sonin.mn
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 12 хоногт хатуу хөл хорио тогтоон, "Нэг хаалга-нэг шинжилгээ" аян зохион байгуулж, ковидын голомтыг хумих, дам хавьталыг илрүүлэх тандалт судалгаа хийж байгаа.
Хөл хорио цуцалсны дараа вакцинжуулах ажил зохион байгуулахаар Засгийн газар, Улсын онцгой комисс ажиллаж байна.Вакцинжуулалтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр ХӨСҮТ-д ажиллав.
 
 
 
Эхний ээлжинд орж ирэх вакцины хадгалалт, тээвэрлэлт, нөөцийг хэрхэн зохион байгуулах талаар эмнэлгийн удирдлагууд мэдээлэл өглөө. Вакцин хадгалах нөөцлөх гурван төрлийн хөргүүр, зөөврийн сав, хүйтэн хайрцаг, стандартын шаардлага хангасан тээвэрлэх машин ХӨСҮТ-д бэлэн байна.
 
 
 
 
 
Вакцинжуулахтай холбогдуулан аймаг, сум, дүүргийн өрхийн Эрүүл мэндийн төвийн 300 гаруй эмнэлгийн албан хаагчийг сургалтад хамруулжээ.
Дархлаажуулалт эхлэхээс өмнөх зохион байгуулалт, эрүүл мэндийн ажилтныг сургах, илүү цагаар ажилласан цалинг нэмэх, дархлаажуулсны дараа гарч болох хариу урвалыг хянах, учирч болох эрсдэлийг тооцсон бэлтгэлийг өндөр түвшинд хангах шаардлагатайг Шадар сайд анхааруулсан юм.
 
 
 
 
Салбар хоорондын уялдаа холбоог сайжруулж, ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх, вакцины хадгалалт, нөөцлөлт, тээвэрлэлтэд анхаарах чиглэлийг Эрүүл мэндийн сайдад өгөв.