sonin.mn
ЛОНДОН. /BBC/. Японы хөлбөмбөгчин, өдгөө 55 настай Казүёши Миүра “Yokohama” клубээс Португалын хоёрдугаар лигийн “Oliveirense” багт зээлээр тоглохоор болжээ. 
 
Тэрбээр Португалын багтай гэрээ байгуулсан талаараа хэлэхдээ, хэдийгээр миний хувьд шинэ орчин, шинэ газар боловч өөрийн ур чадвараа харуулахын төлөө хичээх болно гэсэн байна.
 
К.Миүра 1986 онд Бразилын Сантос багаас мэргэжлийн хөл бөмбөгийн гараагаа эхлүүлж, Япон, Итали, Хорват, Австралийн лигүүдэд тус тус тоглож байжээ. Энэ сард 56 нас хүрэх ахмад тамирчин 60 нас хүртлээ зодог тайлахгүй хэмээн хэлж байсан удаатай.
 
2017 онд 50 нас 14 хоногтой байхдаа тэрбээр “Thespakusatsu Gunma” багийн хаалганд гоол оруулснаар Японы мэргэжлийн лигийн тоглолтод гоол оруулсан хамгийн өндөр настай тоглогч болж байсан юм.
 
"Кинг Казү" хэмээн алдаршсан тэрбээр Японы ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн тамирчдын нэг бөгөөд 1993 онд Японы мэргэжлийн хөл бөмбөгийн лигийн нүүр царай болж байжээ. К.Миүра Японы үндэсний шигшээ багийн 89 тоглолтод нийт 55 гоол оруулсан байна.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг