sonin.mn

Монгол Улсын ХХ зууны түүхийн талаар доктор, профессор Д.Сүхбаатартай ярилцлаа. Тэрбээр МУИС-д багшилдаг.

 
-Улс тунхагласны баяр болж, өнгөрлөө. Гэтэл тус­гаар тогтнолоо тун­хаг­­ласан, үндэс­ний эрх чө­лөөний хөдөл­гөөний ялалт, Үндсэн хуулиа батал­сан өдөр зэргийг хольж, хутгах яв­дал гарч байна. Эд­гээрийг тайлбарлахгүй юу?

-Үндэсний эрх чөлөөний хөдөл­гөөний ялалтыг ял­гаж, салгаж ойлгох ёстой. XX зуунд Монгол Улсад болсон хамгийн чухал үйл явдал нь Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний ялалт. Өөрөөр хэлбэл, 1911 оны арванхоёдугаар сарын 29-нд VIII Богд Жиб­зундамбыг хаан ширээнд өргөмжилснөөр монголчууд тусгаар тогтнолоо зарлан тунхагласан. Энэ нь Монгол Улс Манжийн дарлалаас чөлөөлөгдөж, эрх чөлөөгөө олж авсан  онцгой үйл явдал юм.

Үүний дараа 1915 онд гурван улс гэрээгээр Мон­голын тусгаар тогтнолыг үгүйс­гэн, устгаж, Хятадын авто­номит муж болгосон. Ингээд манайд Хятадын цэргийн дэглэм тогтсон. Харин Ардын хувьсгал 1921 онд ял­сан.

Гэхдээ 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд оролцсон хүмүүсийн ихэнх нь 1921 онд Ардын хувьсгал ялахад хувь нэмрээ оруулсан. Харин манайхан 1924 оны арван­нэгдүгээр сарын 26-ныг Монгол Улс тусгаар тогтносон өдөр гэж үзээд байгаа юм. Энэ өдрийг баяр болгон тэмдэглээд багагүй хугацааг өнгөрүүлж байна.



-Чухам яагаад ингэж үзэх болсон юм бол?

-Үүнийг түүхчид Монгол Ардын намын түүхтэй холбон тайлбарладаг. МАН-ын түүх 1925 он хүртэл үргэлж­лээд, түүнээс хойш Монгол Ардын хувьсгалт нам гэх нэртэй болсон. Гэтэл монголчууд 1926 оны арван­нэгдүгээр сард анхны Үндсэн хуулийг баталсан өдөр буюу 26-нд тусгаар тогтнолоо тунхагласан гэж ойлгосоор ирлээ. Гэтэл энэ нь өөр зүйл. Нэг үгээр манайх Бүгд найрамдах улс болж, үүнийгээ Үндсэн хуулиар батал­гаажуулсан юм. Тиймээс бид Үндсэн хууль батлагд­сан өдрийг л тусгаар тог­нолоо тунхагласан гэж ойлгоод байна.

Үндсэн хуулийг ХХ зууны түүхэнд 1924, 1940, 1960, 1992 онд баталсан. Гэтэл энэ бүхнийг тэмдэглэх боломж­гүй. Гэхдээ арваннэгдүгээр сарын 26-нд хамгийн анхны Үндсэн хуулийг баталсан гэдгээр ач холбогдол өгдөг. Тэгэхээр Монгол Улс Үндсэн хуультай болж, Бүгд найрам­дах улс гэдгээ зарлан тунхагласан нь эрх зүйт төрийн тогтолцоонд хамгийн шинэлэг тал болсон юм.



-Тусгаар тогтнолыг Богд хаант Монгол Улсын үед тунхаг­ласан гэж үздэг хү­мүүс ч бий?

-Анхдугаар Үндсэн хуулийг батлахаас өмнө 1911 оны  арванхоёдугаар сарын 29-нд наймдугаар Богдыг  хаан ширээнд өргөмж­лөхдөө Монголын тусгаар тогт­нолыг зарласан. Тэр үед Үндсэн хуультай дүйцэхүйц хууль, эрх зүйн орчин байсан. Энэ нь “Зарлигаар тог­тоогд­сон Монгол Улсын хууль зүйлийн бичиг” юм.



-Монгол Улс Үндсэн хууль­тай болох ажил хэрхэн өр­нөж байсан бэ?

-Богд хаан гадаад ор­нуудын хуулийг судалж, шинж­лэх ажлыг санаа­чил­сан. 1921 онд Ардын хувьсгал ялсны дараа ч энэ ажлыг үргэлжлүүлж, Английн Үндсэн хуулийг ор­чуулан, Монголын нийгмийн харил­цаанд зохицох эсэхийг судалж байсан. Д.Бодоогийн боловсруулсан Үндсэн хууль архивт хадгалаастай байгаа.

Эдгээрээс зөвлөлт Оросын Үндсэн хуулийг шууд хуулбарлан авч, яаравчлан баталсан нь Монголын анхны Үндсэн хууль болжээ. Энэ нь манай улс зөвлөлт Орос улсаас хараат байх нэг шалтгаан болсон юм. Гэхдээ Монгол Улс Үндсэн хуультай болсноор олон шинэ дэвшил гарсан. Учир нь нийгмийн амьдралыг эрх зүйн зохицуулалттай болгож, Бүгд найрамдах улсыг байгуулж, бүх шатны хурлыг зохион байгуулсан. Энэ нь хуучны угсаа залгамжлан Засгийн эрхийг барьж байсан ван, гүн­гүүдийн эрх мэдлийг хяз­гаарлан, удирдлагаа сонгох боломжийг бий болгосон байна.

Тэглээ ч энд дутагдал байсан. Монголчууд энэ хуулийн мөн чанарт эргэлзэж байсан. Нөгөөтэйгүүр нийг­мийн шаардлагыг бас яг хангаж чадахгүй учраас 1940 онд дахин засварлаж, шинээр баталсан. Тухайлбал, ямар алдаа байна вэ гэхээр, иргэдийн сонгох, сонгодох эрхийг хангаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл, гүн, ван зэрэг хэргэм зэрэгтэн, сүм хийдийн том лам нар, хутагт, хувилгаадыг гэр бүлээр нь сонгох эрхгүй бол­гож байсан. Үүнийг 1940 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр залруулсан. Мөн цаашид Монгол Улс капи­талист бус замаар хөгжин, социалист чиг барим­жаагаар урагшлахад зориул­сан.



-Монголчууд түүхэн чухал үйл явдлуудаас долоо­дугаар сарын 11-нийг онцлон тэмдэглэдэг. Гэхдээ бидний бодож байснаас арай өөр тайлбар сүүлийн үед гарах боллоо?

-1921 оны долоодугаар сарын 11-нд Нийслэл хүрээг чөлөөлсөн гэж манайхан боддог. Гэтэл ардын журамт цэрэг Нийслэл хүрээнд 1921 оны гуравдугаар сараас хойш орж ирсэн. Өөрөөр хэлбэл, гуравдугаар сарын 1-нд МАН хурлаа хийж, дараа нь долоодугаар сарын 11-нд хүрээнд орж ирсэн. Тэр үед энэ үйл явдлыг тэм­дэглэж, бөх барилдан, морь уралдуулсан байгаа юм.

Нийслэл хүрээг чө­лөөлс­нөөс хойш 1924 он хүртэл Монголд Ардын түр Засгийн газар байгуулагдсан. Нөгөө талд Богд хааныг хэвээр нь үлдээж, шашныг төрийн хэргээс нь ялгасан. Үнд­сэндээ хоёр засаг тогтсон байж.



-Монголчуудын түүхийг үзэх үзэлд өөрчлөлт орж байна. Өнгөрсөн үйл явд­луудыг коммунист ханд­лагаар харахаас илүү бодит үнэнийг мэдэхийг хүсч бай­гаа. Манай түүхчид энэ тал дээр хэрхэн ажиллаж бай­гаа вэ?

-Бид түүхийг ярихдаа бодитой баримтад түшиглэх ёстой. Өнгөрсөн зууны бүхий л үйл явц тэмдэглэлт баяр, ёслолын шинжтэй бай­сан нь нэг нам 1990 оныг хүртэл дангаар зас­гийн эрхийг барьж, олон ургальч үзэл байгаагүйтэй хол­боотой. Нөгөө талаар өрсөлдөгчгүйгээр дангаар үүрэг гүйцэтгэж байсан уч­раас өөрсдийгөө нийгэмд товойл­гох үүднээс ийм баяр, ёслол бүхий арга хэмжээ авч байсан байх.

Тиймээс цаашид түүхийг улстөрийн өнцгөөс нь харсаар байвал олон чухал баримт бүдгэрэх аюултай учраас тухайн үйл явдал Мон­голын түүхэнд ямар үүрэг гүйцэтгэсэн, нийгмийн дэвшилд хувь нэмэр оруулсан уу гэд­гээр нь зааглан, ялгах ёстой юм.

Дээр дурдсан, үйл явдал Монголын түүхэнд чухал хувь нэмэр оруулсан, монголчууд нөр их тэмцлийн дүнд энэ ялалтыг авч ирсэн гэдгийг түүхч, судлаачид тэмдэглэсэн. Харин үүнийг одоо хэрхэн харах вэ. Манайд олон намын систем тогтсон учраас өнгөрсөн түүхийн бүхий л үйл явцаас сургамж авах хэрэгтэй. Гол нь Монголын нийгэмд хэр их үр өгөөжтэй, ач холбогдолтой вэ гэдгийг хармаар байна. Түүнээс биш тэмдэглэлт өдөр бүрийг жагсаана гэвэл барагдахгүй. Тэгээд ч бүхий л түүхээс ганцхан зууныхыг сал­гаж аваад, тэмдэглэх нь өрөөс­гөл. Өнөөдөр мон­гол­чууд ганц зууныг биш 850 жилийн түүхийг харж, су­далж байгаа нь ололт юм.



-Тэгвэл түүхийн зохиол, сурах бичгүүд өөрчлөгдөнө гэ­сэн үг үү?

-Өнгөрсөн түүхийг бид засах ёстой. Засна гэдэг нь түүхэн бодит үнэнийг олон нийтэд ил тод хүргэж, шинжлэх ухааны эргэлтэд ороогүй шинэ баримтуудыг мэдээ­лэх явдал. Учир нь бид өмнөх нийгмийн харилцаанд байсан түүхийг дангаар нь харах, одоогийн өнцгөөс харах нь хоёр өөр цонх.

Тухайн нийгэмд амьдарч байсан хүмүүс цаг үетэйгээ зохицож, нам, төрийнхөө бодлогод тааруулан түүхийг бичиж байсан аж. Харин одоо олон баримт ил болж байна. Эдгээр шинэ баримтыг шинжлэх ухааны эргэл­тэд оруулснаар олон нийтэд зөв оюун дүгнэлт өгөх боломжийг нээж өгч бай­гаа юм.

Түүхийг ард түмэн бүтээдэг. Тиймээс өнгөрсөн 70 жил Монголын ард түмний зовлон, жаргалын түүх юм. Монголчууд хөлс, цус, баяр, баясгалан, гуниг, зов­лон, баатарлаг үйлс, бүхий л юмаараа бүтээсэн учраас бүх талаас нь харах ёстой.

Монголын нийгэмд хөг­жил дэвшил ирсэн. Гэх­дээ энэ нь нийгэмд хүчээр бий болгосон хөгжил юм. Гэхдээ хүн төрөлхтний хамгийн чухал үнэт зүйлийг шингээсэн тэр их өвийг монголчууд эдэлж байсан уу гэдэг нь өөр асуудал. 1990 оныг хүртэл монголчууд хөгжил дэвшлийг зөвхөн эдийн засаг, малынхаа тоо толгойн өсөлтөөр хардаг байсан. Гэтэл хамгийн чухал үнэт зүйл болох хүний жам ёсны эдлэх эрх байгаагүй. Шашин, ёслол ч байхгүй болсон. Манайхаас өөр шашин соёлтойгоо дайтаж, хүн ардынхаа үнэт зүйлд харшилж байсан улс байхгүй. Тиймээс үүнийг сургамж болгох, түүхэн үүднээс зөв мэдээлэл өгөхийн тулд ажиллаж байна даа.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: "Өглөөний Сонин"