sonin.mn
Энэ удаагийн дугаартаа “Хайртай”, "Цэнхэр нүд", "Зүүд нойрондоо", "Байсан", "Харах дуртай", зэрэг залуусын аманд байнга аялагдаж байдаг олон сайхан дуугаараа олны танил болсон "The Lemons" хамтлагийн дуучин Ц.Одбаяртай ярилцпаа.
 
 
-Хүүхэд насны тухай асуултаас ярилцлагаа эхэлье. Багадаа хэр хөдөлгөөнтэй хүүхэд байв?
 
-Хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Гэхдээ тийм муу хүүхэд бол байгаагүй. Ангийнхаа Булган гээд хүүхэдтэй нийлж ангийнхныгаа юм юманд уриалдаг, янз бүрийн тоглоомонд "уруу татдаг" хүүхэд байлаа. Хөвгүүд л юм хойно хичээлдээ явна, голын усанд сэлнэ, тэвэг тоглоно, гарааш дээгүүр гүйнэ гээд бусад хөвгүүдийн л адил байсан. Бас ном унших дуртай хүүхэд байсан. Одоо ч дуртай.
 
 
-Гэр бүлийнхэн дунд нь урлагийн хүн бий юу?
 
-Байхгүй ээ. Холын ганц нэг хамаатнууд бий. "Prophets" хамтлагийн дуучин У.Үнэнхүү миний үеэл. Бас дуучин Н.Номинтой хамаатан гэдэг юм билээ. Гэхдээ нэг их холбоогүй.
 
 
-Хэзээнээс хөгжим сонирхож эхлэв?
 
-Би ч янз бүрийн юм сонирхсон. Сийлбэрийн дугуйлан, зургийн дугуйланд ч хичээллэж байлаа. Аав маань намайг бага байхад дагуулаад Монголын хүүхдийн ордны төгөлдөр хуурын дугуйланд шалгуулахаар очиж байсан. Тэгээд яагаад ч юм морин хуурын ангид орсон. Тэр үеэс морин хуур тоглож эхэлсэн дээ.
 
Хүүхэд л юм хойно хааяа залхуурна. Тэгэхээрээ морин хуурынхаа чавхдасыг шүлсдчихдэг байсан. . Тэгчихээр дуугарахаа больчихдог юм л даа. Тухайн үед Ардын жүжигчин алдарт морин хуурч Г.Жамъян гуайнх манай хажуу талын орцонд байдаг байлаа.
 
Аав намайг дагуулж тэднийд ороод л хуурыг минь давирхайдуулж, би хажууд нь бэлтгэл хийдэг байсан. Ахлах ангид орсны дараа манай ангийн Итгэл гээд найз маань надад анх "Red Hot Chilli Peppers" гээд хамтлагийн дуунуудыг сонсголоо. Тэгэхэд л амьд хөгжим сонирхолтой санагдаж, бөмбөр сонирхож эхэлсэн.
 
 
-Тэгвэл гитар хөгжим сонирхон хичээллэх болсон үе нь?
 
-Гитар бол сүүлд. Одоогоос 12 орчим жилийн өмнө. Яг тэр үед энэ хамтлагийнхаа Тулгаатай танилцаж байлаа. Тулгаа маань сонгодог гитарыг маш сайн тоглодог байсан. Түүнийг хараад л гитар тоглож сурахаар шийдсэн дээ.
 
 
-Ном унших дуртай гэлээ. Ямар төрлийн ном унших дуртай вэ. Хамгийн сүүлд ямар ном уншив?
 
-Модернист талруугаа ном илүү унших дуртай. Л.Өлзийтөгс, УГЗ ГАюурзана гээд зохиолчдын бүтээлүүдэд дуртай. Яг одоо "Зуун жилийн ганцаардал"-ыг уншиж байна. Үүнээс өмнө "Шүгдэн"-г уншиж дуусгасан. Надад Л.Өлзийтөгс эгчийн "Тэнгэрт ургадаг модод" гээд шүлгийн ном хамгийн их таалагддаг "Ганцаардлын дасгал" бас гоё.
 
 
-Хамтлаг байгуулагдаж байсан түүхээс дурсаач?
 
-Хамтлаг байгуулагдаж байсан түүх бас их сонин. Анх Jerry, Тулгаа хоёрыг би танилцуулж байлаа. Тухайн үед Тулгаа "Midnight" гээд хамтлагт, харин би "Metronome" гээд металл рок хамтлагт гитарчин байсан.
 
Тэгээд Jеrrу, Тулгаа хоёр надад хамтлаг байгуулъя гээд хамтрах санал тавьсан. Яахав нэгэн бодлын би тэр үед металл рок хамтлагт тоглодог байсан шүү дээ. Тэгээд л арай өөр зүйлд татагдсан байх л даа. Ингээд 2004 онд хамтлаг бүрэлдэж "The Lemons" хамтлаг байгуулагдсан.
 
 
-Хамтлагтаа орохдоо л дуучнаар орсон уу?
 
-Эхлээд Тулгаа бид хоёр өөр өөрсдөө зохиосон дуунуудаа дуулъя гэж ярьж байлаа. Тэгээд нэг мэдэхэд би дуучин болчихсон, Тулгаа гитарчин болчихсон явж байсан.
 
 
-The Lemons хамтлаг байгуулагдаад гаргасан хамгийн анхны дуу ямар дуу байдаг вэ?
 
-Хамгийн анхны дуунууд чинь "Шөнө дунд цас орж байна", "Хайртай" хоёр юм. Бид анх Соёлын төв өргөөнд "Харанга" хамтлагийн өрөөнд бэлтгэл хийдэг байсан. Тэр бэлтгэлийн өрөөнд гуйж ч нэг, хулгайгаар ч нэг бэлтгэл хийдэг байлаа. Анхны дуунууд тэр л өрөөнд зохиогдсон.
 
 
-"Asian bit" наадмын тухай ярья. "The Lemons"-ийн хувьд оролцсон хамгийн анхны олон улсын чанартай фестиваль байсан байх?
 
-Энэ наадам 2007 онд Токиогоос 30 минут орчим явж хүрдэг Ёкухама гээд хотод зохиогдож байсан. Манай хамтлагийн оролцсон албан ёсны анхны том фестиваль гэж хэлж болно. Олон орны хамтлагууд нэг дороо байрлаад, нэг тайзан дээр ээлжилж гарч дуулаад л гоё байсан. Хөгжмийн дуугаралт бол үнэхээр гоё байдаг юм байна лээ.
 
 
-Хамтлаг хэчнээн цомог гаргаад байна?
 
-Анхны цомог "Red Album" нэртэйгээр 2006 оны арван хоёрдугаар сард гарсан. Энэ цомогт "Мэлхий гүнж", "Шөнө дунд цас орж байна" зэрэг дуунууд маань орж байлаа. Тухайн үед манай хамтлаг "Lemon" студийнхэнтэй хамтарч ажилладаг байсан. Эхний "Мэлхий гүнж", "Хайртай", "Харах дуртай" гэх зэрэг бараг бүх дуунуудын клипийг "Lemon" студи хийж байсан.
 
Хоёр дахь цомог "Залуу Лениний ойролцоо гурван давхарт" гэдэг нэртэйгээр 2009 онд гарсан. Тэр цомгийн дуунуудаа хийж байхдаа бид хүүхдийн урлан бүтээх төвийн урд талын байрны гуравдугаар давхарт бэлтгэлээ хийдэг байлаа. Энэ цомогт маань манай "83", "86", "Sex rock" гэх мэт дуунууд багтсан байдаг
 
 
-Бие даасан тоглолтуудын тухайд?
 
-Манай хамтлаг эхлээд "Red Life 2007", дараа нь "Жанжин Сүхбаатарын ойролцоо нэг давхарт" нэртэй бие даасан, бүрэн хэмжээний тоглолтуудаа хийж байсан. Бас саяхан "White Arch" студи, манай хамтлаг хамтран анх удаа цөөхөн үзэгчтэй, үзэгчид чихэвчтэйгээр сонсох "WA Studio Sessions" тоглолт зохион байгууллаа.
 
Тэр тоглолтонд дуучин, МУГЖ Т.Ариунаа эгч, Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай гэх зэрэг зочид ирсэн байсан. Их гоё, өвөрмөц тоглолт болсон.
 
 
-Аялан тоглолтоор хэр явж байв?
 
-Орон нутагтаа гэвэл "Монгол хүн 2002" гээд хөтөлбөрийн хүрээнд манай хамтлаг, "Lumino" хамтлаг зэрэг хэд хэдэн хамтлагууд бүтэн жилийн турш 21 аймгуудаараа аялан тоглолтоор явж байсан. Манайхыг хөдөөгүүр бараг мэдэхгүй байх гэж бодож байсан чинь маш сайн мэддэг юм байна лээ.
 
Дуунуудыг маань дагаж дуулаад үзэгчид маш сайхан хүлээн авч байсан. Гадаадаар бас л чамгүй явсан. Ер нь бид их азтай. Үеийнхэн дундаа нэлээд их гадагшаа явж тоглодог хамтлаг. Япон, Солонгос, Хятад, Европийн орнуудад очиж тоглосон. Тоглолтоор ч явна, хамтлагаараа зугаалж ч явна. Харин сая өнгөрсөн аравдугаар сард АНУ-ын дөрвөн хотод очиж тоглосон.
 
 
-АНУ-д тоглосон тухайгаа дэлгэрүүлж яриач?
 
-Чикаго, Вашигтон, Лос Анжелес, Сан Франциско зэрэг дөрвөн хотод тоглолоо. Уг нь бол өнгөрсөн жил бидэнд санал тавьсан байсан. Тухайн үед боломж бололцоо бүрдэхгүй байсаар байгаад л сая явсан. Тоглолтууд сайхан болсон. АНУ-д олон сайхан найзуудтай боллоо, гоё газрууд ч үзчихээд ирлээ.
 
 
-Шинэ цомог хэзээ гарах вэ?
 
-Шинэ цомог ес юмуу арван дуутай гарна. Дуунууд бараг бэлэн болсон. Ерөнхийдөө хавар худалдаанд гаргахаар төлөвлөөд байна. Ирэх арванхоёрдугаар сард шинэ цомгийн эхний сингл "Хүсэл" дууны клип гарна. Дараа нь ирэх нэгдүгээр сард бас нэг шинэ клип гарна.
 
Мөн шинэ DVD гаргахаар ажиллаж байна. Болж өгвөл цомгоосоо өмнө гаргахаар зорьж байна. Энэ DVD-нд эхний хоёр цомгийн тоглолт, видеонууд, бас гадаадад аялсан хамтлагийн зарим бичлэг багтана.
 
 
-Цомгийн бичлэгээ хаана хийлгэж байна?
 
-"White Arch" дээр хийж байна. Цомогт орох бүх дуунуудын хөгжмийг бичээд дууссан байгаа.
 
 
-Хамтлагийн дараагийн тоглолт төлөвлөгдөж байна уу?
 
-Яригдаж байна. Гэхдээ шийдэгдээгүй. Ирэх арванхоёрдугаар сарын долоонд манай хамтлагийн есөн жилийн ой болно. Энэ ойн хүрээнд жижиг хэмжээний тоглолт хийх байх. Харин ирэх онд цомог гарсны дараа бүрэн хэмжээний том тоглолт хийх төлөвлөгөөтэй байна. маш олон ажил төлөвлөөд, эхнээс нь хийгээд явж байна.
 
 
-Хамтлагийн дуунуудын ая, шүлгийг ихэвчлэн хэн зохиож байна?
 
-Амьд хөгжмийн хамтлагийн ганц онцлог бол бүх зүйлээ өөрсдөө хийх шүү дээ. Бүгд л оролцоотой. Яахав бусад хүмүүсээс авсан дуунууд хэд хэд бий. "Нисванис" хамтлагийн Л.Энх-Амгалан ах "Элэг бөөр", "Өөр ертөнц" гээд дуунуудын шүлгийн бичсэн. Бас Quiza эхний цомогт багтсан "Улаанбаатарын үдэш" гээд дууны шүлгийг бичсэн байдаг
 
 
-Одоо "The Lemons" хамтлаг ямар нэгэн студи, продакшны харъяа байгаа юу?
 
-Одоо бол үгүй. Эхний хоёр цомгонд "Hifi Lebel"-тэй хамтран ажилласан. Манайхыг продюссерлэж байгаад гэрээний хугацаа дууссан. Одоо шинэ цомгоо бид өөрсдөө бие даан хийж байна.
 
 
-Одноогийн хувьд хамтлагийн уран бүтээлээс гадна бие даасан уран бүтээл хийх бодол бий юу?
 
-Үгүй ээ. Тийм бодол байхгүй. Хамтлагтайгаа л байсан нь дээр гэж боддог хүн. Би ямар айхтар поп дуучин биш. Яахав хааяа нэг хамтлаг, дуучдаас хамтарч дуулах санал ирдэг. Тэгээд таалагдвал саналыг нь хүлээж авдаг Тийм тохиолдолд хамтлагийнхантайгаа зөвлөлдөж шийдвэр гаргадаг.
 
 
-Та өөрөө ямар хамтлаг, дуучны дууг сонсох дуртай вэ?
 
-Бүгдийг нь л сонсож үзнэ. Заримдаа гоё металл дуунууд ч сонсох дуртай.
 
 
-Өөрийн хамтлагийнхаа дуунуудаас аль дуундаа хамгийн их дуртай вэ?
 
-Яагаад ч юм "Шөнө дунд" дуундаа л илүү дуртай. Надад дуулахад ч өөрт гоё байдаг. Энэ дууны шүлэг Л.Өлзийтөгс эгчийн "Ганцаардлын дасгал" номонд орсон байдаг Нэг зун гадаа бороотой байхад би цонхоо онгойлгочихоод тэр номыг уншаад сууж байлаа. Яг тэр шүлгийг уншиж байхад шүлэг өөрөө надад нэгэн ая аяласан. Тэгээд л гитараа аваад тэр аяыг буулгаж байсан.
 
А.Халиун
 
Эх сурвалж: