sonin.mn

БРЮССЕЛЬ, 2025 оны дөрөвдүгээр сарын 24 /NHK/. Дижитал зах зээлд шударга өрсөлдөөнийг хангах зорилго бүхий хуулийг зөрчсөн АНУ-ын технологийн томоохон компаниуд болох Apple, Meta-д Европын Холбоо /ЕХ/ торгууль ногдууллаа. Тус хоёр компани Дижитал зах зээлийн тухай хуулийг дагаж мөрдөөгүй гэж Европын Комисс /ЕК/ лхагва гарагт мэдэгджээ.


Тухайлбал, Apple компанийг программ хөгжүүлэгчид “App Store”-оос бусад түгээлтийн сувгуудаар дамжуулан хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ санал болгох боломжийг хязгаарласан тул хууль зөрчсөн гэж үзсэн байна.


Хувийн зар сурталчилгаагаа байршуулахын тулд хувийн мэдээллийг нь нэгтгэхийг хэрэглэгчдээр зөвшөөрүүлэх эсвэл зар сурталчилгаагүй үйлчилгээний төлбөр төлөхийг хэрэглэгчдээс Мета шаардаж байсан тул хуулийг зөрчсөн гэж ЕК мэдэгджээ. Улмаар тус комиссоос Apple компанийг 500 сая еврогоор /570 сая ам.доллар/, харин Meta -г 200 сая евро буюу 230 орчим сая ам.доллароор торгосон байна. Өнгөрсөн оны гуравдугаар сард хэрэгжиж эхэлсэн хуулийн дагуу ЕХ анх удаа торгууль ногдуулсан нь энэ юм. Хуульд зааснаар ЕК хуулийг дагаж мөрдөөгүй компаниудын жилийн орлогын 10 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулах эрхтэй.


Тус комиссын өрсөлдөөн хариуцсан комиссар Тереза ​​Рибера мэдэгдэхдээ, бид дүрэм журмын дагуу хатуу боловч тэнцвэртэй арга хэмжээ авсан гээд "ЕХ-нд үйл ажиллагаа явуулдаг бүх компани манай хуулийг дагаж мөрдөх ёстой" хэмээн нэмж хэллээ. 


Харин Meta-гийн компанийн төлөөлөгч NHK телевизэд мэдээлэхдээ, Европын Комисс АНУ-ын бизнес эрхлэгчдэд саад учруулж, Meta-г бизнесийн загвараа өөрчлөхийг албадаж байна гэлээ. Apple-ийн төлөөлөгч мэдэгдэхдээ, ЕХ-ны шийдвэр нь биднийг технологио үнэ төлбөргүй болгохоос өөр аргагүйд хүргэж байна гэжээ. “Манай компани энэхүү хуулийг дагаж мөрдөхийн тулд олон арван өөрчлөлт хийсэн, манай хэрэглэгчид ийм өөрчлөлтийг огтхон ч хүсээгүй” гэж тэрбээр нэмж хэлсэн байна. Apple уг шийдвэрийг давж заалдах ажээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг