sonin.mn

Цахим ертөнцөөс мэдээлэл хайх бүрт гар минь өөрийн мэдэлгүй “элэгний хорт хавдар” гээд биччихдэг байлаа. Тэр бүрт элэгний хорт хавдраар жилд хэдэн хүн өвчилж, хэд нь хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг, эмч нар шат дараалсан арга хэмжээ авсан ч тэр нь ямар ч үр дүнд хүрээгүй тухай элдэв муу мэдээлэл гарч ирэн, амьдрах итгэлээс минь бага багаар хумсална.


Гэтэл тэр өдөр элэгний хорт хавдрыг даван туулагч Б.Эрдэнэбаатар гэдэг хүний “Нарны туяа хүртэл хэчнээн гоё харагддаг гэж санана” гэсэн гарчигтай ярилцлагыг олж үзсэн юм. Өмнө нь Оскарын хоёр удаагийн шагналт жүжигчин Майкл Дуглас, “Тур де Франс”-ын хэд хэдэн удаагийн ялагч Лэнс Армстронг нар хорт хавдраа хэрхэн ялсан тухай сонсож байсан.

 

Энэ бүхэн надаас дэндүү хол, бас хэтэрхий үнэмшилгүй санагддаг байлаа. Гэтэл элэгний хорт хавдрыг ялан дийлсэн монгол хүн нэг ч биш байдаг аж. Би өмнө нь Монгол Улсын гавьяат эмч, “Элэгний” хэмээх тодотголтой Ж.Хатанбаатарын тухай болон Монго­лын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Н.Пүрэвийн “Элэгний хорт хавдраа эмчилсэн нь” хэмээх нийт­лэлийг уншиж л байсан.

 

Зохиолч Н.Пүрэвийн бичсэн нийтлэлд гар­даг шиг өөрийгөө “элэгний хорт хавдар эмчилдэг ид шидтэн” хэмээн өргөмжилсөн хүн газар сайгүй байдаг л юм билээ. Б.Эрдэнэбаатар хэмээх тэр залуугийн ярилцлага сэтгэлд минь итгэлийн гэ­рэл сүүмэлзүүлсэн. Тиймээс ч би хорт хавдрыг “ялан дийлсэн” хүмүүсийн тухай уншиж судалж эхэлсэн юм.



“Хожуу үедээ орсон хорт хавдар эмчилгээгүй” гэдэг ойлголтыг Хята­дын эрдэмтэд няцааж эхэлжээ. Хавд­­рын гарал, генийг судалдаг “Бээжин­гийн шинжлэх ухаан-тур­шилт шин­­­­­­­­­­­­­­жил­гээ­ний институт”-д боловс­руу­лан турш­сан BRM-TAI хэмээх цоо шинэ эмийн бэлдмэл нь хорт хавдрын эд эсэд шууд нөлөөлж, өвчин эсэргүүцэх дархлааг сэргээж чаддагаараа өвчтөний амийг аварч, амьдрах найдвар төрүүлж байгаа аж.



Хятадын нэрт профессор Ван Цзегуан BRM-TAI төрлийн эмийн эмчилгээг элдэв янзын хорт хавдар анагаахад 10 гаруй жил хэрэглэж байгаа гэнэ. Энэ хугацаанд хожуу үеийн хорт хавдартай 40 мянга орчим өвчтөний 30 хувь нь бүрэн эдгэрч, 30 хувийнх нь хорт хавдар саармагжин арилж, 30 хувийнх нь хорт хавдрын сэдрэлт зогсон, цаашид эмчлэгдэх боломжтой болжээ.



Мөн Японы Осака хотын “Image Guided Therapy” клиникийн эмнэлгийн дарга, радиологич, Хори Шиничи 2002 оноос рентген туяа болон судас тэлэгч төхөөрөмж ашиглан хорт хавдрыг зүсэлт хийлгүйгээр судасны дотуур эмчилгээ хийж, элэг, уушги, тархины хорт хавдар болон судасны цусны бөөгнөрөлийг эмчилж эхэлжээ. Тэрбээр судасны дотуур нарийн гуурс хийж, хавдрын голомтыг тэжээж буй судсанд эм шахаж, хорт хавдрыг хатаах буюу “өлсгөх” аргаар хавдрыг багасгадаг байна.



Энэ мэтээр сэтгэл хөдөлгөм бодит түүх уншиж, хорт хавдартай хүмүүсийн тухай кино ч олныг үзлээ. Тэдгээрийн дотроос алдарт дугуйчин Лэнс Армстронгийн “Хорт хавдрын эсрэг хамгийн хүчтэй зэвсэг бол эм тариа биш итгэл найдвар юм” гэсэн өгүүлбэр надад ихийг бодогдуулсан юм. Бодоод байх нь ээ, гэр бүлийнх нь хэн нэгэн хорт хавдраас болж хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн жишээ миний эргэн тойронд олон бий.

 

Хоёр ч найзын маань аавыг элэгний хорт хавдар хорвоогоос үүрд авч одсон юм. Гэвч тэд ч бас өөр өөрийн гэсэн сонин түүхтэй. Нэг найзын маань аав намайг дунд сургуулийн долоодугаар ангид байхад элэгний хорт хавдартай гэдгээ мэдсэн. Хөдөөний жижигхэн сургууль даяараа л бөөн шуугиан болж билээ. Миний найзын аавыг Д гэдэг.

 

Түүний гэргий нэлээд хэдэн жилийн өмнө бурхан болсон учир Д гуай дөрвөн охиноо ганцаараа өсгөх үүрэг хүлээжээ. Тэрбээр ажил голно гэж үгүй. Ядарч зүдрэхийг мэдэлгүй, өдөр, шөнөгүй ажиллаж, эцэг хүнийхээ үүргийг ч сайн биелүүлдгийг сум даяараа мэдэх учир бүгд түүнийг хүндлэн хайрладаг байлаа. Д гуай 6-13 настай охидоо хамаатныдаа орхиод, эмчлүүлэхээр нийслэлийг зорьсноос хойш манай ангийнхан бүгд өдөр бүр найзынхаа ааваас сураг хүлээх болов.



Сар гаруй хугацааны турш хэл сураггүй байсан Д гуай нэг л өдөр эв эрүүл болчихсон юм шиг инээмсэглэсээр, манай ангийн хаалгаар шагайсан юм. Ангийн багшаас эхлээд бүгд л “Яав, ийв, юу болов” гээд л “байцааж” эхлэв. Д гуай Улаанбаатар хотод очин, нарийн шинжилгээ хийлгэтэл хавдар нь гуравдугаар шатнаасаа дөрөвдүгээр шат руу шилжих үедээ орсон байжээ. Гэтэл нэгэн өдөр дүү нь түүнийг Есүст итгэгчдийн цуглаанд дагуулж очсон байна.



Тэрбээр “Нэг пастер нөхөр гадаадаас ирсэн юм байх. Очиж, очиж гадны шашны хуралд намайг дагуулж очихдоо яах вэ дээ. Явах гэтэл хөл гишгэх зайгүй, хүмүүс бүчээд гарч болдоггүй. Аргагүйн эрхэнд, элий, балай юм сонсоод л суулаа. Уурласандаа ч юм уу, эсвэл ядарсандаа хар хөлс цуварч эхлэв. Гэтэл өнөөх пастер “Та” гэж хашхираад, над руу гараа сунгаж байна.

 

Бүр намайг чиглээд ирлээ шүү. Түүнээс хойш хэсэг хугацаанд юу болсныг би анзаараагүй. Нэг л мэдэх нь ээ, би хөнгөрөөд, босоод гүймээр, үсэрч дэвхэцмээр ч юм шиг болчихсон. Тэр өдрөөс хойш огт өвдөөгүй” хэмээн ярилаа. Үнэхээр л түүнээс хойш бүтэн долоон жилийн турш “өвчин хэлээгүй” дээ. Биднийг их сургуулиа төгссөн жил өнөөх элэгний хорт хавдар Д гуайг дахин шаналгаж, удалгүй хорвоогоос авч одсон.

 

Тэрээр “Ертөнцийн эзэн л намайг долоон жил амьдруулж, том охиноо их сургууль төгсгөх боломж олгосон” гэж итгэдэг байж билээ. Одоо эргээд бодох нь ээ, Ертөнцийн эзэн бус “амьдрах итгэл” нь л түүнд бүтэн долоон жилийн амьдрал хайрласан байх нь. Ийм л агуу сэтгэлийн тэнхээ, эрч хүчтэй хүмүүсийн бодит түүх намайг “үхэл”-ээс аварсан юм.

 

Би тэр цагаас хойш өглөө бүр “үхэлд” бус сайн сайхан амьдралд бэлтгэж, өдөр бүрийг өөрийгөө зоригжуулж, өрөөлийг хайрлаж, бусдад туслахад зориулдаг болсон. Зүтгэлийн минь үр дүн ч гарч байгаа. Сүүлийн хоёр жил би өмнөх дөрвөн жилийнхээсээ хамаагүй цөөн удаа өвдөж, эмнэлэгт хүргэгдсэн. Би их сургуулиа төгсөөд, төрөлх сургуульдаа дуу хөгжмийн баг­шаар ажиллах болсон.

 

2011 оноос “Хавд­рын эсрэг үндэсний аян”-д идэвхтэй оролцож, миний адил өвчин зовлондоо шаналж, амьдрах итгэлээ алдсан хүмүүст хамгаас нандин хүсэл найдварыг нь эргүүлэн бэлэглэхийг хичээж байна. Би очсон газар бүртээ элэгний хорт хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх, эрт оношлуулах, өвчилсөн бол ямар эмчилгээ хийх талаар хүмүүст мэдээлэл өгөхийг хичээдэг.



Одоогоос жил гаруйн өмнө “Монос” группийн ерөнхийлөгч, төрийн шагналт, эм зүйн ухааны доктор, профессор Л.Хүрэлбаатарын нэгэн сонинд өгсөн ярилцлагыг уншсан юм. “2013 он гэхэд монголчууд хорт хавдраас айхаа болино” гэсэн гарчигтай уг ярилцлагыг би тун ч олон хүнд үзүүлсэн дээ. Төд удалгүй 2013 он гарахгүй гэж байна. Хэн нэгний надад “товлосон” хугацаа дуусах гэж байна.

 

Гэвч би хорт хавдраас айхгүй байна. Учир нь, би л өөрөө хүчтэй байж чадвал тэр хугацааг өдөр, сар, жилээр сунгаж чадна гэдгээ ойлгосон. Би тун удахгүй гайхамшиг тохионо гэдэгт итгэж байна.


Эх сурвалж: "Өглөөний сонин"