sonin.mn

Эрх баригчдын мунхаг бодлогоос болж хэдий болтол Монгол залуус гадагшаа дүрвэсээр байх вэ?


Монгол төрийн мунхаг бодлогоос болж, жил бүр олон мянган залуус эх орноосоо зугатан дайжсаар байна. Яагаад гэвэл Монголд хэчнээн ажилласан ч нэг цалингаас нөгөө цалингийн хооронд, нэг ломбардаас нөгөө ломбардын хооронд өлөн зөлмүүн амьдардаг учраас тэр. Үүний зэрэгцээ нийгмийн шударга бус байдлаас үүдэн Монгол Улсад баян хоосны ялгаа улам бүр газар авч, ард түмний амьдрал өдрөөс өдөрт дордсоор байна. Өнөөдөр Монголд нийгмийн доод давхарга болох эмзэг бүлгийнхэн хогийн сав ухаж, харин авлига, хээл хахуулийн эзэд үнэтэй машин унаж, үндэсний баялагийг хуу цөлмөн түүнээс үлдсэн өчүүхэн хэсгийг ард түмэнд хүртээж байна. 


Дээр нь жил бүр өргөн хэрэглээний бараа, шатахууны үнэ тэнгэрт хадаж, Монголд амьдрах боломж нөхцөл улам хүнд болж байгаагаас Монгол залуус гадны орон луу дүрвэн цагаачилсаар байна. Тэгвэл энэ бүхний буруутан нь хэн бэ? 


Мэдээж өнгөрсөн 30 жил төрийн эрх барьж ирсэн МАН болон тэдний хань хамсаатнууд мөн гэж хэлэхэд нэг их буруутахгүй байх. Учир нь хэрвээ төрийн эрх барьж буй тэдгээр улс төрийн нам хүчин ард түмнээ эх орондоо сайн сайхан амьдруулах боломж нөхцөлийг нь хангаж өгсөн бол ингэж олноороо гадагшаа дүрвэж, гадаадад боолын хөдөлмөр эрхлэхгүй байх байсан. Тийм учраас Монгол залуучууд өнөөдөр харь орны өндөр хөгжлийг хараад навсгар Монголоо голсондоо бус зөвхөн мөнгөний төлөө л ийнхүү дүрвэн одож байна.


Өнөөдөр Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сарын 792 мянган төгрөг байна. Үүнийг өнөөдрийн ханшаар долларт шилжүүлбэл ердөө 200 орчим ам доллар болно гэсэн үг. Харамсалтай нь энэ бол дэндүү хангалтгүй үзүүлэлт. 


Өнөөдөр ийм хэмжээний мөнгөөр Монгол хүн аж амьдарлаа залгуулна гэдэг үнэхээр хүнд зүйл. Тийм болохоор ийм байдлаас үүдэн залуус харь орныг зорихоор төлөвлөж буй нь тэдний сонголт, эсвэл тансаглал гэхээс илүүтэй амьдралын гарцаагүй шаардлага гэж ойлгож болно. Хэрвээ эдийн засгийн тогтворгүй байдлаас үүдэлтэй дээрх асуудал үргэлжилсээр байвал гадны орныг зорих Монгол залуусын хөл хэзээ ч татрахгүй.Тэгвэл үүнийг зогсоох арга байгаа юу гэж зоригтойгоор асууя. Мэдээж байгаа. Ингэхийн тулд яах ёстой вэ? Тэгэхийн тулд өнөөгийн Монголын эрх баригчид энэ асуудлыг нухацтай авч үзэж ард түмнээ ажлын байраар ханган, авлига хээл хахуулийн асуудлыг цэгцлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хамгийн багадаа 1000 ам.доллар болгох хэрэгтэй. Ингэхийн тулд валютын нөөцөө яаралтай нэмэгдүүлж, 1 ам.долларыг 1000 төгрөгтэй тэнцдэг болгох шаардлагатай. 


Өнөөдөр Монгол Улсад өндөр бүтээмжтэй, өндөр цалин авч байгаа гуравхан салбар байна. Энэ нь нэгдүгээрт уул, уурхайн салбар, банкны салбар, мэдээлэл технологийн салбарт ажиллаж байгаа хүмүүс байна. Гэтэл бусад салбарт ажиллаж байгаа хүмүүс бага цалин авч байгаа.


Тэр үүднээсээ Монгол улс цалингийн доод хэмжээг 1000 ам.долларт хүргэж, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл гадагшаа гарч байгаа ажиллах хүчнийг Монголдоо үлдээх нөхцлийг бүрдүүлэх ёстой. Засгийн газраас ирэх дөрвөн жилд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.доллар болгох зорилт тавьсан. Энэ нь мэдээж иргэдийн цалин, хөлсийг хамгийн доод хэмжээндээ 1000 ам.долларт хүргэнэ гэсэн зорилт юм. Гэвч Засгийн газар энэ зорилтыг хэрхэн биелүүлж, ямар аргаар ийм хэмжээнд хүргэх талаар олигтой тайлбарлаагүй. Хэрвээ Засгийн газраас энэ зорилтыг ойрын хугацаанд шийдвэрлэхгүй бол Монгол улсын ирээдүй хойч үе болсон залуучууд маань бүгд өндөр цалинтай ажлын төлөө гадагшаа гарсаар дуусах болно. Тийм болохоор Монголын эрх баригчид дээр өгүүлсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1000 ам. доллар болгох энэ зорилтыг ойрын ирээдүйд хэрэгжүүлэхгүй бол өнөө Чингисийн Монгол гээд цээжээ дэлдээд байдаг энэ улс чинь архин далайд живж, жоохон л оройтвол газар шороо маань хятад шаахайн мөрөөр дүүрч, хөх толботой Монголчуудад эх орондоо гишгэх зай үлдэхгүй болж мэдэхээр байна.  




У.Ану