МОСКВА, 2026 оны тавдугаар сарын 20 /RIA Novosti/. Саудын Арабын "Аль-Наср" клубийн довтлогч Криштиану Роналду хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Португалын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан тухай тус улсын үндэсний шигшээ багийн Х нийгмийн сүлжээн дэх хуудсанд мэдээлжээ.
Удахгүй болох ДАШТ нь Роналдугийн хувьд зургаа дахь тэмцээн болох бөгөөд тэрбээр ДАШТ-д хамгийн олон удаа оролцсон тамирчнаар тодорч байна.
Хэрэв дэлхийн одоогийн аварга болох Аргентины шигшээ багийн эцсийн бүрэлдэхүүнд Лионель Месси багтвал мөн адил ийм амжилтыг тогтооно. Роналду, Месси нараас гадна Мексикийн хөлбөмбөгчин Антонио Карбахаль, Андрес Гуардадо, Рафаэль Маркес болон Германы тоглогч Лотар Маттеус нар таван удаа ДАШТ-д тоглож байжээ. 2026 оны ДАШТ-д оролцох Португалын шигшээ багийн бүрэлдэхүүнд эцсийн хувилбараар дараах 27 тоглогч багтсан байна.
Хаалгачид: Диогу Кошта ("Порту"), Жозе Са ("Вулверхэмптон", Англи), Руй Силва ("Спортинг"), Рикарду Велью ("Генчлербирлиги", Турк),
Хамгаалагчид: Диогу Далот ("Манчестер Юнайтед", Англи), Матеуш Нунеш, Рубен Диаш (хоёулаа "Манчестер Сити", Англи), Нельсон Семеду ("Фенербахче", Турк), Жуан Канселу ("Барселона", Испани), Нуну Мендеш ("ПСЖ", Франц), Гонсалу Инасиу ("Спортинг"), Ренату Вейга ("Вильярреал", Испани), Томаш Араужу ("Бенфика"),
Хагас хамгаалагчид: Рубен Невеш ("Аль-Хилал", Саудын Араб), Самуэл Кошта ("Мальорка", Испани), Жуан Невеш, Витинья (хоёулаа "ПСЖ"), Бруну Фернандеш ("Манчестер Юнайтед"), Бернарду Силва ("Манчестер Сити"),
Довтлогчид: Роналду, Жуан Феликс (хоёулаа "Аль-Хилал"), Франсишку Тринкан ("Спортинг"), Франсишку Консейсан ("Ювентус", Итали), Педру Нету ("Челси", Англи), Рафаэл Леау ("Милан", Итали), Гонсалу Гедеш ("Реал Сосьедад", Испани), Гонсалу Рамуш ("ПСЖ"). Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний хооронд АНУ, Мексик, Канадад болно. Португалын шигшээ баг "К" хэсэгт Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Узбекистан, Колумбын багуудтай тоглоно.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 05 сарын 20,
2026
Сэтгэгдэл0