sonin.mn
“Зууны мэдээ” сонин дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй монголчуудынхаа үзэл бодлыг хүргэх үүднээс “Миний Монгол” буланг санаачлан, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-тай хамтран цуврал ярилцлагуудыг хүргэдэг. Энэ удаа дэлхийн 70 оронд 100 сая хэрэглэгчтэй "Аллианз" даатгалын компанид хүний нөөцийн мэргэжилтнээр ажилладаг Бат-Эрдэнийн Цолмонг урилаа. Тэрбээр Австрали улсад амьдардаг юм.
 
 
-Та дэлхийн хамгийн том даатгалын компанид хэрхэн  ажиллах болсон юм бэ?
 
-Сайн байцгаана уу. “Зууны мэдээ” сонины уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Анх ажлаа солих зорилгоор хөдөлмөр зуучлалын агентлагт хандсанаар "Аллианз" даатгалын компанитай холбогдож байсан. Австралид шинээр ирсэн хүмүүс мэргэжлийн ажилд ортлоо 18-24 сарыг зарцуулдаг гэсэн судалгааны дүн байдаг. Компанийн нийгмийн хариуцлага болон чадварлаг ажилтнуудыг татах бодлогын хүрээнд ажлын туршлага хуримтлуулахад туслах, дэмжих зорилготой “Сadetship” хөтөлбөрийг тухайн  хөдөлмөр зуучлалын агентлагтай хамтран хэрэгжүүлж эхлэх үед холбогдсоноор үндсэн ажилтан болох боломж тохиосон.
Энэ хөтөлбөр нэг жилийн хугацаатай байсан юм. Эхний хагас жил нэг албанд, дараагийн хагас жилд өөр албанд сэлгэн ажиллаж, туршлага хуримтлуулах боломж олгосноороо давуу талтай байсан.
 
-Танай байгууллагын ажиллах арга барилын онцлог, дэлхийд тэргүүлэх компани байлгадаг үндэс суурь нь чухам юу байдаг вэ?
 
-Манай компани нь иргэдийн болон байгууллагын даатгал, давхар даатгал болон хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Нийт 70 оронд үйл ажиллагаа явуулж, 100 сая хэрэглэгчид үйлчилгээ үзүүлж, 2020 оны байдлаар нийт салбар даяар 150 мянган гаруй ажилтан ажиллаж байна. Хэрэглэгчийн нөхцөл, шаардлагад тохирсон бүтээгдэхүүн санал болгож, даатгалын тохиолдолд эрсдэлийг нь бүрэн хүлээж, мэргэжлийн ёс зүйг нарийн баримтлан ажилладаг нь дэлхий дахинд  100 сая хэрэглэгчийг татах үндэс болсон болов уу. Манай компанийн хувьд сургалт, хөгжлийг тэргүүнд тавьдаг нь  ажилтан болоод компанидаа оруулах томоохон хувь нэмэр гэж үздэг. Жилдээ нэг ажилтны сургалт хөгжилд 2000 австрали долларыг төсөвлөдөг. Энэ нь компани амжилттай, ашигтай ажиллах үндэс болдог.
 
-Монгол Улсын даатгалын тогтолцоог хөндлөнгөөс харахад юуг нь засч сайжруулвал зүгээр санагддаг вэ?
 
-Миний хувьд даатгалын чиглэлээр мэргэшээгүй учир энэ салбарын талаар нарийн дүгнэлт хийхэд хэтийдэх болов уу. Хувь хүний зүгээс монголчууд бидний уламжлалт хандлагаас үүдэлтэйгээр эрсдэлээс сэргийлэх тал дээр учир дутагдалтай санагддаг. Амны билгээс ашдын билэг хэмээн сайныг хүсэж, буруу муугаас сэргийлэх хандлага хүчтэй суусан байдаг. Энэ нь эргээд өөрийгөө бодитоор хамгаалах боломжгүй болгож, эрүүл мэнд, санхүү, цаг хугацаагаар хохирох эрсдлийг бий болгож байдаг. Даатгал нь энэхүү учирч болохуйц эрсдлийг бууруулж, өөрийгөө болон гэр бүлээ, бизнестээ учирч болох эрсдэлээс хамгаалах найдвартай арга юм. Нөгөө талаар даатгалын байгууллагууд даатгалын талаарх мэдлэг, мэдээллээр иргэдийг сайтар хангах нь цаашид учирч болох эрсдлийг бууруулахад ихээхэн нөлөөтөй гэж боддог.
 
 
 
 
Гадаадын томоохон компанид ажилд орох шалгуур нь өндөр байдаг байх гэсэн төсөөллөөс үүдэлтэйгээр хэт холын, сүрдэм санагдаж зорилго, мөрөөдөлдөө хүрэх замыг хол болгодог байж болох юм. 
 
 
 
-Даатгалын чиглэлээр мэргэшээгүй гэлээ. Үндсэн мэргэжил тань юу билээ?
 
-Би нийслэлийн гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23 дугаар дунд сургуулийн солонгос хэлний ангийг 2003 онд дүүргэсэн. Дараа нь Шихихутуг хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр 2007 онд төгссөн. Австралид мэргэжлээрээ буюу  хуульчаар ажиллахад олон жил сурах шаардлагатай байсан учир хөрвөхөд илүү хялбараар нь хүний нөөцийн мэргэжил сонгоод, энэ чиглэлээр мэргэшиж байна. Дээрх дурьдсан хөтөлбөрт хамрагдах хугацаандаа компанийнхаа дэмжлэгээр Австралийн Хүний нөөцийн институтээс хүний нөөцийн менежментийн сертификат дөрөв болон Австралийн Засгийн газрын коллеж болох ТАФЕ-ийн дипломын курс тус тус суралцаж төгссөн.
 
-Та Австралид амьдраад найман жил болж байгаа билүү?
 
-Австралид 2013 онд хөл тавьж байлаа. Анх ирэхдээ англи хэлний яриа, бичгийн түвшин дунд зэрэгтэй байсан. Бусдын адилаар хэл сурангаа, буудлын цэвэрлэгээний ажил хийж амьжиргаагаа залгуулж байлаа. Энэ хугацаандаа аль болох хэлээ сайжруулах тал дээр анхаарч, олон арга хэмжээнд оролцож, хүмүүстэй нээлттэй танилцаж харилцаж байсан нь эргээд энэ хөтөлбөрт тэнцэх, ажлын ярилцлага амжилттай өгөхөд тус нэмэр болсон. Соёлын зөрүүтэй байдлын улмаас орчиндоо дасан зохицох, өөрийгөө илэхийлэх тал дээр нэлээн хугацаа орсон. Гэхдээ тухайн улсынхаа нийгмийн хэм хэмжээ, харилцааны онцлогыг ойлгосноор илүү нээлттэй харилцах болсон.
 
-Дэлхийн хамгийн том компанид ажиллахад таньд хамгийн том түлхэц болсон зүйл юу байсан бэ?
 
-Анх энд ирээд англи хэлний курс төгсөөд, магистраа хамгаалаад, дунд зэргийн компанид хэдэн жил ажиллаж туршлага хуримтлуулж байж дэлхий хэмжээний томоохон компанид, 10 орчим жилийн дараа л ажиллах боломжтой болох юм байна гэсэн төсөөлөлтэй байлаа. Томоохон компаниуд хүний нөөцөө бүрдүүлэх бодлогын хүрээнд богино, урт хугацааны, төрөл бүрийн хөтөлбөрүүд явуулдаг. Жишээ нь Summer Vacation, Cadetship, Internship болон Graduate programs байна. Миний хувьд Cadetship хөтөлбөрт хамрагдсанаар олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг том компанид ажиллах боломж олдсонд туйлын баяртай байдаг.  Залуустаа зөвлөхөд сонирхож буй компаниудынхаа хөтөлбөр болон шалгуурыг нь сайтар судлаад, тэр чиглэлдээ өөрийгөө бэлдвэл ажилд орох боломж хэн бүхэнд бий. Миний хувьд бусдаас онцгойрох, гойд ур чадвар байхгүй. Бусдын адил л ажиллаж амьдарч яваа жирийн иргэн юм. Гадаадын томоохон компанид ажилд орох шалгуур нь өндөр байдаг байх гэсэн төсөөллөөс үүдэлтэйгээр хэт холын, сүрдэм санагдаж зорилго, мөрөөдөлдөө хүрэх замыг хол болгодог байж болох юм. Гол нь сониуч байж, тухайн улсынхаа онцлогт хурдан зохицож, тууштай, тасралтгүй суралцаж, өдөр өдрөөр ур чадвараа ахиулж, өөрсдийгөө сорьж үзээрэй.
 
-Монгол Улсын хөгжлийг хойш татаж байгаа хамгийн том асуудлыг та юу гэж хардаг вэ. Шийдвэрлэх арга замыг санал болговол?
 
-Миний хувьд хүндээ ээлтэй нийгэм, амьдрах орчинтой байгаасай гэж тун их хүсдэг. Австрали улсад ирснээр жижиг гэлтгүй зүйл дээр орчин нөхцөл, хүндээ ээлтэй байдлыг бий болгосныг харж, мэдэрч байна. Манай улсын хувьд иргэн бүр эрх, үүргээ сайтар ухамсарлаж, шударга тэгш, хүндээ ээлтэй нийгэм бүтээхэд өөрсдийн дуу хоолойгоо нийлүүлж, шаардаж байгаасай. Мөн олон талт байдлыг хүлээн зөвшөөрч, нэгнээ хайрлаж, нийгэмд өөрсдийнхөөрөө байх боломжоор хангаж байгаасай гэж хүсдэг. Австралийн хүн ам нь олон үндэстнээс бүрдсэн.  Үүнийгээ давуу тал болгож, ялгарч чаддаг. Засгийн газрын арга хэмжээ, компаниудын төсөл хөтөлбөр ч ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, төрөл бүрийн боломжийг бий болгож, олгодог. Манай компанийн хувьд хүний нөөцөө бүрдүүлэх гол шалгууруудын нэг нь  Diversity буюу олон талт байдал юм. Иймд тухайн ажил үүргийг гүйцэтгэх ур чадвартай, туршлагатай л бол нас, хүйс, хөгжлийн бэрхшээлтэй байдлыг үл харгалзан ажилд авдаг. Миний хувьд Монгол дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэм дэх оролцоо, орчин нөхцөл туйлын хангалтгүй байдагт сэтгэл эмзэглэж явдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх, нийгэмдээ хувь нэмэр оруулах боломжоор бүрэн дүүрэн хангадаг байгаасай. Ядаж орох гарах гарцыг ээлтэй байдлаар шийдэж, хийж байгаасай гэж их хүсдэг дээ.
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин