sonin.mn
НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн (NASA) мэргэжилтнүүд “Perseverance” өөрөө явагч аппаратад суурилуулсан төхөөрөмжийн тусламжтайгаар Ангараг гаргийн агаар мандлаас хүчилтөрөгч гарган авснаа зарлажээ.
NASA-гийн цахим хуудаст мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 20-нд туршилтын MOXIE төхөөрөмжийн тусламжтайгаар Ангараг гаргийн агаар мандлаас гол бүрэлдэхүүн хэсэг нь нүүрстөрөгчийн давхар исэл бүхий хүчилтөрөгч гаргаж авсан байна. "Энэхүү технологийн хүчин чадлыг харуулах ажил дөнгөж эхэлж байна" гэж NASA-гийн төлөөлөгчид онцлов. Улмаар энэ арга нь “Ангараг дээр хүчилтөрөгч гарган авах, хадгалах” боломжийг олгоно гэдгийг онцолжээ. Ингэснээр "шинжлэх ухааны уран зөгнөл бодит амьдрал дээр биеллээ олно" гэж NASA-гийн мэргэжилтнүүд үзэж байна.
“Ийм төхөөрөмжүүд хэзээ нэгэн цагт сансрын нисгэгчдийг амьсгалах агаараар хангана" гэж NASA тэмдэглэв. NASA-гийн мэдээлснээр, MOXIE-гийн тусламжтайгаар одоогоор “5 грамм орчим хүчилтөрөгч” гарган авсан байгаа бөгөөд энэ нь нэг сансрын нисгэгч 10 минут орчим амьсгалахад хангалттай хүрэлцэх гэнэ. MOXIE "цагт 10 грамм хүчилтөрөгч үйлдвэрлэх" боломжтой гэж тооцоолж байгаа аж.
 
 
 
"Энэ бол Ангараг дээр нүүрстөрөгчийн давхар ислийг хүчилтөрөгч болгон хувиргахад маш чухал алхам юм. MOXIE-д хийх ажил их байна, гэхдээ хэзээ нэгэн цагт Ангараг дээр хүмүүсийг харах зорилгод улам ойртсоор байгаа энэ үед энэ технологийн туршилтаар олж авсан үр дүн бол ихээхэн найдвар төрүүлсэн үр дүн юм” гэж NASA -гийн эрдэм шинжилгээний газрын орлогч дарга Жим Рейтер онцолжээ.
 
 
 
Хүчилтөрөгч бол зөвхөн бидний амьсгалдаг зүйл биш юм. Хүчилтөрөгч нь пуужингийн түлш гарган авахад чухал үүрэг гүйцэтгэдэг тул ирээдүйд судлаачид гэртээ буцаж ирэхийн тулд Ангараг гараг дээр түлш гарган авах шаардлагатай болно гэж тэрбээр хэлсэн байна.
Өнгөрсөн оны долоодугаар сарын 30-нд Флорида муж улсын Канавералын хошуун дахь сансрын буудлаас хөөргөсөн “Perseverance” аппарат Улаан нүдэн гараг дээр хоёрдугаар сарын 18-нд газардсан билээ. “NASA”-гийн мэргэжилтнүүд энэхүү аппаратын тусламжтайгаар Ангараг дээр эртний амьдрал байсан эсэх ул мөрийг илрүүлнэ гэж найдаж байгаа юм.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг