэлэм зүүсэн тэнгэр ч 
Сэлэм болж чимээлэв.
Чимээлсэн сэлэм бүхэн
Чиглэсэн салхи болон дэгдээв...хэмээн шүлэглэж, эр цэргийн сүр сүлдийг, туулж ирсэн зам харгуйг, дуулж ирсэн дуу хуурыг яруу шүлэгтээ мөнхөлсөн найрагчийн эгнээг нутгийн дүү Пэрэнлэйн Нямлхагва залгаж 2008 онд
 
Хоймор завилсан өвгөд нь уртын дууны түрлэгтэй
Хотолж налайсан сүрэг нь эсэн амрын бэлгэтэй
Нүдэн бүүвэй булаг нь мэлмэрэнхэн ундарсан
Нүүдэлч Монголын уудам тал минийхээ, минийх...хэмээн өөриймсөж эх орны сэдэвт шүлгийн эгшиг аялгууг нэмсэн байнам. Энэ мэт яруу найрагч залуусын сэтгэл зүрхийг байлдан дагуулсан гэгээн тайз бол ЦДБЭЧ-ын ариун тайз мөн. Энэ тайзан дээр Бавуугийн Лхагвасүрэн илдийг цагаатгаж, Тоомойн Очирхүүгийн нэрийг эх орон дуудаж байлаа. Энэ тайзан дээр Цэндийн Чимэддорж сэлмээ хуйлж, Барнангийн Доржпалам сэтгэлээ хайлж, Аюурбуньяагийн Лхагва нутгаа дуудаж байлаа. Энэ тайзан дээр Очирбатын Дашбалбар “Амьдадаа бие биеэ хайрлах”-ыг учирлаж, онгод билгүүн Тангад овгийн Галсан абугай “Алтан говь чамайг цусан гавьяагаар” шагнахыг зарлаж байлаа.
 
Энэ тайз:
Буу сум, бөмбөг ачсан тэрэг
Будант орчлонг алгадаж явахад
Дуу шүлэг, хөгжим ачсан тэрэг
Дуулим орчлонг аргадаж явсан нь
“Цэргийн чуулга” байсан юм.
Үүл нүүж цахилгаан бадарсан талаар
Үхэл, туг хоёр зодолдож явахад
Цэрэг эрсийн шархыг
“Цэнхэр дурдан алчуур”-аар боож явсан юм.
Цэрэг цэргийн халаасанд
Цэнхэр дурдан алчуур бүтэн ирсэн юм.
Цээжээрээ сум хаасан эрс
Цэнхэр дурдан талдаа цэцэг болж ургасан юм.
Цэл залуу эрсийн гал халуун гавьяаг
Цэргийн чуулга өнөөдөр дуулж яваа тулдаа
Монгол эрчүүд гэрийнхээ хоймор ханхайж суугаа юм
Морин хуур төрийн хоймроо янцгааж байгаа юм.
Цэл залуу эрсийн гал халуун гавьяаг
Цэргийн чуулга дуулж яваа тулдаа
Дууны минь бадаг бүхнийг
Бууны сум таслаагүй юм
“Дархан манай хувьсгалт улс”-ыг
Дайсны сум оноогүй юм.
 
Үнэн билээ. ЦДБЭЧ-ын алтан тайзан дээр жанжин сэлэм гардсан найрагч олон. Тэр бүхэн цэргийн ёс зүйг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан улс аа! Зуун жилийн түүхтэй армийн гучин жилийн яруу дууллыг хамт туулсан ЦДБЭЧ-ын хамт олонд, дарга хурандаа Г.Золзаяа, Сургалт, соёл хүмүүжил, маркетингийн албаны дарга дэд хурандаа Р.Өнөржаргал нартаа гэрэлт ойн гэгээн баяр хүргэх учиртай юм аа. Монгол найрагчдын зүрх сэтгэлд баттай байр суурь эзэлсэн “Эх орны цэрэг” яруу найргийн наадмын тайз жилийн жилд авьяас билигтнээр дүүрэн байж Ш.Сүрэнжав, З.Дорж, С.Оюун, Т.Галсан, До.Цэнджав, Ц.Хулан, Г.Пүрэвдорж, Н.Даваадаш, Ж.Цогтсугар, А.Лхагва, Л.Ганзул, Ш.Гүрбазар, О.Цэнд-Аюуш, Ц.Эрдэнэбат, В.Нэргүй, Ж.Батсайхан, Н.Сүхдорж, Ц.Жамбалгарав, Б.Баттулга, Н.Пүрэв, Ж.Алтангэрэл, Г.Ишхүү, М.Амархүү, Г.Баатарнум, П.Батнайрамдал, С.Зоригтбаатар нараас эхлээд Т.Цэрэндондов, Ц.Төрмөнх, Б.Баяр, Ц.Авирмэд, Я.Бархас, А.Далхжав, Л.Торой, Ж.Баяржаргал, М.Цэцэгмаа, Н.Мөнхнаран, Э.Үржинханд, Д.Ариунжаргал нарын залуу авьяастнаар баяжин, эр цэргийн сүр сүлдийг магтан дуулсан шүлэг найраг улам чанаржин, чансаажиж, “Эх орны цэрэг” наадмын нэр хүнд хамрах хүрээ өргөжин буй нь найрагт дуртай түмний минь насан мөнхийн баяр болой. Энэ дууллыг цагийн цагт цалгиж явдаг цагаан тэргүүнт гэгээн ах, цадиггүй авьяаст Тангадын Галсан ахын минь:
 
Би дэлхий хэвтэй гэрийн эзэн
Би дээшээ заяатай буяны эзэн
Би дээрээ нартай тэнгэрийн эзэн
Би дээдсээс зарлигтай Монголын эзэн гэх бардам түрэмгий, бахдам сайхан аялгуу түрж байдгийг өгүүлэх юун.
100 жилийн түүхтэй Ардын Армийнхаа 32 жилд нь яруу найрагч бид Жанжин тугандаа сөгдөн шүлгээ өргөж, жанжин сэлмээ гардан жагсаал юунд хөл нийлүүлж яваа минь их хувь заяа.
 
Улсаа бадруулж дүү нар ирсээр л байна.
Уулсаа баярлуулж хүү нар төрсөөр л байна.
Туульсаа баяжуулж баатар гарсаар л байна.
Тугаа бахдуулж эр цэрэг төрсөөр л байна.
Жанжид төрөхийн заяатай эх орон минь
Жагсаалын бор цэрэгтээ хайртай юм.
Төрөхөд нь солонго мишээж тосдог юм
Төгсөхөд нь соёмбо уйлж үддэг юм
Тийм ээ. Эр цэргийн сүр сүлдийг магтан дуулсан залуу найрагчид ирсээр л байна. Яруу найраг төрсөөр л байна. Эх орноо хайрлах сэтгэл, эр цэргээ магтан дуулсан энэ наадам гуч гаруй жил тасралтгүй явж, цэрэг эх орны сэдэвт  яруу найргийн цөөн бус боть бүтээл туурвисан нь цэргийн ёс зүйд бага бус хувь нэмэр оруулсан юм. Харин зохих удирдлага, төрийн яамнаас илүү их анхаарал хандуулж хөгжүүлэх шаардлага урган гарч байгаа нь үнэний хувьтай. Ингэсэн цагт бид цэргийн ёс зүйг төлөвшүүлэх үйл хэрэгт зохих хэмжээний амжилт олох нь дамжиггүй.
 
БХЯ-ны сайдын дэргэдэх Иргэний зөвлөлийн  гишүүн,  Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн ДАМБЫН ТӨРБАТ 
Эх сурвалж: "Соёмбо" сонин