БЭЭЖИН, 2026 оны тавдугаар сарын 20 /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын удирдагч Ши Жииньпин нар лхагва гарагт буюу өнөөдөр Бээжин хотноо уулзах үеэрээ хоёр талын харилцааны бүхий л цогц асуудлууд болон олон улсын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ.
Оросын удирдагч хоёр өдрийн албан ёсны айлчлал хийхээр БНХАУ-д өчигдөр орой хүрэлцэн иржээ. Бээжингийн нисэх онгоцны буудалд хүндэт харуул, найрал хөгжмийн хамтлаг оролцсон ёслолын ажиллагаа зохион байгуулж, түүнийг угтан авсан байна.
Ёслолд уламжлал ёсоор хүүхдүүд оролцож, хятад хэлээр мэндчилж, Орос, Хятадын жижиг тугуудыг даллаж В.Путинийг угтан авсан байна. В.Путинийг онгоцноос буухад Хятадын Гадаад хэргийн сайд бөгөөд Коммунист Намын Төв Хорооны Комиссын тамгын газрын дарга Ван И угтан авчээ. Түүнийг Ши Жиньпиний дараа орох Хятадын хамгийн нөлөө бүхий, олонд танигдсан улс төрчдийн нэг гэж үздэг. Харин өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг БНХАУ-ын дэд дарга Хань Жөн нисэх онгоцны буудалд тосон авсан юм.
Албан ёсны хэлэлцээ
В.Путиний Хятадад хийж буй айлчлалын үндсэн хөтөлбөр лхагва гарагт Бээжингийн төв талбай болох Тяньаньмэний талбайд Оросын төлөөлөгчдийг угтан авах ёслолын ажиллагаагаар эхэлнэ. Үүний дараа Ардын Их Хурлын ордонд дээд хэмжээний хэлэлцээ болно. В.Путин, Ши Жиньпин нар эхлээд явцуу хүрээнд уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны хамгийн чухал бөгөөд эмзэг асуудлуудыг хэлэлцэнэ. Дараа нь Орос-Хятадын хэлэлцээ өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр үргэлжилнэ.
В.Путиний хамт Бээжинд тэргүүн шадар сайд Денис Мантуров, шадар сайд Татяна Голикова, Александр Новак, Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Хөдөө аж ахуйн сайд Оксана Лут, Оросын Төв банкны ерөнхийлөгч Эльвира Набиуллина, "Роскосмос"-ын ерөнхий захирал Дмитрий Баканов, "Роснефть" компанийн тэргүүн Игорь Сечин, "Газпром"-ын захирал Алексей Миллер болон Оросын төрийн байгууллагууд, томоохон бизнес эрхлэгчид хүрэлцэн иржээ. Уулзалтын дараа талууд хамтарсан баримт бичгүүдийг батлах бөгөөд айлчлалд зориулж 40 орчим ийм гэрээ хэлэлцээрийг боловсруулжээ. В.Путин, Ши Жиньпин нар иж бүрэн түншлэл, стратегийн хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх тухай мэдэгдэл, түүнчлэн олон туйлт ертөнц болон шинэ хэлбэрийн олон улсын харилцааг төлөвшүүлэх тухай тунхаглалд гарын үсэг зурах төлөвтэй байна.
Бэлгэдлийн чанартай уулзалт ба уламжлалт цайны ёслол
Удирдагчид мөн Орос-Хятадын боловсролын салбарын хамтын ажиллагааны жилийг нээх ёслолд оролцоно. Түүнчлэн Оросын Ерөнхийлөгч худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэхээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай тусдаа уулзалт хийнэ.
Айлчлалын хөтөлбөр зөвхөн албан ёсны арга хэмжээнүүдээр хязгаарлагдахгүй. Кремлийн хэвлэлийн албанаас өмнө нь мэдээлснээр, Оросын удирдагчийн Хятадад хийж буй энэ удаагийн айлчлалын хүрээнд нэгэн маш бэлгэдэлтэй уулзалт болох ажээ.
В.Путин 2000 онд Хятадад анх удаа айлчилж байх үед хүүхэд байхдаа түүнийг угтаж байсан Хятадын инженер Пэн Пайтай уулзахаар төлөвлөжээ. Энэхүү уулзалт Оросын Ерөнхийлөгчийн айлчлалынхаа хугацаанд байрлаж буй Дяоюйтай төрийн зочдын өргөөнд болно.
Өнөө орой Ши Жиньпиний хүндэтгэлийн хүлээн авалт болох бөгөөд ажлын айлчлалын төгсгөлд В.Путин Хятадын удирдагчидтай цай уун албан бус яриа өрнүүлнэ. Талуудын төлөөлөгчдөөс тус бүр дөрвөн хүн оролцох энэхүү уулзалтыг айлчлалын хамгийн чухал арга хэмжээнүүдийн нэг болно гэж Кремль мэдээлжээ.
В.Путиний Хятадад хийдэг айлчлалын үеэрх уламжлалт цайны уулзалт энэ удаад БНХАУ-ын удирдагчтай "аль болох удаан" үргэлжилнэ гэж Москва найдаж байна. Учир нь, хаалттай хүрээнд болдог ийм формат нь хоёр улсын удирдагчдад хамгийн чухал асуудлуудын талаар илэн далангүй, нөхөрсгөөр ярилцах боломж олгодог ажээ. В.Путин, Ши Жиньпин нар олон улсын тулгамдсан асуудлуудыг чухам энэ уулзалтын үеэр хэлэлцэнэ.
Чухал алхам
Оросын Ерөнхийлөгч Хятадад айлчлахаасаа өмнөхөн мэдэгдэхдээ, хоёр улс газрын тос, байгалийн хийн хамтын ажиллагаанд маш чухал алхам хийхэд ойртоод байгааг мэдээлжээ. Түүний хэлснээр, үндсэн бүх асуудлуудыг бараг тохиролцсон бөгөөд "хэрэв айлчлалын үеэр тэдгээрийг эцэслэн боловсруулж, цэг тавьж чадвал" тэрбээр баяртай байх болно гэжээ.
В.Путин, Ши Жиньпин нар нүүрстөрөгчийн устөрөгчийн салбар дахь хамтын ажиллагаа болон "Сибирийн хүч-2" хий дамжуулах хоолойн төсөлтэй холбоотой асуудлуудыг нарийвчлан хэлэлцэх төлөвтэй байгаа бөгөөд эдгээр нь уулзалтын хөтөлбөрт багтсан гэж Оросын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков өмнө нь мэдэгдсэн юм.
Талууд өнгөрсөн онд "Сибирийн хүч-2" төслийн тухай санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд үүнд Баруун Сибириэс Монголоор дайруулан ("Союз-Восток” хоолой) 30 орчим жилийн хугацаатай урт хугацааны гэрээний хүрээнд жилд 50 тэрбум шоо метр хүртэл хийг Хятадад нийлүүлэхээр тусгасан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 05 сарын 20,
2026
Сэтгэгдэл0