sonin.mn

Хүүхэд бүр дахин давтагдашгүй ертөнцийн эзэд. Тэдний сэтгэлд гайхалтай их төсөөлөл, хүсэл мөрөөдөл, авьяас билэг, энэрэл хайр, гэгээн бүхэн оршиж байдаг. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хүүхдийн ертөнц” буландаа “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийн авьяаслаг сурагчид болон сүрлэн наамлын багш Э.Урангоог онцолж байна. Тэд Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 76 жилийн ойд зориулсан “Өнгөөр урласан нөхөрлөл” уралдааны шилдэг оролцогчдын төлөөлөл юм.


В.И.Лениний хөшөө өмнө нь сүндэрлэсэн хоёр давхар ногоон барилгад орох төдийд Европын Сэргэн мандалтын үеийн урлагийн бүтээлээр дүүрэн нэгэн сүмд зочилсон мэт санагдана.


Энэ бол Монгол Улсын Ардын багш, шилдэг зохион бүтээгч, хүндэт доктор, профессор Б.Цэрэндоржийн санаачилгаар, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1988 оны есдүгээр сарын 1-ний өдрийн 216 дугаар тогтоолоор байгуулагдсан “Хүүхдийн урлан бүтээх төв” юм. Пионер сурагчдад хөдөлмөрийн хүмүүжил, мэргэжлийн чиг баримжаа олгох, тэдний зохион бүтээх, урлах авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор “Пионер сурагчдын сургалт үйлдвэрлэлийн төв” нэртэйгээр анх байгуулагдаж байсан энэ төвийн анхны ангиудын нэг нь сүрлэн урлал билээ. Түүнчлэн сүрлэн урлалын анхны багш нь тус төвийн санаачлагч Б.Цэрэндорж багш бөгөөд үеийн үед шавь нартаа авьяас чадвараа өвлүүлсээр иржээ. Өдгөө тус ангийн багшаар Э.Урангоо ажиллаж байна.


Э.Урангоо болон түүний шавь нар он удаан жилийн түүхт энэ урлалыг үргэлжлүүлж, амин сүнсийг тээж яваагаараа бахархдаг. Тэрээр “Сүрэл нь байгалиасаа гялалздаг, ширхэглэг бүтэцтэй. Өөрөөр хэлбэл, уран зураг, бийрээр дүрслэх боломжгүй чадварыг нь ашиглаад ширхэг ширхгээр нь нааж, бүтээлүүдээ хийдэг.


А4 цаасны хэмжээтэй нэг бүтээлд багадаа нэг сарын хугацаа царцуулдаг. Бүтээлээ хийж дууссаны дараа модны лакаар лакдаж, бүтээлийнхээ насыг уртасгаж хадгална” гэж энэхүү гар урлалынхаа онцлогийг хуваалцсан юм. Сүрлэн наамал хийхэд сийлбэрийн хутгатай ажилладаг тул аюулгүй байдлын үүднээс таваас дээш ангийн сурагчдыг элсүүлдэг байна. Мөн бага ангийн хүүхдүүдийн гар хурууны хөгжил бүрэн дуусаагүй байдаг тухай дурдсан юм. Сүрлэн наамал нь ширхэг ширхгээр наах, индүүдэх гэхчлэн нарийн механик ажиллагаа ихтэй. Иймд хүүхдүүд зөвхөн тэр бүтээлдээ анхаарлаа төвлөрүүлж, цаг хугацааг ч анзаардаггүй гэнэ. “Бүүр хоёр цаг багадаад байна гэдэг. Энэ урлал нь нөгөө талаар сэтгэл заслын эмчилгээ хийж байдаг. Түүнчлэн уран бүтээл туурвихын тулд бодож сэтгэж, эргэн тойрноо ажиглаж сурдаг” хэмээн Э.Урангоо багш ярив.


Нийслэлийн 50 дугаар сургуулийн наймдугаар ангийн сурагч С.Мөнхдаваа: Хөдөлгөөнт дүрс нь хүний анхаарал татахаас гадна сонирхолтой санагддаг


“Би чөлөөт цагаараа зураг зурж, сүрлэн наамал хийх дуртай. Мөн Өнгөөр урласан нөхөрлөл уралдааны гар урлалын төрөлд хоёрдугаар байр эзэлсэн. Бүтээлдээ Хятад улсын үндэсний бүжиг болон бусад соёлын өвүүдийг шингээхийг хичээсэн. Цаг давчуу байсан болохоор 10 хоног хийсэн. Хөдөлгөөнт дүрс нь хүний анхаарал татахаас гадна сонирхолтой санагддаг”


31 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагч Э.Пүрэвжаргал: Хятадын соёл, уламжлалыг хүндэтгэн хадгалж, үнэт зүйлсийг нь бүтээлдээ шингээхийг зорьсон


"Эхний жилээ М.Энхбаяр багшийн уран зургийн ангид, хоёр дахь жилээ сүрлэн наамлын ангид суралцаж байна. Багаасаа зурах дуртай байсан болохоор олон уралдаан тэмцээнд орж өөрийгөө сорьдог байсан нь урлагийн олон талт авьяасаа хөгжүүлэхэд тусалсан гэж боддог. Энэ удаагийн уралдаанаар Хятадын соёл, уламжлалыг хүндэтгэн хадгалж, үнэт зүйлсийг нь бүтээлдээ шингээхийг зорьсон. Миний бүтээлийн санаа нэг хавтанд багтахгүй байсан тул бүтээлүүдээ Хятадын уламжлалт соёлын нэг болох хаанын хаалт хэлбэрт оруулан багтаасан”


127 дугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч С.Цэлмэг: Толгойгоо сайн ажиллуулж, бодож байгаад зурдаг


“Манай багшийн нэр хэлэхэд жаахан хэцүү. Би “Миний төсөөллийн Хятад орон” сэдэвт зургаараа бага насны ангилалд түрүүлсэндээ баяртай байна. “Youtube”-ээс Хятадын тухай бичлэг үзэж байгаад зурсан. Хүүхдүүд луун бүжгээ бүжиглэж, цаасан шувуу хийсгэж байгаа үйлдлүүдийг дүрсэлсэн. Толгойгоо сайн ажиллуулж, бодож байгаад зурдаг. Аав маань чулуун дээр юм бичдэг. Би аавыгаа дуурайсан".

 


П.ЛХАГВАЖАРГАЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин