sonin.mn

"Өглөө эртлэн босч эмээдээ цай чанаж, талхыг нь бэлтгэж өгнө. Зарим өдөр идэх юмгүй байх ч тохиолдол бий. Гэхдээ л би эмээгээ өлсгөдөггүй. Миний эмээ тэтгэвэр гэж сард 270 мянган төгрөг авдаг. Түүний 120 мянгыг нь байрныхаа хөлсөнд өгч, эмээгээ эмчид үзүүлэх, хорооны даргатай уулзуулах гээд 20 мянгыг нь таксинд, үлдсэн 130 мянган төгрөгөөр нь сарынхаа хүнсийг бэлтгэдэг" хэмээн ярих энэ охиныг Б. Ганчимэг гэдэг.

 

Тэрбээр нийслэлийн захын гэр хорооллын нэгэн сургуулийн 10 дугаар ангид сурдаг. Ар гэрийнх нь амьдрал хэцүүхэн ч гэсэн сургуулийнхаа онц сурлагатнуудын нэг. Тиймээс ангийнхнаасаа санаа нь зовж сургуулийнхаа нэрийг нууцлахыг хүссэн юм. Аав, ээждээ эрхэлж гэр бүлийнхээ халуун дулаан аз жаргалд умбах насандаа өндөр настай эмээгээ асран амьдралын төлөө шүд зуун зүтгэж буй энэхүү охинтой уулзахад нүднээс нь итгэл гэрэлтэж байсныг нуух юун.  Ингээд түүнтэй амьдралын талаар ярилцлаа.



-Та хоёртой өөр хүн хамт амьдардаг уу?

-Эмээтэйгээ хоёулхнаа хөлсний байшинд амьдардаг. Эмээ маань 74 настай. Өнгөрсөн тавдугаар сард цус харвачихсан болохоор хэл нь орооцолдоод бараг ярьж чаддаггүй. Бас явж ч чаддаггүй.



-Эмээг нь чамаас өөр харах хүн байдаггүй юм уу?

-Надаас өөр хүн байхгүй. Эмээ маань дөрвөн хүүхэдтэй байсан. Тэд бүгд л бурхны оронд явчихсан. Харин эмээгийн хүүхдийн хүүхэд гэж гурван хүүхэд бий. Нэг нь би, нөгөө ах, эгч хоёр маань хоёулаа оюутан. Тус тусдаа өөр өөр айлд амьдардаг. Харин би багаасаа л аав, эмээ хоёртойгоо үлдсэн. Ингээд л эмээгээ харах үүрэг хүлээсэн юм даа.



-Эмээ нь танай аавын ээж үү?

-Тийм ээ. Миний аавын ээж нь. Аав маань өнгөрсөн онд нас барсан. Харин би багаасаа ээжийгээ мэдэхгүй. Эмээ маань намайг өсгөсөн болохоор ачийг нь хариулахсан гэж боддог. Даанч би арай л балчирдаад байх юм. Сургуулиасаа гараад ажил хийе гэхээр насанд хүрээгүй гээд албан газрууд авдаггүй.



-Чи хичээлдээ хэр вэ. Дунд сургуулиа төгсөх цаг ойртож л байна даа?

-Онц сурдаг. Сургуулийн болон улсын чанартай олимпиадуудад дандаа л шагналт байранд ордог. Сургуулиа онц төгсчихвөл яаж ийж байгаад улсын тэтгэлгээр их сургууль төгсч мэргэжилтэй болно гэж мөрөөддөг. Би сэтгүүлч юм уу олон улсын хуульч болохыг хүсдэг.



-Та хоёр яагаад хөлсний байранд амьдардаг юм бэ. Эмээ нь өмнө нь гэр оронгүй байсан юм уу?

-Манайх Сонгинохайрхан дүүр гийн зургадугаар хороонд харьяалагддаг. Тэндхийн 58-ын "б" байранд нэг өрөөнд амьдардаг байсан. Гэтэл эмээгийн маань найз Х.Дагийрагчаа гэдэг хүн манай байрны ордерийг гуйж аваад ломбардад тавьчихсан юм. Тэгээд л нэг өдөр "Капитал" банкнаас ирээд манай байрыг хураагаад авчихсан.



-Эмээ нь байраа эргүүлж авахын тулд шүүх цагдаагаар яваагүй юм уу?

-Эмээ маань их хөөцөлдсөн. Гэтэл Х.Дагийрагчаа гуай залилангийн хэрэг их хийж, хэд хэдэн айлын байрны ордерийг барьцаанд тавьчихсан байсан. Тэр хүн таван жилийн хорих ял авсан гэсэн. Харин эмээ, аав бид гурав орох оронгүй үлдсэн. Аав маань хөлсний байр хайж олоод хамтдаа амьдардаг байсан. Аавыг өнгөрснөөс хойш дахиад л байр хайх ажил гарсан. Одоо хөлсөлж байгаа нийтийн байрны эзэн маань эмээ бид хоёрыг үнэгүй суулгадаг байсан. Харин эзэн нь солигдсоноос хойш эмээ бид хоёр түрээсийн мөнгө төлж байгаа.



-Ахын дүү цаашдаа яаж амьдарна гэж бодож байна. Эмээдээ яаж дэм болох вэ?

-Ямар ч байсан бүх хичээл дээрээ онц гарна. Их сургуульд сурна. Гэхдээ эмээгээ өндөр настны асрамжийн газар хүргэж өгмөөр байна. Эмээ маань надаас тэгж гуйсан юм. Миний охин сургуулиа төгсөөд ажил хийтлээ эмээгээ асрамжийн газар хүргээд өг. Чамд ч амар, эмээд нь ч сайхан гэж хэлсэн. Тэгэхээр эмээгээ сайхан байлгахын тулд асрамжийн газар л хүргэж өгмөөр байна.



-Чи тэгээд яаж амьдрах гэсэн юм бэ?

-Манай эмээгийн бэр байсан нэг эгч байгаа. Одоо өөр хүнтэй суучихсан л даа. Тэр эгч надад их тусалдаг. Тэгээд ч эмээг асрамжийн газар өгчих юм бол намайг гэртээ байлгаж болно гэсэн. Эмээтэй очно гэхээр нөхөр нь дургүйцээд байгаа юм билээ. Тэр эгч маань ямар ч байсан намайг нэг хэсэгтээ хувцаслаад байж чадна.



-Эмээгийнх нь хамаатан садан гэж байхгүй юм уу?

-Байгаа. Тэд эмээг огт тоодоггүй. Бие нь муу байна гээд очихоор өмн өөс загнаад ас рамжийн газар нь хүргэж өг гээд байдаг юм. Эмээ маань ба гаасаа ах дүү нараасаа жаахан хөндий өсчихсөн юм шиг байна лээ.



-Эмээ нь одоо гэртээ бий юу?

-Өчигдөр эмнэлэгт хэвтсэн. Эмч нар сахиуртай байлга гэсэн. Одоо би очиж сахина. Эмээ бид хоёр эмнэлэгт бараг арав хонох байх. Уг нь эмээ маань хоёр хөлөөрөө явдаг болчихвол гоё л доо. Даанч чадахгүй юм. Эмээ бид хоёр гэртээ заримдаа дасгал хийдэг. Гэсэн ч хөл нь дээрдэхгүй байгаа.



-Та хоёрыг эмнэлэгт байх хугацаанд чинь эргэж тойрох хүн бий юу?

-Байхгүй ээ. Би өдөр өнөөх эгч дээрээ ирж хоол цай авч байя гэж утсаар ярьсан. Эмнэлгийн хоолоор болох байлгүй дээ. Өмнө нь ч гэсэн эмээгээ сахиад эмнэлэгт хэдэн удаа хэвтэж байсан.



-Эмээ нь ямар ажил хийдэг байсан юм бэ. Албан газраас нь харж ханддаггүй юмуу?

-Эмээ маань хилийн цэргийн 0119 дүгээр ангид ажиллаж байсан. МУИС-д эдийн засаг, санхүүгийн багш, орос гуравдугаар сургуульд монгол хэлний багшаар ажиллаж байсан. Эмээгийн ажиллаж байсан албан газар бүү хэл хороо дүүргээс ч харж ханддаггүй. Заримдаа эмээ маань их ганцаарддаг юм шиг санагддаг. Түрээсийн байранд амь дардаг болохоор найз нар нь ч ирдэггүй.



-Эмээгээ асрамжийн газар өгөх талаар хөөцөлдөж үзсэн үү?

-Эмээ бид хоёр нэг сүмд явдаг байсан юм. Тэр сүмийн шугамаар нэлээд хөөцөлдсөн. Бараг бүх бичиг баримтыг нь бүрдүүлчихсэн. Гэтэл Батсүмбэрийн асрамжийн газраас орон тоо байхгүй гэсэн хариу ирсэн гэсэн.



-Эмээг нь одоо асрамжийн газар авъя гэвэл явуулах уу?

-Ах аа, шинэ жил өнгөрөөгөөд явуулж болох болов уу. Бие нь гайгүй болбол эмээтэйгээ шинэ жилийг хамтдаа угтмаар байна. Заримдаа эмээтэйгээ дахиад уулзахгүй юм шиг санагддаг. Би танаас нэг юм асуучих уу. Хөгшин хүмүүс үгэнд нь орохгүй бол асрамжийн газрынхан үхүүлдэг тариа хийчихдэг юм уу?



-Яалаа гэж дээ. Миний дүү тийм юм бодож болохгүй ээ. Улсын асрамжийн газар шүү дээ. Тэнд байгаа настай хүмүүст их элэгсэг ханддаг юм билээ. Дотроо эмнэлэгтэй, өдөрт гурван хоолтой. Ах нь тэнд олон удаа явж сурвалжилж байсан юм чинь мэдэлгүй яахав. Битгий санаа зовоорой, миний дүү.

В.Нэргүй
Эх сурвалж: "Үнэн.мн"