sonin.mn

Хүний хувь төөрөг гэж сонин юм шүү. Тэртээ 1960 аад онд аргагүйн эрхээр харийн нутаг зорьсон, ОХУ-н гавъяат эмч, Петровскийн нэрэмжит Бүх Холбоотын Мэс Заслын Төвийн профессор Гаваагийн Лувсантай уулзах их завшаан надад тохиож билээ.

1998 оны хавар  Москвагаас баруун өмнө зүгт 20-иод км-ийн зайтай орших “Солнцев” гэх үзэсгэлэнтэй газарт аж төрөн суугаа Гаваагийн Лувсан гуайд анх очсон сон... Энд Оросын төр засгийн зүтгэлтнүүдээс авахуулаад, жирийн иргэд, тэрчлэн “шинэ Оросууд” гэгдэх орчин цагийн баячуул, зарим үед Өрнөдийн орноос ч Лувсан гуайг зорьж зочид байнга ирдэг юм билээ.

ОХУ-ын гавъяат эмч, профессор Г.Лувсан эхнэр Назаровагийн хамт гадаадын зочдоо хүлээж авсны дараа...

Г.Лувсан эхнэр Н.Назаровагийн хамт


Харийн нутагт ийм өндөр хүндэтгэл хүлээснийг нь харахад халхын буянтай энэ бууралд баярлаж бахархмаар. Тэрбээр хуучин цагт, ЗХУ-ын Коммунист Намын Төв Хорооны ерөнхий гарийн бичгийн дарга Л.Брежневийн эмчийн үүрэг хүлээхийн хамт, улс төрийн товчооны гишүүдийг давхар хариуцан үздэг байсан байна.

Л.Брежнев монгол эмчдээ зориулж зөвлөлтийн удирдагчдийн зусдаг “Солнцев” дүүрэгт гурван сайхан тохилог байшинг бариулж өгчээ.Лувсан гуайнд  хоёрдахь удаагаа ирэхэд хашааны хажууд нь бас л суудлын машин бүчээстэй байлаа Танайд голдуу том зиндааны хүмүүс ирдэг юм уу даа гэхэд:

Би чинь хуучин зөвлөлтийн үед тусгай эмнэлгийн эмчээр ажиллаж байсан. Тэр үеийн хүмүүс надад дассан юм уу, үргэлж л холбоотой байдаг. Цаг хувирлаа гээд сэтгэлд нь сэв суулгаж, эднийгээ гомдоочихгүй юмсан гэж бодоод чадах чинээгээрээ л тусалдаг.

Өнөөгийн Оросын төрийн Дум, засгийн газраас ч хүмүүс манайхаар ирдэг. Хөөрхий тэдний нэг генерал Лев Рохлин байв. Саяхан л зүв зүгээр явж байсан хүн золгүй явдлаар амь үрэгдсэнийг дуулаад хичнээн их харамсав. Талийгаач мөн ч хээгүй, гүндүүгүй,ёстой цэргийн эр байсандаа гэж чинхүү сэтгэлээсээ үгүйлэв.

Үнэндээ ч Г.Лувсан гуай Оросын төрийн Думыхантай ойр дотно бөгөөд тэрбээр депутат ноён Воротниковын туслах тул бас Думын тусгай унаа хөлөглөх аж. Орос их гүрэнд ийм хүндэтгэлийн өндөрлөгт хүрсэн гадаадын иргэн тун ховор болов уу.

Арвайхээрийн энэ эр ямар хувь заяагаар харийн нутагт үлдэх болов оо гэх сониуч зандаа хөтлөгдөж, тэднийд тухлан нэгэн шөнийг өнгөрөөж билээ. “Хүү минь одоо ч нас өндөр боллоо доо”, -гэснээ ийнхүү хуучлав.

БАГА НАС

Би бүр балчир байхдаа өнчирсөн хүн дээ, аавыгаа мэдэхгүй. Ээж маань Гаваа гэдэг сайхан эмэгтэй байсан. Нутгийхан маань намайг Гаваа хүүхний данхар гэдэг сэн. Надад тухайлсан гэр орон байсангүй. Бор гэдсээ тэжээх нэг арга маань бадарчин ламыг дагаж айлаас, айлд хийдээс хийдэд очдог байв.

Гэлэг гэдэг ламыг бараадаж Зүүн жас, Уушгийн жаа, Харчин дуган гэдэг газруудаар явдагсан. Унаа гэж юу байхав. Гэлэг ламыхаа хажууд шилбүүрээр морь хийчэхээд гуяа алгадаад давхина. Зургаа долоохон настай жаал хүүхэд шүү дээ. Тэр үеийн бадарчин гэдэг чинь зүгээргүй хүмүүс байж.

Айлд буугаад өвчин зовлонтой хүмүүсийн судасыг нь барьж биеийг нь сувилчихана, шаардлагатай бол цус ханаж төөнүүр хийгээд тэнхрүүлчихэнэ. Энэ бүгдийг хүүхэд ахуй цагаасаа нүдээрээ харж ламд туслаж явсан маань ирээдүйн мэргэжилд онцгой нөлөөлсөн. Түвд үсэг заалгаад ойр зуурын ном уншчихдаг. Өвгөн ламынхаа хамт уул овоо тахилын ёс үйлдчихэнэ.

Бадарчин хүн ямагт хонины сүүлтэй явах. Хонины сүүлний минерал бодис, химийн найрлага нь маш өег, асар их тэжээлтэй шүү дээ. Хэд хоногийн өл даана. Ямар сайндаа би хожим Дотоод яаманд дуудагдан байцаагдахдаа хонины сүүл аваад очдогсон. Ер нь монгол хонины мах шимийн чанараараа ардын уламжлалт эмчилгээнд хэрэглэхэд гайхалтай шүү дээ.

Мах бүр нь байрлалынхаа онцлогоор өвөрмөц шүүстэй. Дал, дөрвөн өндөрийн хавирганы шүүсний найрлага нэг өөр. Энэ нь бие тэнхрүүлэх эм даруулж уувал зохистой. Гэтэл хонины сүүл, сээр нурууны махны найрлага бүр өвөрмөц. Хонины мах шинэ дээрээ хлостерин байдаггүй. Энэ нь шимийн чанарлаг маш сайн байгаа хэрэг. Харин хонины мах хуучирхаараа хлостерин ихдээд ирдэг.

Ингэхлээр хортой болдог. Манай нутагт Буянт гэдэг Хятад хүн байх. Энэ хүнд би голио, царцаа, өвс ургамал түүж өгөөд гэдэс цатгалан явна. Өглөөгүүр голио царцаанууд нойтон чийгтэй байдаг юм. Нэг далавчийг нь авчихаад уут руугаа хийчихэнэ. Буянт гуайгаас би тун их зүйл мэдэж авсан. Голиогий чинь саахартай буцалгаад уухад уушигний ханиадыг дороо л дарна.

Ер нь голио бол ходоодны шарх, элэг цөс, дэлүүний өвчинд жигтэйхэн сайн. Голионоос хаях юм гэж байдаггүй. Гэдсийг нь хатаагаад дараа нь хэрчиж нүдээд хэрэглэдэг юм л даа. Москвад би томчуудыг голиогоор эмнэж байсан. Би арваад настай л байж. Буянт гуайгаас сална гэж үгүй. Сайхан ч зантай, их ч юм мэдүүлж өгсөн.

Яагаад голио, царцаа, өвс ургамалыг Буянт гуай надаар түүлгээд байгаа юм болоо, энэ нь чухам юунд хэрэглэдэг юм бол гэж бодно. Нэгэн удаа Буянт гуайнд, одоо бодоход уушигны сүрьеэ туссан хүнд өвчтэй хүн ирсэн юм. Тэр хүн ёолоод л байх. Дуу тавих бүрт нь амнаас нь цустай цэр, цус гарна. Буянт судсыг нь барьж үзээд:- “Энэ хүний бие их доройтчихсон байна, хоногоо хүлээж байгаа юм уу даа, хажуухан айлын гичий гөлөглөсөн байна билээ.

Сүүгий нь саагаад өг. Хэдэн гөлөгнөөс нь чанаад махыг нь идүүл”, -гэх нь тэр. Ингээд л хоёр эр гөлөгний махаар бууз хийгээд, чихэр өвс сонгиноор даруулаад өглөө. Тэгэхдээ “нохойндоо шар тостой, шар будаатай хоол өгөөрэй” – гэж Буянт гуай хэлэв.

Ер нь шар будаа чинь А витамин шүү дээ. Тэгээд л хэд хоногийн дараа нөгөө үхэх гээд байсан залуу маань тэнхэрч, аажимдаа эдгэрсэн юм даг. Ер нь нохойны мах бол иммунитет, өөрөөр хэлбэл эсэргүүцэл ихтэй бас ардын эмчилгээнд чухал зүйл. Мөн нохойны сүүг ходоодны шарханд ч хэрэглэнэ.

Зүү тавихыг анх энэ хүнээр л заалгасан. “Чи ер нь их сониуч хүүхэд одоо номын мөр хөөх хэрэгтэй” гэж Буянт гуай надад захидагсан. Гэтэл нэг өдөр Энэбиш гээд үеийн найз хүүхэд ирээд.

Сурталын бригадынхан гээд улсууд хачин зүйл үзүүлээд гайхалтай юм болж байна. Зарим нь бие биенийхээ дээр гарч овоороод, нугарсанаа үсэрч харайгаад жигтэйхэн. Сүүдэр ший гэдэг цагаан даавуун дээр хүн амьтан гараад ирэх юм гээч гэв.

Тэнд нь очоод харж байтал сурталын бригадын дарга нь бололтой нүдний шил зүүсэн, хижээлдүү хүн над руу ойртож ирээд: “за чи аав, ээжтэй юу? Юу хийдэг вэ? Сургуульд явж ном үзэх хүсэлтэй юу? гээд шалгааж гарав. Тэр хүн “Чи бидэнтэй яваад сургуульд орохгүй юу... бичиг мэддэг үү?” гээд Гэндэн сайдын зохиосон “Цагаан толгойг” үзүүлдэг юм байна. Үсгийг нь уншчихлаа.

Бас нэг судар үзүүлэв. Ахиад л уншчихав. Тэгсэн чинь “Чи хө, Түвд үсэг мэддэг, хуучин монголоор уншчихдаг хүүхэд байна. Ингэхлээр чамайг сургуульд аваачинаа” гэв. Би ч баярлалгүй яахав дээ. Энэ хүн намайг аймгийн төвд дагуулж ирээд Дуламдорж гэдэг багшид өгч билээ. Ингээд 10 гаруй настайдаа тэнхимийн сурагч боллоо...

- Таныг сургууль, номтой холбосон энэ буянтай хүнийг хэн гэдэг байв?

Антон Осипович Назаров гэдэг буриад хүн л дээ. Хувь төөрөг гэж сонин юм. Хожим би энэ хүний охин Нина Анатольевна Назароватай 1950-иад оны сүүлчээр танилцаж, ханилсан шүү дээ. Намайг хавчигдан ад шоо болоход энэ хүний охин, одоо миний эхнэр Нина Назарова л түшиг болж жаргал зовлонг минь хуваалцсаар өдий хүрлээ дээ.

Би танхимд дандаа онц сурдаг байсан. Намайг суралцаж байх хугацаанд аймгийн төвд Улаанбаатраас нэгэн лам ирдэг юм байна. Нялх багаасаа лам дагаж өссөн болохоор тэр үү, нөгөө хүнтэй танилцав аа. Гандантэгчилэн хийдийн мод бэлтгэх ажлаар манай аймагт ирсэн аж. Данзан-осор гэдэг их л эрдэмтэй лам байж билээ.

Тэр хүн явахынхаа өмнө “за миний хүү, эр хүний замын хүзүү урт гэдэг. Ном эрдэм хөөгөөд Улаанбаатарт очвол манайхаар очоорой”, -гээд хаягаа үлдээж билээ. Тэр үе 30 аад оны тун түгшүүртэй цаг байлаа шүү дээ. Тэнхим төгсөх жил намайг аймгийн хэсгийн төлөөлөгч дуудаад: “За чи Улаанбаатараас ирсэн том ламтай яагаад уулздаг билээ, чамд ямар даалгавар өгөв” гэх нь тэр.

Тэгээд чи нялх багаасаа лам нарыг дагаж, гүрэм ном уншихад нь оролцдог байсан. Бас Буянт гэдэг хятадтай холбоотой байсан. Эсэргүү улаан Жимээ гэгч чиний хамаатан... гээд л байцааж эхлэв. Хүүхэд болохоор чин үнэн зүйлээ хэлэв.

Гэхдээ энэ хэрэг явдал миний амьдралын турш сүүдэр адил дагаж, хожим төрөлх эх орноо орхиход хүргэсэн. 1930-аад оны сүүлчээр танхимаа онц дүнтэй дүүргээд Улаанбаатарт хоёр хүүхэд суралцахаар болсны нэгэнд нь би тэнцлээ.

Нялх багасаа сонирхсон, хүнд буян хийх, өвчин зовлонг нь нимгэлэх хүсэлдээ хөтлөгдөж тухайн үед дөнгөж байгуулагдаад байсан хүн эмнэлэгийн техникумд суралцахаар нийслэл хотыг зорьсон доо.

АМЬДРАЛЫН БАРТААТ ИХ ЗАМД

Улаанбаатар хотод ирээд таних айл хунаргүй ч гэлээ “Эр хүний замын хүзүү урт гэдэг. Манайхаар очоорой хүү минь”гэсэн Данзан-Осор ламын дотно үг үргэлж сэтгэлд хадаастай. Гандантэгчилэн хавиар сураглаж байгаад хашааг нь оллоо.Гэр нь эзэнгүй. Айл хөршийнхөн нь “Данзан-Осор” гуай баривчлагдаад гянданд байгаа гэлээ. Хаана хоригдож байгааг нь мэдэж авлаа.

Хэд хоногийн дараа хонины сүүл, шар тос, хөвөнтэй цамц аваад Зүүн-Хараагийн хорих анги руу явлаа даа. Эхлээд намайг хараад гайхав. Хэдэн жилийн өмнө уулзсан Арвайхээрийн хүүгээ арайхийн танив бололтой. Баярлаж байгаа гэж жигтэйхэн. Хожим шоронгоос эсэн мэнд гарч бид улам ойртсон. Данзан-Осор ламаас их зүйл сурсан даа. Ардын эмнэлэгийн талаар лут шүү дээ.

Хүн эмнэлэгийн техникум төгсөөд байтал 1945 оны чөлөөлөх дайн боллоо. Ингээд би саналаараа дайнд мордож эмнэлэгийн албанд орос эмч нарын хамт зүтгэж билээ. Үүнийхээ зэрэгцээ бас тусгай үүрэг гүйцэтгэж улс төрийн хоригдлуудыг суллах үйл ажмллагаанд оролцсон.

Ингэж явахдаа шархдаж үзлээ. Залуу байсан болохоор тэр үү, биенд байх сумыг тоохгүй явсаар байтал, 50-иад жилийн дараа нөгөө сумны хор гээч нь илэрсэн шүү. Ингээд би 1996 онд мэс засал хийлгэж сумаа авхууллаа. Одоо зүгээр ээ. Би ЗХУ руу Харьковын Анагаах Ухааны Дээд Сургуульд явж, 1958 онд төгсч ирлээ. Анагаах ухааны дунд сургуулийн багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллалаа.

Хэдүйгээр европ эмнэлэгийн ухаанд мэргэшсэн ч, хар нялхаасаа гүрэм номын дуу сонсож, ардынхаа уламжлалт эмчилгээнд амтшсан маань миний хүсэл сэтгэлийг илүүтэй эзэмдэнэ. Данзан-Осор ламтан амьд сэрүүн байсан болохоор ламтайгаа нийлээд гүрэм ном уншчихана. Налайхад айлд очоод судас барьж, зүү төөнүүр тавьж цус ханана. Эм тан барина.

Энэ бүгд далд байдалд шүү дээ. Ардын уламжлалт эмчилгээний арга барилын тухай би өөрөө конспект бэлдээд оюутанууддаа уншчихана. Энэ бүгд маань дотоод яам, холбогдох газрууд, манай ЭХЯ-ны удирдлагын сонорт дуулддаг юм байна аа. Хэрэг бишдээд явчихлаа. Надад атаархагчид идэвхижээд ирлээ. Лувсан гэдэг сагсуу дөвчин нөхөр байна. Ардын эмнэлэгийг оролдож өөрийн үндсэн ажлаа цалгардуулдаг.

Дураараа ардын эмнэлэгийн хичээл заадаг. Олон түмний толгойг шашны мухар сүсэгээр төөрөгдүүлж, үймүүлэн өргөл барьц, мөнгө хөөцөлддөг. Ер нь энэ Лувсан болохоо болилоо гээд ярьж шүүмлэх боллоо.Туваан сайд намайг дуудаад: чи яахаараа хүний цус нөжийг ханаж гоожуулаад байдаг нөхөр вэ гээд зэмлэж гарав.

Урьд нь би ЭХЯ-д хандаж:-“Олон зуун жилийн уламжлалтай ардынхаа эмнэлгийн арга барилыг, одоо амьд сэрүүн байгаа өндөр настай лам нараас сурч өвлөн, залуу үедээ үлдээхсэн” гэсэн захидал бичсэн маань бүр ч нэрмээс болж, удирдлагынхаа дүргүйг хүргэв. Намайг хялаан үзэх хүн улам ширүүслээ.1960 оны эхээр юм уу даа.Би тэр үед нэг удаа Батсүмбэр очиж өдөрт 1000 хүнд зүү тавьсан юм.

Миний тухай сонинд сайшаагаад биччихжээ. Энэ магтаал надад тус болсонгүй, харин атаархагчдын зэвүүг хөдөлгөж намайг шүүхэд өгөх том шалтаг боллоо. Миний хэргийг Улаанбаатар хотын прокурорт шилжүүлэв. Зүү тавих эрхгүй байж зүү тавилаа гэж буруутгав. Дөрвөн сар прокурорт байцаагдаад эцэст нь хэрэгсэхгүй болгосон.

Туваан сайд “Лувсанг одоо хаашаа ч явуулж болохгүй. Техникумд нь байлга.” Зүү тавиулж болохгүй” гэсэн шийд гаргав. 1960 онд Шанхайгаас зүүний эмч ирж тавхан хүнд зүү тавихыг заасан. Тэдний нэгэнд би орлоо. Зүү тавих эрхгүй гэж намайг буруутгаж шүүхэд шилжүүлсэн болохоор би Шанхайгаас ирсэн Хятад мэргэжилтний хичээлд сууж зүү тавих эрхээ олж авах гэсэн юм.

Тэр үед цоохор Бадарч огт байгаагүй. Цоохор Бадарч намайг тун их гоочилсон доо. Үнэндээ гэхэд намайг цааш нь түлхэж, миний нэр төрийг гутаахад далдуур оролцсон хүмүүс гэвэл Туваан сайд, түүний эхнэр Р.Нямаа, голчлон буриад, өвөр монгол, хятадын эрлийзүүд хамсаж нийлсэн хэдхэн хүмүүс байсан л даа. Үүний дотор профессор, доктор Шагдарсүрэн надад айхтар нүгэл хийсэн юм.

Миний талаар Ю.Цэдэнбалын авгайд буруу ойлголт өгч чадсан. 1950-1960 онд манай эмнэлэгийн салбарт дийлэнх нь буриад, өвөр зүгийн хүмүүс ажиллаж байлаа шүү дээ. Тэд үнэндээ мэргэжлээрээ гайгүй яваа халх хүнд тун дургүй байсан болов уу, ямар нэгэн өө сэв эрж гоочлон унагаах бодолтой.

Үүний лайг бие биеэрээ амссан. Нэг өдөр сэргийлэхийхэн ирж гэрт нэгжлэг хийгээд ардын эмнэлэгийн уламжлалт арга барилын тухай миний конспект, мөн “Хануур төөнүүрийн уламжлалт эмчилгээ” гэсэн номыг маань хураагаад авчихсан.

Туваан сайд ахиад л дуудав: “За, чамайг энд багшлуулахгүй ээ, тэнхимийн эрхлэгчийн ажлыг хийлгэхгүй, дээрээс тийм шийд өгсөн, харин бага эмчээ хийдэг юм байгаа биз, гэхээр нь “Би чинь их эмчийн дипломтой шүү дээ” гэхэд “тэр хамаагүй ээ чи дуртайгаараа хөдөө гарч малынхаа дэргэд цусаа ханаад, төөнүүрээ тавихгүй юу. Чамайг хөдөө явуулна. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын давсны уурхайд оч” гэв. Чухам энэ үеэс би гэрийн хорионд орлоо.

Улс амьтан чинь надаас нүүрээ буруулаад л... хүн амьтантай харилцах, захиа бичихийг маань зөвшөөрөхгүй боллоо, хотод ажиллахыг бүр мөсөн хориглосон. Дээрээс ийм шийд өгсөн гэдэг нь Анастасия Ивановнатай холбоотой байсан юм байна лээ. Түүнд миний талаар ЭХЯ-наас авгайд бялдуулчилж толгойг нь эргүүлээд байсан хүн нь Ю.Цэдэнбалын эмч бөгөөд эхнэрийх нь бүрэн итгэл хүлээсэн профессор Шагдарсүрэн байж билээ гэж Г.Лувсан гуай хуучлав.

Ийнхүү нөхөр нь ад шоо үзэгдээд ирмэгц түүний хань Антоновна Назарова эр нөхрийнхөө байдлыг ойлгож Лувсангаа аваад Улаан-Үдийг зорихоор шийджээ. Тухайн үед Н.Назарова УБДС-ийн гүн ухааны факультетэд багшилж байжээ. Ингээд “монгол нутгийн агаар таарахгүй байна. Биеийн минь байдал тааруу” гэдэг шалтаг гарган нөхрөө дагуулан Буриад руу явсан аж. Г.Лувсан гуай монгол ёсоо бодоод Туваан сайдтай салах ёс гүйцэтгэхээр ороход нь:

-За Лувсан чи Улаан-Үдэд очоод хоолоо олж чадахгүй дээ. Их удлаа гэхэд жилийн дараа л өлсгөлөн амьтан буцаж ирнэ гээд тохуурхсан аж. Ийнхүү басамжлуулаад гомдсон Лувсан гуай хүний нутгийн зүг хөдөлжээ. Харин 1964 онд Улаан-Үдэд ирэхэд Буриадын Эрүүлийг Хамгаалах Яамны сайд М.О.Петушинов түүнд их тус хүргэж , шинэ газар ажиллаж төвхнөхөд нь бүх талаар дэмжлэг үзүүлсэн байна.

Г.Лувсан гуай зүү эмчилгээ, ардын уламжлалаа европын эмнэлэгийн ололттой хослуулан ажилласан нь олон нийтийн хүндэтгэл хүлээж,нэр хүнд нь өсч, зөвхөн Улаан-Үдэд төдийгүй Москвад ч түүнийг сонирхох болжээ. Харин тэр үед уугуул нутагт нь Г.Лувсан гуайн нэр төрийг гутаахад чиглэсэн үйл ажиллагаа улам гүнзгийрсэн хэвээр байлаа. “Тэр Лувсан бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр Буриадад их дөвчигнөж байгаа юм байхаа.

Өргөл барьц, мөнгөний хойноос л улайрдаг гэнэ.”...гэх. Тэгтэл 1960-аад оны сүүлчээр Гаваагийн Лувсан Буриадын гавъяат эмч хэмээх эрхэм цолыг хүртэж, ардын уламжлалт эмнэлэгийн сэдвээр анагаах ухааны дэд эрдэмтэний зэрэг хамгаалжээ. Улмаар ЗХУ-ын ЭХЯ-ны сайд, бүх Холбоотын мэс заслын эрдэм шинжилгээний төвийн захирал,академич Б.В.Петровский түүнд захидал бичжээ. Г.Лувсан гуай дурсахдаа:

-1973 оны наймдугаар сар юмсан. Рашаан сувилалд амарчихаад иртэл Москвагаас нэгэн захидал ирсэн байх юм. Нээгээд үзэхэд: “Таныг Бүх Холбоотын Мэс Заслын Төвд ирж ажиллахыг урьж байна. Эрдэм шинжилгээний ажилтнуудад зүү эмчилгээний талаар танилцуулж тэднийг зүү эмчилгээнд сургана уу. Мэндчилсэн ЗХУ-ын Эрүүлийг хамгаалах яамны сайд, Бүх холбоотын мэс заслын төвийн захирал Борис Васильевич Петровский” гэсэн байж билээ.

Нүдэндээ итгэхийн аргагүй санагдсан. 1969 онд Б.Петровский ЗХУ-ын ЭХЯ-ны сайд болонгуутаа зөвхөн уламжлалт европ эмнэлэгийг төдийгүй ардын эмчилгээг ч орчин цагийн эмнэлэгийн шинжлэх ухаантай хослуулах хэрэгтэй гэсэн зарчмын асуудлыг дэвшүүлсэн байж л дээ. Харин миний эмчилгээний талаар “Вокруг Света” сэтгүүлээс олж мэдсэн байна.

Надад биеэ үзүүлж байсан Чита мужийн сэтгүүлч хүн миний эмчилгээний арга барил, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй бичсэн юм санж. Энэ нь ЗХУ-ын ЭХЯ-ны сайд, академич Б.В.Петровскийн сонирхолыг татаж, улмаар намайг өөрийн удирдаж буй Мэс Заслын Төвд урьсан юм. Мэс заслын дараа өвчтөн зовиургүй байхад дорно зүгийн уламжлалт арга барил, зүү эмчилгээний нааштай ямар нөлөө үзүүлж болох талаар судалж практикт нэвтрүүлэх боломжийн талаар тодорхой ажиллахыг надад санал болгосон.

Б.Петровскийн үзэж байгаагаар мэс заслын үед хэрэглэж буй европын химийн найрлагатай эмүүд мансууруулах бодис хэтэрхий ихтэй тул өвчтөнд сөрөг нөлөө үзүүлдэг гэнэ. Иймд эм хэрэглэхгүйгээр мэс заслын үед өвчтөний зовиурыг гагцхүү зүү эмчилгээгээр намжаах арга зам эрж сүвэгчилэх талаар надад зөвлөсөн. Ингээд би судалгааныхаа ажилд шамдан орж, анхны үр шимийг үзсэн дээ.

ЗХУ-ЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ ЭМЧ БОЛСОН НЬ

Нэг өдөр зөвлөлтийн тусгай албаны офицер надтай уулзсан. Таныг бид ЗХУКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Л.Брежневийн эмчээр ажиллуулахаар шийдсэн. Энэ бол их итгэл өндөр хариуцлага. Үүний зэрэгцээ бас улс төрийн товчооны гишүүд танд биеэ үзүүлж байх болно гэдэг юм байна.

Л.Брежнев гэдэг нэрийг дуулаад л сүрдэх, айхын хооронд болов. Маргааш таныг Леонид Ильичтэй танилцуулна гэлээ. Дараа өдөр нь намайг Кремльд аваачив аа. Нэг мэдэхнээ л Кремльд явж байх. Нэг мэдэхнээ л алдар нэрийг нь олонтоо дуулж явсан их хүнтэй нүүр тулдаг юм байна. Намайг дагуулж орсон хүн маань миний тухай товчхон шиг танилцууав”. ... энэ хүнийг Гаваагийн Лувсан гэдэг монгол эмч байгаа юм.

1945 оны чөлөөлөх дайнд идэвхтэй оролцож явсан. Энэ хүнийг бид бүх талаар судласан. Ингээд тусгай зөвлөлөөрөө хэлэлцээд баталлаа. Олон жилийн туршлагатай эмч” гэв. Санасныг бодвол Ленид Ильич тун эгэл, гүндүүгүй сайхан зантай хүн байлаа, намайг цайгаар дайлав. ... За, орой манайхаар очоорой. Тэнд тухтай танилцаж ярилцъя” гэв. Орой нь Леонид Ильичийн зусланд очив оо.

Ерөнхий нарийн бичгийн даргынх маань тун энгийн жирийн айл юм. Хоол, цай боллоо. Леонид Ильич монголд их элэгтэй хүн бололтой, манайхыг ч сайн мэдэх юм. Дайнаас өмнө монголд очиж байснаа, монгол айлд орж үзснээ, монголчуудын зан заншил байгаль нутгийн тухай яриа дэлгэв. Тэгснээ, Ю.Цэдэнбал даргын тухай яриа руу орж байлаа.

Танай хүн уул нь ном эрдэмтэй, боловсролтой томоотой сайн хүн. Сүүлийн үед архи балгах дуртай болж, зүрх нь муудсан гэсэн. Архи ч олиггүй зүйлдээ. Архи балгадаг нь авгайгаасаа л болж байгаа хэрэг... гээд л ёстой итгэл хүлээсэн дотны хүндээ ярьдаг шигээр надтай илэн далангүй хууч хөөрч танилцсан.

Ер нь их эгэл хүн шүү дээ. Бид сүрхий дассан даа. Миний эмчилгээнд их найдна. Надад ч итгэдэг. Жаахан алжаасан үед нь шар будаатай хийцтэй цай хийгээд л өгнө. Сүүлдээ хийцтэй цайнд амтшаад:

- Лёна /Намайг тэгж дууддаг байсан/ нөгөө цайгаа хийгээч гэх. Нэгэн удаа надаас Лёня чи чөлөөлөх дайнд ямар цолтой явж байсан бэ? -гэлээ. Гэнэтийн асуултанд сандарлаа.

- Хошууч цолтой явсан гэсэн чинь мань хүн товчлуураа дараад туслахаа дуудав. Орж ирмэгц нь

- Энэ Лувсанд дэд хурандаа цол олгоё гэдэг юм байна. Ингээд дэд хурандаа болчихдог юм байна.

- Лувсан гуай, та нэг мөсөн хурандаа явсан гээд хэлчихгүй яав аа. Тэгсэн бол генерал болох байж шүү дээ.

- Бурхан минь яаж тэгж болохов. Зөвлөлтийн дотоод яам гэдэг чинь маш нарийн судалгаа, бүртгэлтэй байгууллага. Миний алба хашиж явсан бүртгэл анкет, мэдээж тэнд байгаа. Худлаа хэлж болохгүй.

- Таныг Брежневийн эмч болчихоод байхад чинь монголчуудын зүгэс хандах хандлага өөрчлөгдсөн үү.

- Үгүй дээ хүү минь, үгүй...Лувсан гэдэг тун зальтай нөхөр Зөвлөлтийн удирдлага руу гүйдэг гэнэ. Мөн их овсгоотой эр ээ. Чухамдаа, юу ч мэдэхгүй хүн дээ. Манай Лувсангаас чадвартай эмч нар олон бий гэсэн ойлголттой байсан. Энэ талаар Б.Петровскийн нэр дээр матаас маягийн зүйлс Монголын ЭХЯ-ны зүгээс удаа дараа ирүүлдэг байсан. Танай монголчууд их сонин улс юмаа...- гээд л сайд маань гайхан хэлдэгсэн.

Энэ бүгдийг зөвлөлтийн нөхөд огтхонч ойшоогоогүй. Нэгэн удаа л би өөрөө их гэнэ алдсан хүн дээ. Монголын засгийн газрын цахилгаан миний нэр дээр ирдэг юм байна, намайг урьсан байнаа.

Уг цахилгааныг тухайн үед СЭВ-д төлөөлөгчөөр сууж байсан Даваадорж,Сангийн яамны орлогч сайд явсан Долгормаа хоёр авчирч өгөхөд нь баярласан гэдэг жигтэйхэн. Намайг одоо л хүлээн зөвшөөрч байгаа юм байна даа гэж бодсон. Москвагаас намайг Монголын Элчин Сайдын Яамны консул ч гаргаж өглөө.

САНАМСАРГҮЙ ХЭРЭГ ЯВДАЛ...

Онгоцоор Буянт-Ухаад газардлаа. Суудлын хар машин ирчихсэн намайг хүлээж байна. Энэ чинь одоо 1974 оны үед шүү дээ. Нүдэнд дулаахан нэгэн залуу намайг суулган давхилаа.Энх тайвны гүүрэн дээгүүр гараад ирэхэд сэтгэл минь их л догдолж баяртай явлаа...Нүдэнд маань өөрийн эрхгүй нулимс цэлэлзээд нутгаа их санаснаа мэдэрлээ. Гэтэл нөгөө машин маань хурдалсаар шууд л дотоод яамны хашаа руу ороод ирэх нь тэр.

Хэрэг бишдэх тийшээ эргэлээ шүү...Эх орноо зорьж, үгүйлж ирсэн миний хамаг сайхан сэтгэл, бодол, урам зориг минь тэрхэн зуур замхран дотор минь пал хийгээд л явчихав. Онгоцны буудал дээрээс шууд баривчилж буй хэрэг болж таарлаа. Ингээд байцаалтанд орлоо. 1970 оны эхээр Хятад, Орос, Монголын харилцаа тун хурцадсан үе байсан л даа, намайг шууд хятадтай холбож байцаах юм.

- Чи Буянт гэдэг хүнтэй харилцаатай байсан. Хэдийд энэ хүнтэй танилцсан. Чамд энэ хүн Хятадаас захидал бичиж, ном явуулсан байна гэх. 1950-иад онд Монгол Хятадын харилцаа сайн байх үед Буянт гуай надад захидал ирүүлж байсан л даа. Чи Зөвлөлтөд дээд сургууль төгсчихөөд хятад эмчилгээг сонирходог чинь ямар учиртай юм? Чи зөвлөлтийн удирдлагын итгэлийг яахаараа хүлээсэн хүн бэ? ЗХУКН-ын Төв хорооны хэн хэнийг эмчилдэг вэ? Тэднийг яаж эмчилдэгээ бодитой зөв нарийн тодорхой бичиж өг.

Хаана ямар цэг дээр зүү хатгаж тавьдагаа нэг бүрчлэн бичээрээй гэв. Би өдөр шөнөгүй сууж байгаад тэдний шаардсаны дагуу чадах чинээгээрээ л бичлээ. Хожим дуулахнаа намайг дотоод яаманд байцааж байх тэр хооронд миний бичсэн зүү эмчилгээний мэдээллийг цоохор Бадарчид дамжуулж өгөөд, миний оронд түүнийг Москва руу томилж явуулсан байгаа юм даа. Тун муухай арга сэдсэн байгаа юм шүү.

Нэг үгээр Лувсангаас илүү мундаг жинхэнэ эмч хүн Монголд бий гэдгийг нотолж, цоохор Бадарчийг миний оронд явуулсан юм билээ. Зөвлөлтийн тал түүнийг жаал байгаж байгаад буцаасан тухай В.Петровский надад сүүлд хэлсэн л дээ. Г.Лувсан гуай ийнхүү хуучилж суутал түүний эхнэр Нина Назарова бидний ярианд оролцож,

- Лувсан бид хоёрын хамгийн зовиуртай хэцүү цаг бол 1974 онд Монголын Засгийн газраас цахилгаан ирээд нөхөр маань сураггүй алга болсон үе байсан л даа. Уг цахилгааныг тухайн үед СЭВ-д сууж байсан Даваадорж авчирч өгсөн. Би чинь хань нь болохоороо Лувсанг монгол руу яваад сар гаруй чимээ сураггүй болмогц л эвгүй юм бодоод ирсэн. Ер нь юу болчихвоо гэж нэг л сэжиг төрөөд явчихлаа. Ингээд Москва дахь Монголын ЭСЯ-наас сураглая гээд очтол Лувсангийн авгай гэнгүүт хүлээж авсангүй. Бүх зүйл ойлгомжтой боллоо.

За байз, энд сургийг нь гаргаад өгчих танилууд маань хэнсэн билээ дээ гэж бодтол СЭВ-д сууж байсан Даваадоржийнхон л санагдлаа. Түүний эхнэр миний шавь, эднийхэн Цэдэнбалыхантай тун ойр дотно байсан. Хоёрт, Бидэнд Монголын ЗГ-ын цахилгааныг Даваадорж нь авчирч өгсөн . Ингээд учраа хэллээ. Лувсан монгол руу яваад тэр чигтээ алга. Сургийг нь мэдэх арга байна уу гэж хэлтэл Даваадорж орж ирээд л:

- Чи яагаад манайд ирэв. Танай нөхөр шоронд орсон гэв.

- Яагаад Лувсанг хорих болов оо тэр минь ямар хэрэг тарьж буруудав аа... гэхэд

- Манай хамгийн нэр хүндтэй профессор Шагдарсүрэнг алгадаад шоронд суусан, чи одоо манайхаас яв. Зайл гээд намайг хөөж туулаа. Ийм үед миний сэтгэл ямархуу байсан гэж санана. Ийм доромжлол би үзэж яваагүй ээ. Даваадорж бол ёстой өөдгүй новш, Подлец. Ямар муухай хүн гэж санана. Хоёр нүүртэй зусарч хүн.

Чухамдаа Цэдэнбалын хүүхдүүдэд хөлөө хугалтал бялдуулчилж, нэгнийх нь эрдмийн ажлыг бэлтгэж үүгээрээ тэдэнд тал засан СЭВ-д суудаг байсан өөдгүй амьтан шүү дээ. Цагийн аясыг дагаад, зүсээ хувирган яаж ч урваж хөрвөж мэдэх новш хэмээн хэлэх нь түүний голоо харалтал гомдсон чин сэтгэлийнх нь халуун үг байлаа.

АМЬДРАЛЫН ХУВЬ ТӨӨРӨГ

Ганцаардах үедээ хүний мөс, хүн чанар гэдгийг бие сэтгэлээрээ таньж мэдсэн Лувсан гуайн эхнэр, “Даваадорж” гэх нэрийг дурсах бүрдээ эгдүүцэх, хорсох, жигших сэтгэлээ барьж чадахгүй байсан.

Энэ новш Даваадорж, одоо хаана юу хийж байгаа вэ үр хүүхдүүд нь ямар шүү улс байна гэж надаас асуусан сан. Хэзээд ч арилшгүй сэтгэлийн шарх, гомдол гэдгийг Нина Назаровагийн бухимдлаас би ойлгосон... Энэхэн үест Лувсан гуай:

- Даваадоржийхон гээд тэр үед чинь Цэдэнбалын гэр бүлийхэнтэй ойр дотно байсан болохоор жигтэйхэн ихэмсэг дээгүүр зантай хүмүүс байж билээ. Даваадорж чинь хятадын эрлийз, нөгөө хамгийн нэр хүндтэй профессор Шагдарсүрэн ч Хятадын эрлийз байсан юм шүү дээ. Монголын засгийн газрын цахилгааныг Даваадорж л надад авчирч өгсөн. Тэр нь ямар бузар далд хорон санаатай байсаныг би яаж гадарлах билээ дээ.

- Та үнэхээр профессор Шагдарсүрэнг алгадчихсан юм ?

- Яалаа гэж дээ. Юуны чинь алгадахтай мантай. Буянт-Ухаагийн буудал дээр шууд баривчилчихсан юм чинь. Нина Назарова:

- За тэгээд Лувсан маань хоригдож байгаа гэдгийг Даваадоржийн амнаас л мэдэж авлаа. Одоо яах билээ. ЗХУ-ын ЭХЯ-ны сайд Б.Петровскийд л хандахаас өөр аргагүй боллоо. Энэ том хүний нэр хүндээс айгаад тулж очиж зүрхлэхгүй байлаа л даа. Нэгэнт нөхөр маань монголд баривчлагдаад байхад хэлэхээс өөр арга ч байсангүй. Ингээд түүн дээр очлоо. Ямар сайхан хүлээж авсан гэж санана.

- Борис Висильвич минь ээ?

Лувсанг маань монголд баривчилсан байна аа. Одоо яанаа гэхэд

- Санаа бүү зов. Би Лувсанг урьсан хүн. Иймд учрыг нь олноо гэж билээ. Сэтгэл бага зэрэг тайвширлаа. Тэр үед монголын талаас: “Г.Лувсан бол монголын иргэн хүн. Манай оронд эмнэлгийн мэргэжилтнүүд дутагдалтай байгаа учир түүнийг энд саатуулах хэрэг гарсан” гэж Б.Петровскийд хариу өгсөн юм билээ. Би бүр санаа зовоод олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагад хүртэл хандсан шүү.

Энэ байгууллага ч гэсэн Лувсангийн минь төлөө хөөцөлдлөө. Ингээд зургаан сарын турш байцааж байгаад нөхрийг маань сулласан л даа. 1974 оны долдугаар сарын 26-ны өдрийг би мартадаггүй. Улаан-Үд дээр Лувсангаа бид угтан авч билээ. Танигдахын аргаггүй турж, эцсэн байсан.

Москвагаас мордохдоо хичнээн өнгө, жавхаатай байсан гэж санана. Гэтэл хагас жилийн богинохон хугацаанд үсэнд нь буурал суучихсан, цонхийсон амьтан галт тэрэгнээс бууж ирж билээ. Л.Брежнев тэр үед: “ Энэ монгол манайд хэрэгтэй хүн” гэж хэлсэн гэсэн. Энэ нь түүнийг суллахад нөлөөлсөн бизээ.

Г.Лувсан:- Нэг өдөр байцаагдахаар ортол нөгөө урьд нь сүрхий албархаг байсан хүмүүсийн зан байдал нэлээд зөөлөрч өөр болчихсон байж билээ. Яриа хөөрөө нь аятайхан.

Би ч ойлголоо... намайг суллах болж дээ гэж санасан. Ер тэгээд байцаалтын гол үр дүн гэвэл минй эмчилгээний бүх арга барил ямар зүү тавьдаг, ямар ямар өвчний үед яаж зүүгээ тавьдаг талаар мэдэх зүйлийг маань надаар бичүүлж аваад үлдэж л дээ.

Дараагаар нь би явахаасаа өмнө, яагаад ч юм профессор Шагдарсүрэнтэй уулзмаар санагдаад Москвагаас авчирсан Армен конъякаа аваад очлоо. Тэгсэн урьдаас минь тун зэвүүн зан гаргав. Нөгөө конъякийг маань түлхээд авсангүй. “За чи хө зөвлөлтийн удирдагчдыг эмчилдэг гэл үү Чиний юм мэддэг гэж юу байдаг юм” гэсэн.

Ёстой тэвчээд л би тэднийхээс гарсан. Гэхдээ тэр цагт хүний сайн нь олон байсан юм шүү. Зовж, шаналж явахад минь сэтгэл санаа, ёс суртахууны дэмжлэг үзүүлж, тохиолдсон бэрхшээлийг минь ойлгож жаргал зовлонг минь хуваалцдаг байсан сайхан хүмүүсээ байнга санаж, хүндэлж явдаг. Гавьяат нисэгч Батсүх, академич Ш.Лувсанвандан, Ц.Дамдинсүрэн гуай, ЭХЯ-ны сайд Ням-Осор, орлогч сайд Жамбаа, гавьяат эмч доктор Лувсандагва нартаа талархаж явдаг даа.

Ялангуяа Ням-Осор, Жамбаа хоёр маань тун шудрага хүмүүс. Ням-Осор нэг удаа “Лувсан, чи надад муу юм бүү санаарай. Чамайг цөөн хэдэн хүн оролдоод байгаа юм. Миний эрх мэдлээс давчихсан даргын авгайтай холбоотой хүмүүс байх юм” гэсэн сэн. ЗХУ-руу явахын өмнөхөн Жамбаа сайд: “Чи байрандаа байж байгаарай” гэв. Ингээд машинаараа намайг эрүүл агаарт гаргалаа.

Хагас сайн өдөр Жамбаа сайдын зусланд очсон юм. Тэнд Ням-Осор, Жамбаа, академич Ш.Лувсанвандан, Ц.Дамдинсүрэн гуай нар байсан. Надад зориулж хоол барилаа. Тэр үед хоол өгдөг хүн гэж байсангүй. Надаас нүүрээ буруулна уу гэхээс биш, наашаа хардаг хүн ховор болчихсон үе шүү дээ. Би их баярлаж билээ Жамбаа маань:

- Хэсэг хүмүүс зарчимгүй шудрага бус юм хийгээд байна л даа. Одоо үнэн шудрага юм алга болж дээ гэж билээ. Энэ өдөр дотны нөхөд маань нэг ёсондоо үдэлт хийсэн л дээ.

Ингээд Зөвлөлт рүү явлаа. Манай дотоод яам намайг Улаан-Үдээс цааш явж болохгүй гээд байгаа юмаа. Их хуцаж байгаа хэрэг шүү. Улаан-Үдэд очоод тэндээс Москва руу онгоцоор ниссэн. ЗХУ-ын ЭХЯ-ны сайд Б.Петровскийн төлөөлөгч онгоцны буудлаас угтаж аваад шууд сайд руу аваачлаа. Бид халуун дотноор уулзалдав.

- Бид өөрийн чинь төлөө их санаа зовж байлаа. Чи их ядарч цуцсан байна. За яахав, бүх зүйл хэвийн сайхан болно доо. Энэ бол туйлын шудрага бус харамсалтай хэрэг явдал байсан. Ер нь танай монгол чамайг гадуурхаад байгаа юм бол манай улсын иргэн болчихгүй юу гэж хэлж билээ. Академич Е.И.Чазов ч надтай уулзангуутаа:

- Чи ингэж их өөрчлөгдөж ядрах гэж дээ., - хэмээн халагласан. Г.Лувсан гуайн энэ дурсамж яриаг сонсож суухдаа дэлхийд нэр цуутай энэ доктор профессорууд Арвайхээрийн тал нутгийн халх энэ эрд ямар дотно сайхан ханддаг байгаа вэ гэж би бээр бодсон..

Ямар учир шалтгаанаар чухам хэн гэдэг эрх мэдэлтний толгойг эргүүлж Г.Лувсан гуайг монголчууд гадуурхах болсныг ч тэд сайн мэдэж байсан нь илт. Академич
Е.Чазов “Эрүүл мэнд эрх мэдэл” гэдэг номондоо “Орос хүүхэнд бүх эрх мэдлээ бүрэн өгөх хэрэггүй.

Хэрвээ түүний атганд орвол тун дээрэнгүй догшин авиртай болж хувирдаг. Монголын нам, төрийн удирдлагийн эхнэр нь тус орны засаг төр, улс төрийн товчооныхны хувьд “аянга” болж байсан юм хэмээн бичжээ. Энэ нь үнэний хувьтай авч дээд зиндааныхан ч яахав, өөрсдийгөө зайлуулах зальжин аргатай байсан тул дийлэнх нь эсэн мэнд амиа авч гардаг байсан боловуу.

Харин аянгын цахиурыг зусар бялдуулчлагчид л овжин хэрэглэж урдуураа хөндөлсөх бүгдийг ниргэдэг байсан байх. Түүний доргионд Г.Лувсан гуайн хувь заяа өртөж, алс хол хаягджээ. Гэлээ ч Гаваагийн Лувсан харийн газар мэргэжлийн чадвараараа цойлон гарч, алдар нэрийн өндөрлөгт хүрэх хувьтай байлаа. 1980-аад онд “ЗХУ-ын гавъяат эмч /эдүгээ ОХУ-ын гавъяат эмч/ цол хүртэн, Анагаах ухааны докторын зэрэг хамгаалж, профессор боллоо.

Түүний бичсэн ардын эмнэлэгийн уламжлалт арга барилын сэдэвтэй ном, эрдмийн бүтээлүүд нь оросын төдийгүй, дэлхийн олон орны эмч нарын гарын авлага болж, сая, сая уншигчдын хүртээл боллоо. Эдүгээ Г.Лувсан гуай олон улсын ардын эмнэлэгийн холбооны шугамаар ертөнцийн тэн хагасыг туулжээ. Тэрбээр Европ, Азийн олон орны Анагаах ухааны Академийн хүндэт гишүүн аж. Гадаадаас ирээд байхдаа:

- Одоо нас дээр гараад бие алжааж ядардаг болж шүү. Ноднин Америк урьсан. Хэтэрхий хол юм даа. Аян замын уртыг бодоод очиж чадахгүй л явна гэж билээ. Тэгснээ за даа, хаа ч явсан Монголоо гэж би бодож явах юм даа, хүү минь.

Монгол нутагаасаа алс хол байгаа ч гэлээ, гадаадын харъяат болсон хойноо ч бусад тив газраар явж байхдаа ч миний монгол нутаг ямар байгаа бол, ах дүү нар минь яаж байгаа бол гэж үргэлж санаа зовних юм. Би эдүгээ өвгөн болж дээ. Сайн, муугийн аль алий нь үзэж амслаа. Өвгөн профессор би хүний нутагт суугаа ч гэлээ ардын эмнэлэгийнхээ уламжлалт арга барилын талаар гурван ч ном бичиж, гаадаадын хүмүүсийн оюуны хүртээл болголоо.

Энэ маань монгол түмнийхээ олон зуун жилийн туршид өвлөж ирсэн эрдмийн их санг хилийн чанадад түгээж сурталчлах гэсэн миний өчүүхэн оролдлого юм. Монгол улс маань өнө эртний баян түүхтэй ч гүрэн, эрдэм соёлтой ч улс. Хувьсгалын өмнөх сүм, хийдүүд чинь дорнодын соёлын уламжлалыг хадгалсан голомт байсан юм. Тэр олон лам нарт чинь бүгдээрэ мунхаг хүмүүс байгаагүй ээ. Зурхайгаа мэддэг, харь орны хэл соёлын боловсролтой эрдэм номын хүмүүс байсан юм.

Хойч үе минь монголдоо элэгтэй байж, өвөг дээдсийнхээ баялаг өв сангаас шамдан суралцаж, монголынхоо нэрийг ертөнц даяар дуурсгаж яваасай. Эх орон минь өөдөлж дээшлэх учиртай Урдахь, хойдохь хоёр хөрштэйгөө найрсаг, нийцтэй байж, аль алинаас нь дэвшилттэй зүйлийг нь бүтээлчээр өөрийнхөө нөхцөлд тохируулан үндэсний өвөрмөц онцлогоо хадгалан хөгжөөсэй.

Би 1945 онд чөлөөлөх дайнд явахдаа одон медалийн хойноос яваагүй ээ. Эх орныхоо эрхэм, дээд язгуур эрх ашиг, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал, ирээдүйн хойч үеийнхээ сайн сайхны төлөө зүтгэж эр хүний хувьд үүргээ биелүүлсэн.

Би одоо гадаадын харъяат ч гэлээ зүрх сэтгэлээрээ өлгий эх нутгийнхаа, Арвайхээрийнхээ талд мөнхөд аргамжаатай яваа хүн. Би монгол түмэн, хойч үедээ хандаж, чин зүрхнийхээ энэ үгийг хэлж байгаа юм шүү. Сурвалжлагч тантай ярилцах энэ сайхан боломжийг ашиглаж, төрөлх эх нутгийнхандаа халуун мэндчилгээ дэвшүүлье.

- Лувсан гуай та ер нь монголдоо хэдийд очсон бэ?

- Манай аймаг Өвөрхангайнхан 1991 онд аймгийнхаа ойгоор урьсан. Тэгэхэд нутгийнхаа салхийг үнэртээд их баярласан даа.

- Та үнэхээр амьдралын эрээн барааныг үзсэн өвөрмөц сонин хувь заяатай хүн юм байна. Харийн газар алдар нэрийн өндөрлөгт хүрнэ гэдэг амаргүй даваа байх. Аргагүй л та их хөдөлмөр, тэсвэр тэвчээр, авъяас чадварынхаа хүчээр л ийм амжилт, нэр хүнд олж дээ.

- Үгүй дээ хүү минь. Чадалтай авьяастай, хөдөлмөрч хүмүүсийг алийг нь тэр гэх билээ. Гагцхүү бурхан номын хүч гэж байдаг юм. Энэ хүч л намайг ивээж энь зэрэгт хүргэсэн. Лам багшдаа үнэнч, бурхнаа байнга тахиж сүсэглэж явсны минь ач шүү хүү минь.

Би өглөө, үдшийн цагт номоо байнга тогтмол уншсан хэвээрээ.
- Танай гэр бурхан тахилгын сайхан зүйлс ихтэй юмаа. Таныг ингээд номоо уншаад залбираад суухад чинь танай эхнэр Нина Назарова сүсэглэдэг үү?

- Ээ хөөрхий нэг харахад хажууд маань ирээд суучихсан байдаг юм...

Москвагаас ойрхон орших Солнцево гэдэг эдлэн газарт ОХУ-ын гавъяат эмч, профессор, доктор Лувсан гуайнх бий. Арвайхээрийн буянтай энэ өвгөнийг зорьж орос хүмүүс өрнөдийхөн, далайн чанадаас ч харь хэлтнүүд ирсээр байсан...

Ертөнцийн хүн ардад энэрэхүйн буянт сэтгэлээ түгээсээр Лувсан гуай хорвоогоос халин одсон билээ. Тэрбээр монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ дуурсгасан даруухан нэгэн алдартан байлаа...

Б.Мягмарсүрэн