sonin.mn

Дэлхийн геополитикийн гол тоглогчид болох БНХАУ болон АНУ хоорондын худалдааны зөрчил дахин хурцдаж, олон улсын анхаарлыг татаж байна. АНУ-ын засаг захиргаа Хятадаас импортолж буй зарим бүтээгдэхүүнд ногдуулах гаалийн татварыг 145 хувьд хүргэн нэмэгдүүлсэн нь худалдааны дайны ээлжит шат эхэлсэнийг илтгэж буй.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Америкийг аугаа болгох” уриан дор худалдааны бодлогыг ашиглан гаалийн тарифыг улс төрийн шахалтын хэрэгсэл болгон ашиглаж ирсэн. Гэвч сүүлийн үеийн судалгаанууд Трампын худалдааны дайн нь АНУ-ын эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдэж чадаагүйг нотолж байна. Харин ч үнийн өсөлт, ажлын байрны бууралт зэргээр дамжин бизнес эрхлэгчид, эгэл жирийн хэрэглэгчдийн нуруунд ачаа болон бууж байна.


АНУ өөрөө хохирч байна


АНУ-ын Худалдааны яамны мэдээлснээр, тус улсын гадаад худалдааны нийт алдагдал 2018 оны 870 тэрбум ам.доллар байсан бол 2024 онд 1.07 их наяд ам.долларт хүрч нэмэгдсэн байна. Хятадын талаас импортлох бараа бүтээгдэхүүний хэмжээ буурч, Мексик, Вьетнам, Канад зэрэг бусад улс руу шилжсэнээр АНУ-ын компаниуд илүү өндөр өртгөөр бараа худалдан авч, эцэст нь хэрэглэгчдэд ирэх дарамт нэмэгджээ.


Мөн 25 хувийн гангийн тарифын улмаас АНУ-ын гангийн салбар дахь ажил эрхлэлт 2021 онд 80,200 болж буурч, 1980-аад оноос хойших хамгийн доод түвшинд хүрсэн. Түүнчлэн “Ford” компани 2018 онд ган, хөнгөн цагаанд ногдуулсан татвараас шалтгаалан 1 тэрбум ам.долларын алдагдал амсжээ.


Хятадын хариу арга хэмжээ —хөгжлийн шинэ шат


АНУ-ын дарамт шахалт нэмэгдсэн ч Хятадын эдийн засаг уналтад ороогүй, харин ч өндөр чанартай хөгжлийн шинэ шатанд орж, дэлхийн худалдаанд тэргүүлэх байр сууриа хадгалж байна. Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, 2024 онд тус улсын гадаад худалдаа 6.1 их наяд ам.долларт хүрч, түүхэн дээд үзүүлэлт тогтоосон байна. Мөн “Бүс ба Зам” санаачилгад нэгдсэн улс орнууд Хятадын нийт гадаад худалдааны талаас илүү хувийг бүрдүүлсэн нь түүний олон улсын эдийн засаг дахь байр суурийг улам бататгаж байна.


Экспортын шинэ бүтэц буюу фотоволтайк бүтээгдэхүүн, лити-ионы батерей, цахилгаан автомашин зэргийг “шинэ гурвал” хэмээн нэрлэж байгаа бөгөөд энэ нь Хятадын үйлдвэрлэл инновац руу шилжиж байгаагийн бодит нотолгоо юм. Тухайлбал, 2024 онд цахилгаан автомашины экспорт анх удаа 2 сая давсан байна.


Дэлхий нийтэд ирэх аюул


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн хэлснээр, “худалдааны дайнд ялагч гэж үгүй”. Худалдааны дайн хурцадсанаар дэлхий дахинд эдийн засгийн шинэ хямрал нүүрлэх магадлалтай бөгөөд энэ нь ялангуяа буурай орнуудад ноцтой сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг тэрбээр онцолжээ.


Европын Төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард ч мөн адил гаалийн тарифын өсөлт нь дэлхийн эдийн засгийн тогтвортой байдалд аюул учруулж болзошгүйг анхааруулсан байна.


Нээлттэй, харилцан ашигтай хамтын ажиллагаа — ирээдүйн гарц


Хятад улс АНУ-ын шахалт, заналхийлэлд автахгүй гэдгээ тодорхой илэрхийлсэн. Тус улсын байр суурь бол "Бид асуудал үүсгээгүй, харин ч хэлэлцээ, хамтын ажиллагааг дэмжиж байна. Дарамт шахалт бол зөв арга биш" гэдгийг сануулж байна.


Вашингтоны худалдааны бодлого улам бүр нэг талыг баримталсан чиглэлд шилжиж буй нь зөвхөн хоёр улсын харилцаа төдийгүй, дэлхийн худалдааны тогтолцоонд ч ноцтой сорилт болж буй юм.

Тиймээс дэлхий нийт эдийн засгийн хамгаалалтын арга хэмжээг хэтрүүлэхийн эсрэг хамтдаа дуу хоолойгоо нэгтгэх шаардлагатай. Харилцан ашигтай, нээлттэй, хүртээмжтэй хамтын ажиллагаа бол хүн төрөлхтний тогтвортой хөгжилд хүрэх цорын ганц зам юм. Хятад улс энэ үзэл баримтлалаа тууштай хамгаалж, дэлхийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахыг эрмэлзсээр байна.


Г.Солонго