сонин mn
ТОКИО. /TASS/. Японы 74 компани, байгууллагын консорциум 2022 оны хоёрдугаар хагаст шинэ дижитал валют гаргахаар төлөвлөж байна гэж “Nikkei” сонин мэдээлжээ.
“DCJPY” хэмээн түр нэрлээд буй уг валютыг банкны депозитоор баталгаажуулна. 24 цагийн туршид шуурхай гүйлгээ хийхийн тулд блокчэйн ашиглах бөгөөд эдгээр компаниудад зориулсан нэгдсэн платформ бий болно. “DCJPY”-ийн анхны туршилтыг энэ жил хийж магадгүй байна.
 
Ханшийн тооцоог Японы үндэсний валютаар (иен) хийх бол шилжүүлгийн доод хэмжээ нь 1 иен байх аж. Үүний зэрэгцээ дижитал валютаар хийх их хэмжээний гүйлгээнээс авах шимтгэл нь ердийн данснаас банкны шилжүүлэг хийхээс хамаагүй бага байх гэнэ.   
Энэхүү консорциумд “Mitsubishi UFJ”, “Sumitomo Mitsui Financial Group”, “Mizuho Financial Group” гэсэн Японы гурван том банк, мөн тээвэр, эрчим хүч болон бусад салбарын хэд хэдэн компани багтах юм. Тэдгээрийн дунд төмөр замын “JR East” компани, хүргэлтийн үйлчилгээний томоохон компани болох “Yamato Holdings”, харилцаа холбооны “NTT” корпорац, эрчим хүчний “Kansai Electric Power” зэрэг компаниуд байгаа аж.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг