sonin.mn
Зүгээр ч нэг мөрөөрөө аялчихгүй, Хятад дахь монголчууд амьдардаг газруудаар очиж, тэдний амьдралтай танилцангаа аялах “үндсэрхэг” бодол хаанаас төрснийг бүү мэд. “Эврика” гэдэг шиг нэг л өдөр гэнэт ийм санаа төрөөд, тэрхүү сэтгэл хөдлөлөө халуун дээр нь Хятадын олон улсын радиод ажилладаг Болдоо ахад хэлтэл дэмжээд зогсохгүй, санаанд оромгүй санал тавив. “Яг наадахтай чинь холбоотой номыг Элчин сайдын яамнаас гаргахаар ярилцаж байгаа. Хэрвээ чи үнэхээр тийм сонирхолтой байгаа бол оролцож болно” гэдэг юм байна. Ингээд алга хөрвөхийн дотор миний дэрвүүн бодол Хятад Монголын дипломат харилцааны 70 жилийн ойн хүрээнд гарах ном болоод явчихав аа. Анхны санаанаасаа өөрөө ч айх шиг болов. Гэсэн ч “Бодож суухаар хийж эхэл” гэдэг үг гайхалтай хурдан хэрэгжиж, эхний аяллын тэмдэглэлээ та бүхэнтэй хуваалцахад бэлэн болоод байна.
Хэлний түвшин маруухан, ганцаараа аялсан туршлага нойл хэрнээ өөртөө томдсон зорилго өвөртөлчихсөн амьтан Бээжингээсээ гаралгүй төөрч, нисэх онгоцны урд буудал руу явдаг автобусны буудлаа нэлээд юм болж олов. Очих газрынхаа тухай байду (baidu.com хятадын хайлтын хуудас)–гийн мэдээллээс цаашгүй хэрнээ монгол хүнээ олж уулзана гэдэгтээ хормын ч эргэлзээгүйгээр Хятадын өмнө зах болох Юн Нань руу нисэж байгаа юм.
 
 
Дундаа сэлгэдэг нислэгийг мэдэлгүй буруу газар бууж үлдэхийг завдсаныг эс тооцвол, зорьсон газраа амжилттай хүрлээ.Орой ирсэн тул эндээ хоноод маргааш монголчууд амьдардаг газар руу явахаар цахимаар захиалсан буудал руугаа очлоо. 36-хан юанийн буудал олсондоо баясан очтол лифтэнд таарсан эмэгтэй “Энд битгий хоно. Ойрхон аятайхан буудал бий” гэж ятгаж гарав. Нэгэнт төлбөрөө төлснөө хэлээд буудлын хүн рүү эргэлзэнгүй залгатал эрэгтэй хүн утас авч байна, бүр ч эвгүй болоод явчихлаа. Гаднаа ямар ч хаяггүй, нийтийн орон сууцны гурван давхарт, эрэгтэй хүн дээр орох гэж яваа гэсэн үг. Буцаж буугаад байрны харуулаас асуулаа.
-Энэ яг буудал мөн үү, ах аа?
-Мөн мөн. Эзэн нь нэг өндөр эрэгтэй хүн байгаа биз дээ?
-Айгаад оролгүй буцаад ирлээ.
-Санаа зоволтгүй. Хоёр жил гаруй болж байгаа, найдвартай газар.
Нэгэнт орой болчихсон, бас мөнгөө төлчихсөн тул эргээд орлоо. Дунд эргэм насны, халмаг эр хаалга онгойлгож байна. “Өө хөөрхий бүр архи уучихаж” гэж мэдэхийн зэрэгцээ эргэж хэрхэн зугтаж гарах тухай бодож эхэлж байгаа юм.
 
Харин өнөө хүн найрсгаар “Манайд хонож байгаа анхны гадаад хүн чи болж байна. Чи хүсвэл ганцаараа байх өрөөнд орж болно, эсвэл хоёр давхарт нийтийн өрөөнд хонож ч болно” гээд ганц хүний өрөөг үзүүлэв. Өрөө гэхээсээ нэг булан бөгөөд даавуугаар хаалга хийж тусгаарласан байх аж. Энэ хүртэл буцаж гарах тухай бодсоор л байсан хэрнээ “Нийтийн өрөөг нь үзье” гээд зогсоод байгаа юм аа, бас. Аз болж зургаан хүний нийтийн өрөөнд таван хятад охин хичээлээ хийж хонож байгаатай таарч, тэнд хонохоор шийдлээ. Сургуулийнхаа байранд ч ганцаараа хонохоос айдаг хүн чинь замд аль болох хүн бараадаж хонох бодолтой явсан маань ч санаснаар боллоо.
 
“БИД ТАЛ НУТГААС ИРСЭН”
 
Ийнхүү санасныг бодоход сайхан амраад, Тонхай хэмээх газар руу хөдлөв. Өмнө нь ярилцсан ёсоороо Күнминд (Юн Нанын нийслэл) амьдардаг Адис эгчтэй галт тэрэгний буудал дээр уулзахад, тэрбээр Тонхайд очоод монголчууд амьдардаг Син Мэн Хиан тосгонд хэрхэн хүрэхийг цаасан дээр зурж тэмдэглэсэн байв. Тонхайд буугаад л, Адис эгчийг ажил болгож, явах замыг маань зурж өгсний учрыг ойлгов. Хот газар шиг тэмдэглэгээ болоод нийтийн унаа байхгүй, газар тариалан дундах таг хөдөө газар ирснээ мэдсэн ч сонирхолтой байлаа. Цаасан дээрх зургаа харж, зүгээ баримжаалж явсаар уулын бэл хэсэгт орших Син Мэн Хиан тосгонд ирлээ. Монголчууд амьдардаг газар гэдэг нь ч мэдэгдэхүйц монгол бичиг бүхий хаягууд байх нь сэтгэлд дотно.
Ирэхээсээ өмнө энд багшилдаг өвөрмонгол багш нартай холбогдох гэсэн ч чадаагүй тул тосгоны захиргаанд шууд очив. Захиргааны хүн харин музейн ажилтан Жао Чин Ли эгч дээр хүргэж ирлээ.
 
 
Хүний хөл харьцангуй бага ч энэхүү музей байнгын ажиллагаатайгаас гадна Жао Чин Ли эгч үзмэрээ үнэхээр сэтгэлээрээ тайлбарлана. “Таны яриаг би сайн ойлгодоггүй ээ. Энд байдаг өвөрмонгол багшаар орчуулга хийлгэе” гээд байхад л “Эхлээд ерөнхийд нь тайлбарлачихъя” гээд хагас өдрийн турш музей төдийгүй ойр орчныхоо түүх дурсгал бүхий газруудыг булан тохой үлдээлгүй танилцуулав. Син Мэн Хианы монголчууд Юн Наний монгол хэлтэй, би Монголын монгол хэлтэй, музейн эгчийн хятад хэл Юн Нань аялгатай буюу миний сураад байгаа стандарт хятад аялгаас эрс өөр гээд хэлний бэрхшээл алхам тутам гарах ч тэд үүнийг тоож байгаа юм үнэндээ алга. Хэзээний ижил хэлтэй хүмүүс шиг дуржигнатал яриад, эелдэг инээмсэглэх нь хөгжилтэй. Гэхдээ хятадаар тон бао буюу эх орон нэгтэн гэдэг халуун дотно сэтгэл уулзсан хүн бүхэнд байсан нь хэлний ялгааг үл анзааран биенээ мэдрэх зүрхний нарийн жишим болж байлаа.
Мөн дуу гэгч дэлхий нийтийн хэл гэдэг. Музейн эгч маань хэдийдээ ч хүмүүс цуглуулчихсан юм, оройн хоол иднэ ээ гээд дагуулаад явсан, ширээ дүүрэн хүн угтаж байна. Монгол хүн ирсэнд баярлаж хөөрч бас сониурчирхаж хачирхсан нь илт. Тэд “Бид тал нутгаас ирсэн” гэдэг дууг хэдийгээр хятадаар дуулж байгаа ч эх нутгаа санасан, өнчирсөн сэтгэлийн өнгийг хэн ч сонссон танихаар. Тойргийн дагуу над дээр дууны дугараа ирж дуулахад, тэд бас үгийг нь мэдэхгүй ч гэлээ зүрх сэтгэлээсээ сонссон. Түүгээр зогсохгүй,
 
-Дахиад нэг дуу дуулчих.
-Би өөр дуу бүтнээр нь сайн санахгүй байна аа.
-Зүгээр зүгээр, чи бодож байгаад санахаараа дуулчих. Бид хүлээж байя. гээд ширээ тойрсон 20-оод хүн чив чимээгүй хараад суучихаар бас барьц алддаг л юм билээ. Найранд гурван дуутай байхын чухлыг тэгэхэд ойлгосон.
 
Жао Чин Ли эгч үзүүлэх ёстой газруудаараа оруулж дуусаад гэртээ урив. Нөхөр нь гэж хундагатай архи шахаж байгаа юм шиг цайгаар шахдаг, сайхан зантай хүн байна. Үхрийн нүд шиг аягатай цайг ганц балгаад газар тавив уу, үгүй юу хийж өгсөөр хөлсөө бурзайтал сайхан цайллаа. Хятадад биднийг ирэхэд сургуулиас шууд хятад нэр өгчихдөг бол эндхийн монголчууд өөрсдөдөө монгол нэр өгсөн хүн цөөнгүй. Жишээ нь энэ айлын нөхрийг Үйлс, Жао Чин Ли эгчийг Гарал гэдэг. Тэднийд цайлж дуусаад ярилцсан ёсоор Гарал эгчийн хамаатны эгч болох Хуа Жиан Шаны гэрт хонохоор гарлаа. Ойрхон учраас алхангаа ойр зуурын байшин барилгын түүх болоод тааралдсан хүмүүстэйгээ “Монголоос ирсэн хүн” хэмээн сониучирхан танилцуулсаар явав.
Хятадын хаа сайгүй таардаг шиг гудамжны бүжиг энд бас болж байна. Ялгаатай нь энд цугларсан настай хүмүүс бүгд үндэсний хувцастайгаа. Холоос ирсэн нутаг нэгтэн нь гэж танилцуулахад тэд хамт бүжиглэхийг урьж, тэнд инээд хөөр болж баахан саатлаа. За одоо л харих байх даа гэтэл бас болоогүй, өөр нэг бүжиглэж байгаа хүмүүс рүү дагуулж авчрав. Энэ нь түрүүнийхийг бодоход ямар нэг арга хэмжээнд зориулан бэлтгэж байгаа албан ёсны зүйл бололтой. Музейн эгч маань энэ бүжигт оролцож байгаа юм байна. Ерөөсөө энэ байшингаар дүүрэн эрэгтэй эмэгтэйгээрээ ялгараад урлагийн ямар нэг үзүүлбэр бэлтгэсэн хүмүүс. Үдшийн 21:00 цаг болж байхад, Син Мэн Хианы амьдрал ид буцалж байв.
Ийнхүү эхний өдөр туйлын завгүй өнгөрөв. Надад зориулаад тусгай хөтөлбөр зохиожээ гэж эндүүрэхээр олон зүйлд нэг өдөр оролцоод амжчихдаг юм байж. Орой нь орондоо орж юу болоод байгаагаа бодож амжихтай болсон үедээ л “Эдний өдөр тутмын амьдрал угаас ийм буцалж байдаг юм уу, эсвэл ийм үед нь ирж таарсан юм болов уу” гэж бодов.
 
Эндхийн монголчуудын ахуй амьдралын хэв маяг нь хэдийгээр хятад хүмүүсийн нэгэн адил боловч сэтгэл хөдлөл ихтэй, дууч хуурч, юмыг шууд хэлчихдэг нэг тийм монголжуу зан байна. Ийнхүү хэнтэй уулзах, хэрхэн хүлээж авах тухай ямар ч төсөөлөлгүй ирсэн хэрнээ удаан очоогүй хөдөө гэртээ харьсан мэт дотно мэдрэмжээр хучин унтлаа.
 
ЮН НАНИЙ МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛЫГ ТЭТГЭГЧ ЧУЛУУТ НУУР
 
Юн Наний монголчууд төдийгүй Тонхай хэмээх манайхаар бол нэг аймгийнхний амьдралыг тэтгэгч энэхүү нуур Чулуут гэдэг монгол нэрээрээ үлдсэн нь гайхалтай юм шүү. Гэтэл 300 гаруй жилийн түүхийн туршид энэ нуурын эрэг дээрх монголчууд монгол хүн болж төрснийхөө төлөө хавчигдан гадуурхагдаж, удам судраа хүртэл нуухаас аргагүйд хүрч явсан байдаг.
 
Үргэлжлэл бий
 
Д.ПҮРЭВСҮРЭН
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин