СӨҮЛ, 2026 оны тавдугаар сарын 20 /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён, Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи нар Ойрх Дорнодын мөргөлдөөний үед нийлүүлэлтийн сүлжээ болон түүхий газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн хангамжийн чиглэлд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр тохиролцсон тухай Ерөнхийлөгч Ли Жэ Мён мягмар гарагт мэдэгдлээ.
"Ойрх Дорнодод үүссэн сүүлийн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан нийлүүлэлтийн сүлжээ болон эрчим хүчний зах зээлд тогтворгүй байдал үүсээд буй энэ үед хоёр орны нягт хамтын ажиллагаа урьд урьдынхаас илүү чухал болоод байгаатай бид санал нэгдлээ" гэж Ли Жэ Мён цохон тэмдэглээд, бүс нутагт энх тайвныг нэн даруй сэргээн тогтоох шаардлагатай байгааг талууд хүлээн зөвшөөрсөн гэдгийг нэмж дурдсан байна.
Түүнчлэн хоёр улсын эрчим хүчний гол эх үүсвэр болох шингэрүүлсэн байгалийн хий болон түүхий газрын тосны салбарт хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэхээр тохиролцсоныг тэрбээр дурдсан байна. Мөн хоёр улсын удирдагчид бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хангахын тулд Сөүл, Токиогийн хоёр талын хамтын ажиллагаанаас гадна Вашингтонтой хийх гурван талт хамтын ажиллагаа чухал болохыг мөн онцолжээ.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 07 сарын 08,
2026

Сэтгэгдэл2
Санаэ Такаэчигийн нам 465 суудлаас 340-ыг нь авч дэлхийн 2-р дайнаас хойш байгаагүй түүхэн ялалтыг байгуулжээ. Үүн дээр нэмээд хэт барууны үзэлтэй Сансейто нам мөн 14 суудал авсан байна. Ингэхлээр 354 суудал Санаэ Такаэчигийн талд шилжиж байгаа гээд ойлгож болно. Тэдний зорилго бол японыг дахин цэрэгжүүлэх, Үндсэн хуулийн 9-р заалтыг өөрчилж Япон улсын оршихуйд аюул занал учруулсан нөхцөлд дайнд оролцох заалт оруулж өгөх нь гол зорилго юм. Энэ бол хятадуудын хувьд учирч болох хамгийн том айдас. Харин Өвөр Монголыг дэмжих үзэлтэй энэ ерөнхий сайд ингэж үнэмлэхүй ялсан нь Өвөр Монголын тэмцэгч нарт маш том боломж үүсэж байна. Тэрээр: Хятадын Коммунист Намын засгийн газрын Өвөр Монголд хийж буй хүний эрхийн дарамт болон хэл, соёл устгах зорилготой нэгтгэх бодлого одоо ч үргэлжилж байна. Бид үүнийг хэзээ ч үл тоомсорлож болохгүй. Олон өвөр монгол хүн эрх чөлөөнийхөө төлөө тэмцсээр ирсэн бөгөөд одоо ч тэнд хятадын коммунист намын дарлал үргэлжилж буй нь миний гүнээ бухимдлыг төрүүлж байна".
Санаа авахад илүүдэхгүй. Японы ерөнхий сайд хатагтай Санае Такаичи "Өөрийгөө хамгаалах чадваргүй улс орныг өөр хэн ч ирж хамгаалахгүй. Улс гэж хэлэх боломжгүй. Бид батлан хамгаалахын салбарт баримталж байсан бодлогоо үндсээр нь өөрчилж цэргийн хүч чадлаа эрс нэмэгдүүлнэ" гэж мэдэгдэв.