sonin.mn


РОМ, 2025 оны дөрөвдүгээр сарын 27 /BBC/. Католик шашны сүм хийдүүдийн тэргүүн хамба Францисыг оршуулах ёслол бямба гарагт буюу өчигдөр боллоо. Түүнийг оршлуулах ёслол орон нутгийн 10 цагт Ватиканы Гэгээн Петрийн талбайд талийгаачийн хойноос мөргөл уншсанаар эхэлжээ. Ёслолыг кардиналуудын коллегийн тэргүүн, 91 настай Жованни Баттиста Ре удирдан явуулсан байна. Католик шашны сүм хийдүүдийн 266 дахь тэргүүнийг таалал төгссөнөөс нь хойш таван өдрийн дараа оршууллаа.

Оршуулгын ёслолд 224 орчим кардинал, 750 хамба оролцжээ. Францисын авсыг хаах ёслол дөрөвдүгээр сарын 25-нд Гэгээн Петрийн сүмд болсон бөгөөд шөнийн туршид түүний дэргэд залбирал үйлджээ. Дөрөвдүгээр сарын 23-наас 25-ны хооронд сүмд 250 мянга орчим хүн ирсэн гэж “Vatican News” цахим хуудсанд мэдээлжээ. Тус сүмд Пап Франфистай салах ёс гүйцэтгэх олон нийтийн ёслолын ажиллагаа болсон юм. 




Пап Францисыг оршуулах ёслолд 50 орчим улсын төр, засгийн тэргүүн нар, хэдэн арван мянган сүсэгтэн оролцжээ. Итали улсын Ерөнхийлөгч Сержо Маттарелла, мөн Францисын төрсөн нутаг болох Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей нар урд эгнээнд, тэдний ард хаад, хатад, дараа нь улс орнуудын төрийн тэргүүн нар цагаан толгойн үсгийн дарааллаар суужээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гэргий Меланиагийн хамт, мөн тус улсын өмнөх Ерөнхийлөгч, католик шашинт Жо Байден нар Ватиканд хүрэлцэн иржээ. Герман улсаас Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер, Канцлерын үүрэг гүйцэтгэгч Олаф Шольц, Францаас тус улсын төрийн тэргүүн Эммануэл Макрон нар ёслолд оролцсон байна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мөн оролцохоор иржээ. Тэргүүн хатагтай Элена Зеленская, Украины төлөөлөгчид оршуулгын ёслолд оролцсон гэж В.Зеленскийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Сергей Никифоров мэдээлсэн байна. Украины төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Гадаад хэргийн сайд Андрей Сибига багтжээ. 




Папын оршуулгын үеэр Трамп, Зеленский нар уулзав


Оршуулгын ёслол эхлэхийн өмнө Д.Трамп, В.Зеленский нар уулзаж, товчхон ярилцсан байна. 15 минут үргэлжилсэн энэхүү уулзалтыг Цагаан ордон “маш үр дүнтэй” гэж тодорхойлжээ. Харин Украины төрийн төргүүн уулзалтын талаар Telegram сувагтаа бичихдээ “Сайхан уулзалт боллоо. Бид олон зүйлийг ярилцаж чадлаа" гэсэн байна. 

АНУ, Украины удирдагчид хоёрдугаар сарын сүүлчээр Цагаан ордны Зууван танхимд ширүүхэн маргалдсанаасаа хойш анх удаа уулзлаа. Энэ удаад Украины Ерөнхийлөгч хар өнгийн өмд, цамц өмссөн байв. 

В.Зеленскийн хэлснээр, тэд Украины иргэдийн амь насыг хамгаалах, "ямар ч болзолгүйгээр бүрмөсөн гал зогсоох", "дайн дахин гарахаас хамгаалах найдвартай, бат бөх энх тайвныг тогтоох тухай" хэлэлцсэн байна. "Хэрвээ үр дүнд хүрвэл түүхэнд тэмдэглэгдэн үлдэх бэлгэдлийн уулзалт боллоо. Ерөнхийлөгч Дональд Трамп танд баярлалаа!" гэж Украины удирдагч бичжээ. В.Зеленский мөн Макронтой ярилцаж амжсан байна. А.Сибигагийн хэлснээр, тэд "энх тайвныг тогтоохын тулд цаашид хүчин чармайлт гаргах талаар" хэлэлцжээ.




ОХУ-аас Папын оршуулгын ёслолд Соёлын сайд Ольга Любимова оролцсон байна. 




Дөрөвдүгээр сарын 21-нд 89 насандаа таалал төгссөн Пап Францисыг өөрийнх нь гэрээслэлийн дагуу Ром дахь Папын дөрвөн сүмийн нэг болох Санта-Мария-Мажоре сүмд оршуулжээ.




Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг