sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 25 /NHK/. АНУ-ын Калифорни муж улс 2024 онд нэрлэсэн ДНБ-ий хэмжээгээр Япон улсыг гүйцэж, дэлхийн дөрөв дэх том эдийн засаг болжээ.




Калифорнийн захирагч Гэвин Ньюсом Олон улсын валютын сан /ОУВС/ болон АНУ-ын Эдийн засгийн шинжилгээний товчооноос /ЭЗШТ/ шинээр гаргасан мэдээлэлд үндэслэн лхагва гарагт дээрх мэдэгдлийг хийсэн байна. ЭЗШТ нь АНУ-ын Худалдааны яамны нэг салбар юм.




ОУВС-гийн 2024 оны дэлхийн эдийн засгийн статистик мэдээлэл болон ЭЗШТ-ноос гаргасан муж улсын ДНБ-ий тоо баримтаас үзвэл, Калифорнийн нэрлэсэн ДНБ 4.1 их наяд ам.долларт хүрч, Японы ДНБ-ий хэмжээнээс /4.02 их наяд ам.доллар/ давсан байна.

Ингэснээр Калифорни дэлхийн чансаанд АНУ, Хятад, Герман улсуудын ард бичигджээ. Саяхан иенийн ам.доллартай харьцах ханш унасан нь ам.доллароор илэрхийлсэн Японы ДНБ-ий хэмжээ буурахад нөлөөлсөн байна. Калифорни бол өндөр технологийн компаниудын томоохон төв бөгөөд улсдаа хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг.




“Бид иргэддээ хөрөнгө оруулж, тогтвортой байдлыг эн тэргүүнд тавьж, инновацын хүчинд итгэдэг учраас манай эдийн засаг цэцэглэн хөгжиж, тэлсээр байна. Энэхүү амжилтаа баяр бахдалтайгаар тэмдэглэж байгаагийн сацуу одоогийн засаг захиргааны болчимгүй тарифын бодлого бидний ахиц дэвшилд сөргөөр нөлөөлж байгааг хүлээн зөвшөөрч байна” гэж Г.Ньюсом мэдэгджээ.



Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг