sonin.mn
 
 
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдааны эхэнд Шадар сайдын томилгоог авч хэлэлцэв.
 
Хэлэлцүүлгийг эхэнд УИХ-ын гишүүн Н.Энхболд Шадар сайдад нэр дэвшээд буй Ухнаагийн Хүрэлсүхийн товч намтарыг танилцуулсан юм. Үүний дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, мөн Баян-Өлгий аймагт болсон үерийн гамшгийг бүрэн арилгахад анхаарах хэрэгтэй хэмээн өмнө нь захиж байсан гэв.
 
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, "Онцгой байдлын албыг хүчирхэгжүүлэхэд онцгойлон анхаараарай. Хоёрхон жилийн өмнө зүүн талын аймгуудаар түймэр гарахад онцгой байдлынхан хангалттай ажиллаж чадаагүй. Мөн шударга өрсөлдөөн Монголд байхгүй болоод удаж байгаа. Монголын төр олигархи компанийг хамгаалж, энгийн иргэдээ хамгаалж чадахгүй байгааг анхаараарай. Энэ томилгоог дэмжиж байна" гэв.
 
УИХ-ын гишүүн Г.Занданшатар, "Хамгийн гол МАН-д асар их итгэл хүлээлгэсэн. Намын мөрийн хөтөлбөрийг бодитой хэрэгжүүлж, ард түмний итгэлийг даагаарай. Ард түмний аж амьдралыг өөд нь татаж ажиллана гэдгээ ухамсарлаарай. Цөөнхдөө хүндэтгэлтэй хандаарай. Ялангуяа сахилга хариуцлагыг өндөржүүлж ажиллаж байгаа эсэхэд хариулт шаардаж ажиллах болно" гэлээ.
 
Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад 95.3 хувиар дэмжлээ. 
 
У.Хүрэлсүхийн намтар
 
Улаанбаатар хотын унаган иргэн. 1968 онд төрсөн. Нийслэлийн хоёрдугаар дунд сургуулийг дүүргэсэн. 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг улс төрийн ажилтнаар төгссөн. Монголын ардын армийн 152 дугаар ангид улс төрийн орлогчоор ажлын гараагаа эхэлсэн. МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтнаар ажиллаж байсан. Тэрбээр Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, 2000 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль төгссөн. УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөхөөр ажиллаж байгаад 1996-1997 онд МАХН-ын дэргэдэх "Залуучууд-хөгжил" төвийн ерөнхий захирлын албыг хашсан. 1997-1999 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажилласны дараа УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх. 2000 оноос хойш УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд,  Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байсан нэгэн юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар /ЗГХЭГ/ УИХ-ын гишүүн Жамъянгийн Мөнхбатыг томилуулах асуудлыг хэлэлцэж дэмжлээ.
 
Сайдад нэр дэвшигчтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү сүүлийн үед хөндөгдөж байгаа “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудалд онцгой анхаарал хандуулахыг онцгойлон захив. Мөн ЗГХЭГ-т төрийн өмчийн бүх компаниудыг нийлүүлэн удирддаг учир эрх мэдлээ хэтрүүлсэн зүйлс байвал ил тод гаргаж, илрүүлэх, төрийн өмчийг удирдах ТУЗ-ийн дарга нарыг шинэчилж, мэргэшсэн мэргэжлийн хүнээр бүрдүүлэхийг хүсэв.
 
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Ерөнхий сайдаас үлдсэн 4 сайдыг хэзээ оруулж ирэхийг асуугаад АТГ ямар дүгнэлт хийснийг дэлгэрэнгүй тайлбарлахыг хүсэв. Мөн нэр дэвшигч Ж.Мөнхбатад хандаж, Төрийн сайд болж байгаа учир аливаа асуудалд хариуцлагатай хандаж байхыг захив. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үүнд “Дөрвөн сайдын асуудлыг Ерөнхийлөгчтэй дахин зөвшилцөж удахгүй оруулж ирнэ. АТГ тухайн албан тушаалыг хашихад ашиг сонирхлын зөрчилтэй гэж дүгнэсэн” гэлээ.
 
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “МАН мэргэжлийн Засгийн газар байгуулна, засаглалаа мэргэжлийн хэмжээнд авч явна гэж ард иргэд маш их итгэл хүлээлгэсэн. Гэтэл Засгийн газраас оруулж ирсэн саналыг хараад цочирдлоо. Сайд нарыг томилохыг гишүүд нь мэдээгүй. Хэдэн дарга нар л ярьж шийдлээ. МАН дотоод ардчилалгүй байна” хэмээн шүүмжлэв.
 
УИХ-ын гишүүн Ю.Аюурсайхан өргөн барьсан сайд нарын хэд нь мэргэжлийн сайд байгааг асуухад Ерөнхий сайд “Миний нэр дэвшүүлсэн 11 сайд бүгд мэргэшсэн, салбараа мэддэг, эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс” гэж хариулав.
 
Ж.Батзандан гишүүн “ЗГХЭГ-ын даргын удирдан, чиглүүлэх ажил маш их. Сайд нарыг удирдан чиглүүлэх ёстой” гэсэн юм.
 
Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 95.3 хувь нь дэмжиж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг томиллоо.
 
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдад УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцлээ.  
 
УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар дээрх томилгоог хэлэлцэж, дэмжсэн юм. Сайдад нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ нь хуульч мэргэжилтэй, төрийн албанд 25 жил ажилласан.
 
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Элит-ын 25” байрыг хувьчлахад онцгой анхаарахыг хүссэн бол УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хилийн цэргийнхний нийгмийн асуудалд анхаарах, Х.Болорчулуун гишүүн цэргүүдийг ургац хураалт, бүтээн байгуулалтын ажилд бодлоготойгоор дайчлах, идэвхжүүлэх, О.Баасанхүү гишүүн цэргийн алба хаагчдын улс төржилтийг зогсоох, энхийг сахиулагчдын аюулгүй байдал, цалин хангамжинд онцгой анхаарах зэрэг зүйлсийг захиж байв. Харин Ж.Батзандан гишүүн Батлан хамгаалахын багц таван хуулийн эцсийн хэлэлцүүлгийг яаралтай хийж, хэрэгжилтийг нь хангах, цэргийнхэнд цолны мөнгийг шударга олгоход анхаарах, цэргийн аж үйлдвэрийг хөгжүүлэх замаар чөлөөнд гарсан цэргийн ажилчдыг ажлын байраар хангах, цэргийн алба хаагчдын эдийн засаг, нийгмийн асуудлыг анхаарах зэрэг асуудлыг сайдад нэр дэвшигчид анхааруулав.
 
Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн 90.6 хувь нь дэмжиж Батлан хамгаалахын сайдаар Б.Бат-Эрдэнийг томилов.                           
 
Н.Гантуяа, Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг