
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /CNBC/. АНУ, Хятадад “iPhone 17” гар утасны борлуулалт амжилттай эхэлснийг шинэ тайлан харуулсны дараа “Apple” компанийн хувьцаа даваа гарагт 4 орчим хувиар өсөж, 262.24 ам.долларт буюу түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ.
“Counterpoint” судалгааны фирмийн тайлан мэдээллээс үзэхэд, есдүгээр сард худалдаанд гарсан “iPhone 17” загварууд эхний 10 хоногтоо АНУ, Хятадад “iPhone 16” загваруудтай харьцуулахад 14 хувиар илүү борлуулагдсан байна.
“iPhone 17” загвар нь хэрэглэгчдийн сонирхлыг татахуйц байсан бөгөөд тэдний төлж буй мөнгөнд дүйцэхүйц үнэ цэнийг санал болгож байна. Илүү сайн чип, сайжруулсан дэлгэц, илүү өндөр багтаамж, селфи камерын шинэчлэлт зэргийг бүгдийг нь өнгөрсөн жилийн “iPhone 16”-тай ижил үнээр авч байна” гэж “Counterpoint”-ийн ахлах шинжээч Мэнмэн Жан тайланд бичжээ.
“Loop Capital” банкны мэдээлснээр, хамгийн сүүлийн үеийн “iPhone” гар утасны эрэлт тооцоолсноос давж гарах төлөвтэй байгаа ажээ. Хөрөнгө оруулалтын тус банк “Apple”-ийн хувьцааны ханшийн таамаглалыг 226 ам.доллароос 315 ам.доллар болгон өсгөсөн байна.
Өнгөрсөн долоо хоногт “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк Хятад дахь ажилтнууд болон засгийн газрын албан тушаалтнуудтай уулзаж, “Apple”-ийн шинэ “iPhone Air” гар утасны нээлтэд оролцсон бөгөөд уг загвар худалдаанд гарснаас хойш хэдхэн минутын дараа зарагдаж дууссан гэж “South China Morning Post” сонинд мэдээлжээ.
“Evercore” зөвлөх фирмийн шинжээч Амит Дарьянани ням гарагт хэлэхдээ, “iPhone Air” Хятадад эрэлттэй байгаа нь “Apple”-ийн хувьцааг өсгөж магадгүй гэж байв. Улмаар “Apple” компани ирэх долоо хоногт орлогын тайлангаа танилцуулах үеэрээ өндөр тоон үзүүлэлт тайлагнах төлөвтэй байна гэж “Evercore”-ийн шинжээчид бичжээ.
“Apple”-ийн хувьцааны ханш өнөөг хүртэл өсөж, буурсаар ирсэн юм. Хувьцааны ханш 2025 онд ойролцоогоор 5 хувиар өссөн нь "Magnificent 7" хэмээх өндөр үнэлгээтэй технологийн компаниудын хувьцааны бүлгийг тэргүүлэгч “Nvidia”, “Meta”, “Microsoft”, “Alphabet”-ийнхээс хол хоцорч байгаа боловч сүүлийн гурван сарын хугацаанд 24 хувиар өсөөд байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0